Их сургуулиудын тэнхимд алга, үйлчилгээний газруудад алга, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад бараг алга, “Нарантуул” захад цөөн харагдана... Тэд чухам хаачив? Монгол эрчүүдээ хайх эрэлд хамт гарцгаая. Манай улс 2.9 сая хүн амтай. Тэдний 1.4 сая нь эрчүүд. Үүнээс харахад хүйсийн харьцаа тийм ч хол зөрөөгүй аж. Гэтэл арван жилийн сургуульд биеийн тамир, хөд өлмөрийн хичээлийнхээс бусад нь эмэгтэй багш байдаг гэхэд хилсдэхгүй. ЭМШУИС, эрүүл мэндийн байгууллагад бол эрэгтэй хүн “өдрийн од”. Үүнийг статистикийн үзүүлэлт батална. Эрүүл мэндийн байгууллагад 45 мянган хүн ажиллаж байгаагийн 36 мянга нь эмэгтэй байх жишээтэй.
Өнгөрсөн онд 174 мянган оюутан их, дээд сургууль төгсс өний 100 гаруй мянга нь эмэгтэйчүүд байна. Цаашлаад магистрантур, докторантурт 21 мянган хүн суралцсаны гуравны нэг нь л эрчүүд. Өмнөх онтой харьцуулахад боловсрол эзэмшсэн эрчүүдийн тоо өсөөд өсөөд л энэ. Арван жилийн сургуульд эрэгтэй, эмэгтэй сурагчдын харьцаа ойролцоо байдаг хэрнээ, их, дээд сургууль, цаашлаад магистр, доктор, профессор болохоор эрэгтэйчүүдийн тоо улам цөөрсөөр байгаа нь юутай холбоотой вэ. Монголчуудын “Эр хүн ном сурсан сураагүй яаж ийж байгаад хөлөө олно. Энэ муу охиноо л номын мөр хөөлгөх хэрэгтэй” гэж үздэгтэй холбоотой байж болох. Нөгөөтэйгүүр эрчүүдийн аливаад шамдах, хичээнгүй бус байдалтай холбож ч болох юм. Харийг зорих монголчуудын цуваа үргэлжилсээр л байна.
Өнөөдрийн байдлаар гадаадад 100 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Тэдний талаас илүү хувь нь эрчүүд. Манайхны хамгийн их очиж ажиллаж, амьдардаг нь БНСУ. Тэнд 30 мянга орчим монгол бий гэдэг. Үргэлжлээд АНУ-д 20 мянга, Чехэд таван мянга гаруй монгол байгаагийн олонх нь эрчүүд. Гадаадад ажиллахаар явж буй 20 монгол хүн тутмын ердөө 1-2 нь л эмэгтэйч үүд байдаг аж. Хэдий аж амьдралаа дээшлүүлэхээр харь орныг зорьсон ч залуу нас, эрч хүч, авьяас чадвар, мэдлэг боловсролоо хүний оронд гамгүй зарцуулж, хүнд хүчир ажилд тэрэгний морь шиг зүтгээд эцэст нь хураасан мөнгөгүй, өвчний үүр болоод эх орондоо ирсэн цөөнгүй хүнийг мэдэх юм. Ийнхүү монгол эрчүүдийн нэг хэсэг гадаадад гарчээ. Тэгвэл үлдсэн нь хаана, юу хийж явдаг бол. Энэ эрэл маань таагүй ч гэсэн үнэнд тулаад гацлаа. Тэд шоронд байна. Гэмт хэрэг үйлдсэн 22 мянган яллагдагч байгаагийн 19 мянга нь эрчүүд. Тэдний олонх нь 18-29 насныхан. Манай улсад одоогийн байдлаар 25 шорон бий. Гэтэл гэмт хэрэг буурахгүй, улам өссөөр шоронгийн тоог нэмэх дээрээ тулаад байна. Эрүүлжүүлэх байрнууд эрчүүдээр “хахаж”, эцэггүй, эр нөхөргүй өрхийн тоо жилээс жилд өссөөр байна.
Манай улсад өрх толгойлсон 81 мянган эх байгаа аж. Нөхрүүд хаачив. Мэдээж хорвоогийн жамаар нас барсан тохиолдол бий ч салсан, эхнэр хүүхдээ орхиж явсан аавууд илүү олон байгаа нь харамсалтай. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нэгэн сурагч “Аавтайгаа баймааргүй санагддаг” гэсэн захиаг эцэгтээ бичжээ. Тэрбээр захиандаа “Би тавдугаар ангид сурдаг. Аавдаа нэг юм хэлж, бас нэг юм гуймаар байна. Та архи уухгүй бол надад болон ээжид маш сайхан байх болно. Гэхдээ архи уулаа ч гэсэн ээж, бид хоёрыг битгий зовоогооч. Ажил хийхгүй архи уугаад ямар ч тус нэмэр болохгүй. Ээж минь л энэ гэрийг ганцаараа авч явах юм даа...” гэжээ. Үүн шиг хэчнээн олон хүүхэд аавыгаа гэртээ эрүүл ирэхийг хүлээж суугаа бол.
