Манай сонины уншигч-сурвалжлагчаар энэ удаад Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Галбаатар ажиллалаа. МУИС-иар овоглодог энэ хүнийг утга зохиолд элэгтэй хэн бүхэн “Багш аа” хэмээн хүндлэх нь бий. Тэр дундаа Монголын яруу найргийн 1990-ээд оныхон түүнтэй илүү амь нэг. Тийм л учраас зохиолч Б.Батрэгзэдмаа роман бичээд урьд шөнө нь нойргүй шахам хоносон хэрнээ өглөө багштайгаа уулзахаар товлосон цагтаа ирсэн биз ээ. Галаа багш арван тав, зургаан жилийн дараа шавиасаа “аман шалгалт” авахын урьд багахан өмнөтгөл хийв. Түүнийг М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байхад нь нэг өдөр “Цэнд-Аюуш гэдэг хүн чамтай утсаар ярья гэж байна” хэмээн дууджээ. Тэр хүн бол одоогийн Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Ш.Цэнд-Аюуш байж... Болзсон цагтаа “Ленинградская” зочид буудалд очиход нь Ш.Цэнд-Аюуш гуай түүнд “Би Монголдоо утга зохиолын нэг сайхан сургууль байгуулах санаатай байна. Чи энд сурч байгаагийн хэрэг юу билээ, М.Горькийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг олж өгөөч” гэж захижээ. Мэдээж манай хүн хэлснийг нь биелүүлж, тэр байтугай сургуулиа төгсөөд ирсэн хойноо МУИС-иас Багшийн дээд рүү очиж хичээл заадаг байж. Учир нь өнөөх сургуулийнх нь үндэс суурь болох утга зохиолын ангийг яагаад ч юм МУИС-д нээгээгүй байсан учраас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яруу найргийн ертөнцөд дөнг өж хөл тавьж буй хэсэг залууст хичээл заах саналаас татгалзаж чадаагүй хэрэг. Эндээс багш, шавь хоёрын яриа эхлэв.
-Ичинхорлоо, Мөнхцэцэг, Тэргэл, Сарантуяа та нар мөн ч сахилгагүй, сэргэлэн хүүхдүүд байж билээ. Нэг буланд бөөнөөрөө зогсчихоод, хүмүүс рүү сэмхэн харж байгаад л инээлдэж гүйдэг аальгүй ч гэмээр дэггүй оюутан цагийнхаа дурсамжаас ярих уу. Хаа хамаагүй өөр сургуулиудаар юу хийж явцгаадаг байсан юм бэ?
-1990 онд Зохиолчдын хороон дээр 100-гаад хүүхдээс шалгалт авч, тэнцсэнийг нь М.Горькийн утга зохиолын сургуульд явуулах гэж байсан юм. Тэгэхэд тэнцсэн арав гаруй нөхөд нь бид байхгүй юу. Гэвч яг тэр үед Монгол, Орос хоёулаа улс төр, нийгмийн байдал нь бужигнаантай болсон тул бидний Горькийн сургуульд явах ч өнгөрсөн. Тэгээд л энд тэндээс цугласан элдэв янзын ааш араншинтай биднийг Багшийн дээд сургуульд нэг анги болгоод оруулсан. Өнөөдүүл нь Багшийн дээдийн сургалтын дэг жаягийг эвдэж, сүүлдээ хөөгдөөд, хуучин цагт тагнуулынхан үйл ажиллагаа явуулж байсан гэх доод давхрын булангийн нэг өрөөнд хичээллэдэг болсон доо. Өөр сургуулиудаар хуушуур эргүүлж бөөнөөрөө очно. Зохиолчдын хороо руу байнгын гүйдэлтэй. Тэр үед манай хороо үнэхээр сайхан, өрөө болгонд нь зохиолч нар суудаг байсан. Тэднээс зөвлөгөө авахдаа авч, хааяа архинд нь гүйж, илүү гарсан мөнгөөр нь хуушуур авч иддэг. Үнэнийг хэлэхэд, бидний үеийн тэр сургалт одоогийн сургуулийн тухай ойлголтоос тэр өөр байсан. Тийм л адармаатай хүүхдүүдэд та харин яаж хичээлээ заахаа мэддэг байсан шүү дээ.
