“Цемент авах уу, хэчнээнийг авах вэ” хэмээн бүчих тэдэнд над мэтийн ажлын садаа бус, худалдан авагч хэрэгтэй нь илт. АБТЭМА (Ачиж буулгах, техник экспедицийн механикжсан анги) дахь гаалийн хяналтын бүсэд Замын-Үүдээс төмөр замаар тээвэрлэн авчирсан цементийг вагоноос шууд борлуулдаг. 44 хэмээн олны нэрлэдэг энэ бүсийн үүдэнд хамаг хувцас, ам хамар нь цемент болсон эрчүүд зогсох нь эндхийн хаяг гэлтэй. Тэднийг хараад л “Өнөө цемент бөөнддөг газар нь энэ байх нь” хэмээн огт ирж үзээгүй, мэдэхгүй хүн ч түвэггүй олчих юм билээ. Ачааны 20 гаруй вагон цементийг өглөө АБТЭМА-д авчирчээ. Төмөр замынхан цементтэй вагоныг зүтгүүрээс нь салгаж орхиод явчихдаг аж. Ам хамар нь цемент болчихсон, нүүр нь загалтаж, үс нь цементэнд булуулаад сааралтчихсан 2-6 хүн вагон бүрт шахам байв. Тэр өдөр (Одоогоос яг 10 хоногийн өмнө) жихүүн салхитай зэврүүн өдөр байсныг ч хэлэх үү, нимгэн хувцастай тэднийг хараад өөрийн эрхгүй даарах шиг болсон. Нэг нь бүр футболк, шорт өмсөж, хөлдөө таавчиг углажээ. Энд дулаан хувцастай хүн ганц ч харагдсангүй. “Цемент буулгахаар халууцаад байдаг юм аа. Чи нэг цемент өргөөд үзэх юм уу” хэмээн тоомжиргүй хөхрөлдөх тэдэнтэй ярилцаж зогсох зуур хэрэндээ дулаан гуталтай миний хөлийг цементэн зам хайрсан юмдаг.
Эд нэг вагон цементийг 140.000 төгрөгөөр буулгадаг гэнэ. 60 тонн цементийг нэг дайралтаар буулгаад машинд аччихна гэж үгүй. “Портер” голдуу машинтай хүмүүс энд ирж, дуртай вагоныхоо дэргэд тэвшээ тулгаад зогсчихно. Биднийг тэнд очсон даруйд нэг “Портер” ирлээ. Түрүүн ойр хавьд харагдаагүй цементний эзэн энэ үед гарч ирээд “Хэчнээнийг авах вэ” гэж асуухад “Нэг тонн” гэсэнд вагон дотор байсан хүмүүст хандан “40 шуудай” гэчихээд холдлоо. Вагон дотор сууж байсан дөрвөн залуу 40 шуудай цементийг дор нь ачиж, худалдан авагч энэ хооронд цементний эзэнд мөнгөө тоолж өгөөд явлаа. Вагоны буланд хураалттай цементнээс толгой, мөрөн дээрээ тавьж, өргөж янз бүрийн аргаар зөөх зуур цемент хэдий цаасан ууттай ч бургин ойр хавьд нь хүн байхын аргагүй болов. Ийм хортой нөхцөлд ажиллаж байгаа атлаа амны хаалт зүүсэн хүн нэг ч байсангүй. Минут тутамд солихгүй л бол зүүгээд ч нэмэргүй бололтой.
