Бүтээлч иргэдээ дэмжихээр хийсэн анхны сурвалжлагын эхний хэсэгтээ бид Төв аймгийн хөгжлийн гол салбар болох хөдөө аж ахуй, газар тариалангийн шинэ сайхан мэдээлл үүдийг хүргэсэн бол тус аймагт хийгдэж буй үлгэр жишээ бүтээн байгуулалтуудын талаар үргэлжлүүлэн хүргэж байна.
ЖИШИГ ХОРООЛЛЫН ИРГЭД ГИШҮҮНЧЛЭЛЭЭРЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛНЭ
Газар чөлөөлнө гэдэг нь маргаан дагуулж, иргэдийн хараал идсэн хүнд ажил. Тэр тусмаа зөвшөөрөлгүй ч гэсэн ашигтай байршилд төвхнөсөн айлуудыг бууринаас нь салгана гэдэг тийм ч амар ажил биш. Тэгвэл Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат энэ ажлын эвийг олоод үлгэр жишээ зохион байгуулалт хийжээ. Төв аймгийн гол хаалганы дэргэд суурьшсан, сүүлийн 20 жилийн турш “хөөгдөөд” хөдлөөгүй 95 айлыг шинэ суурьшлын бүс байгуулан, тийш нүүлгэснийг очиж үзлээ. Аймгийн төвөөс зайдуу Баянхошуу хэмээх багийн 400 гаруй айлыг дээрх айлуудтай нийлүүлэн жишиг хороолол байгуулсан байна. Аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд дадлага хийх журмаар хашаануудыг үзэмжтэй болгон чимж, “Төв чандмань” төрийн өмчит үйлдвэрийн газрынхан илүү цагаар ажиллаж, 160 сая төгрөгөөр цахилгааны шугам татаж, айл бүрт тоолуур тавьсан гэнэ. Ийнхүү зохион байгуулж, барьсан хашааг 2.2-3.2 сая төгрөгөөр үнэлэн иргэдийг буулгасан бөгөөд мөнгөө хүссэн хугацаандаа төлж дуусгаад, газар өмчлөлийн гэрчилгээгээ авах боломжийг тэдэнд олгожээ. Түүгээр зогсохгүй иргэд хөдөлмөрөөрөө нэгдэн хоршоо байгуулах зөвлөмжийг Засаг дарга нь хүргүүлснээр ажил хэрэг болж эхэлжээ.
Иргэд мөнгөө нийлүүлж, “Баянбүрд хөгжил” хоршоо байгуулаад оёдол, үсчин, халуун ус, угаалга зэрэг ахуй үйлчилгээнээс гадна интернэтийн үйлчилгээг гэр хорооллын бусад иргэдэд үзүүлэх юм байна. Хоршооны барилгыг Засаг дарга Д.Баярбат бариулж өгөөд менежментийг иргэдэд үлдээжээ. Энэ хоршоогоор хөнгөлөлттэй үйлчлүүлэхийн тулд иргэд гишүүнчлэлд хамрагдах ёстой бөгөөд одоогоор 4.5 сая төгрөг цуглачихаад байгаа аж. Хоршооны анхны есөн гишүүний нэг Б.Тунгалагтуяа “Эрхэлсэн ажилгүй биднийг ингэж дэмжиж, тохилог орчинд амьдрах нөхцөлийг хангаж өгч байгаад их баяртай байна. Өмнө нь хүүхдээ сургуульд хүргэж авчихаад ямар хоол хийх вэ гэдгээс өөр зүйл боддоггүй байсан бол одоо хүсэл тэмүүлэлтэй, зорилготой болсон. Өнөөдөр намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр учраас худгаа ажиллуулаад, оёдлын цехийнхээн ажлыг эхлүүллээ” хэмээн ярилаа.
Жишиг хороололд 100 хүүхдийн цэцэрлэг барихаар хөрөнгийг нь шийдвэрлэж, Германы шинэ технологи бүхий цэвэрлэх байгууламж барьсан гээд иргэд гэр хороололд ч ая тухтай амьдрах боломжийг энд бүрдүүлжээ. “Аймгийн төвийн алслагдсан иргэд хүнд нөхцөлд амьдардаг. Энэ иргэдээ анхаарч, Баянчандмань, Эрдэнэ суманд малтай болгохоос гадна газар тариалангийн бүс нутагт гэр бүлээрээ очиж ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа” хэмээн Д.Баярбат дарга ярьсан юм. Энэ мэтчилэн иргэдийн амьдралд анхаарч байгаа нь хийсэн ажлуудаас нь харагдаж байлаа.