Дөнгөж сургуулиа төгсөж ирсэн болоод ч тэр үү, бидэнд арай л өөр юм ярьдаг. Утга зохиолын хандлага гэхээсээ илүү утга зохиол гэж юу юм, тэр дотор хэн нь яаж оршдог вэ гэдэг дотоод амин чанарыг нь бидэнд эвтэйхнээр, бас их ёжтойгоор ойлгуулсан хүн. Та хамгийн анхны хичээл дээрээ биднийг “Дуртай нь суугаад дургүй нь гарч болно шүү” гэж хэлсэн нь надад хамгийн их таалагдаж билээ. Бусад багш нар шиг “Хичээл тасалбал тэгнэ шүү” гэлгүй, бидэнд асар гоё эрх чөлөө олгосон чинь харин ч хүн эрх чөлөөгүй болдог юм билээ. Багшийн хичээлийг сонсохгүй дүр үзүүлээд л сонсоод суугаад байгаа юм чинь.
-Энд бас нэг сонирхолтой юм байгаа. “Бид бол уран бүтээлч” гэдэг нэг зүйл цаанаас нь түлхчихсэн хориодхон настай залууст эрх чөлөөний тухай ойлголт хэрэгтэй байсан байх л даа. Уран бүтээлч хүн, тэр дундаа та нар шиг цэл залуухан хүүхдүүд эрх чөлөөтэй байж, дуртай юмаа хийх нь эргээд тэр насныхаа тухай үнэнийг бичихэд хэрэгтэй гэж бодсон минь буруудаагүй байж, тийм үү?
-Үнэн л дээ. Бид чинь мэдэхгүй байж бас их зөрүүд, багшийн өөдөөс олон юм ярьдаг байлаа. Онолын талаар ярихаар нь “Онол бол утга зохиол гэдэг модыг ороож ургасан ороонго өвс” гэхчилэн араар нь бурж өгнө. Гэтэл үнэндээ бид утга зохиол гэдэг их айлын хаалгаар сэтгэлийн л амьтад орж ирсэн шүү дээ. Харин тэрэн дээр багшийн бидэнд суулгаж өгсөн утга зохиолын тухай суурь ойлголтууд, дэлхий нийтийн чиг хандлагын талаарх ярианууд нүдийг минь нээсэн гэж хэлж болно. Ямар ч гэсэн миний хувьд зөвхөн дотоод ертөнцдөө амьдраад дуусаж болохгүй юм байна шүү гэдгийг тэр үед баттай ойлгосон. Зөвхөн “Болор цом” наадам яруу найргийн хэмжүүр биш гэдгийг ухаарсан. Энэ том зүйл шүү.
-1990-ээд онд Оросын нийгэм ч гэсэн тэр чигээрээ сонин байлаа шүү дээ. Улс төр нийгмийн амьдрал нь бужигнаад эхлэнгүүт Оросын сэхээтнүүд Өрнийн сайн гэсэн бүх л онол, номыг аль хэдийнэ орчуулаад шүүгээндээ хийчихсэн байснаа далдаас гаргаад л хэвлүүлсэн. Ийнхүү оросууд хоёр гуравхан сарын дотор Өрнө дахины оюуны соёлыг импортолж авснаар сонгодог хэв маягаар бичээд улиг болчихсон байсан утга зохиол нь хүртэл сэтгэлгээний хувьд маш хурдан задарсан. Манай утга зохиолын тухайд ч гэсэн хоёр, гурван жилийн дотор үндсэндээ өөрчлөлт хийгдсэн шүү. Яг тэр торгон агшин дээр нь таарсан та бүхэн азтай учраас тарвалзаж байхгүй юү.
-Харин тийм. Бид их хувьтай хүмүүс байхгүй юү (инээв). Цаг үеэ ойлгох, цаг үе нь дүлий биш байх гэдэг бол уран бүтээлчийн их хувь заяа юм биш үү. Биднийг хүлээж авсан нийгэм, цаг үе үнэхээр онцгой л доо. Нэг удаа биднээс нийгмийн хичээлээр шалгалт авсан юм. Нийгэм, эдийн засгийн шилжилт, өөрчлөлтийн тухай л багш асуусан санагддаг. Гэтэл манай ангийн Соёлсайхан “Багш аа, хүн ус руу шууд үсрээд орчихдоггүй шүү дээ. Түүнтэй адил бид ч гэсэн зах зээл хэмээх хар ногооноор эргэлдэн хуйларч буй ус руу орохдоо эхлээд биеэ дасгаж, тархи толгойгоо шавших хэрэгтэй биз дээ” гээд багшид зад загнуулж, онигоонд орж билээ. Яг тодорхой онолын үгээр нь бус, уран зохиолоор хэлчихсэн болохоос уг нь манай хүний санаа нь зөв байхгүй юү.
