Хар тамхи хэмээх цагаан тахлын золиос болж Монгол залуус эх орондоо болон харийн шоронд ял эдэлж, зарим нь цаазын ял шийтгүүлэн дээшээтэнгэр хол, доошоо газар хатуу байгаа. ГХЯ-ны Консулын газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, хуучнаар УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд гадаадад зорчиж буй иргэддээ санамж, сэрэмжлүүлэг удаа дараа хүргэсний дүнд сүүлийн жилүүдэд хар тамхи тээвэрлэж яваад харьд баригдсан хэрэг гарахгүй байгаа. Гэсэн хэдий ч манай улсын 71 иргэн гадаадад хар тамхины хэрэгт холбогдсоны 48 нь БНХАУ-д баригдаж, цөөнгүй хүн тус улсын хуулийн дагуу цаазаар авах ял сонсоод байна. Амралтаараа газар үзэх гэж яваад хэл мэдэхгүйдээ хүний золиос болж, мансууруулах бодистой цүнх гэдгийг нь ч мэдэлгүй явсан А гэх бүсгүй БНХАУ-ын хуулиар ялын дээд хэмжээ сонсоод тус улсын шоронд ял эдэлж байна. Түүний аав Д.Жанлав, ээж Г.Гансүх нартай ярилцлаа.
-Охин тань хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын хуулиар ял шийтгүүлжээ. Ийм хэрэгт холбогдсон талаар анх яаж мэдэв?
Д.Ж:-Охин маань 2011 оны аравдугаар сарын 27-нд газар үзье гэж Малайз яваад тэр нэг залуутай зам нийлж, ийм байдал хүрчихээд байгаа юм. Хүүхэд маань ирнэ гэсэн өдрөө ирсэнгүй. Юу болов гээд эрж, сураглаж хөөцөлдтөл БНХАУ-д баригдсаных нь дараачийн долоо хоногийн даваа гаригт нь хар тамхины хэрэгт холбогдлоо гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Бид асууж сураглаж, улмаар УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасагт хандсан юм. Мөн ГХЯ-ны Консулын газарт 2011 оны арваннэгдүгээр сарын 4-нд өргөдөл өгсөн. Ингээд учрыг тодруулахад Малайзаас нэг онгоцонд хамт явсан монгол залуу охины маань нэр дээр ачаагаа бүртгүүлсэн байгаа юм. Анхбаяр гэх тэр залуугаас нь хууль шүүхийн байгууллагынхан тайлбар авахад “Миний найз Наранбаатарын ачаа байсан. Би хар тамхи гэж бодоогүй. Зүгээр цүнх л гэж Наранбаатар надад хэлсэн” гэж тайлбарладаг юм.
Г.Г:-Анхбаяр “Энэ ачаа энэ эмэгтэйд хамаагүй, надад хамаатай гэж хэлсэн бол болох байсан. Гэтэл тэр залуу шүүх хурал дээр хоёр өөр мэдүүлэг өгсөн. Шүүх хурал дээр нүүрэлдэхээрээ “Энэ эмэгтэй цүнхийг нэг ч удаа барьж үзээгүй. Би бариад явж байсан” гэж мэдүүлдэг. Миний охин ажлын төлөө л явдаг, илүү олз омогт дурладаггүй, шуналгүй хүн гэж бид боддог. Охиноо Малайз руу газар үзэхээр явахад нь би хоёр дүүтэй нь хамт гэрт нь байсан юм. Тэгээд ийм хэрэгт холбогдчихлоо гэсэн мэдээ сонсоод их хэцүү байсан. Охин минь нэг их олон удаа хил давж үзээгүй. 2008 оны Бээжингийн олимпийн дараа тус хоттой танилцахаар нэг явсан. Тэгэхдээ “Гурван жилд нэг удаа газар үзье гэж бодож байгаа” гэж надад ярьж байсан юм. Дараа нь 2011 онд Малайз руу явахдаа “Дүү орчуулга хийх гэнэ. Хамт яваад газар үзээд ирье” гээд ажлаасаа чөлөө аваад явсан.