Хашаандаа, зусландаа байшин, блокон хашаа барьж буй хүмүүс л эндээс ирж 2-3 тонн цемент авдаг. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилга барьж буй иргэд, компаниуд бол цементээ өөрсдөө Эрээнээс аваад ачуулчихдаг учраас эндээс нэг дор вагоноор нь, 10, 20 тонноор нь цемент авдаг хүн тун цөөн аж. “Барилгын сезон дуусаж байгаа болохоор цементний борлуулалт багасаж байна даа. Удахгүй бүр муудна. Цас ороод хайлахаа больчихвол бид үндсэндээ орлогогүй болно. Манайд чинь 3-10 дугаар сард цемент зарагддаг. 6-8 дугаар сард бол бүр бужигнана шүү дээ. Гэхдээ энэ жил өмнөх жилүүдийнхээс борлуулалт тааруу байлаа. Аравдугаар сар дөнгөж гарч байхад арай ч ийм гөлгөр байдаггүй л юм даа. Нэг вагоныг 1-2 цагийн дотор суллачихдаг. Гэтэл одоо 11.00 цаг болж байхад цементнийхээ гуравны нэгийг зарж чадаагүй байна. Гурван цагийн дараа төмөр замынхан одоо энд байгаа вагонуудыг татаад, дараагийн цувааг тавина. Тэр үед энэ вагоноо сулласан байх ёстой. Суллаж амжихгүй бол торгууль төлнө” хэмээн цементний эзэн учирлав.
АБТЭМА-д өдөрт хоёр удаа цементтэй вагон ирдэг аж. Эхнийхийг нь 08.00 цагт авчраад 14.00 цагт суллан, дараагийн вагоныг тавьдаг юм байна. Түүнийг 20.00 цагт буцааж татна. Хэрвээ вагоноо суллаж өгөхгүй бол тэнд нь үлдээгээд чамгүй хэмжээний торгууль ногдуулдаг журамтай. Ченжүүд торгуулахгүйн тулд яаж ийгээд цементээ цагтаа борлуулахыг хичээдэг юм байна. Өмнө нь ийм байгаагүй гэнэ. Ченжүүд цементээ зарж дуусаагүй бол төмөр замынхан вагоноо авдаггүй байсан бол жилийн өмнөөс нарийн чанд хуваарьтай, шаардлага өндөртэй болжээ.
10 гаруй минут өнгөрөхөд энд байсан 20 гаруй вагоноос цемент авахаар ердөө таван худалдан авагч ирэв. Харин суларсан вагон ердөө дөрөв. “Портер”-той хүн ирэхийг хүлээх ченжүүд хашааны нөмөрт хоргодож, цемент буулгах ачигч нар цементээ сандайлан, зарим нь хэвтэнэ. Хувцсаа хайрлах, эрүүл мэндээ хамгаалах гэсэн ойлголт тэдэнд үгүй бололтой. Тэдний найз нь золбин ноход. 30 уут цемент авахаар ирсэн хөх “Портер” өмнөхөн нь мах ачсан бололтой. Тэвшин дээр нь жаал өвдөл цөвдөл байсныг нэг нь авч, Маагий хэмээн дуудахад дөрвөн нүдтэй халтар гөлөг гүйж ирэв. “Томчууд”-аа махны үнэр шиншлэхээс өмнө өнөө гөлөг хаяж өгсөн махнаас хэр чинээгээрээ идэж амжлаа, бараг л цадсан байх. Удалгүй “томчууд” махны үнэр авчээ. Тал талаас тав, зургаан нохой гарч ирээд өнөө махыг булаалдан үмхчих нь тэр. Үүнийг харсан ачигч нар нохдыг хөөсөн ч нэмэр болсонгүй. Ачигч нарын олонх нь гэр бүлтэй, хүүхэдтэй. Өөр ажил хийж үзсэн ч цалин хөлс бага, цагтаа өгдөггүй, ялангуяа барилгынхан ажлын хөлс өгөлгүй зугтдаг гэсэн шалтгаанаар тэд цемент буулгахыг илүүд үзжээ. “Гэр бүлээ хоолоор таслахгүйн тулд цалингаа цагтаа авдаг ажил хийх хэрэгтэй байдаг юм. Бид нийлээд нэг цуваанаас 2-3 вагон буулгадаг. Мөнгөө хувааж авна. Орой бүр гэртээ мөнгөтэй харина гэдэг чухал” хэмээн ярих тэднээс “Тэгвэл амны хаалт зүүгээд, нимгэн бээлий, малгай, битүү хувцас өмсөж эрүүл мэндээ хамгаалж болдоггүй юм уу. Та нарын уушги ямар болоо бол. Арьсны харшилтай болвол яана” гэж асуухад “Ийм хар ажилд ямар ч хувцас тэсдэггүй. Комиссын бараанаас 500 төгрөгөөр ганц цамц авахад хоёр өдөр өмсөөд урагддаг. Нэг л удаа цемент буулгачихаад харахад зуурчихсан цемент шиг болчихсон байдаг амны хаалтаар яах юм” хэмээн ярих тэд одоохондоо олж буй мөнгөө бодоод хойчдоо санах зовох янзгүй. “Удахгүй барилга, зам гээд бараг бүх ажил зогсоно. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа олон хүн энд ажиллахаар ирдэг юм. Ажил хийх хүн олшроод, хийх ажил нь багасна гэсэн үг. Тэр үед Замын- Үүдэд очиж цемент буулгана даа. Тэнд аль ч улиралд хүн цөөн байдаг” хэмээн дараагийн ажлаа бодох тэдэнтэй энэ сэдвээр хэл амаа ололцох янз алга.
