Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Намнангийн Нямжавын зургийг уншигч та бүхэн харж байна. Тэрбээр 2009 оны долдугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ цолыг хүртсэн юм. 40 жил дипломат албанд хүчин зүтгэж хоёр орны харилцаа, консул, төрийн дипломат ёслол гэсэн гурван чиглэлээр ажиллаж ирсэн энэ эрхэм өдгөө Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцаж байна. 65 настай хэдий ч Н.Нямжав гуай барилгын сантехникийн инженер болохоор сэтгэл шулууджээ. Сурахад оройтохгүй хэмээн монголчууд ярьдаг ч түүний насан дээр бакалаврын диплом гардахаар оюутан болсон хэн нэгний тухай өмнө нь дуулж байсангүй. Хэдэн жилийн өмнө Сиднейн их сургуулийг 97 настай хүн төгсөж, хуулийн мэргэжил эзэмшин дэлхийн хамгийн өндөр настай оюутан болж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн байдаг. Тэгвэл амрах дургүй, ШУТИС-ийн хамгийн идэвхтэй оюутан Н.Нямжав гуай хэрхэн энэ сургуульд элсэж, энэ жил сургуулиа дүүргэх болсныг та бүхэн дараах ярилцлагаас уншина уу.
ТҮҮХ СӨХВӨЛ...
Увс аймгийн Малчин сумын уугуул Н.Нямжав Прага хотын Карлын их сургууль, ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын академийг дүүргэсэн, манай туршлагатай олон улсын харилцааны мэргэжилтэн юм. Тэрбээр 1978 онд Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлж жилийн дараа Прага дахь ЭСЯ-ны орчуулагч, 1982 оноос ГЯЯ-ны нэг, хоёрдугаар хэлтэст атташе, гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллажээ. 2012 онд тэтгэвэрт гартлаа Монгол, Чех хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, Прага дахь ЭСЯ болон ГХЯ-ны ёслолын хэлтэст ажиллаж байсан юм. Харин Гадаад явдлын яамны захиалгаар гадаад руу сургуульд явахаасаа өмнө тэрбээр МУИС-ийн Барилгын инженерийн факультетэд гуравдугаар курс төгстөлөө суралцсан юм билээ.
Улсын даалгавраар гадаад харилцааны мэргэжил эзэмшиж, энэ салбартаа хоёргүй сэтгэлээр зүтгэхийг хүсэж явсан түүнийг 62 настайд нь тэтгэвэрт гаргасан аж. Тухайн хүн хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой гэдэг ч түүнд ийм боломж олгосонгүй. Тэр ч бүү хэл Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин гэдэг цол өгснөөсөө гуравхан жилийн дараа л түүнийг албанаас нь чөлөөлжээ. Нийгмийн жирийн л үйл явц хэмээн Н.Нямжав гуай энэ тухай ярьж байгаа ч цаанаа л харуусалтай. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, 30 гаруй жилийн туршлагаараа залуустаа үлгэрлэх ийм хүнийг залуу боловсон хүчнээр сольж, тойргийнхоо гадна гаргачихсан нь харамсалтай. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд зургаан Төрийн тэргүүнтэй хамтран ажиллаж байсан нь түүний амьдралын бас нэгэн бахархал. Тэтгэвэрт гарлаа гээд зүгээр суухыг тэр хүссэнг үй. Угаас ээлжийн амралтын нэг сар ч түүнд дэндүү залхмаар санагддаг байсан учраас ажлаа л хийхийг эрхэмлэдэг байж. Нэгэнт анхлан сонгосон мэргэжлээ бүрэн гүйцэд эзэмшиж амжааг үй учраас үргэлжлүүлэн сурахаар шийдэж хоёр жилийн өмнө ШУТИС-ийн оюутан болжээ. Энэ жил тэрбээр сантехникийн инженер болж дипломаа гардах юм.