ЦЭГЦЭРЧ ДУУСДАГГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА
“Карго лэнд” хэмээх компани 2011 онд зарласан Төв аймгийн төвийн 100 хүүхдийн цэцэрлэг барих тендерт шалгарч, барилгын ажлыг эхлүүлжээ. Гэвч гурван жил өнгөрч, хоёр Засгийн нүүр үзсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байгаа уг ажлаас болоод 86 хүүхэд цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа аж. Хөрөнгө мөнгө дутсан гэдэг шалтгаанаар ам таглаж ирсэн дээрх компанийнхан “80 сая төгрөг байвал бүрэн дуусгана” хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгджээ. Аргаа барсан аймгийн Засаг дарга хичээлийн шинэ жилээс хүүхдүүдээ явуулах цэцэрлэгийг бэлэн болгохын тулд аймгийн хөрөнгөөс 80 сая төгрөг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гарган, “Карго лэнд”-ийн дутуу орхисон дулаан, цэвэр, бохир усны шугамыг холбож, хийжээ. Харамсалтай нь өнөөх компанийнхан өнөөдрийг хүртэл дотор засал, үлдсэн ажлаа хийж өгөхгүй луу унжсаар байгаа аж.

Ийнхүү 2012 онд хүлээлгэн өгөх ёстой байсан тус цэцэрлэгийн байр ашиглалтад орохоосоо өмнө элэгдэж, цонх шилийг нь хүмүүс хагалж эхэлжээ. Уг нь сонгон шалгаруулалт явуулж, цэцэрлэгийн захирлыг нь сонгоод, хүүхдүүдийн ор хөнжлийн даавууг нь хүртэл аймгийн хөрөнгөөр үйлдвэрлүүлээд бэлэн болгочихоод байхад балагтай нөхдөөс болоод хүүхдүүд ийнхүү хохирч байна.Төв аймаг статистик мэдээгээр хамгийн олон сургууль, цэцэрлэгтэй аймагт багтдаг ч дөрвөн цэцэрлэг барих шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс дөрвөн цэцэрлэгийн барилгын зураг хийлгэж, эхний ээлжинд 400 сая төгрөгийг төсөвт суулган, барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Төв аймгаас төрсөн алдар цуутнуудыг дурдъя гэвэл нэлээд урт жагсаалт бичих хэрэгтэй болно. Нутгаасаа төрсөн алдартнуудыг олонд таниулах зорилгоор Манзуширийн хийд хүртэлх таван км зам дагуу цуутнуудын гэр музей байгуулахаар зураг төслөө боловсруулж байгаа юм байна. Энэхүү цогцолбороо төв аймгийнхан аялал жуулчлалын брэнд болгох зорилготой гэнэ. Их зохиолч Д.Нацагдоржийн бичсэн “Учиртай гурван толгой” дуурийг Төв аймгийн жинхэнэ брэнд гэж нэрлэж болно. Зохиолчоосоо эхлээд Юндэн, Нансалмааг амилуулсан анхны жүжигчид нь цөм тус нутгийнх. Тиймээс энэхүү брэндээ мөн алдаршуулахаар томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөснөө аймгийн Засаг дарга Д.Баярбат дуулгасан. Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөө, XIII зуун, Их Майдар цогцолбор, Манзушир хийд гээд жуулчдыг татах олон “үзмэр” Төв аймагт бий. “Хэрэв Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Манзушир хийдийг манай аймгийн хүсэлтийг харгалзан шийдвэрлээд өгчихвөл богино хугацаанд сэргээн засварлах боломж бидэнд бий. Одоогийн байдлаар түүхэн энэ хийд маань Богд хан уулын дархан цаазат газарт байрлахаас гадна Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг тул бидэнд ямар нэгэн ажил хийх эрх зүйн орчин байхгүй” хэмээн орон нутгийн удирдлагууд ярьж байлаа. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэчихвэл тус аймаг манай орны аялал жуулчлалын томоохон бүс болох боломж хангалттай байна.
800 ГА ТАЛБАЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХАД ЗОРИУЛНА
Улаанбаатар хотоос 20 хүрэхгүй минут давхиад орчих Төв аймаг агаарын бохирдол, замын бөглөрөлгүй гээд олон давуу талтай. Тийм тус аймгийнхан энэ талаа ашиглаад жижиг, дунд үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөжээ. Нийт 800 га талбайг сонгоод 110 кВт-ын цахилгаан хангамжийн хоёр эх үүсвэр байгуулах гэнэ. Аймгийн төвөөс 20-иод км яваад хүрэх олон улсын шинэ онгоцны буудал ашиглалтад орох цаг наашилсаар буй. Өнгөрсөн жил бид ОХУ, БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн олон улсын замтай аймгаа холбосон 28 км зам барьсан. Мөн нийслэлээс Төв аймаг орох 16 км хуучин авто замыг засаж, энэ долоо хоногт нээнэ. Төмөр замыг хос болгож, хурдны зам энэ нутгаар дайрахаар тээвэр ложистикийн үйлчилгээг энэ нутгийнхны хөгжлийн шинэ хандлага болно. Тийм ч учраас “Төв аймаг хуурай газрын хамгийн том боомт болох нь гарцаагүй” гэсэн бат итгэл тус аймгийн удирдлагуудад байна. Ирээдүйд бий болох энэх үү боомтыг орон нутгийн оролцоотой уялдуулбал алсдаа Төв аймаг эрчимтэй хөгжинө хэмээн тэд итгэж буй аж.

Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Баярбаттай ярилцлаа.
-Танай аймгийн өрсөлдөх чадвар нэлээд ахисан гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу?
-Энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотод аймгуудын өрсөлдөх чадварын чуулган болсон. Өнгөрсөн хоёр жилийн судалгааны тайлангаар манай аймаг дөрвөн байр урагшилсан байсан. 2012 онд есдүгээрт бичигдсэн байсан манай аймаг ийнхүү тавдугаарт орсон нь бидний ажлын үр дүн болов уу. Манай аймгийн өмнө Орхон, Дархан-Уул, Өмн өговь, Дорноговь аймаг орсон байсан. Энэхүү өрсөлдөх чадвараар бид сайжирсан гэхээсээ илүү юун дээр алдаж байгаагаа харж, засах боломж бүрддэг. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт анхаарах зайлшгүй шаардлага байгаа.
-Аймаг орон нутгаа хөгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл байна вэ?
-Орон нутгийн хөрөнгө оруулалтыг өмнө нь яамд шийддэг байсныг Засгийн газраас өөрчилж, орон нутагт нь шилжүүлдэг болох гэж байх шиг байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн суманд соёлын төв засах ажлыг яам шийддэг байсан бол одоо бид тулгамдсан асуудлаа өөрсдөө шийддэг болох нь. Үнэхээр ийм болчихвол ажлаа л сайн хийхээс өөр яах билээ.
-Хоёр жилийн дараа танай аймаг ямар болно гэж та төсөөлж байна вэ?
-Бид төлөвлөсөн ажлаа бүгдийг нь хийж амжихгүй ч эрчимтэй ажиллана. Ямар ч байсан аймгийн төвийн 1000 айлын орон сууцыг хорооллоор нь барьж дуусгана. Гэр хорооллыг бүхэлд нь инженерийн байгууламжид холбож чадахгүй ч хүмүүсийн сэтгэл зүйг бэлтгэж, дэд бүтэц бүхий амины орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн байна. Аймгийн төв хийгээд зам дагуух сумдад аутлет маягийн худалдаа үйлчилгээний өвөрмөц төвтэй болно. Өөрөөр хэлбэл, жижиг байшингуудад иргэд тус тусын брэнд бүтээгдэхүүнийг борлуулж, эдийн засгийн эргэлт сайтай орчинд ажиллана. Манай аймагт өрнөж буй бүтээн байгуулалттай холбоотойгоор зар мэдээллийн 90 хувь нь “Ажилд авна” гэсэн зар байгаа. Тиймээс ажилгүйдэл харьцангуй буурна. Ямар ч байсан агаарын бохирдолг үй, нягтрал багатай, цэвэрхэн, хөгжсөн аймаг болно гэв.
Аймгийн хэмжээнд энэ онд улсын төсөв, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, хувийн хөрөнгө, Орон нутгийн хөгжүүлэх сангаас нийт 70.5 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Улаанбаатар хотыг бүхэлд нь тойрсон, 27 сумыг хамарсан хамгийн том аймаг болох Төв аймгийн зөвхөн Зуунмод сумын бүтээн байгуулалтыг тоймлон сурвалжилсан нь энэ. Бусад аймгийн бүтээн байгуулалтыг сурвалжлахад манай сонины цөөнг үй хуудас зарцуулагдах байх. Ямартай ч хүн хийе гэсэн сэтгэл байвал богино хугацаанд ч ихийг бүтээж, том зүйлсийг бүтээж болдгийг жил гаруйн хугацаанд ажилласан ч аймгаа улсдаа эхний тавд багтааж чадсаныг удирдлагууд нь харуулж байна. Зөвхөн Төв аймаг ч бус, хөдөө орон нутагт хийж бүтээж яваа олон хүн бий. Тэр хүмүүсийг л бид урамшуулж, үгээ харамг үй зориулахыг хичээж буй юм. Цаашид олон бүтээлч иргэн манай сониноор дамжин уншигч тантай танилцана гэдэгт итгэлтэй байна. Бүтээлч иргэдээ дэмжицгээе.
Р.ОЮУНЦЭЦЭГ