Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр дэх Бүрэнхааны фосфоритийн стратегийн ордод хууль бусаар олгосон байсан “Талстмаргад” компанийн нэр дээрх найман тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны зургадугаар сарын 24-нд хүчингүй болгох шийдвэрийг Улсын Дээд шүүх гаргасан. Гэвч тус компани “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” гэсэн үндэслэлтэйгээр дахин хянуулах хүсэлт гаргасныг Дээд шүүх өнгөрсөн зургадугаар сард хянан хэлэлцээд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байдгийг уншигчдадаа эргэн сануулая.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн иргэд болон “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаа нар тус хууль бус ажиллагааны эсрэг байгаль орчноо хамгаалахын төлөө анхнаас нь тэмцэж ирсэн ч түүнийг хятадуудаас мөнгө авч, тусгай зөвшөөрлийг авч өгөх гэж байгаа талаар олон удаа хэвлэл мэдээллээр гүтгэсний хариуд тэрбээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцаж, зарим асуултад хариулт авлаа.
-“Талст маргад” компанийн “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” гэсэн үндэслэлийн талаар дэлгэрүүлэн тайлбарлахгүй юү. Энэ ямар учиртай юм бэ?
-“Талст маргад” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 2008 онд Байгаль орчны яамны шинжээч Т.Булганаар хийлгэсэн бөгөөд тухайн өдөр тус яамны шинжээч Ч.Ганбат байгаль орчинд нөлөөлөн байдлын үнэлгээний дүгнэлтийг тогтоол гарган баталсан байдаг. Энэ баримтыг тус компани Дээд шүүхэд ирүүлсэн. Нэг ёсондоо тэд өмнө нь үнэлгээ хийлгэсэн байснаа мэдээгүй байж байгаад Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа хөөцөлдөөд, лавлагаа авснаар мэдэж, тэрийг нь Дээд шүүх өнгөрсөн зургадугаар сард хянан хэлэлцээд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм. Тиймээс манай тал анхан шатны шүүх хурал дээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гэрч дуудаж, тайлбар авахуулсан. 2011 онд архиваа шүүхэд үнэлгээний эх материал, ноорог ч байгаагүй. “Талст маргад” компани 2014 онд гадаадаас бичиг авчирснаа архивт бүртгүүлсэн гэдгийг гэрчилж өгсөн. Түүнээс гадна шинжээч Ч.Ганбатын баталсан ерөнхий үнэлгээний дүгнэлт нь үнэлгээ хийх шаардлагатай гэсэн бичиг баримт болохоос бус, хийчихсэн үнэлгээ биш гэдгийг гэрч маш тодорхой тайлбарлаж өгсөн. Тэгэхээр яаманд үнэлгээ хийлгэсэн гэсэн нь худлаа болсон тул бид дахиад Дээд шүүхэд хүсэлт гаргасан. Дээд шүүх энэ асуудлыг авч хэлэлцэх гэсэн боловч манай өмгөөлөгч орон нутагт ажилтай байсан тул өнгөрсөн даваа гаригийн шүүх хурал хойшлогдож, энэ сарын 20-нд болсон.
-Тусгай зөвшөөрлүүд буцаад “Талст маргад”-ынх болчихоогүй биз дээ. Зориулалт нь хэвээрээ байгаа болов уу?
-Хэвээрээ байгаа. Хоёр нь ашиглалтынх. Зургаа нь хайгуулынх.
-Энэ нэлээн ярвигтай асуудал. Тэгээд зогсохгүй УИХ-ын гишүүн байсан хүнтэй холбоотой учраас сайн өмгөөлөгч хэрэгтэй байх. Таны өмгөөлөгчөөр ямар хүн ажиллаж байгаа вэ?
-Бид анхнаасаа “Хүний эрх хөгжил төв”-өөс хуулийн туслалцаа авах гэрээ байгуулсан. Өмнө нь ажиллаж байсан хоёр өмгөөлөгч эмэгтэй Австрали руу ээлж дараалаад сургуульд явсан. Одоогоор тус төвтэй гэрээтэй Ш.Жаргалсайхан гэдэг өмгөөлөгчтэй хамтран ажиллаж байна. Эрх мэдэлтэй хүмүүсийн хууль бус үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн, өмгөөллийн туслалцаа авах боломжгүй иргэдийн төлөө олон хэрэг дээр ажилласан туршлагатай хүн.
-Долоон хятад гээд л яриад байгаа. Үнэхээр та долоон хятададтай холбогдсон юм уу?
