Дэлхий нийт даяаршиж байгаа энэ цаг үед Монгол Улс Монголоороо байх нэг илэрхийлэл бол яах аргагүй түүх соёл. Тийм ч учраас Үндэсний аюулг үй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр бид түүх соёлын хосгүй үнэт, үнэт, дурсгалт өв соёлоо хэрхэн хадгалж хамгаалж байна вэ. 1911 оны үндэсний хувьсгал бол Монгол Улс харийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо олохын нэг чухал эхлэл байсан гэдэгтэй олон хүн санал нэгддэг. Түүнийг удирдан зохион байгуулсан хүмүүсийн нэг нь Богд хаан байсан. Тиймдээ ч түүнийг жанч халсны дараа өвлийн ордныг нь музей болгох, улсын эдийн засагт нэмэр болохуйц зарим эд зүйлийг худалдан борлуулах шийдвэр тухайн үед Засгийн газраас гаргасан гэдэг. Түүнээс хойш буюу 1926 оноос хойш Богд хааны ордон анх баригдсан төрхөө хадгалсаар өдий хүрч байна.
Харамсалтай нь түүх соёлоо үл ойшоогсод газрыг нь дээрэмдэж, хумсалсаар байгааг хэвлэл мэдээллээр бишгүй л бичиж байна. Гэвч төрд АПУ-гийн мөнгө л хэрэгтэй болохоос, түүх соёл хэрэггүй мэт үл ойшоосоор өдий хүрсэн билээ. АПУ-гийнхан Богд хааны ордон музейн, “Чоно” группийнхэн Чойжин ламын сүм музейн газрыг дээрэмдэж байхад энэ салбарыг хариуцсан яам байгаа атлаа ганц ч үг ган хийсэнгүй. Эндээс харахад ССАЖЯ-ны албан тушаалтнуудад ашиг сонирхол байхыг ч үгүйсгэхгүй.
ХУЛХИ ХӨХ ТООСГОНЫ ТҮҮХ
Газрын дээрмээс гадна 1893-1903 онд барьсан долоон ордноос бүрдэх Богд хааны ордон музейн барилга, хашааны сэргээн засварлах ажлыг гурилдаж мөнгө угаах явдал байгаа бололтой. Үүнд онцлох нэг баримт нь тус музейн урд хэсэгт байрлах Төв хаалга буюу Амгалан энхийн хаалгын зарим хэсгийг сэргээсэн ажил байгаа юм. БНХАУ-ын Засгийн газрын буцалтг үй тусламжаар энэ хаалгыг сэргээн засварласан нэртэй боловч түүх соёлын үнэт өв байх бүтээцийг нь алдагдуулсан байна. Тухайн үеийн БСШУЯ хариуцан хийлгэсэн энэ ажлаас хятад дарга нь мөнгө “цохив уу”, монгол дарга нь хумсалчихав уу, одоогоор хэн ч мэдэхгүй. Юутай ч бид газар дээр нь очиж сурвалжиллаа. Уншигч та бүхэн Богд хааны ордон музейгээр зочлохдоо анхааралтай анзаараарай. Амгалан энхийн хаалганы дотор талыг хөх тоосгоор шинэчилсэн мэт зураг зурчихсан байгаа. Үнэн хэрэгтээ фанеран хавтан дээр хөх тоосгоны хуулга наажээ. Уг хаалгыг ямар ч хадаас оролцуулалгүй, Монгол уламжлалт аргаар модоор углуургадаж хийсэн гэдэг. Дундах зарим хэсэгт нь хөх тоосгоор бэхэлгээ хийсэн байжээ. Гэтэл сэргээн засварлах ажил хийсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийнхан Монголын түүхийг устгаж байгаа юм шиг ажиллажээ. Энэ зураг дээр хөх тоосгоор барьсан мэтээр зурсан хавтан хадсаныг та бүхэн харж байгаа байх. Хятадууд 2006-2007 онд энэ ажлыг хийсэн байгаа юм. Тухайн үед БСШУЯ-ны музей хариуцсан эрх мэдэлтэн нь үүнд ямар ч хяналт тавилгүй байсаар түүхээ устгуулчихаад тууз хайчлан ажлыг нь хүлээн аваад өмнөд хөршийн засварчдыг баяртайгаар үдсэн байгаа юм. “Музей бол үзмэр хадгалдаг агуулах биш, зөвхөн жуулчдад зориулсан байгууллага ч биш.