-Тэгэлгүй яах вэ. Буруу хазгай юм руу шууд яваад орчихгүй байх хэрэгтэй шүү дээ.
-Түүн шиг бид ч гэсэн уран зохиол хэмээх үл мэдэх ус руу дурандаа үсрээд орцгоочихсон хүмүүс. Тэндээс хэрхэн сэлж гарах аргаа л одоо хүртэл өөр өөрсдийнхөөрөө хайж явна.
-Танай үеийнхэн одоо бүгд нийгэмд байр сууриа эзэлж, амжилттай явцгааж байна. Та нараас хойш дахиад нэг бүтэн үе өнгөрчихөж. Энэ хугацаанд чи ер нь хэр өөрчлөгдөв. Халамжтай хань, сайн ээж болж амжсан уу. Эсвэл “цаас нухаад” л харайж явна уу?
-Багш одоо юу асуугаад байна аа (инээв). Би энэ талаар огт ярьдаггүй шүү дээ. Тэгээд ч уран зохиолтой гэрлэсэн гэдгээ эрт зарлачихсан хүн.
-Яах вэ дээ. Энэ чинь хүний л амьдрал шүү дээ.
-Би нэг л охинтой. Охин маань одоо 16 настай. Зураг зурах гайгүй авьяастай. Уг нь би хоёр, гурван хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэтэл баахан ном л төрүүлээд байдаг. Хүүхэд байдаггүй ээ. Уран зохиолын амьдралдаа л улам гүнзгий живж байх шив дээ.
-Хэцүү нэртэй нэг роман бичиж байгаа сураг дуулдсан. Түүний хувь төөрөг яаж байна даа?
-Романаа дөнгөж урьд шөнө дуусгалаа шүү дээ, багш минь. “Очир эрхшээгч” нэртэй роман бичлээ. Энэ жилийн зун, намрын улирлыг үзсэнгүй. Даяанчилна гэдэг шиг өөрийгөө гэртээ нам хорьж, зохиолоо бичсэний хүчинд сая ард нь гарлаа. Монголын утга зохиолд тодорхой хэмжээний шинэчлэл хийж чадах бүтээл болсон гэж бодож байгаа. Хүн ер нь шинэчилье гэсэн бодлоор юм хийх хэрэгтэй болов уу. Тэр зорилгодоо ч хүрсэн. Гэхдээ энэ бол өөрийгөө магтсан хэрэг биш, шударгаар хэлэхэд ийм байна.
-Нууц биш бол шинэ романдаа юуны тухай өгүүлэв дээ?
-Ерөнхийдөө үйлийн үр, хүний амьдралын хойд, урд насны явдал далдын ямар учиг ерөөлөөр хоорондоо холбогддог тухай өгүүлсэн роман юм. Романы ерөнхий шугам нь урьд төрлөө эргэн санаж байгаа англи хүний тухай өгүүлнэ. Тэр хүн урьд насандаа Монголд нэртэй лам байж байгаад үйлийн эрхээр хүнд асуудалд орж, билгүүн номын авьяас чадлаа алддаг юм. Үүнээс цаашихыг уншигчид өөрсдөө уншина биз дээ. Ямартай ч зохиогч миний хувьд “Очир эрхшээгч” романаа бичихдээ Өрнө, Дорнын оюун санааны ялгаа, тэдгээрийн хоорондын шүтэн барилдлага зэргийг синтез хэлбэрээр харуулахыг зорьсон. Дэлхийн утга зохиолын өнөөгийн чиг хандлага хүн төрөлхтнийг гэгээрэл рүү хөтлөхөд чиглэгдэж байх шиг. Нобелийн шагнал авсан С.Беккетийн “Годог хүлээхүй” жүжигт гэхэд л ертөнцийн амьдралын төгс утгын өмнө ирээд босгон дээр нь гацчихсан тийм хувь заяат хүмүүний тухай өгүүлдэг. Гэхдээ Өрнийн утга зохиол ерөнхийдөө мухардмал байгаад байдаг. Дээрх босгыг даваад, гэгээрлийн мөр дээр бүрнээ гарсан зохиол бараг харагддаггүй. Тийм ч учраас хүн төрөлхтний оюун санааны охь манлай болсон гайхамшигтай бүтээлүүдийн эзэд ихэнх нь амиа хорлосон байдаг. Урлаг, уран зохиолын энэ чиг хандлага нь нийгмийн сэтгэхүйд ч гэсэн нөлөөлдөг юм байна. Өнөөдөр тэнд юм бүхнээс залхсан хүмүүс нэмэгдэхийн хэрээр элдэв янзын үймээн самуун, бужигнаан тасрахгүй байна. Гэтэл Дорнын ард түмний бүтээсэн уран зохиол илүү амирлангуй, ялгуусан чанартай, тэр хэрээрээ ертөнцийн явдлыг даваад гарчихсан байдаг учраас түүнийг уншсан хүмүүс гэгээрэлд хүрч, гутрал гунигаас чөлөөлөгддөг. Энэ хоёр ялгаатай зүйлийг л шүтэн барилдлагынх нь талаас бүтээлээрээ харуулах гэж зорьсон доо.