“БУСДЫН ХООЛЫГ БУЛААХ ХҮСЭЛГҮЙ”
-Та тэтгэвэрт гарангуутаа өөр ажил, алба эрхэлж болох л байсан байх. Гэхдээ сурахаар шийдсэн байна. Энэ олон жилийн дараа яагаад анхны мэргэжлээрээ суралцахаар болсон юм бэ?
-Тэтгэвэрт гараад би орчуулагч, эсвэл пүүс хоршооны гадаад харилцаа эрхэлсэн ажилтан болж болох байсан. Хэвлэл мэдээллийн салбарт гадаад мэдээ тоймлоод ажиллаж ч болно. Гэхдээ та нарын дунд нэг хөгшин орж ирээд, хийж байгаа ажлыг нь булаацалдаад л би илүү юү, чи илүү юү гээд ажиллах эвгүй биз дээ. Тэгээд ч би Гадаад явдлын яамны шугамаар сурахаасаа өмнө барилгын инженерийн мэргэжлээрээ гуравдугаар курс төгстөлөө сурчихсан байсан. Мэргэжлээрээ үргэлжлүүлэн суръя гэж шийдээд очтол МУИС-д ийм анги байхгүй гээд ШУТИС-д суралцахаар болсон. Тэнд миний анги даасан багш ч ажиллаж байсан. Ингээд миний эзэмшсэн мэргэжил, сурсан хичээлийг дүйцүүлэн үзээд дөрвөн улирал суралцах ёстой гэсэн.
-Төгсөөд бакалаврын диплом л гардах уу?
-Би барилгын сантехникийн инженер болох юм. Нэгэнт тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад ажиллана гэж байхгүй. Харин барилгын салбарт тэр чигтээ хувийн компаниуд ажиллаж байна. Тэнд нас заахаас илүүтэй чадаж байгаа бол хий л гэдэг. Тиймээс би мэргэжил эзэмшиж, барилгын салбарт ажиллахаар зорьж байна.
-Таны насныхан сурахаас илүүтэй аятай тухтай амрахыг илүүд үзмээр санагдах юм. Гэхдээ та тэгсэнгүй. Ажиллах гээд л зүтгээд байх юм.
-Ажиллахдаа гол нь биш. Би өөртөө ажил гаргаж байгаа юм. Гэртээ цайгаа чанаж уучихаад, зурагт үзээд, хааяа гадагшаа явчихаад сууж болно л доо. Гэхдээ энэ амьдралын эрүүл хэв маяг мөн үү. Амарна гэдэг гэртээ зүгээр байхыг л лав хэлэхгүй.
-Амралт олон янз байх л даа. Ядарсан бол гэртээ амрах нь илүү дээр.
-Та ядарсан бол гэртээ амар. Харин би ядраагүй. Өмнө нь ч би нэг их амардаггүй байсан. Бидний ажил харьцангуй хөнгөн шүү дээ. Толгойгоо ажиллуулахаас биш бие организмд ачаалал өгөхгүй. Тэтгэвэрт гарчихаад зүгээр суулгүй төлбөрөө төлж, бүртгүүлээд мэргэжил эзэмшинэ гэдэг байж болох л зүйл шүү дээ.
-ШУТИС-д танаас өөр ахмад оюутан бий юү?
-Байхгүй ээ. 30 гаруй, 40 дөхсөн хүн бол байгаа. Голдуу 20 гаруй насныхан л сурч байна. Сүрхий хүүхдүүд бий. Яагаад ч юм бэ, хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд сурлагаар илүү байдаг юм. Та нар очоод харвал их сонин шүү дээ. Лекцэнд 60-70 хүүхэд суухад эхний эгнээнд хүүхдүүд суухгүй л гэнэ, цөмөөрөө л хойшоо сууна. Хэн урд суув аа гээд харахаар голдуу л холоос ирсэн хүүхдүүд байгаа юм. Угтаа бол хойно суухаар юу ч сонсогдохгүй шүү дээ.
