Одоогоос 30 гаруй жилийн тэртээд авсан энэхүү гэрэл зургаа харахад битүү цастай уулын оройд даарч чичирч өнгөрүүлсэн хаврын эхэн сарын цасан шуурга улин исгэрсэн тэр нэгэн шөнө сэтгэлд буудаг юм. Нэгэн андынхаа хамт өвдөг тулсан цасан дундуур цангаж, ядрахын туйлд хүрч, унан тусан алхаж, мөлхөж явсан тэр нэгэн үе дэндүү тод санагдана.
1982 оны хавар Паз-автобусанд 11-12 орчим насны арван хэдэн хүүхэд суулгаад, би өөрөө УАЗ-469 машин хөлөглөн “Үүр цайхын өмнө” киноны ажлаар Архангай аймгийн Батцэнгэл сумыг зорин хөдөлж билээ. Хүүхдүүд автобусан дотроо шуугилдаад, зурганд оролцох хоёр жүжигчин, жолооч бид дөрөв ойр зуурхныг ярилцан явсаар үдэш болж байхад Өгийнуур сумын төвд ирлээ. Цайны газарт хооллочихоод хөдлөх гэж байтал 15 орчим насны хүү дагуулсан нэгэн бүсгүй ирээд “Та бүхэн хаа хүрэх вэ” гэлээ. “Батцэнгэл сум орно” гэж хариултал, “Дүү бид хоёрыг дайгаад явахгүй юу. Бие нь тааруу байгаа хүн рүү яарч яваа юм” гэж учирлалаа. Аав гэл үү, ээж нь гэл үү тун муу байгааг дуулаад яаж татгалзах билээ, дүүг нь автобусанд, өөрийг нь УАЗ-469-дөө суулгаад хөдөллөө. Өгийн нуур гараад нэлээд явж байтад урд явж байсан автобусны гэрэл алга болчихов Хэсэг яваад зогсож хүлээлээ. Ойр хавьд л харагдах гэрэл гэгээ алга.
Биднийг Өгийнуур сумаас хөдлөхөд Батцэнгэл сум орно гэсэн нэг хүн автобусанд суусан болохоор “Нутгийн хүн төөрнө гэж л лав байхгүй. Араас гүйцээд ирнэ биз” гэж ярилцаад цааш хөдөллөө. Нэлээд их явлаа. Явах тусам зам уул өөд өгсөөд нэг л биш. Явсаар байгаад бүр өндөр даваан дээр гараад ирлээ. Бид буруу замаар л оров бололтой. За яахав, унаа маань хүчтэй жолооч нь залуу юм чинь юундаа ч санаа зовох билээ дээ. Энэ зам нэг л газар хүргэх нь гарцаагүй гэж ярьж явтал машин хүч алдаад зогслоо. Бензин дуусчээ. “Нөөцөлсөн шатахуунаа гаргаад ир” гэтэл арын суудал дороос гурван хоосон сав гарах нь тэр. Туслах банкинд нь ч бензин алга. Даанч дээ. Хөдөөний ажлын баазын жолооч шүү дээ гэж харамсан бодовч одоо хэндээ ч хэлэх билээ дээ.
Ингээд бид машинаа салхины уруу харуулж зогсоогоод усыг нь асгалаа. Машиныхаа гэрэлд хажуугийн модноос хуурай гишүү хангалттай түүж хугалж овоолцгоолоо. “Жолооч оо ! Усныхаа хувинг аваад ир. Цас хайлуулж ус буцалгаж ууцгаана аа” гэлээ. Хувин байдаггүй ээ. Машин хучдаг берзинт бий юү гэтэл алгын чинээхэн тасархай байх юм. Ийм байдалд орсон хүм үүс уурлаад ч яах билээ. Гал түлээд тойроод сууцгаалаа. Урд талаас халуу төөнөж, ар талаас жиндээд дулаацах янз ер алга. Машиндаа орцгоолоо. Хоёр эмэгтэйгээ жолоочийн хөнжлөөр хучаад арын суудал дээр хэвтүүллээ. Хавар, намрын пальтотой, хагас түрийтэй гуталтайг хэлэх үү. Шөнө дундаас эхлээд цасаар шуурч эхэлснийг хэлэх үү. Даарч байна гэдэг чигтэйхэн. Дулаан хувцас, пүүгээгээ автобусанд аччихсан минь харамсалтай. “Дипломат” цүнхэнд минь хүний өөрийн нийлсэн хэдэн шил архи, атга хэрийн чихэр, хаа ч явсан өөрөөсөө салгадаггүй хоёр фото аппаратнаас өөр юм байдаггүй.