Ингээд өөр вагонд байсан хоёр залуутай ярилцлаа.
-Та хоёр ийм ажил хийгээд удаж байна уу?
-Би наймдугаар сараас, энэ сарын өмнөөс ажиллаж байгаа.
-Өмнө нь юу хийж байсан юм бэ?
-Сурдаг болохоор байнга ажил хийдэггүй юм аа. Сургалтынхаа төлбөрийг олох, хааяа мөнгө хэрэг болохоор ажил хийдэг.
-Төлбөрөө хийчихсэн үү?
-Хагасыг нь хийчихсэн.
-Яагаад заавал цемент буулгах болов?
-Барилга дээр ажиллаж үзсэн. Цалин бага, тэгээд ч өгдөггүй. Янз бүрийн татвар, хураамж суутгаад авчихдаг. Олонх нь хэдэн сар ажиллуулчихаад цалингаа өгөлгүй зугтчихдаг юм. Энд бол өдөрт нь мөнгөө бэлнээр авна. Ямар ч суутгал байхгүй.
-Та нар яагаад амны хаалт зүүдэггүй юм бэ?
-Нэмэр байдаггүй юм аа. Биеийн хүчний ажил хийж байгаа учраас их амьсгаадна. Тийм үед маск амьсгалахад тээртэй байдаг.
-Өнөөдөр хичээлээ тасалчихсан юм уу. Хэдэн цагаас хичээлтэй вэ?
-Үдээс хойш хичээлтэй. Энэ вагон цементийг буулгачихаад хичээлдээ явна даа.
-Шууд уу?
-Гэртээ харьж, толгойгоо угаагаад хувцсаа солино л доо.
-Гэр чинь хол уу?
-Нэгдүгээр хорооллын ард.
Хятадууд цементээ үйлдвэрээсээ тусгай техникээр машинд ачаад өгчихдөг. Хүний оролцоо огт байдаггүй бол түүнийг монголчууд Замын-Үүдээр оруулж ирээд ийм залуусын хүчээр вагонд шилжүүлэн ачдаг. Төмөр замын цариг өөрөөс болоод Монголын вагоныг шууд Эрээнд аваачин зогсоож байгаад цемент ачих боломж үгүй. Гэлээ ч хятадуудын хэрэглэж буй техникийг оруулж ирээд Замын-Үүдэд машинаас, АБТЭМА-д вагоноос цемент буулгахад ашиглаж болмоор санагдана. “Улаанбаатар төмөр зам”-ынхан л энэ ажлыг хийх болов уу. Хэдэн хүн ажилгүй болж л магадгүй. Энэ залуус хэдэн жилийн дараа амьсгалын замын, арьсны элдэв өвчтэй болчихвол түүнийгээ эмчлүүлэхэд бүр их мөнгө зарлагадна. Олонх нь эмчлүүлж чадахгүй. Эд хөрөнгөө алдвал юу ч алдаагүйд тооц. Нэр төрөө алдвал багыг алдсанд тооц. Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг дээ. Ийм сайхан залуу насыг, амьдралыг цементтэй хамт бургиулчихаж боломгүй.
Х.БОЛОРМАА