Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Алтансүхтэй ярилцлаа.
-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын 10 жилийн ой тохиож байна. Танай байгууллага ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгож байна. 2004 онд анх Монгол Улсын Засгийн газрын 207 дугаар тогтоолоор Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газар байгуулагдаад анхны даргаар одоогийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ажиллаж байлаа. Үүнээс хойш манай байгууллага хөгжлийн 10 дахь жилтэйгээ золгоод байна. Манай байгууллагын гол зорилго нь Монгол Улсад мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, сансрын радио холбоо, шинэ дэвшилт технологийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах, ард иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүргэх олон талт чиглэл юм. Өнөөдрийн байдлаар тус байгууллага нь Үндэсний хиймэл дагуул, төрийн түгжрэлгүй үйлчилгээ, хямд үнэ, өндөр хурдны интернэт, тоон өргөн нэвтрүүлэг, оюуны бүтээмжтэй, өндөр цалинтай ажлын байр, олон улсын e-бүтээгдэхүүн, шууданд суурилсан дэвшил гэсэн долоон зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр нь Монгол Улсыг бүхэлд нь хамарсан мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн томоохон ажлыг хэрэгжүүлж буй цогц хөтөлбөр юм.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2014 оныг Эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Манай салбар сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжин, эдийн засагт оруулах хувь нэмэр өсч, техник технологи шинэчлэгдэн өөрчлөгдөхийн сацуу түүнийг зөв удирдан зохион байгуулах, зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байна. Иймд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрөөс баримтлах бодлогын баримт бичиг-2020, Өргөн нэвтрүүлгийн тухай болон Өгөгдөл хамгаалах хуулийн төслийг тус тус боловсруулан олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.
-Дээр дурдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц ямар байгаа вэ?
-Тухайлбал, Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх арга хэмжээ энэ жил долдугаар сарын 31-нд нээлтээ хийлээ. Одоогийн байдлаар Монгол Улсын 220 сум, суурин газарт тоон технологийн дахин дамжуулах станцуудыг нээн ажиллуулахын зэрэгцээ хуучин аналоги станцуудыг цуг цацаж байгаа. Мөн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Монгол Улс тандан судалгааны болон холбооны хиймэл дагуултай болох юм. Эхний ээлжинд бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хиймэл дагуулын ТЭЗҮ-ийг боловсруулаад байна. Энгийнээр хэлэхэд тандан судалгааны хиймэл дагуул нам даралтын өндөрт байрлаж, барилга, хот байгуулалт, төлөвлөлт, байгалийн гамшиг, цаг агаарын байдлыг бидэнд цаг тухайд нь мэдээлэх бүрэн боломжтой болох юм. Харин холбооны хиймэл дагуул нь гар утас, зурагтын сүлжээг дамжуулж, манай улсад эдийн засгийн ихээхэн зардлыг хэмнэх боломж бүрдүүлнэ. Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа.
-Одоо хаанахын хиймэл дагуулыг ашигладаг юм бэ. Түүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?
-Одоохондоо гадаадын хэд хэдэн улсын хиймэл дагуулыг түрээсээр ашигладаг. Өөрсдийн хиймэл дагуулыг хөөргөснөөр эдийн засгийн асар их үр ашигтай байх болно.
-Монголын энэ салбарын өнөөгийн байдлыг 10 жилийн өмнөх үетэй харьцуулаад тоймлохгүй юу.
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар асар хурдацтай хөгжсөн. Ард иргэдийн мэдээллийн өдөр тутмын хэрэглээ, мэдээлэлтэй харьцаж байгаагаас салбарын хөгжлийг тод харж болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүх сум, суурин газарт шилэн кабель хүрч, интернэт хэрэглэгчдийн тоо 60 дахин өссөн гэсэн үзүүлэлт бий. Түүгээр дамжуулан хөдөө орон нутаг, нийслэлийнхний мэдээллийн хүртээмж, ялгаа арилсан гэсэн үг. Ер нь салбарын хөгжил түүнийг дагасан технологийн хөгжилтэй хамгийн хамааралтай байгаа юм. 2012 оноос Шинэчлэлийн Засгийн газраас хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд зориулан орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, амжилттай хэрэгжүүлж байна. Мөн өдөр тутмын хэрэглээ болсон гар утас хэрэглэгчийн тоо 3.4 сая гаруй болсон нь насанд хүрсэн нэг хүн хоёр утас хэрэглэж байна гэсэн үг.
-“Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд ТҮЦ машиныг ашиглалтад оруулаад байна. Төрийн үйлчилгээг иргэдэд түгжрэлгүй хүргэх дараагийн алхам юу байх вэ?