Осгох, хөлдөхдөө тулбал нөгөө хэдийнхээ гар хурууг архиар арчина. Тавин граммаас илүүгүйгээр ганц, ганц хундага архи өгнө дөө гэж бодож суулаа. Тэд маань юу ч болоогүй юм шиг унтаад л байх юм. Өөр яах ч билээ дээ. Харин бие нь муу байгаа хүнтэйгээ амжиж уулзахын хүслэн болж явсан тэр бүсгүй яасан их шаналж байсан бол доо.
1968 онд “Агуйн нууц” киноны зургийг Батцэнгэл сумын төвд авч байх үед би Өгийнуураас Батцэнгэл орох замаар олон л удаа явж байсан даа. Жолоочийн хажууд сууж яваа хүн замаа ажиглаж тогтооно гэж байдаггүй юм болов уу даа.
Тэсэж ядан хүлээсэн үүр цайлаа. Шуурга тогтжээ. Хүмүүсээ сэрээлээ. Хэдэн чихрээ хувааж аваад циркийн залуугаа дагуулаад нэг нэг гишүүний хугархай тулаад хойд зүгийг чиглэн айлын бараа олж харахаар алхаж гарлаа даа. Нэг уул давлаа. Нүдэнд торох юмгүй цэлийсэн цастай хөндий. Нэлээд их явлаа. Тэртээх зүүн хойд уулын ар дээр нэг бараан юм байна. Мал бололтой юм. Явсаар байгаад очтол ганц бух байх нь тэр. Хамаг л тэнхээ тамир тасарч байлаа. Ам цангана. Цас идэхээр дотроос хайрах нь гачлантай. Хаврын богинохон өдрийн нар аль хэдийнэ баруунаа тонгойчихож. Явлаа. Нэлээд их явлаа. Циркчин маань сөхрөөд суучихлаа. Тамирдаж байгаа нь тэр. “Босно оо хө, үхэхдээ хүрвэл уулын орой дээр гарч үхнэ шүү” гэлээ. Мань хүн бослоо, явлаа. Нэлээд их өгслөө. Гэтэл миний тэнхээ тасраад суун тусдаг байна шүү. Циркчин маань “Чи юу гэж хэллээ. Энэ уулын орой дээр нь гарна аа” гэж байна. Гишүүгээ тулаад бослоо. Цааш явлаа. Амьсгаагаа дараад хэсэг зогслоо. Суучихвал босож чадахгүй шинжтэй. Буцаад машин дээрээ очъё гэхэд даанч хол явчихаж. Тэгтэл тэртээх хойд уулын энгэр дээр хэсэгхэн бараан газрын дунд томоо гэгчийн хоёр бөөрөнхий цагаан юм байна. Очихоор шийдлээ. Дөхөж яваад хартал нөгөөх бөөрөнхий юм маань дөрвөлжин болчихсон байх юм. “Энэ чинь ямар нэгэн бригадын төв байж аз түших юм биш байгаа даа” гэж ярилцаад цааш алхлаа. Алхах ч гэж дээ. Бараг л мөлхөх нь холгүй явлаа даа. Нар шингэлээ. Гэгээ тасрахаас л өмнө очих юм шүү гээд яваад байлаа. Гэтэл нохой хуцах сонсогдлоо. Хоёулаа чих тавин тавин анирлалаа. Нохойн дуу мөн байна аа. Бөөн баяр. Хэлж баршгүй их баяр хөөр. Эзг үй хээр осгож үхэх аюул тулгараад байгаа ийм үед нохойн дуу сонсох шиг баяр баясгалан даанч байдаггүй юм билээ дээ.
Очлоо. Хоёр гэр байна. Айлын бараа хараад ч тэр үү, тулж явсан хугархай гишүүгээ даах тэнхэлгүй байсан шүү. Гэрт орлоо. Бараг л мөлхөж орсон доо. Нэг жаахан бүсгүй байна. Гаднаас нэг эмээ орж ирлээ. Мэнд усаа мэдээд цай байна уу гэлээ. Бид хоёрт нэг нэг аяга халуун цай өглөө. Аяга цайндаа цохиулаад нам унтчихжээ. Биднийг сэрээлээ. Гэрт залуухан хархүү бас нэгэн бүсгүй байна. Шар тостой ааг нь анхилсан цай аягалаад “За одоо цай ууцгаа. Хоол ид” гэж байна. Бууз жигнээд гаргаж байна. Ширээн дээр нь сар шинийн идээ засаастай байсан санагдана. Цай ууж хоол идлээ. Шар тос хийж халаасан шимийн архи аягаллаа. Монгол хүний сайхан сэтгэл ээ гэж ...