-Та мэдээж хамгийн урд суух уу?
-Би урдуур сууна аа. Хойно суувал сонсохгүй. Өдий насны хүн мөнгөө төлсөн бол авах ёстой юмаа авъя, мэдье л гэж хичээнэ. Тийм ухамсар надад бий. Би хичээлээс хоцордоггүй. Бүгдэд нь бүрэн суудаг. Багш болон оюутнуудад эвгүй байдаг байж магадгүй. Ийм настай хүний дэргэд тэд хамаагүй зүйл ч ярьж чадахгүй. Миний хажууд сууж байгаа оюутан хашгирах ч үгүй. Харин хойно сууж байгаа нөхөд хөзөр тоглоод л байна шүү дээ.
“БОЛОХООС НЬ БОЛОХГҮЙ ХҮРТЭЛ НЬ ЯВНА ДАА”
-Таныг залуу байх үед оюутнууд хичээлээ идэвхтэй хийдэг байсан уу?
-Тухайн үед өөр олон чамин зүйл байхгүй болоод ч тэр үү бүгд л хичээлд сууж, мэдэж чаддаг болохын төлөө зүтгэдэг байсан. Тийм их сурах эрмэлзэлтэй 20 хүн элсэж ороход, шигшсээр 10 нь төгсдөг байлаа. Ерөнхий эрдмийн хичээлээс л шалтгаалан хасагдахаас биш мэргэжлийн хичээлдээ гологддог хүн байгаагүй. Их идэвхитэй оюутнууд байсан. Сайн сурвал сард 280-300 төгрөгийн цалин авч, гэр бүлийнхэндээ бэлэг сэлт явуулна шүү дээ. Тэр үеийн мөнгө хатуу байж. Гэхдээ одоо л муу сураад байна гэж хэлж болохг үй ээ. Хүн нь л олон болчихсон юм. ШУТИС бараг 5000 оюутантай. Нэг лекцэнд 60-70 хүн сууна. Анги, танхим багадна, цөөднө. Хэцүү юм бий. Зах зээлийн системд мөнгөө төлсөн бол сурвал сур, үгүй бол та л хохирно гэдэг зарчимтай. Энэ сургуульд ороод хугацаа алдаж 7-8 жил сурч байгаа хүн ч байна.
-Таны дүнгийн голч хэд вэ?
-Миний голч 3.33 байна лээ. Өнгөрсөн улиралд 3.57 байсан. Надад тэр нь чухал биш. Би мэдэх ёстойгоо мэдэхэд л болно. Мэдчихсэн ч гэж бодож байгаа. Тиймээс дипломын ажлаа бичиж байна.
-Ямар сэдвээр диплом хамгаалах вэ?
-Бидний мэргэжлийн хувьд диплом хамгаалахдаа бодитой зүйл хийдэг. Надад Булган аймгийн Тэшиг сумын ариутгах татуургын системийг боловсруулах даалгавар өгсөн. Тус аймгийн бүх бохирыг цуглуулаад цэвэрлэх байгууламж байгуулах зураг төсөл хийх ёстой.
-Таныг танхимд суугааг хараад анх багш, оюутнууд гайхдаг байсан уу?
-Их л гайхдаг юм. Хүүхдүүд намайг багш гэж андуурсан. Харин багш нар намайг шалгалтын хүн гэж ойлгосон. Бүртгэж эхлээд “Та юун хүн бэ” гэж асуухаар нь “Оюутан” гэж хариулахад өөр зүйл асуугаагүй. Удирдлага болон сургалтын албанаасаа асуухаар цаадуул нь хэлж өгдөг биз дээ . Би ч тоодоггүй.
-Залуу найзуудтай болсон уу?
