Манай улсын ойрын болон дунд хугацааны хөгжлийн ирээдүйг олон улсын байгууллагууд өөдрөгөөр төс өөлж, ихээхэн итгэл найдвар тавьж байгаа. Ийм үед Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлд онцгой ач холбогдол өгч, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлээд байгаа. Үр дүн нь ч эхнээсээ гарч, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Мөн ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, төсөвт ачаа болдог байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр шинэ менежментээр ажиллаж эхэлсэн. Тэр тусмаа төрийн мэдэлд байсан улс орны бүтээн байгуулалт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг энэ хоёр том үйлдвэрээ хувийн хэвшлийнхэнд даатгаснаар үндэсний бүтээн байгуулалтаа үндэсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах эхлэлийг тавиад байна. Ямар ч том бүтээн байгуулалтыг цемент, төмөргүйгээр төсөөлөх аргагүй. Ялангуяа сүүлийн хэдхэн жилийн дотор Монгол орон даяар ямар том бүтээн байгуулалтууд хийж байгаа билээ. Энэ бүхэнд бид гаднаас хараат, дийлэнхийг нь импортоор авдаг байлаа. Харин одоо энэ үе ард хоцрох цаг айсуй.
ИМПОРТЫН ЦЕМЕНТЭД УДАХГҮЙ “БАЯРТАЙ” ГЭЖ ХЭЛНЭ
Монгол Улсын цементийн жилийн хэрэглээ сүүлийн хэдхэн жилийн дотор 10 дахин нэмэгдэж 1.5-1.8 сая тоннд хүрсэн судалгаа бий. Засгийн газраас бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь энэ хэрэгцээг удахгүй гурван сая тоннд хүргэнэ гэсэн урьдчилсан төлөв гарчээ. Харамсалтай нь, цемент үйлдвэрлэгч үндэсний хэдхэн компани энэ хэрэглээний гуравны нэгийг буюу 500-600 мянган тонныг үйлдвэрлэдэг байсан. Тухайлбал, Эрэлийн цементийн үйлдвэр жилдээ 150 мянга, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр 300 мянга гаруй, Налайхын цементийн үйлдвэр 100 мянган тонныг зах зээлд нийлүүлсэн бол дийлэнхийг буюу нэг сая гаруй тонныг нь урд хөршөөс импортолжээ. Харин одоо Хөтөлийн цементийн үйлдвэрт үндэсний компани хөрөнгө оруулж, техник технологийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нь нэмснээр хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой болов.
Мөн МАК-ын Хөх цавын, Монполиметийн Монцементийн үйлдвэр удахгүй ар араасаа ашиглалтад орно. Тэгвэл тус бүртээ жилд нэг сая тонн, гурвуулаа нийлээд жилд гурван сая тонн цемент үйлдвэрлэж, 2016 он гэхэд Монгол Улс импортын цементээс хараат байдлаас гарна гэсэн урамтай мэдээ байгаа. Цаашдаа экспортлох ч боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж буй. Тэгээд ч дээрх гурван үйлдвэр тус бүртээ цементийн гол түүхий эд болох шохойн чулууны томоохон ордуудыг эзэмшдэг. Тээвэрлэлтийн дэд бүтцүүд нь ч гайгүйд тооцогддог. Энэ нь хямд үнэтэй үндэсний цементээр хангах боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн үндэсний компаниуд хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай техник технологийг ашиглан үйлдвэрээ байгуулсан. Тийм болохоор Хятадын цементээс чанартай байх нь мэдээж. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын суурь бүтэц, орон сууцны барилгажилт, хурдны авто замаас эхлээд том бүтээн байгуулалтад цементийн хэрэгцээ асар их болж байна. Энэ бүхнийг бид удахг үй эх орондоо үйлдвэрлэсэн цементээр бүтээн байгуулах боломжтой болж байна. Энэ давуу талыг хамгийн түрүүнд монголчууддаа мэдрүүлэх ёстой үйлдвэр бол Хөтөлийн цемент шохойн үйлдвэр. Энэ үйлдвэр алдагдалтай ажиллаж, зах зээлд хөлөө олохг үй явсаар Бүтээгдэхүүн хуваах концессийн гэрээгээр 10 жилийн хугацаатайгаар хувийн хэвшилд шилжсэн.
Үндэсний “Бейзмент” ХХК нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Хөгжлийн банкны санх үүжилтээр 55 сая ам.долларын хөр өнгө оруулалт хийсэн. Үйлдвэрийн өргөтгөл нь саяхан барилгынхан ид ажилтай байдаг үеэр ашиглалтад орж, зах зээлд нэрийн бүтээгдэхүүнээ гаргаад байгаа. Концессийн гэрээгээр бол тус компани хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрд 100 хувь буцаж ирэх юм. Үйлдвэр нэгэнт ашиглалтад орсон тул Засгийн газар ирэх жилээс бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тодорхой хувийн ашиг хүртэх ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед алдагдалтай ажиллаж байсан ганц ч гэсэн үйлдвэр төрөөс татаас авах биш, ашиг хуваарилж эхлэх сайхан мэдээ удахгүй сонсогдоно. Хамгийн гол нь төр, хувийнхан түншилж чадсанаар манай цементийн хэрэгцээний 60 хувийг дангаараа хангаж байгаа Хятадын импортлогчдод “баяртай” гэж хэлэх цаг айсуй. Энэ л хамгийн чухал.