-Энэ хэргийн зохион байгуулагч С.Наранбаатар, гардан гүйцэтгэсэн Анхбаяр нартай та хоёр уулзсан уу. Юу гэж хэлж байх юм бэ?
Г.Г:-Энэ хэргийн зохион байгуулагч С.Наранбаатартай уулзсан. Анхбаярыг нь шүүх хурлын үеэр л харсан. Анхбаяр нь 4-5 удаа өмнө нь тус улс руу мансууруулах бодис зөөж, хууль хяналтын байгууллагынханд нь нүдлэгдсэн хүн гэдэг нь түүний мэдүүлгээс ойлгогдож байсан. Тэр хүн охиноор минь халхавч хийгээд ийм байдалд хүргэж байгаа юм. Шүүх хурлын үеэр шинэчилсэн байцаалт явуулж, нэг нэгээр нь байцаахад “Агийн ачаанд юу байсныг мэдэхгүй” гэх мэтээр бөөрөнхий хариулт өгч байсан. Нүүрэлдүүлж байцаахад “Утасны цэнэг дуусаад А-гийн утсаар мессеж бичсэн. А энэ цүнхэнд нэг ч удаа гар хүрээгүй, би л авч явсан” гэж мэдүүлэг өгдөг юм. С.Наранбаатар нь анх “Юу ч болоогүй. Одоохон хүрээд ирнэ” гэж байсан. Сүүлдээ биднээс зугтдаг болсон. Бид ч өөрсдөө түүнээс айж л байв. С.Наранбаатарын ар гэрийнхэн нь л байх хүмүүс шөнө ирж хаалга үүд балбаж, “Тантай уулзмаар байна, учраа олмоор байна” гэж байсан. Надтай учраа олоод яах вэ дээ. Шүүх хурлын дараа Анхбаярыг болон охиныг минь гэр бүлийнхэнтэй нь уулзуулсан. Түүнээс өмнө тэд хоорондоо огт уулзаагүй юм билээ. Тэгэхэд уулзалтын өрөөнд Анхбаяртай таарч, “Яагаад үнэн мөн нь тогтоогдохгүй байгаа юм бэ. Би энэ ачаанд чинь ямар хамаатай юм бэ” гэж асуусан. Тэгэхэд Анхбаяр “Би амиа аврахын тулд таныг гүтгэсэн” гээд өөр юу ч хэлэлгүй яваад өгсөн гэсэн.
-Үнэн мөн нь олдоно гэж бодож байсан хүн ялын дээд хэмжээ сонсоод их л цочирдсон байх даа. Та хоёрт ч гэсэн хэцүү байсан биз?
-Анхан шатны шүүх хурал болохоос гурав хоногийн өмнө бидэнд мэдэгдэж, санд мэнд Дорнодоос онгоцоор Улаанбаатарт ирж, Бээжин рүү бас онгоцоор очсон. Тэнд шүүх хуралд сууж байхад Анхбаяр нь Хятадаас хоёр ч өмгөөлөгч авч орсны нэг нь шилдэг 100 өмгөөлөгчийнх нь нэг. Нөгөө нь сүүлийн үед тодорч, мандаж байгаа залуу өмгөөлөгчийг өндөр үнээр хөлсөлсөн байсан. Түүгээр зогсохгүй өмгөөлөгчтэйгөө харилцдаг хэлмэрч Монголоос аваачсан байгаа юм. Анхбаярын хоёр өмгөөлөгчийн ярьж байгааг нь орчуулуулж сонсоход “Энэ хүмүүсийг цаазын ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Гол зохион байгуулагч нь Монголд баригдаж ял шийтгүүлсэн. Ийм байхад манай хуулиар цаазын ял өгөх нь тохиромжгүй” гэж байсан. Анхан шатны шүүх хурлын дараа шийдвэрээ шууд танилцуулдаггүй юм билээ. Бараг жил хүлээж байж шийдвэр нь гардаг. Хурал дууссаны дараа ЭСЯ-ндаа очоод байж байхад хуралд суусан манай төлөөлөгч нар “Охин чинь энэ хэрэгт хамааралгүй юм байна гэж өмгөөлөгч нар ярьж байна. Бидний ойлгосноор ч тийм байна. Цагаадах байх” гэсэн. Цаазын ял сонсоод охин минь маш их цочирдсон. Би ч газар дэлхий хөмрөх шиг л болсон. “Ээжээ үнэн зүйл гэж байдаггүй юм уу. Үнэн мөн нь олдох байх гэж бодож байсан ш дээ. Ингээд миний амьдрал төгсөх гэж үү” хэмээн охин минь уйлж байсан. Охин минь “Энэ залуу намайг танихгүй гэдгээ хэлнэ. Өөрийнхөө авч явсан цүнх гэдгийг тайлбарлана” гэж бодож байсан юм билээ. Охиноо цаазын ял аваад уйлж байхад бид “Чи тусгаар тогтносон улсын иргэн. Чамайг эх орон чинь өмгөөлж хамгаална” хэмээн аргадахаас өөр яаж ч чадаагүй. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч л болсон.