-Үгүй дээ. Би курсийн ажлаа бусдын л жишгээр л хийчихдэг. Харин зарим хүүхдүүд хийхгүй мартчихаад шалгалт дөхөхөөр л “Нөгөөхөө яасан бэ. Тэгдэг юм уу, ингэдэг юм уу” гэж асууна. Арай л хийгээд өг гэхгүй. Хэлээд өгөхөөр баярлана. Харин би чадахгүй зүйлсээ багш нар болон мэддэг хүүхдүүдээс л асуудаг.
-ШУТИС-д анги гэдэг ойлголт байхгүй байх аа?
-Анги гэж байхгүй. Сонгосон хичээлдээ суугаад л кредитээ цуглуулна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Аавыгаа ийм сайхан идэвхтэй амьдарч байгаад тэд баярладаг байх даа.
-Гурван хүүхэдтэй. Хүүхдүүд “Сайн байна” л гэнэ. Бага нь 32, том нь 36 настай. Гурван ачтай, дөрөв болох гээд л байна.
-Хань нь юу хийдэг билээ?
-Тэтгэвэрт гарчихсан. Намайг дэмжинэ. Хүүхдүүдээ асарна. Хийх юм зөндөө. Бид хоёр ерөөсөө уйдахгүй дээ. Хүүхэд харна, боломж таарвал хилийн дээс алхана. Үзвэр үзнэ. Болохоосоо болохгүй хүртэл нь л явъя гэж боддог юм. Хааяа бие өвдөж таарна. Эмнэлэгт очиж анальгин уух уу, аспирин уух юм уу гэдгээ мэдчихнэ. Эрүүл хүн бол ямар ч ажлыг хийнэ шүү дээ. Харин толгой өвдсөн, өлсгөлөн хүн бол яаж ч хичээгээд ажиллахгүй.
-МУИС-д хамт сурч байсан танай ангийнхан одоо бол энэ салбартаа зөвлөх инженерийн түвшинд хүрчихсэн ажиллаж байна уу?
-Дөнгөж өчигдөр (Аравдугаар сарын 19) ангийнхантайгаа уулзлаа. Арван хүүхэд төгссөний гурав нь бурхны оронд оджээ. Нэг нь гадаадад, зургаа нь энд байна. Би долоо дахь нь болж уулзлаа. Гурав нь зөвлөх инженер болжээ. Нэг нь хувийн ажлаа хийж байна. Би ч гэсэн зөвлөх инженер болж болно шүү дээ. Тэглээ гээд би дипломат албаа хаях гэж байгаа юм биш. Аль ч салбарт хос морьтой хүн хэрэгтэй биз дээ. Тухайн байгууллагад зөвлөх инженер хийхийн зэрэгцээ гадаад харилцааг нь хариуцчих боломж байна.
Түүнд ном бичээд, лекц уншаад дипломат албаны хойч үеийнхэндээ зөвлөөд явах боломж байсан. Гэхдээ өөртөө үр бүтээлгүй санагдаж, ажлаас хойш суулгүй, идэвхтэй амьдрахын тулд тэр суралцаж байна. Гаднын улс оронд бол ийм чухал мэргэжилтэй, мэргэшсэн боловсон хүчнийхээ бүх нөөц бололцоог дуустал нь шавхаж, түүнээс авах зүйлээ авъя л гэж хичээдэг гэх. Харин Монголд эсрэгээрээ. Төрийн ажил хэрхэн явагдах, түүний залгамж халааг яаж бэлтгэхээс илүүтэй, алба хариуцсан хэдэн жилдээ өөрийн хүмүүсээ эгнээндээ оруулахыг чухалчилна. Гэхдээ энэ нь аль нэг нам, хүчинтэй холбоотой бус нийгмийн нэгэн өнгө болон тогтоод олон жилийг үджээ. Энэ системийн эсрэг, өөрийнхөө хүсэл тэмүүллийн төлөө зүтгэж болдгийг Н.Нямжав гуай харуулж байна. Нас бол тоо юм. Түүнийг хэрхэн эергээр харж, зөвөөр ашиглаж болохыг та ч бас нэг тунгаагаарай.
Ж.СОЛОНГО