-Нэг янгир, таван ишиг үхсэн байсныг хадланчид олжээ-
Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд аравдугаар сарын дундуур нэг янгир, таван ишиг үхжээ. Тус сумын Хөшөөт, Ёлт гэдэг газраас айлын өвөлж өөнд хоёр ишиг үхсэн байсныг хадланчид анх мэдэж, аймгийнхаа Байгаль орчны газарт мэдэгдсэн байна. Үүний дараахан нутгийн иргэд нэг янгир, гурван ишиг үхсэн байсныг олжээ. Энэ талаар тус аймгийн Байгаль орчны газрын дарга Н.Ахытханаас тодруулахад “Нэг янгирын хошуу хавиар яр гарсан байсан. Энэ нь халдварт өвчин. Бусдад нь ил яр шарх байгаагүй. Нэг ишигний ходоодноос бөөгнөрсөн өвс гарсан. Бид шинжилгээний дээжийг Улаанбаатар хот дахь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид явуулсан” гэв. Тус лабораторид Баян-Өлгий аймгаас шинжилгээний дээж ирээгүй байсан тул аймгийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Нургуланаас лавлалаа.
“Нэг янгир, таван ишиг үхээд бараг хоёр долоо хоносны дараа хадланчид олсон. Дотор эрхтэн нь ялзарсан байсан учраас шинжилгээний дээж авах боломжгүй байлаа. Тиймээс Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори руу явуулаагүй. БОНХЯнаас манай газарт нэг ишиг агнаж, шинжилгээ хийх зөвшөөрөл олгосон. Түүний дагуу анчид, малын эмчтэй хамт явж өвчтэй байж болзошгүй нэг ишиг төхөөрсөн. Тэгээд шинжилгээ хийж үзэхэд ямар нэгэн өвчин илрээгүй. Янгир, ишигнүүд айлын хашаа, саравч, уулын нөмөрт үхсэн байснаас үзвэл сүүдэр газар бараадсан нь илэрхий. Их халуурч үхсэн бололтой байсан. Тэдгээр амьтны сэг зэмийг булж устгасан” гэлээ. Ногооннуур сумын нутагт 2000 гаруй янгир байгааг бүртгэж авчээ. Таван машинтай 25 хүний бүрэлдэх үүнтэй баг сумын нутаг дэвсгэрийг самнаж, шалгахад үхсэн янгир, ишиг өөр олдоогүй байна. Өнгөрсөн хавар Баян-Өлгий аймагт хоёр янгир эргүү өвчнөөр үхсэн бол Ховд, Увс аймагт янгир хамуурсан гэх мэдээлэл бий. Энэ мэтчилэн “Улаан ном”-нд орсон янгирын тоо толгой хорогдсоор байна. Гэвч юунаас болж, яагаад үхсэнийг БОНХЯ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, аймгийн Байгаль орчны газар гээд холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдэхгүй байгаа нь харамсалтай.
ЗЭРЛЭГ АМЬТНЫ ӨВЧИН, ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ НУУЦ БИШ
Манай улс 1980 онд 80 гаруй мянган толгой янгиртай байсан бол одоо 36 мянга орчим болж цөөрчээ. Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор зэрэг 14 аймагт янгир бий. Гэвч хамуугаар өвчлөх, гуур, хачиг мэтийн цус сорогч шавьж шимэгчлэх, зуднаар хорогдох зэрэг шалтгаанаас болж, тоо толгой нь эрс цөөрч байгаа гэнэ. Үүнээс гадна хулгайн анчид, чоно, шилүүс гээд дайсан мундахгүй. Өвөл, хавар турж эцэх нь элбэг байдаг аж. БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Ононгоос зэрлэг амьтан, тэр тусмаа янгирын өвчлөлийн талаар тодруулсан юм. Тэрбээр “Аргаль, янгирын бэлчээр, ус нь малынхтай ижил. Тиймээс гэрийн малыг эрүүл байлгах нь зэрлэг амьтан халдварт өвчнөөр өвчлөхгүй байх үндэс болдог.
Зэрлэг амьтны өвчин, үхлийн шалтгааныг тогтоож чадахгүй байгаа нь нууц биш. Өвчнийг анагаах, шалтгааныг нь тогтоох хүний нөөц хангалттай биш байна. Тухайлбал, хамуунаас болж хэчнээн янгир үхсэнийг тодорхойлж чадахгүй байгаа. Хээр талд дураараа яваа зэрлэг амьтныг өвчин туссаных нь дараа эдгээнэ гэдэг хэцүү. Өвчлөлийг таслан зогсоох, бусад амьтанд халдварлахаас сэргийлэх нь чухал” гэлээ. Янгирыг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд давс, хужир тавьж өгдөг юм байна. Өнгөрсөн жил гэхэд тусгай хамгаалалттай нутагт 30 сая төгрөгийн давс, хужир тавьжээ. Үүнийг хэчнээн аргаль, янгир олж идэж, хэр тарга тэвээрэг авсныг тодорхойлох аргагүй юм байна. Тухайн газар нутгийн байгаль хамгаалагчид л давс, хужир тавьсан газарт аргаль, янгирын мөр хэр байгаагаар ажлын үр дүнгээ тодорхойлдог аж.