-Өрнийн уран зохиолыг арга, Дорнынхыг билгийн ухаан гэх нь бий. Энэ хоёр ухааныг мөн чанарынх нь үүднээс зэрэгцүүлэн тавьсан сайхан бүтээл удахгүй уншигчдын гар дээр очих юм байна. Ингэхэд чи жүжиг рүү нэлээд эрчимтэй орсон. Яруу найргаас яагаад жүжиг рүү гэнэт хазайсан юм бэ?
-Тухайн үед манайхны ихэнх нь “Болор цом”-ын хообийтой байлаа шүү дээ. Энэ наадмын ар талын уур амьсгал нь надад таалагдаагүй учраас би нэг их дурлаагүй юм аа. Сайн сайн шүлэгтэй залуус “Болор цом”-оос хасагдчихаар нь их гайхдаг. Тиймээс яруу найргаас сайн дураараа завсарлага аваад, жүжгийн зохиол бичихээр шийдсэн. Оюутан байхдаа найруулагч Сумх үү гуайн хичээлд очиж суух их дуртай байсан минь намайг драмын урлагт хайртай болгосон. Тэндээс би урлаг гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн дээ. Дээрээс нь найз нар маань ч нөлөөлсөн байх. Тэр үед би Шекспирийн жүжгүүдийн эхний арван хуудсыг уншаад, цааших үйл явдлыг нь өөрөө бичиж дадлага хийдэг байсан юм. Эхлээд хэчнээн ч удаа оролдоод Шекспирийнхтэй таардаггүй. Сүүлдээ зохиомжийг нь ойлгож эхэлсэн. Тэгээд “Зуны шөнийн зүүд” жүжгийн сюжетийг бичээд, өнөөхөө эхтэй нь тулган уншиж явсаар зохиол талдаа ороход би төгсгөлийг нь харж чадсан. Тэр бол нэлээд адармаатай жүжиг шүү дээ. Түүний дараа л жүжиг төгсгөлөөсөө эхэлдэг юм байна, аль хэдийнэ бодоод олчихсон оюун санаанаас зохиол төрдөг юм байна гэдгийг би ойлгосон.
-Яруу найраг, жүжиг хоёрын хооронд хол зай байгаа биз дээ?
-Тийм ээ. Энэ хоёрын хооронд маш том орон зай бий. Яруу найрагт бол зохиолч зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхийг л “дуугаргадаг”. Харин жүжигт би олон хүний дуу хоолойг хөндлөнгөөс сонсож, тэднийг нэгэн жигд дуугаргах шаардлагатай байдаг.
-Найруулагч хүн “Жүжгийг би амилуулдаг” гээд байдаг. Гэтэл зохиолч тэр жүжгийг анх сэдэж бичдэг шүү дээ. Ер нь эх зохиол тайзан дээр жүжиг болон тавигдахдаа хэр өөрчлөгддөг юм бэ?