-Тэгж яриад л байдаг юм. Тэр бол домог. Долоон хятад, нэг монгол тэнд байсны монголынх нь лицензийг төрийн бус байгууллагынхан аваад, хятадуудад хувааж өгөх гээд байгаа гээд л яриад байдаг. Тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар биднийг нэхэмжлэл гаргаж эхлэхэд л Батж.Батбаяр гуайн зохиосон домог шүү дээ. Энэ домгоо ярьж, намайг удаа дараа гүтгэсээр байгаад өөрөө итгэчих шиг боллоо. Тэрнээс биш, ямар ч баталгаа, нотолгоо байхгүй.
-Таныг анх нэхэмжлэл гаргахад хоёр хятад компани байсан гэсэн. Тэр компаниуд одоо байдаг юм уу?
-Хятадын хоёр компани, “Талст маргад”-тай гурвуулангийнх нь тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар нэхэмжилж байсан. Гэвч тэр компаниудын хариуцсан эзэд нь олдохгүй байна гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсаар байгаад бидний нэхэмжлэлийг хүчингүй болгочихсон. Тиймээс л “Талст маргад”-ын талаар нэхэмжлэл гаргаад байгаа юм. Түүнээс биш, би баахан тусгай зөвшөөрөл шантаажилж аваад хятадуудад өгөх гээд байгаа юм биш. Харамсалтай нь ийм л гүтгэлэг явуулаад байгаа юм даа. Харин ч Батж.Батбаяр гуайн ярилцлагыг уншихад хятадууд олон удаа ирж түүнийг гуйгаад, тусгай зөвшөөрлөө зараач гээд байгааг ойлгосон. Тэгэхээр үүнийг Үндэсний аюулгүй байдлыг зөвлөл шалгах байх аа. Б.Батбаяр гуай ч шүүх дээр очоод тэр хятадуудынхаа тухай ярьж өгөх байх. Үнэхээр стратегийн ордыг хууль бусаар олж авчихаад хятадуудад зарах гэж ололдоод, лиценз нь цуцлагдангуут төрийн бус байгууллагынхан руу чихэж байгаа бол ҮАБЗ, АТГ, шүүх, цагдаа нар нь шалгаж тогтоох л ёстой.
-Тэр хоёр хятад компанийн тусгай зөвшөөрлүүд нь яасан бэ?
-Тэд хайгуул хийгээгүй, хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй учраас тухайн үед Ашигт малтмалын газар бүгдийг нь цуцалсан.
-Одоо та бүхэн ямар үндэслэлээр шүүхэд хандаж байгаа вэ?
-Бид нэхэмжлэлийг цуцалсан шийдвэрээ хэвээр үлдээгээч гэсэн хүсэлт л тавьж байгаа.
-Ер нь шүүхийн шийдвэр та бүхний талд гарна гэдэгт итгэлтэй байна уу?
-Би шүүгчдийг шударга шийдвэр гаргах байх гэж бодож байна. Хэргийг үнэн зөв шийдэхэд шаардлагатай бүх нотлох баримтыг бид гаргаад өгчихсөн. “Талст маргад” байгаль орчны нөлөөлөлх байдлын үнэлгээ хийлгээгүй. Хийлгээгүй гэдгээ ч Батбаяр гуай ярилцлагаараа нотолсон байсан. Гадаадын компаниар 450 сая төгрөгөөр, 10 жилийн хугацаатай, нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх гэрээ байгуулж байгаагаа яриад, гэрээгээ шүүхэд өгсөн байна лээ. 10 жилийн хугацаатай нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ гэсэн нь бас сонирхол татаад байгаа юм. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, эрдэс баялгийн зөвлөлд бүртгэгдсэн стратегийн орд газарт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл өгөхгүй гэдгийг хуульчилчихсан байхад байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй тусгай зөвшөөрөл авч, хайгуулын зардлын доод хэмжээгээ баталгаажуулаагүй гээд хууль зөрчсөн үндэслэлүүлийг дурдаж болно. Энэ талаар Ашигт малтмалын газар бидэнд нотлох баримт өгсөн байдаг. Хэрэгт нь хамаатай энэ мэт нотлох баримтууд гараад ирэнгүүт тэрнээс зайлсхийгээд, намайг хятадуутдай явж байна зэргээр ямар ч баталгаа нотолгоогүй юм яриад, өөр тийш анхаарал хандуулаад байгаа юм. Шүүгчид баримтад тулгуурлаж шийдвэр гаргах учраас энэ бүхнийг харж, шударгаар шүүнэ гэж найдаж байгаа.
-Хэрэв "Талст маргад" компанийн талд шийдвэр гарвал яах вэ?