Тамир тэнхээ ороод учир явдлаа ярилаа. Шөнө орой болсон ч урд даваан дээр машин дотор хоёр бүсгүй бас жолооч маань байгааг дуулаад нөгөө эмээ хүүгээ бушуухан яв гэж шавдуулсан. Халуун саванд цай хийгээд айлын хархүүгийн хамт манай циркчин явах болов. Удаж, удаж шөнө дундын хэрд нөгөө гурвыг маань дүүрэхийг нь дүүрч сундлахыг нь сундлан аваад ирлээ. Бид тав үхлийн аюулаас ийнхүү аврагдлаа.
Ачтай буянтай тэр айл бол Архангай аймгийн Хайрхан сумын (Өлзийтийнх ч юм уу) Жарантайн бригадын адуучин Тэрбишийнх байлаа. Бид хоёр сумын зааг, өвлийн цагт бол машин тэрэг бүү хэл, морьтой хүн ч яваад байдаггүй Уйлантын даваа гэгч дээр саатсан байж.
Өглөө нь цайлж, хооллочихоод хэвийн боов, чанасан мах, халуун савтай цай бэлдүүлж аваад машин дээрээ очицгоов. Батцэнгэлийн төв дээр зураг авалтанд хэрэглэх АН-2 онгоц, манай группийн хэд хэдэн машин байсан болохоор бидний араас аль нэг нь ирэх байх, бас замын машин ч тааралдаж магад гэж бодоод үдшийн бүрий болтол машиндаа сууж хүлээдэг байлаа. Шөнө нь Тэрбишийндээ очицгооно. Машиныхаа салхины шилний дотор талд Тэрбишийнд ямар замаар яаж очихыг заасан тусламж хүссэн бичиг наахаа ч мартаагүй. Гэвч бидний араас хэн ч ирсэнг үй. Гурав дахь хоногийнхоо өглөө циркчин бид хоёр замын хүнс ганзагалаад Тэрбишээр Батцэнгэл сум орох замаа сайн гэгч нь заалгаж аваад нэг нэг морь унаад гарлаа даа. Ой дундуур явж байтал энд тэндгүй л хөрөөдөөд хураачихсан мод байх юм. Хөрөөний үртсийг нь харахад бэлтгээд нэг их удаагүй бололтой юм. Хураасан мод болгоны бөгсөн дээр нүүрсээр БЦ-гээд биччихсэн байв. “Энд Батцэнгэл сумынхан ирж мод бэлтгэсэн юм бол уу” гэж ярилцаад явж байтал ой дунд нэг хүн явж байлаа. Дөхөөд очсон чинь Улсын багшийн дээд сургуульд хамт сурч байсан найз Базарсад маань байдаг байна шүү. Бас л сонин учрал. Мань хүн Батцэнгэлийн сургуульд багшилж байгаа гэнэ.
Тэдний сургуулийнхан энд мод бэлтгээд одоо буцах гэж байгаа аж. Тэндээс машиндаа шатахуун, ус аваад замын цас хуйлруулсаар Тэрбишийндээ очсон юмдаг. Төөрч будлин явж, азаар ачтантай таарч амьд мэнд гарсан биднийг очиход манай кино группийнхэн эмэгтэйч үүдийн баяр тэмдэглээд наргиж байдаг байгаа. Өгийнуураас машинд минь сууж бидэнтэй хамт төөрч, будилж явсан нэрийг нь үл мэдэх тэр бүсгүй автобусаар түрүүлж ирсэн дүүтэйгээ яаж уулзаа бол. Яаран яаран зорьж явсан тэр хүнтэйгээ амьд сэрүүнд нь уулзаж чадаа болов уу яагаа бол. Тэр бүсгүй бидэнтэй хамт өдөржин машинд суучихаад үдэш нь айл руу явж байхдаа нулимсаа нуусхийн арчиж явсан нь сэтгэлд минь одоо ч тодхон байна. Нэрийг нь үл мэдэх тэр бүсгүй, адуучин Тэрбиш тэдний ахан дүүс нь, надтай хамт төөрч явсан нөхөд минь энэ дурсамжийг олж уншвал 91162170 дугаарын утсаар надтай холбоо барихыг хичээнгүйлэн хүсье. Хэрвээ би циркчингээ дагуулан зориглон яваагүйсэн бол юу гээч нь болох байсан бол оо. Тэрбишийнх тааралдааг үй бол бид хоёр эзгүй хээр хөлдөж цасанд даруулаад үлдсэн гурав маань машин дотроо осгочихсон байхыг үгүйсгэхг үй. Ёстой хэн мэдлээ. Аз, амьд явах тавилан гэж байх юм даа.
Үхэл амьдралын зааг дээр алхаж, мөлхөж явсан тэр хүнд үеэ дурсан бичсэн найруулагч Цагаанбандийн АЮУШ.