Шинжлэх ухааны доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжил гэр бүлийн харилцааны тулгамдсан асуудлыг судалж үзэхэд гэр бүлд аав (нөхөр)-ууд мөнгө олж ирдэг “машин” гэсэн ойлголт нэмэгдэж, гэр бүлдээ гадуурхагдах хандлага ихэссэн нь ажиглагджээ. Гадаадад болон гэрээсээ хол удаан хугацаагаар ажиллаж байгаа аавууд хүүхдээ хэрхэн өсөж, торниж буйг мэдэхгүйгээс эхлээд тэдэнтэй харилцах харилцаа нь хөндийрд өг байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 200 хүүхдээс авсан судалгаагаар тэдний 69 хувь нь “Хүүхэдтэйгээ зав гаргаж тоглодог, сонсдог аав хэрэгтэй” гэж хариулсан бол 84.5 хувь нь “Аав нар биднийг өсгөж хүмүүжүүлэхэд идэвхтэй оролцож байгаасай” гэж хүсчээ. Үүнээс харахад хүүхдүүд ааваасаа юу хүсдэг нь илэрхий. Улаанбаатар хотын гудамжаар хэд алхахад л том том шуудайтай шил, лааз үүрсэн, хир буртагтаа баригдаж, архи сэнгэнүүлсэн эрч үүдтэй таарна. Хүн харахын аргагүй зүс царай, хувцастай залуус гудамжинд “тасарчихсан” хэвтэж байдаг. Энэ дүр зураг бидний нүдэнд хэдийнэ дасал болжээ. Угтаа бол биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах монгол эрчүүд маань ийн нохойноос дор байдалтай байгааг тоохгүй өнгөрч болмооргүй санагдана.
Манай улсад ид хийж бүтээх, шийдвэр гаргах түвшний 20-44 насны 1.2 сая хүн бий. Тэдний 625 мянга нь эрчүүд. Өнгөрсөн онд л гэхэд 42.7 мянган эрчүүд ажилгүй байгааг МҮСХ-ноос гаргажээ. Нэг хэсэг нь гудамжинд согтуу, нөгөө хэсэг нь хийсэн ажилгүй сэлгүүцэж явна. Монгол эрчүүдээ хайх эрэл маань бүр цаашлаад жудаг төгөлдөр монгол эр хүний эрлээр үргэлжиллээ. Монголчууд зүс царай өнгөлөг, бие бялдар сайхан, ухаантай, авьяастай, төлөв даруу, дээдэст бялдуучилдаггүй, доодост дээрэлхдэггүй, бусдад тусархуу эр хүнийг жудаг төгөлдөр монгол эр хүн гэж үздэг. Жудаг гэдэг нь эр хүний ноён нуруу, мөс чанар, зөв төлөвшил, цэвэр ариун ёс суртахуун зэрэг хүнд байвал зохих чанарыг багтаасан ойлголт аж. Гэхдээ яг энэ шаардлагад нийцсэн эр өнөөгийн Монголд хэд байгаа бол.
Эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан тамирчдаас эхлээд энхийг сахиулах ажиллагаанд гарамгай гавьяа байгуулсан эр цэрэг, эрдэмтэн доктор, улс төрийн өндөрлөгүүд гээд бахдам сайхан монгол эрчүүд мэдээж олон. Эр хүнгүй айлын хоймор ханхайж, аавгүй үрс, нөхөргүй бүсгүйн нүд гунигтай харагддаг. Харьд одсон, хэцүү нэртэд орсон, архинд живсэн, гудамжинд шуудай үүрэн алхаж яваа олон олон эрчүүдээс “Та нар минь яаж явна даа” гэж би асуухгүй. Харин гал голомтоо сахих, улс орноо авч явах эрчүүд минь хаа явна аа гэж төр засгаас нэхмээр санагдана. Ажилгүй, боловсролгүй, мөнгөгүй байлгаж байгаагийнх нь төлөө лавтайяа буруутгана. Хаа явна даа эрчүүд минь гэж төр толгойгоо өвтгөх цаг болсон.

Ч.БОЛОРТУЯА