-Дахин өмгөөлөгч авч, хэргийг нь үнэн зөвөөр шийдүүлэх талаар хөөцөлдөж үзсэн үү?
-Шүүх хуралд Хятадаас өмгөөлөгч авахаар их өндөр үнэтэй, Монголоос өмгөөлөгч авч орох эрх байдаггүй.
-Хамгийн сүүлд хэзээ охиноо эргэж очив. Бие нь, сэтгэл санаа нь ямар байна вэ?
-Бид охиноо өнгөрсөн зургадугаар сард эргэж очсон. Сардаа нэг удаа утсаар ярьдаг. Уг нь сар бүр эргэж очиж болох юм гэсэн. Монголчуудын маань амьдрал ямар билээ. Мөнгө төгрөгийн бололцоогоо харж байгаад л охиноо эргэдэг. Бээжин хотын эмэгтэйчүүдийн хорих газарт байгаа. Бие нь их муудсан байна лээ. Өнгөрсөн зургадугаар сард очиход биеэр нь юм туурсан, гар нь хавдсан байсан. Би өвчнийхөө оношийг энэ хүмүүст ойлгуулж чадахгүй, хянагч нар нь ажлын харшил юм уу, юу вэ гээд наахнуур бодоод байдаг. Өвчнөөс маань шалтгаалаад намайг ажилд гаргахаа больсон. Уг нь хорих ангийнх нь эмч нар эм өгдөг. Гэтэл тэр эм нь таарахгүй болохоор ажилд гаргахаа больсон гэж байсан. Өдрийн цагт бие нь харьцангуй гайгүй байдаг. Шөнө орой болоход л сандаргадаг юм гэсэн. Хянагч нар нь эхэндээ бие нь өвдөж байсан ч ажилд гар, ажиллаж байж ялаа хөнгөрүүлнэ гэж хэлдэг байснаа сүүлдээ бие чинь дийлэхгүй гээд ажилд гаргахгүй байгаа гэсэн. Хорих анги нь муулаад байхаар биш. Хэдийгээр хүний эрхийг хязгаарласан ч гэсэн охиныг минь харж үзэж байгаа юм билээ. Хорих газруудад дэглэх, хүний эрх зөрчих явдал байдаг гэдэг шүү дээ. Хоригдож буй газарт нь тийм зүйл байдаггүй гэсэн. Охиноо эх орондоо өөрөө амьдрах чадвартай ирээсэй гэж бодох юм. Хэвтэрт, хүний гарт ороод ирвэл тэр хүний амьдрал утгагүй болно шүү дээ.
-Энэ хэргийн гол зохион байгуулагч Сүхбаатарын Наранбаатар гэх хүн Баянзүрх дүүргийн шүүхээс ял шийтгүүлсэн байх аа?
