Иргэдийн оролцоотой газрын зураглал гэж юу вэ?
Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг дэлхийн олон улс оронд иргэд, олон нийт гардан зохион байгуулдаг бөгөөд зураглалын гол давуу тал нь үүгээр дамжуулан иргэд өөрсдийн оршин сууж буй нутаг дэвсгэр, тэдгээрийн ахуй, аж амьдралтай холбоотой олон асуудлууд, тэр дундаа иргэдэд хүрч буй нийтийн үйлчилгээг зураглалаар дамжуулан харуулж болдогт орших юм. Газрын зураглал нь дан ганц иргэд, оршин суугчдын хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй тухайн орон нутгийн засаг захиргаа, холбогдох албан тушаалтнуудын ажилд ч дэмжлэг үзүүлэн, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр аль аль талдаа төлөвлөлт хийхэд түлхэц болдог. Иргэд бол өөрсдийн оршин сууж буй нутаг дэвсгэрийг хэнээс ч илүү сайн мэддэг учраас иргэдийн өөрсдийнх нь оролцоотой хийсэн газрын зураглалын тэдний бодит хэрэгцээ, шаардлагыг үнэн зөвөөр тусган харуулдаг.

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Азийн сангийн Улаанбаатар хотын Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр, Улаанбаатар хотын гэр хорооллын Захирагчийн 10 ажлын албад, холбогдох хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нартай хамтран Улаанбаатар хотын нийт 11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийх туршилтын төслийг 2013 оны 05-07 дугаар сарын хооронд зохион байгуулж дуусаад байна. Энэхүү төслийн эхний шатны үр дүнг 2013 оны 08 дугаар сарын 05ны өдөр зохион байгуулагдсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын удирдлагуудад танилцуулсан билээ. Төслийн эхний шатны үр дүнтэй танилцсаны дараагаар Улаанбаатар хотын захиргааны зүгээс иргэдийн оролцоотой газрын зураглал хийх үйл явцыг цаашид үргэлжлүүлэн, нийт 78 хороонд нэмж зохион байгуулахаар санал тавьсан болно.
Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх нь яагаад чухал вэ? Хэрэглээ, ач холбогдол
Хорооны түвшинд иргэдийн оролцоотой хийсэн газрын зураглалыг төрөл бүрийн бүлгийн хүмүүс янз бүрийн зорилгоор ашиглах боломжтой юм. Газрын зураглалын боломжит хэрэглээний заримаас дурьдвал:
Иргэд, оршин суугчдыг мэдээ, мэдээллээр хангах
Иргэдийн оролцоотой хийгдсэн газрын зураглал нь нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийн эх сурвалж болж болно. Газрын зураглалыг ашиглан иргэд, оршин суугчид өөрсдийн бодит хэрэгцээ, шаардлагын талаар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад танилцуулж, ойлгуулах, тэдгээртэй илүү үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм. Иргэд бодит мэдээ, мэдээлэл, баримт дээр үндэслэн өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлж ойлгуулах ба нийтийн үйлчилгээний хүртээмж өөрсдийнх нь оршин сууж буй бүс нутаг болон хотын өөр бусад цэгүүдэд ямар байгаа талаар харьцуулсан дүн шинжилгээ хийж болох юм. Ингэснээр иргэд, оршин суугчид, оршин суугчдын бүлгүүд болон тухайн орон нутгийн засаг захиргаа, нийтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа холбоо сайжирч, үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.
Иргэдийн оролцоотой төлөвлөлт хийх үйл явцад дэмжлэг үзүүлэх
Иргэдийн оролцоотой хийгдсэн газрын зураглалаар дамжуулан тухайн нэг орон нутгийн ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийг оновчтой хийх боломжтой юм. Жишээ нь, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг шийдвэрлэхэд газрын зураглал ач холбогдолтой байж болно. Газрын зураглал дээрх мэдээлэл нь оролцогч талуудад тухайн хорооны нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, бодит байдлыг зөвөөр ойлгох, асуудлыг ач холбогдлын хувьд эрэмбэлэн гаргаж ирэхэд тустай байдаг. Газрын зураглалыг ашиглан төрөл бүрийн нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийн харилцан адилгүй түвшин, нийгмийн дэд бүтцийн байршил, хүртээмж зэргийг тодорхойлон гаргаж ирэх боломжтой юм. Төрийн болон хотын захиргааны холбогдох албан тушаалтнууд газрын зураглалыг ашиглан тухайн нэг бүс нутгийн иргэд, оршин суугчдын аж амьдрал, нөхцөл байдлын талаар илүү дэлгэрэнгүй олж мэдэж болох юм.
Бодит тоо баримт дээр үндэслэн нийтийн үйлчилгээг сайжруулах
Газрын зураглал нь тухайн иргэд, оршин суугчдад хүрч буй нийтийн үйлчилгээний нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй, бодит тоо баримтыг харуулдаг бөгөөд ийм ч учраас газрын зураглалыг ашиглан аль нэг үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм. Иргэд, оршин суугчид аль нэг асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн засаг захиргаа, нийтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг урин оролцуулж, асуудлыг хамтдаа шийдвэрлэх гарцыг хайх хэрэгтэй.
Ингэснээр дан ганц хотын захиргаа ч бус иргэд, оршин суугчид өөрсдийн боломж, мэдлэгээр асуудлыг шийдвэрлэхэд оролцох юм. Жишээ нь, хог хаягдлын менежментийг сайжруулах асуудал дээр оршин суугчид өөрсдөө хаана төвлөрсөн хогийн цэгүүдийг байршуулах нь тохиромжтой вэ гэдэг талаар болон албан бус хогийн цэгүүдэд хог хаях явдлыг иргэдийн оролцоотой хэрхэн, яаж хянах вэ гэдэг талаар өөрсдийн саналыг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст ойлгуулж, асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой билээ.
Дүүрэг болон Хотын түвшинд нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон газар төлөвлөлт хийхэд ашиглах
Хорооны түвшинд хийгдсэн газрын зураглалыг ашиглан дүүрэг, цаашлаад хотын түвшинд ч төлөвлөлт хийхэд ашиглах боломжтой юм. Газрын зураглалыг нэгтгэснээр хэд хэдэн хороодоос бүрдэх дүүргийн хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх илүү дэлгэрэнгүй зураглалыг олж харах боломжтой болох бөгөөд ингэснээр асуудлын уялдаа холбоо, харилцан хамаарлыг илүү ойлгомжтой байдлаар харах юм. Жишээ нь, дүүргийн хаана нийтийн үйлчилгээ доголдолтой байдаг болон шинээр шилжин ирэгсэдтэй холбоотой хаана үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай вэ гэх мэт асуудлууд тодорхой харагдах болно. Газрын зураглал дээрх мэдээ, мэдээллийг цаг тухайд нь шинэчилсэнээр дүүргийн түвшинд нийтийн үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтэнд зохицсон оновчтой төлөвлөлтийг хийх боломжтой. Газрын зураглал дээр үндэслэн нийтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд мөн адил өөрсдийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, үр ашигтайгаар хүргэх арга замуудыг олж харах юм. Хороодын мэдээ, мэдээллийг нэгтгэснээр хорооны түвшинд харуулахад ач холбогдол багатай байсан мэдээлэл дүүргийн түвшинд илүү хэрэгцээтэй болж, илүү нарийн дүн шинжилгээ хийхэд туслаж болно. Жишээ нь, үер усны аюултай бүсийг хорооны түвшинд харахаас илүү дүүргийн түвшинд харсанаар илүү өргөн хүрээний арга хэмжээг авах боломжтой байж болно.