АГНУУРЫН ТӨЛБӨРИЙН 50 ХУВИЙГ ТУХАЙН АМЬТНЫГ ХАМГААЛАХАД ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ
Тусгай хамгаалалттай газар нутагт камер байршуулж, ховордож буй ан амьтдыг илүү бодитоор хайрлаж, хамгаалах боломж бий. Гадаадын анчдыг тусгай зөвшөөрлөөр агнуулсан мөнгө сумын төсөвт ордог юм байна. Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тухайн мөнгөний 50 хувийг агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, уг амьтныг хамгаалахад зарцуулахаар тусгасан. Өмнө нь төв суурин, хилийн орчмоос бусад газарт ан агнуур хийж болдог байсан бол одоо зөвхөн агнуурын бүс нутагт л ан хийхийг зөвшөөрчээ. Манай улсад агнуурын 56 бүс нутаг бий. Энэ онд 30 орчим бүс нутагт тусгай зориулалттай агнуур хийхийг зөвшөөрсөн байна.
Өнгөрсөн онд агнуурын 15 бүс нутагт 15 угалз, 28 тэх агнах зөвшөөрөл олгожээ. Гэвч ан агнуурын төлбөрөөс тухайн амьтныг хамгаалах ажилд зарцуулсан нь ховор аж. Төв аймгийн Лүн, Өндөрширээт сум 1-2 сая төгрөг гаргасан. Бусад нь энэ талаар “дүлий” сууж. Энэ онд Засгийн газраас 28 аргаль, нэг аргалийг судалгаа шинжилгээний зориулалтаар, 40 тэх, 20 халиун буга, 10 бор гөрөөсийг тусгай зориулалтаар агнахыг зөвшөөрч, квот тогтоожээ. Мөн цагаан зээр, зэрлэг гахай, хүрэн баавгай, чоно, тул загас, хур, сойр, галуу, нугас, идлэг шонхор зэрэг амьтан, жигүүртнийг гадаадын анчдаар агнуулахыг зөвшөөрчээ. Эдгээр амьтанд зах зээлийн үнийн жишгээр үнэлгээ тогтоосон байна. Үүнд Алтайн тэх 1500, говийн тэх 1320, Алтайн угалз 14.000, хангайн болон говийн угалз 7000, халиун буга 850, хүрэн баавгай 1600, идлэг шонхрыг 10.800 ам.доллараар үнэлэн, агнах зөвшөөрөл өгчээ. Энэ төлбөрөөс тал хувийг нь тухайн амьтныг хамгаалах, менежментийг сайжруулахад зарцуулах ёстой. Гэвч үүнд тавих хяналт сул байгаа юм.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6.5-д “Засаг дарга байгалийн нөөцийг төрийн нэрийн өмн өөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргээ зохих ёсоор биел үүлээгүйгээс тухайн нутгийн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсныг эрх бүхий мэргэжлийн байгууллага хуульд заасан аргачлалаар албан ёсоор тогтоосон тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө огцруулах арга хэмжээ авна” гэж заажээ. Онц их хохирол гэдэг нь 38 сая төгрөгтэй тэнцдэг аж. Өөрөөр хэлбэл, тухайн нутгийн Засаг даргын буруутай үйлдлээс шалтгаалан тусгай хамгаалтад авсан ан амьтдын тоо толгой хорогдож, экологи, эдийн засгийн үнэлгээ нь 38 сая төгрөгт хүрсэн бол дээрх арга хэмжээг авдаг юм байна. Аймаг, сумын Засаг дарга нар зэрлэг амьтан үхэж хорогдоход БОНХЯ-нд мэдэгдэхээс өөр зүйл хийхг үй байгааг юу гэж ойлгох вэ. Ховор амьтны жагсаалтад орсон янгирын тархац, нөөцийг нарийвчлан судалж, тохиромжтой газарт сэргээн нутагшуулах, зориудаар өсгөн үржүүлэх, байршил нутагт задгай ус бий болгох, зудын үед нэмэлт тэжээл тавьж өгөх, нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалах, хууль бусаар ан агнахыг таслан зогсоон, удмын санг хадгалах зайлшгүй шаардлагатай байгааг үхсэн янгир, ишиг сануулаад авах шиг.
Ч.БОЛОРТУЯА