-БНХАУ-д хар тамхи тээвэрлэж явсан хоёр хүн баригдсан гэх мэдээлэл авсны дараа УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн С.Наранбаатарыг эрэн сурвалжилж эхэлсэн. Бид ч гэсэн С.Наранбаатарынх нь хаягийг олж аваад хөөц өлдсөн. Тэр хүн нь хэзээ хойно баригдан шүүхээс 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэсэн. Түүний шийтгэх тогтоолыг бидэнд өгөхгүй байсан юм. Охиноо гэм буруугүй болохыг нотлохын тулд C.Наранбаатар нарын шүүх хурлын шийтгэх тогтоолыг олж авч орчуулуулан БНХАУ-ын Ардын дээд шүүхийн шүүх хурлын өмнө тэнд аваачиж өгсөн. Тэр С.Наранбаатар гэдэг хүн нь 40 гаруй хүнээр цүнх зөөлгөсөн болох нь тогтоогдсон. Цүнхнийх нь хананд хар тамхи нуусан байсан юм билээ. Монголд ийм ял оноож байхад юу ч мэдэлгүй, Наранбаатарын зараалд явж байсан залуугийн хоморгонд орсон манай охин Хятадад цаазын ял авчихаад байна шүү дээ. Хэргийн оролцогч биш гээд бидэнд С.Наранбаатар нарын шийтгэх тогтоолыг нь өгөөгүй. Гэхдээ шийтгэх тогтоолд нь охинтой минь хамт явсан Анхбаяр БНХАУ-д баригдсан талаарх мэдүүлэг нь орсон байсан. Анхбаяр нь миний охин А-гаар халхавч хийж явсан гэж ярьсан байгаа юм. Хилээр гарч байгаагүй хүнээр халхавч хийж явахад шалгалт гайгүй байдаг гэх мэтээр ярьсан нь бий юм билээ. ХЗЯ-наас Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандаж, хүсэлт гаргаж байж уг хэргийн шийтгэх тогтоолыг нь бүрэн эхээр нь, эх хувиар нь олж авсан.
-Хар тамхи мэдэж байж залгиж зөөвөрл өсөн хүнийг Ерөнхийлөгч БНХАУ-ын даргад хандаж цаазын ялаас чөлөөлүүлж байсан. Бас бүх насаараа хоригдох ялаар шийтг үүлсэн Л.Байгалмаа эх орондоо ирэхээр болсон талаар мэдээлж байгаа шүү дээ. Танай охин энэ хоёр хүний хажууд санаатайгаар зөөгөөгүй гэж олон хүн үзэж байгаа. Төрийн тэргүүн, Хууль зүйн сайд зэрэг эрх бүхий хүмүүст хандаж охиндоо туслах талаар хөөцөлдөж болоогүй гэж үү?
Д.Ж: -Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, ГХЯ-ны Консулын газрын захирал гээд мэддэг чаддаг, туслах байх гэсэн хүмүүст болсон асуудлын талаар жил бүр л өргөдөл бичиж өгдөг юм. Бүр биеэрээ уулзах хүсэлт ч өгсөн. Ерөнхийлөгч өргөдлийг минь өөрөө үздэг юм уу, үгүй юү бүү мэд. Тамгын газраас нь “Ерөнхийлөгч хар тамхины эсрэг хатуу байр суурь баримталж буй тул өргөдлийг тань Засгийн газрын зохих агентлагт хүргүүллээ” гэсэн хариу өгдөг. Охиныхоо биеийн байдлын талаар Ерөнхийлөгчид хандаж бичсэн өргөдөл маань дамжсаар, Засгийн газарт, Эрүүл мэндийн сайд Н.Удвалд очсон байсан. Эрүүл мэндийн сайд БНХАУ-д очоод охины минь биеийг магадлахгүй шүү дээ. Харин Ерөнхий сайдын зүгээс өөрийн зөвлөх Ган-Очир гэдэг хүнд үүрэг чиглэл өгч, бид тэр хүнтэй нэлээд олон удаа уулзсан. Хууль зүйн сайд бол нэг ч удаа уулзаагүй. Түүнтэй уулзах хүсэлт тавьдаг. Энэ жил гэхэд 2-3 удаа доод албан тушаалтнуудад нь хандан Х.