ХАЯГДАЛ ТӨМРИЙН ҮЙЛДВЭРЭЭС ХАР ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛОХ ЭХЛЭЛ
Аливаа улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжил гангийн үйлдвэртэй нягт холбоотой. Тийм учраас төмрийн хүдрийн нөөцгүй шахам япончууд хүнд хэцүү цаг үедээ хамгийн түрүүнд гангийн үйлдвэрээ хөгжүүлсэн бол БНСУын одоогийн Ерөнхийлөгч, хатагтай Пакийн аав засгийн эрхэнд гармагцаа гангийн үйлдвэр барьж эхэлсэн байдаг. Хятадад ч адил, Маогийн үед өрх бүр ган хайлуулж гангийн үзүүлэлтээрээ өрсөлдөж байсан түүх бий. Энэ нь гангийн үйлдвэртэй байж л улс орон үсрэнгүй хөгжинө, хүнд аж үйлдвэрийн салбар өндийнө, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг харуулж байна. Манайд гангийн үйлдвэртэй болох асуудал сүүлийн хэдэн жилд яригдах боллоо. Манай улс нэг тэрбум 160 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Үүний 90 орчим хувь нь үйлдвэрлэлийн зориулалттай, баттай тогтоогдсон нөөцтэй гэж үздэг.
АНУ, Европын холбоо зэрэг өндөр хөгжсөн орнууд дотоодын гангийн хэрэгцээгээ хаягдал төмрөөс гаргаж авдаг болсон. Яагаад гэвэл тэнд хаягдал төмрийн нөөц асар их хуримтлагджээ. Шинжээчдийн таамгаар Хятад ч ойрын 20 жилд гангийн хэрэглээгээ хаягдал төмрөөс гаргаж авна гэж үзэж байна. Харин манай улсын хаягдал төмрийн нөөц эрс багассан. Тиймээс хувийн хэвшлийнхэн төмрийн хүдрийн нөөцөд тулгуурлан төмрийн хүдрээ баяжуулах, боловсруулахад анхаарал хандуулж эхлээд байгаа. Одоогоор нойтон аргаар баяжуулах хувийн хэвшлийн хоёр ч үйлдвэр байгуулагджээ. Засгийн газраас төм өрлөгийн салбарыг бодлогоор “Дарханы төмөрл өгийн үйлдвэр” төрийн өмчит компанийн менежментийг концессийг гэрээгээр хувьд шилжүүлсэн. “Кью Эс Си” компани тус үйлдвэрийн менежментийг 30 жилийн хугацаатай хийхээр болсон. Концессоор шилжүүлж авсан QSC ХХК нь Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр 81.3 тэрбум төгр өгийн хөрөнгө оруулалт хийж байна. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйдээ хүрч байсан энэ үйлдвэр одоо л ашигтай ажиллах нь гэсэн хүлээлт үүслээ. Одоогоор зөвх өн хаягдал төмөр ашиглан бэлдэц, цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч цаашдаа Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн ордуудыг түшиглэн Хар төмөрлөгийн цогцолбор, ангижруулсан төмрийн үйлдвэр барих төлөвлөгөөтэй аж.
Ийнхүү төр хоёр ч том үйлдвэрээ хувийн хэвшлийнхэнд итгэж шилжүүлснээр өөр олон сайхан мэдээ дуулгана гэж хүлээж буй. Төрийн өмчит үйлдвэр, компаниудын менежментийг хувийн хэвшлийнхэнд тодорхой хугацаатай шилж үүлж төр гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хяналт тавьж, зохих хуулийн дагуу татваруудаа авдаг загвар олон улсад бий. Энэ нь зах зээл хөгжсөн орнуудад олон жил амжилттай хэрэгжиж, үр ашигтайгаа харуулсан. Үүнийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрл өгийн үйлдвэрт хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байх итгэлийг төрүүлсэн. Хувийн хэвшлийнхэн богино хугацаанд улсын үйлдвэрүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, өргөтгөж, орчин үеийн техник, тоног төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь хэвийн болгож байна. Энэ бол хувийн хэвшлийнхэн сайн менежмент явуулдгийн жишээ.
Төрийн нуруунд ачаа болохоос хэтэрдэггүй олон салбар бий. Тэр бүрийг төр хэдий болтол чирч, үр ашиггүй татаасанд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар байх вэ. Өр авлагадаа баригдсан, ашигтай ажиллах нь байтугай ажилчдынхаа цалинг тавьж дийлдэггүй “төрийн мэдлийн” гэх том тодотголтой үйлдвэрүүдээсээ салах цаг болжээ. Салахдаа зүгээр нэг дампууруулаад хаячихгүй, дээрх хоёр үйлдвэр шиг чаддагт нь өгөөд, хувийнхнаар ажлаа хийлгэчихээд, төр авдаг татвараа аваад явж байвал улсын маань эдийн засагт нэмэр болно уу гэхээс нэрмээс болохгүй. Үүнийг төр, хувийнхантай түншилсэн бизнесийн дээрх зөв загвар харуулж эхлээд байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