-Би түрүүн яагаад “Годог хүлээхүй” жүжгийг ярьсан гээч. Тэр зохиолчийг Нобелийн шагнал авахад хүргэсэн нэг шалтгаанд нь би маш их баярладаг. Тэр нь жүжигт найруулагчийг халсан явдал. Тэнд зохиолч “Миний гурван дүр ийшээ харж сууна, тэгэхэд ийм гэрэл тусна” л гэсэн бол тэрийг нь найруулагч өөрчлөх аргагүй, тэр байтугай жүжигчнийг хүртэл эрхшээлдээ оруулсан нь энэхүү зохиолын шинэчлэл юм. Жүжгийн зохиолын нэг онцлог нь үйл явдал, орчин, орон зайгаа зөвхөн харилцан яриагаар илэрхийлдэг. Үргэлжилсэн үгийн зохиол шиг бүх зүйлээ нэг бүрчлэн хүүрнээд байдаггүй учраас орон зай, орчны хувьд илэрхийлэмжийн хөөрхөн боломж үлддэг. Тэр боломж, тэр зайн дээр л найруулагч өөрийнхөөрөө тоглолт хийдэг болохоос зохиолын үндсэн эхэд халддаггүй. Халдах ч эрхгүй. Үүгээрээ жүжгийн зохиол бол тухайн зохиолчийн өөрийгөө хэн бэ гэдгийг илэрхийлэх том боломж юм. Харин үргэлжилсэн үг, тэр дундаа роман бол бүх өнгөөр тоглох боломжийг олгодог юм байна. Сая анхны романаа бичиж байхдаа үүнийг ойлголоо. Яах вэ, зарим хүн намайг “Чи уран зохиолын төрөл болгоныг барьж авлаа, нэгээр нь дагнасангүй” гэж байна. Би уран зохиолын уудам далайд нэгэнт л эргэлт буцалтгүйгээр гарчихсан хүн. Одоо тэр далайг салаараа гатална уу, хөлөг онгоцоор нь туулна уу, халбаган дээрээ суугаад явна уу, миний л дур. Байгаа бүхнээр нь явж үзмээр байна шүү дээ. Би яруу найрагч, эсвэл зөвхөн жүжгийн л зохиолч гэж туйлширмааргүй байна.
-Бидний нэрлэж дадсанаар Өрнө, Дорно, Дундад Ази, эртний Араб, Перс зэрэг улс үндэстэн бүр уран зохиолыг бүтээх өөр өөрийн арга барилаараа ихээхэн ялгаатай санагддаг. Харин Монголын утга зохиолын туурвил зүйд манай зохиолчдын ашигладаг хамгийн онцгой гэмээр аргазүй, шинж тэмдэг, “Монголынх” гэсэн хүчин зүйлүүд юу байна вэ?
-Монгол хүний сэтгэлгээ их өөр шүү дээ. Аливаа юмыг шувуу шиг өндрөөс, өргөн далайцтай хардаг учраас монгол хүн өөрөө их өвөрмөц бодгаль. Манай уртын дуу гэхэд л уртраг, өргөргийн дагуу хоёр тийшээ асар өндөр тэлдэг. Гэтэл уулынхны дуу дээд өнгө нь илүү байдаг. Мөн бидэнд байгаль, цаг уурын гайхамшигтай хоршлууд байна. Энэ дэлхийд байдаг дөрвөн улирал бүгд Монголд байна. Элсэн говь, тал хээр, цаст өндөр оргилууд манайд бий. Тэгэхээр энэ сайхан орныг олж төрсөн монголчуудын хувь заяа үнэхээр л дээд тэнгэрийн эрхшээлд гэхээс өөр юу гэх вэ. Ийм хүчирхэг төрөлд заяасан хүмүүс үүнийгээ мэдэрч, зохиол бүтээлдээ арай өөрөөр хандах ёстой байх.
-Энэ онцлогийг анхаарахгүйгээс ч болдог юм уу, манай уран зохиолын судлаач, шүүмжлэгчид нэг зохиолтой зууралдаад, түүнийгээ тайлбарлаж, дүгнэлт гаргах гээд зүтгээд байдаг. Зүгээр л эх бичвэр дээр ажилладаг энэ хандлагыг өөрчилж, уншигчдадаа туслахын тулд зохиолчид өөрсд өө юу сэдэх ёстой юм бэ?