Музей бол Монгол өв соёлоо хадгалж, хамгаалах, хойч үед үлдээх, хүүхэд залууст таниулж мэдүүлэх маш том сургууль байх ёстой” хэмээн нэгэн эрдэмтэн ярилцлагадаа өгүүлсэн. Гэтэл өнөөд өр харийнхан ийм байдлаар манай түүх соёлыг устгаж байгаа нь эмгэнэлтэй. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Хятадуудын хийсэн ажлын хажууд сэргээн засварлалтын ажил хийсэн монгол компаниуд шал өөр, хуучин хөх тоосгыг нь ашиглан сэргээн засварлаж чадсан байгаа юм.
ХАШАА ШИНЭЧЛЭХ ТЕНДЕРИЙН ХЭДЭН ТӨГРӨГ ХЭНИЙ ХАЛААСАНД ОРОВ
БСШУЯ-ны үед ийм байдлаар ажиллаж түүхээ устгуулах шахаж. Тэгвэл одоо ажиллаж байгаа ССАЖЯны мяндагтан, тушаалтнууд хашааг нь шинэчлэх нэрээр мөнгө угаасан бололтой. Яагаад энэ яам хөнд өгдөх болов гэхээр музейнхэнд мэдэгдэлг үй, тус яамнаас тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Тендерт ямар компани шалгардаг билээ, монголчууд бүгд ярьдаг. Хэн нэгэн даргын татаасны, “халаасны” компани л шалгардаг шүү дээ. Тийм зарчмаар гүйцэтгэгч компани шалгарсан байж болзошгүй. Ингээд өнгөрсөн зун Богд хааны ордон музейн хүрэн модон хашааг шинэчилжээ. Улсаас их хэмжээний мөнгө гаргуулан авч хийж байгаа шинэчлэл бол хуучирч муудан, өгөршсөн банзнуудыг бүгдийг нь шинээр сольж, үндсэн өнгөөр нь будах ёстой гэж бодно. Гэтэл тендерт шалгарсан компанийнхан шинэчлэх бус, хуучин банзнаас нь сорчилж аваад хадсан байгаа юм. Уншигч та тус музейгээр зочлоход хуучин банзыг ашигласан нь ялгарч харагдана.
Төсвөөс хэдэн төгрөгийг хашаа шинэчлэхэд зориулж зарсан бол. Түүнийх нь хэдэн төгрөг нь үндсэн ажилдаа зориулагдсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж үзмээр л асуудал. Богд хааны ордон музейн хашаанаас хаяж болохгүй хэсэг гэж бий. Түүнийг нь хаяж устгах гэж байсан атлаа хэрэггүй болсон хэсгийг нь буцааж хадсан байгаа юм. 1920-иод оны үед Богд хааныг гэрийн хорионд оруулахын тулд гамин цэргүүд түүний ордны хашаа руу дайран орсон гэдэг. Ингэхдээ хашаа руу нь хэд хэдэн удаа буудсаны ул мөр нь Ордон музейн хашаанд одоо болтол хадгалагдаж байгаа юм билээ. Хашаа шинэчлэгчид тэр хэсгийг нь авч хаях гэж байсныг музейнхэн хэл ам хийж байж авч үлдэн, нэг хэсэгт нь хадуулсан аж. Түүнийг эс тооцвол хуучин банзыг бүгдийг нь шинэчлэхээр тендерт шалгарчихаад энд тэнд нь хуучныг хадаж орхисон нь анхнаасаа ССАЖЯ-ны албан тушаалтнууд мөнгөний сонирхлоор уг ажлыг санаачилсан гэлтэй. ССАЖЯ-наас санаачилсан тендерийн луйврын ганц, хоёрхон жишээ ийм байна. Зөвхөн Богд хааны ордон музейд ССАЖЯ-наас санаачилсан тендерээр өөр олон булхай, чанаргүй бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн баримт байгаа юм. Бид үүнийг цувралаар хүргэхийг зорих болно.
Г.РАВЖАА