-Тийм ээ. Шинэчлэлийн Засгийн газраас санаачлан төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машиныг нэвтрүүлсэн нь иргэдэд хүрсэн томоохон ажлын нэг болсон юм. Төрөөс иргэдэд үзүүлэх олон төрлийн үйлчилгээг нэг цэгээс цаг хугацаа, зардал хэмнэж хүргэж буй чухал ажил болсон. Өөрөөр хэлбэл, иргэн нь төрөөс үйлчилгээ, лавлагаа, мэдээллээ авахын тулд ямар нэг байгууллага дээр очихгүй, албан тушаалтныг сахихгүй, танил талаа хайхгүй, авлига өгөхгүй, нээлттэй үйлчлүүлдгээрээ онцлогтой, төрийн үйлчилгээний боловсронгуй хэлбэрийн нэг юм. Улсын хэмжээнд нийт 108 цэгт байрлуулж, ашиглалтад оруулснаар одоогоор 485.5 мянган иргэн үйлчлүүлсэн гэсэн мэдээлэл бий. Ингэснээр нийт 4.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан тооцоо байгаа. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэл, цуцлалт зэрэг УБЕГ-ын болон, татварын лавлагаа, хэвлэл захиалга зэрэг 19 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Манай байгууллагаас судалгаа явуулахад төрөөс иргэдэд үзүүлж болох мянга гаруй үйлчилгээ байгаа гэсэн. Үүнээс нэн чухал шаардлагатай 25 үйлчилгээг сонгож, түүнээсээ ойрын хугацаанд Замын цагдаагийн газар, ЦЕГ, Нийгмийн даатгалын ерөнхий газартай холбоотой найман үйлчилгээг ТҮЦ машинд нэмэхээр ажиллаж байна.
-Ер нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын боловсон хүчний чадавхи Монголд хэр байдаг вэ?
-Монгол хүн, монгол инженерүүдийг өндрөөр үнэлэх хэрэгтэй. Америкийн “Silicon Valley”, гадаадын томоохон компаниудад ажиллаж буй монгол залуучууд цөөнгүй байна. Манай мэдээллийн технологийн салбарт дэлхийн аль ч улстай өрсөлдөхүйц хэмжээний мэдлэг, чадвартай инженер залуус олон бий. Мэдлэгт суурилсан мэргэшсэн инженерүүдийг дэмжихийн тулд манай байгууллага жил бүр Монголын программ хангамжийн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа. Энэ нь монгол инженерүүдээр дотооддоо шаардлагатай программ хангамжуудаа зохиолгон хэрэглэхэд чиглэж байгаа. Цаашилбал, гадаадад гаргах талаар нэлээд ажил төлөвлөж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас Мэдээлэл, технологийн үндэсний паркт “Монгол толгой-Силикон хаус” төслийг амжилттай хэрэгжүүлээд дууссан. Тэнд монгол инженерүүдийг бэлтгэдэг, мэдээллийн технологийн чиглэлийн компаниудыг өсгөж бойжуулдаг “инкубатор” бий. Төрийн зарим байгууллагууд гадаадын төсөл, хөтөлбөр, улсын төсвийн хөрөнгөөр өөрсдийн программ хангамжуудыг худалдаж авдаг шүү дээ. Гэтэл үүнийг монголчууд өөрсдөө хийж чаддаг. Гадаадаас худалдаж авсан программыг нь хоёроос гуравхан хүн л мэддэг, нөгөө хүмүүс нь ажлаа сольсон тохиолдолд тэр программыг ажиллуулж, ашиглаж чадахгүй үлддэг тал байдаг. Монгол инженерүүдээрээ тухайн программ хангамжийг зохиолгосон тохиолдолд ийм асуудал гарах эрсдэл буурах юм.
-Танай салбарын чиглэлээр Монголд жилд хэчнээн мэргэжилтэн бэлтгэдэг вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хамгийн эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн тоонд манай салбарын мэргэжлүүдийг нэрлэж болно. Одоогоор Монгол Улсад мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны мэргэжилтэн бэлтгэдэг 24 их, дээд сургууль байдаг, тэдгээрт 10 гаруй мэргэжлээр 6000 оюутан суралцдаг тооцоо бий. Сүүлийн үеийн чиг хандлагаар одоогийн хүүхэд залуучууд мэдээлэл, харилцаа холбооны салбарын програмс хангамж, сүлжээ, радио холбоо, телевиз, электроник, холбоо, оптик холбоо, сансрын хиймэл дагуул, утасгүй холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах эрэлт хэрэгцээ гарч байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН