Статистикийн ерөнхий газраас мэдээлснээр манай Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 70-аад мянган иргэн байдаг байна. Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй хүмүүсийн тоог нэмбэл 104700 болно. Эдгээрээс нийслэл хотод 23000 орчим нь амьдардаг. Өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дан ганц халамжийн хүн гэсэн нүдээр нийгэм тэр аяараа харсаар байгаа юм. Тэдний эрх нийтийн тээвэр, барилга байгууламж гээд нийгэмд байгаа бүхий л орчинд зөрчигдсөөр ирсэн. Нэн ялангуяа нийтийн тээврээр үйлчлүүлэх эрх нь бүрэн хангагдаж байж тэд эрүүл мэнд, боловсрол гээд бүх үйлчилгээг авах ёстой .
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Бид автобусаар үйлчүүлж чаддаггүй. Хаалгаар нь тэргэнцэртэй хүн орох боломж байдагүй учир бусад хүмүүст саад болдог. Тиймээс байнга такси барина. Ингэхэд мөнгө их гардаг. Үүнээс болоод тэргэнцэртэй хүмүүс гэрийн хорионд байдаг гэж хэлж болно. Бид хөдөлмөрлөх, сургуульд явах боломж байдаг ч ажил хийж олсон мөнгөө таксиний хөлсөнд өгөөд таардаг, иймээс нийгмийн харилцаанд орж чадахгүй байна ” гэж ярьсан юм. Гэрээсээ гараад л явах газар хязгаарлагдмал байдгаас гэрийн хүн болгохоос арга үгүйг тэд хэлдэг. Нийслэл хотод 2000 орчим нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна. Гэсэн хэдий ч энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулж Засгийн газраас жил бүр 5.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор авдаг нийт 41 аж ахуй нэгжийн 1174 том оврын автобус, 872 бага оврын автобусны нэгэнд нь ч хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол, буудлыг тогтмол зарлах, урсдаг зар явуулах зэрэг үйлчилгээ байхгүй байгааг Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газрын 2014 оны гуравдугаар сарын 10-ны 02-02/755 тоот албан бичгээр гаргасан дүгнэлтэдээ дурьджээ.
Манай улсад тэргэнцэртэй хүн түвэггүй ороод суух нийтийн тээврийн хэрэгсэл байдаггүйгээс гадна, тэдний онцгой хэрэгцээг барилгачид, зохион бүтээгчид ч төдийлөн анхааралдаа авдаггүй. Энэ нь мөн л нийгэмд бусдын адил оролцох эрхийг нь хязгаарласаар байна. Цаасан дээр сийрүүлсэн хуулийн заалтууд бодит амьдрал дээр хэзээ хэрэгжих вэ?
2007 онд батлагдсан Автотээврийн тухай хуулийн 7.4-т “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрт нэр хаяг чиглэлийг бичмэл болон зургийн хэлбэрээр байрлуулах, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг нийслэлийн Засаг дарга гаргана”, 10 дугаар зүйлийн 10.2.8 “20 ба түүнээс дээш нийтийн тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэгчийн тээврийн хэрэгслийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан байх ”, 10.2.9-т “Тээвэрлэгч нь энэ хуулийн 10.2.8-д заасан хэмжээний тээврийн хэрэгсэлгүй бол Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын дагуу жил бүр төлбөр төлнө. Төлбөрийн хөдөлмөр элхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулах нийгмийн хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах ”гэсэн заалтууд байдаг. Өнөөг хүртэл эдгээр хууль нь бүрэн утгаараа хэрэгжээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үйлчүүлэх боломж хязгаарлагдмал хэвээр л байгаа юм.
Мөн зарим нэг зүйл заалтад тэднийг ялгаварлан гадуурхсан тохиолдол байдаг байна. Аргаа барсан иргэд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Захиргааны хэргийн шүүх “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8-д “Нийтийн зорчигч тээвэрлэлтэнд биеэ авч явах чадваргүй хүнд өвчтөн, сэтгэл мэдрэлийн өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн асран хамгаалагч хүнтэй явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварласан заалт болсон гэж дүгнээд энэ заалтыг хүчингүй болгох шийдвэр гарсан байна.
Ц.Оюунбаатар "Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний хорооны ерөнхийлөгч"
Тэд мөн Ерөнхий сайдад дөрөвдүгээр сарын 26-нд шаардах бичиг явуулсны үр дүнд “Автотээврийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.2.8, 10.2.9 дэх заалтын дагуу журмын төсөл боловсруулж байгаа юм.
Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох эрх зөрчигдсөөр л байна. Тэд үр хүүхэд, гэр бүлээ бусдын л адил халамжлахын тулд нийгмийн амьдард оролцох эрхтэй. Хэзээ тэдэндээ хүний ёсоор хандах вэ?
М.Болорцэцэг