-Уран зохиолын шүүмж, судалгаа гэдэг бол дэлхий нийтэд асар их ач холбогдолтой зүйл байдаг. Тухайн зохиолын үнэ цэнийг тодорхойлж, цаашид хэр олон жил амьдрах настай вэ гэдгийг нь хүртэл судлаачдын дүгнэлтээс харж болдог. Гэхдээ манайд шүүмж судлал тэр зохиолчийн оюун санаатай эн зэрэгцэн шүргэлцэж ирээд, эсвэл дээрээс нь хараад дүгнэх хэмжээнд хүртэл боловсорч чадаагүй болов уу. Уран зохиолын цаашдын хувь заяанд юу хэрэгтэй байна вэ, хэн шинэ юм хийв гэдгийг олж харахгүй, үгнээс үг хайгаад байвал энэ өөрчлөгдөхгүй л дээ. Миний бодлоор манайд уран зохиолоороо амьдарсан шүүмжлэгч хэрэгтэй байна. Хүн нэг юмыг хэт шүтээд ирэхээрээ аливаад бодитой үнэлэлт хийж чадахгүй болчихдог. Манайд тийм хүмүүс ч харагдах юм. Их том зүйлийг нулимбал их мундаг болж харагдана гэсэн сөрөг сэтгэлгээтэй хэсэг ч байх шиг. Энэ надад үнэхээр таалагддаггүй. Бид аливаа зүйлийн цаг хугацаа, орон зайг хүндэтгэх хэрэгтэй юм. Өмнөх үеэ үгүйсгэх нь утгагүй хэрэг.
-Би судлаач хүнээс юу хүсдэг вэ гэхээр тухайн зохиолын үнэ цэнийг нь уншигчдад нээж өгөх зорилго бүхий судалгаа шинжилгээ байгаасай гэж боддог юм. Уран сайхны шүүмжийн үндсэн үүрэг энэ шүү дээ. Нэн ялангуяа өнөө цагт энэ нь бүр ч их үгүйлэгдэж байна. Гэтэл бас ийм байхын тулд зохиолчтойгоо адил түвшний, магадгүй илүү их мэдлэгтэй байх хэрэгтэй болоод явчихна аа.
-Үнэн үнэн. Энэ бол чамгүй их авьяас, билиг билгүүний асуудал юм. Зүгээр нэг явж байгаад уран зохиолыг судалж, шүүмжилчихдэг юм биш л дээ. Монголын болоод дэлхийн уран зохиолын чиг хандлага, өнөөгийн өнгө төрх ийм байна гэдгийг уншигчдад ойртуулж танилцуулах үүрэг ч бас тэдэнд хамаатай. Тэгэхгүй байгаа учраас өнөөдөр дэлгүүрийн худалдагч нар “Энэ шилдэг борлуулалттай ном шүү” гээд нийгэмд дохио дамжуулаад байна шүү дээ. Номын дэлгүүрийн худалдагч нар Монголын уран зохиолд цензур тогтооно гэдэг утгагүй зүйл. Энэ бол шүүмжлэгч нар юу ч хийхгүй байгаагийн илрэл. Гэхдээ цаг нь ирж байгаа хойно шинэ үеийн сайн шүүмжлэгч нар төрөх байлгүй дээ. Тийм ээ, багш аа (инээв).
-Ер нь бол тийм. Гэхдээ бас ч яадгаа алдчихсан юм биш шүү. Нэг үеийн шүүмжлэгч нар ерөнхийдөө дуусаж байна. Одоо шинэ “сумнууд” цэнэглэгдэж байгаа. Ингэхэд чинийхээр хүмүүний явдлыг хамгийн сайн шинжилдэг шинжээч гэвэл хэнийг хэлэх вэ?
-Ерөөсөө л уран зохиол, зохиолчид. Яагаад гэвэл уран зохиол өөрөө хүн судлал юм.
-Тэгвэл нөгөө сэтгэлзүйчид маань хэн болж таарах вэ?
-Тэд арай амжихгүй л дээ.
-Тэдний мэдлэг, туршлага хүрэхгүй гэсэн үг үү?
-Сэтгэлзүйчид хүний тархи, зүрх хоёртой л харилцана. Гэтэл уран зохиол бол тухайн хүний оршин байгаа орон зай, цаг хугацаа, урьд, хойд насны үйлийн үр, оюун санаа, хайр сэтгэл, ижий аав, найз нөхдийг нь хүртэл шинжилдэг. Хүнийг судалж ойлгоно гэдэг чинь ерөөсөө л энэ хорвоо дэлхийгээ танихын нэр юм биш үү. Гэтэл өөрөөс нь зөвлөгөө авах гээд ирсэн хүнийг “Энэ бол сэтгэцийн өвчтэй шүү” гэсэн сэтгэлгээгээр ханддаг сэтгэлзүйч бол арай өөр.
Багш, шавь хоёрын яриа энд хүрээд өндөрлөв. Б.Батрэгзэдмаа зохиолч багшийнхаа гэнэтийн “шалгалтад” бүдрэлгүй, харин ч “Хоёр улирлын дотор нам суугаад романаа дуусгасан гэхээр чи зохиолч болжээ” гэсэн магтаал сонссон юм.
Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