-Бидэнд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа “Хүний эрх хөгжил төв” олон улсад хандах гарцыг хайж байгаа. Үнэхээр манай хуулийн механизмууд хамгаалж чадахгүй тохиолдолд олон улсын байгууллагад хандах боломж байдаг. Монгол Улс бол НҮБ-ын хүний эрхийн чиглэлийн олон баримтуудад нэгдсэн. Тиймээс бид НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандаж, нийтийн эрх ашгийг хамгаална.
-ОХУ манай улстай визгүй зорчих эрхтэй болж, харилцаагаа нэлээд нягтруулж байна. Тус улс Байгаль нуураа маш сайн хамгаалдаг. Хэрэв Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглаад эхэлбэл ОХУ хэрхэн хандах бол. Та юу гэж бодож байна вэ?
-Стратегийн энэхүү ордыг Орос, Монголын хамтарсан экспедиц хайгуул хийж, нөөцийг нь тогтоогоод, Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлсэн байдаг. Фосфоритын ордыг ашиглах гэхэд Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд” нийтлэл гарч, нийгмээрээ эсэргүүцэн хамгаалах хөдөлгөөн бий болж байх тэр үед мөн Орос, Монголын хамтарсан эрдэмтэд судалгаа хийсэн байдаг юм билээ. Судалгаагаар маш их хэмжээний тоосжилт бий болж, хүн малын эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон байдаг. Туршилтын тэсэлгээ хийхэд чичиргээ нь 40-өөд км-ийн цаана байх Мөрөн суманд мэдрэгдсэнээс эхлээд жижиг олборлолт хийхэд хүн, малд үзүүлж байсан нөлөөллийн том судалгаа гарч, экосистемд сөрөг нөлөөтэй төсөл гэдгийг баталаад зогсохгүй Дэлгэрмөрөн, Хөвсгөл нуураар дамжаад Байгаль нуурт ч нөлөө үзүүлж болзошгүй гэж үзээд олборлолтыг зогсоосон байдаг. Хэрэв ашиглавал ОХУ-ын эрх ашиг ч хөндөгдөж таарна. Тэр ч бүүхэл, Байгаль, Хөсвгөл, Японы Бива гээд эгч дүүс гурван нуурыг хамгаалах зохион байгуулалтын бүтцийг бий болгож, яаж хамтдаа хамгаалах талаар олон улсын бага хурлыг ээлжлэн зохион байгуулдаг байсан юм билээ. Энэ талаар олон улсын нэр хүндтэй сэтгүүлчид, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид орсон хүчтэй баг хамтран ажиллаж байсан гэдэг. Тиймээс бид ч бас энэ асуудлыг судалж, ер нь ийм уламжлалт гурван улсын хамтын ажиллаг сэргээх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.
-Өнөөдөр ихэнх хэвлэлийнхэн ирсэнгүй. Үүний дараа таны талаар дахиад янз бүрий яриа гарах болов уу?
-Одоо миний талаар ярьж чадахгүй байх. Ярих гэж байгаа бол шүүх дээр очоод ярих байх. Миний талаар гүтгэсэн бүх хүмүүсийг би шүүхэд өгсөн. Намайг гүтгэсэн гүтгэлгээ баримтаар нотлох хэрэгтэй. Үгүй бол миний нэр төрийг сэргээж өгөх ёстой. Батж.Батбаяр гуай өнгөрсөн 10 жилд “Талст маргад” компанидаа 70 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн. Миний нэр төрийг гутааж, гүтгэснийх нь төлөө би тэр мөнгөнийх нь нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа. Тэр мөнгийг Хөвсгөл далайг хамгаалж, ёроолд нь унасан машиныг гаргаж авахад зарцуулна.
Байгаль орчноо хамгаална гэдэг зөвхөн иргэний нийгэм, сэтгүүлчдийн асуудалд биш. Фосфоруудын орд бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй холбоотой асуудал. Батж. Батбаяр гуай ч ҮАБЗ-ийг энэ асуудал дээр анхаараач гэж ярьсан байна лээ. Үнэхээр ч харах ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын ҮАБ-ын үзэл баримтлал дотор “Хөвсгөл нуурын сав газрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулаад тусгай хамгаалалтад авна” гэсэн заалт байгаа шүү. Тэгэхээр ҮАБ-ын үзэл баримтлалтай харш зүйл болох гээд байгаа тул Монголын цэнгэг усны нөөцийг хамгаалах үндэсний хэмжээний энэ том асуудлыг анхаарч, хэнийх нь зөв буруу болохыг шалгадаг байгууллагууд нь тогтоож өгөөсэй л гэж хүсэж байна.
Р.Цэцэг