Өнгөрсөн жилийн өвөл Дэлхийн банк, “Цэвэр агаар” сан нийслэлийн 29.700 айлд бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулжээ. Монголчууд нэг үеэ бодвол сайжруулсан зуух хэрэглэж сурч байна, ашиг тус, давуу талыг нь хөдөө хотгүй мэддэг болж байна, браво. Туркээс, Хятадаас өндөр үнэтэй зуух үргэлж авдгаа больё, өөрсдөө сайжруулсан зуух хийж суръя хэмээн үндэсний үйлдвэрлэгчид маань ч зүтгэж байна. Засгийн газар ч дэмжиж байна, сайн хэрэг. Зуухаа ядаж өөрсдөө хийж сурлаа хэмээн олзуурхав. Гэлээ ч утаа өтгөрсөөр, улам тэлсээр. Яалт ч үгүй нэг юм дутаад байгаа нь сайжруулсан түлш. Улаанбаатар хотын гэр хорооллынхонд ганцхан өвөлд 600.000 орчим тонн сайжруулсан түлш хэрэгтэй байтал дөнгөж 30.000 тонныг үйлдвэрлэх чадах нь уу, үгүй юү гэж суугаа бид эко бензин, эсвэл АИ-95-аар явдаг ганган машин авчихаад А-76 хийн паржигнуулаад байгаа хүнтэй адил байна.
Сав нь байвч саалиа бэлдээгүй улаанбаатарчууд энэ өвөл дахиад л сайжруулсан зуухандаа тортогт нүүрс түлж, муужруулах нь тодорхой болов. Сайжруулсан зууханд сайжруулсан түлш л түлж байж утааны “чанар” сайжирна. Гэтэл манай засгийн сайжруулсан түлшний бодлого нэг л биш. Дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн, коксжсон түлшний үйлдвэр байгуулж эхэлсэн ч зуух нь технологийн алдаатай гэгдэн 17 тэрбум төгрөг салхинд хийсчихлээ. Коксжсон түлш ч үгүй, коксжуулах үйлдвэр ч үгүй болчихлоо. Нүүрс коксжуулах зуухыг нь орхиод шахмал түлшний хэсэг, барьцалдуулагч бодисын үйлдвэр, агуулахыг нь хэсэгчлэн ашиглалтад хүлээн авч, дуудлага худалдаанд оруулах гэж байгаа ч коксжуулсан түлш үйлдвэрлэж үзээгүй, үзэх гээд чадахгүй байгаа (магадгүй үйлдвэрлэхийг хүсэхгүй байгаа, мөнгийг нь өөр бизнест ашиглах сонирхолтой) туршигчид түүнийг сонирхохгүй болов уу.
Уг үйлдвэрийг хувийн хэвшлийнхэнд өгч, коксжуулсан түлшний үйлдвэрлэлийг урагшлуулах үүрэг хүлээсэн Уул уурхайн яамныхан энэ зуур сандал ширээгээ зөөх гээд юун түлш мүлш манатай явна. Бусад жижиг үйлдвэрүүдийн ажил ч урагш муутай. Үе үеийн Засгийн газар жил бүрийн наадмын дараа хэд хэдэн үйлдвэртэй үртсэн шахмал, коксжуулсан, брикетэн гэхчилэн элдэв нэр тодотголтой түлш нийлүүлэх гэрээ байгуулдаг ч жавар гэрт хургаж, утаа хоолой хорсгож эхлэхийн цагт өнөөх нь байдаггүй. Нарнаас цацраг таслаад ир гэсэн биш, бусдын боловсруулж чадсан түлшийг бид яагаад дууриалгаж дөнгөдөггүй юм бол. Үйлдвэрлэгчид сайжруулсан түлш үйлдвэрлэе гэж бодолгүй, мөнгийг нь авч өөр бизнесээ санхүүжүүлье, болж өгвөл буцааж өгөхгүй, бүүр болохгүй бол хүүгүй мөнгө зээлсэн гээд бодчихъё гэсэн сэтгэлээр хандаж байгаа учраас байдал ийм байгаа юм.
Сайжруулсан түлшний бодлого муужруу байгаа учраас л үйлдвэрлэгчид ингэж хандаж буй хэрэг. Өнөө жил ч Улаанбаатарын гэр хорооллынхон сайжруулсан зуухандаа түүхий нүүрс түлж өвөлжих нь тодорхой байна. Сайжруулсан зуух үйлдвэрлэж сурсан юм, түлшээ ч өөрсдөө үйлдвэрлэдэг болно гэж хүлээе. Хүлээхээс ч өөр гарц алга. Тэр хооронд хоолой хорсгох утааны чанар хэрхэн сайжрах нь л айдас төрүүлж байна.
Х.БОЛОРМАА