Тэмүүжин сайдтай уулзах хүсэлт тавьсан. Сайдыг зөвшөөрөхөөр танд утсаар мэдэгдэнэ гээд л чимээгүй болчихдог юм. Охиноо БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдсоноос хойших гурван жилийн хугацаанд удаа дараа Хууль зүйн яаманд хандахад БНХАУ-тай харилцдаг албан тушаалтан нь гурван удаа солигдсон. Ажлаа хүлээлцэж байгаа хүмүүс нь бидний энэ учир байдлыг мэддэг л байх. ХЗЯ-ныхан асуудлыг болох талаас нь хөөцөлдөж, ярьж болно шүү дээ. Магадгүй Хууль зүйн сайд биднийг хүлээж авахгүй байгаа нь наана нь байдаг дунд тушаалын албан хаагчид нь өргөдөл хүсэлтийг минь дардагаас ч болсон байхыг үгүйсгэхгүй. Тэд ийм байдлаар хөөцөлд гэх талаар ямар ч зөвлөгөө өгдөггүй, хурдхан салахын түүс болдог нь ажиглагддаг. Охин минь өөрийн болгоомжгүй байдлаас болж алдсан нь үнэн. Гэнэн цагаан, итгэмтгий зангаасаа болж алдсан гэж бодож байгаа. Харин ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар бидний энэ байдлыг маш сайн ойлгодог, ярьж хэлж, туслах талаар хөөцөлддөг юм. Жирийн иргэд бид бусдын золиос болсон охиныхоо төлөө гурван жил хөөцөлдөж байхад аль нэг сайд нь хүсэлтийг маань хүлээн аваад уулзаж учир байдлыг минь сонсож, хөөцөлдөх талаар арга хэмжээ авч болно шүү дээ. Гэтэл тэгдэггүй юм байна.
-Хар тамхины хэргээр ял шийтгүүлээд эх орондоо ирсэн эгч дүү хоёр байдаг шүү дээ. Тэдний ар гэрийнхэн хэрхэн хөөцөлдсөн талаар судалсан уу?
-Тэдний ээжтэй уулзаж, хүүхдүүдээ яаж эх оронд нь авчрав гэж зөвлөгөө авахаар очсон. Өдөр шөнөгүй л ХЗЯ-ны үүдэнд сууж байж үр дүнд хүрсэн гэсэн. Хөөцөлдөхгүй бол дунд шатны албан хаагчид нь үл ойшоогоод байдаг гэж байна лээ. Бид охиндоо туслахын тулд олон газраар хөөцөлдөж байна. Хятадад очоод эрх зүйн туслалцаа үзүүлдэг монгол өмгөөлөгч байна уу гэж Өмгөөлөгчдийн холбоогоор хүртэл явсан. Тийм хүн байдаггүй юм билээ. Тэгтэл энд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хуулийн фирм үйл ажиллагаа явуулдаг талаар сонсоод оффис дээр нь очиж уулзсан. “Охиныг чинь судалж үзэхэд авчрах бүрэн боломжтой юм байна. Би Бээжин яваад гурав хоноод ирнэ. Өмгөөллийн хөлсөнд 600 мянган юань хэрэгтэй” гэсэн. Ийм их мөнгө хөдөөгийн бидэнд яаж байх вэ дээ. Гэхдээ мөнгө олох гэж хөөцөлдөж үзсэн. Дорнодод байдаг байраа барьцаалаад ч болтугай зээл авъя гэж үзсэн л дээ. Ийм хүмүүс байна яах вэ гээд хуулийн байгууллагынхантай уулзахад “Манай улсын холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан нэг ч хүн байхгүй. Тийм хүмүүст мөнгөө алдав. Тэгснээс Хууль зүйн яамандаа хандсан нь дээр” гэж сануулсан. Гэтэл сайд нь огт хүлээж авахгүй байна шүү дээ.
-БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныханд хандвал тэд туслахгүй юү?
-БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-нд очиж эрх бүхий албан тушаалтнуудтайгаа уулзуулж өгөөч гэж виз хариуцдаг монгол хэлтэй нэг эмэгтэйд хандсан юм. Тэгтэл тасгийнх нь дарга надтай уулзсан. Тэр хүн “Би таны гаргаж байгаа өргөдөл бичиг баримтыг хянаж үзэж баталгаажуулж тамга дардаг хүн. Таны асуудлыг ойлголоо. Манай улсын иргэн Монголд хэрэгт холбогдвол манай ЭСЯ-ны зүгээс танай холбогдох хуулийн байгууллагаар очиж хөөцөлдөнө. Та бол хувь хүн. Манай холбогдох байгууллагууд хувь хүний хөөцөлдөж буй асуудлыг хүлээж авахгүй л болов уу. Та төрийнхөө яамдаар хөөцөлдүүлбэл танай охин ирэх боломжтой” гэсэн. Тийм учраас л би төр засгийн удирдлагад уйгагүй хүсэлт бичдэг юм.
-Одоо охиныг чинь цаазын ялаас чөлөөлүүлэх ямар гарц байгаа бол?
-Монгол Улс, БНХАУ хоёр адилхан хөрш зэргэлдээ оршиж байгаа. Сая БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлахдаа Монгол Улсыг өндөр хэмжээнд тавилаа. Ингэж сайхан үнэлж байхад зэрэгцсэн эрхтэй орны хувьд иргэнээ өмгөөлж хамгаалах талаар төр засгийн зүгээс хөөцөлдвөл зүгээр санагддаг юм. ХЗЯ, ГХЯ-ныхан маань иргэнээ өмгөөлөх, хамгаалах механизмтай, шүүх хуралд нь оролцоод үг хэлэх эрхтэй баймаар байна. Монголчууд өнөөдөр дэлхийгээр тархаад байна. Очоод эрх нь зөрчигдөх, хэрэгт төвөгт холбогдох асуудал бишгүй л гарч байна шүү дээ. Ийм байхад ЭСЯ-ныхаа дэргэд монголчуудаа өмгөөлж хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх төлөөлөгчтэй болбол зүгээр санагдаад байгаа юм. Өнөөгийн энэ тогтолцоогоор бол ял автал нь чимээг үй байдаг. Гэтэл бусад улс орныхон яаж байгааг гэрчлэх баримтууд хэвлэлээр бишгүй л гарч байна. Манай хууль хяналтын байгууллагынхан гадаадын нэг хүнийг хэрэгт холбогдуулан шалгах гэхээр яадаг билээ. Бөөн л өмгөөлж хамгаалсан улсууд гарч ирдэг шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад АНУ-ын иргэн татварын хэрэгт холбогдоход ЭСЯ, Конгрессийн гишүүн нь хүртэл манай цагдаагийн байгууллагад захидал бичиж иргэнээ суллахыг шаардаж байсан гэдэг. Үүнтэй л адил Монголын маань холбогдох яам нь иргэнээ хамгаалах талаар арга хэмжээ авдаг механизм бүрдүүлээсэй гэж хүсэж байна. Анхнаасаа зөв л хөөцөлдвөл охиныг минь ялаас чөлөөлөгдөж эх орондоо ирэх боломжтой гэдгийг хууль хяналтын байгууллагынхан хэлдэг.
-Манай залуус хар тамхи, мансууруулах бодист донтох болж. Нэг хэсэг нь танай охин шиг гэнэдэж байхад нөгөө нь олж авч хэрэглэж, зохион байгуулалттайгаар тээвэрлэж байна. Залууст хандаж юу хэлэх вэ?
-Охин минь Монголын ард түмэнд сургамж болохоор хэцүү хэрэгт холбогдсон. Үүнээс монголчууд маань сургамж авч, цаашид гадаадад зорчихдоо болгоомжтой байгаасай. Дайвар ачаа битгий авч байгаарай гэж захимаар байна. Залуус минь хар тамхи, мансууруулах бодистой холбогдвол насныхаа амьдралаар хохирдог юм байна шүү. Үүнээс хол яваарай гэж хэлье.
Г.ЦОЛМОН