Одоогоос яг долоо хоногийн өмнөөс дуулиан тарьсан учир битүүлэг мессежний учгийг тайлах гэсэн оролдлого өрнөж, хүлээлт үүсгэв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр мессежний эзнийг тагнуулынхан тогтоочихсон юм билээ. Тэр нь парламентад бүгж буй юм гэсэн. Хэн болохыг илчлэх нь гагцхүү цаг хугацааны асуудал гэнэ. Гэвч хэн илгээсэн нь бус, хэдхэн үгтэй мессеж асар богино хугацаанд олон нийтийн санаа бодлыг хааш нь ч эргүүлж мэдэхээр нөхцөл байдал үүсгэж чадахаар байгаа нь жинхэнэ асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын нийт гишүүний талаас илүү рүү нь, бас тэдний өмнөөс зөвхөн сонгогчдод нь Румын, Мальт, магадгүй хамар дороос, ер нь хаанаас ч юм илт улс төрийн агуулга бүхий мессеж илгээчихээд байгаа нь эрхг үй нэгийг бодогдуулахаар байна. Тиймээс ч бид энэ удаа Монголын мэдээллийн аюулгүй байдал хангагдаж байгаа, эсэхийг тандлаа.
“Үнэндээ мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь ганц мэдээллийн технологи, цахим орчинтой холбоотой асуудал биш. Мэдээлэл гэдэгт бараг бүх зүйлийг хамруулж болно. Цаасан дээрх мэдээллээс авахуулаад хүмүүс хоорондын яриа хүртэл мэдээлэл болдог” гэж тус салбарын мэргэжилтний ярьсныг эшлэе. Гэвч дэлхийгээрээ даяаршиж, улам “ухаажиж” буйгаас хүссэн ч, эс хүссэн ч “мэдээллийн аюулгүй байдал” гэдгийг шууд л цахим орчин, техник технологийн асуудал гэж ойлгох хандлага давамгайлж буй. Өнгөрөгч хавар мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр манай улсад зохион байгуулсан олон улсын симпозиумын үеэр цахим аюулгүй байдлыг зөвхөн улс орны хэмжээнд бус бүс нутаг, гариг дэлхийгээрээ хамтран хамгаалах ёстой гэж оролцогчид санал нэгдсэний зэрэгцээ Монгол дахь хууль, эрх зүйн орчин, хандлага гээд бүхий л холбогдох зүйлийг орвонгоор нь эргүүлэх цаг болсныг сануулсан байдаг. Саяын үйл явдал Монголын үүрэн холбооны оператор компаниудын хамгаалалт харьцангуй сул болохыг нотолсон.
Мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, харилцагч, үйлчлүүлэгчийн нууцлалыг илүүд үздэгийн хувьд үүрэн холбооны оператор болон банк, санхүүгийн байгууллагууд цахим “дайн”- ы хамгийн эмзэг цэг болдог. Хасбанк, “Мобиком” корпорац мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг ханган ажиллаж буйгаа мэдээлдэг. Харамсалтай нь “Мобиком” корпорац хэрэглэгчид рүү нь хуурамч дугаараас мессеж илгээх үйлдлийг хаадаг бусад улсын оператор компаниудын жишгийг нэвтрүүлж чадаагүй бололтой. Төрийн байгууллагуудын хувьд ч мэдээллийн аюулгүй байдал төдийлэн хангагдаагүй болохыг зарим судалгаа харуулж буй. Тухайлбал, өнгөрөгч оны эхээр төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаарх анхны өргөн хэмжээний шалгалтад хамрагдсан 85 байгууллагаас 22 нь л зохих ёсны хамгаалалттай байгаа нь тогтоогдсон. Харин төрийн болон хувийн байгууллагуудыг оролцуулалгүйгээр буюу айл өрхийн түвшинд цахим орон зайд нэвтрэгсдийн аюулгүй байдал мөн л хангалтгүй байна.
Нэгэн мэргэжилтний хэлснээр гэрээсээ интернэтэд холбогддог монголчууд цахим халдлагад өртөх эрсдэлийн түвшнээрээ дэлхийд дөрөвт ордог гэнэ. Улсын болоод иргэдийнхээ хувийн нууцыг хадгалж, хамгаалахын тулд олон улсад мэдээллийн болон цахим орчны аюулгүй байдлын хяналтын төв, тусгай байгууллагатай байх жишиг тогтжээ. Манай улсад ч гэсэн ийм газар хэрэгтэй гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Мэдээллийн аюулгүй байдлын асуудалд олон улс эмзэг хандаж, ихээхэн няхуур, сэрэмжтэй байдгийн нэг жишээ бол БНХАУ-д төвтэй, мэдээллийн технологийн салбар дахь техник технологи, тоног төхөөрөмж нийлүүлэгч, дэлхийн хамгийн том, үндэстэн дамнасан компани болох “Huawei” Кибер аюулгүй байдлын хяналтын үндэсний төвийг нь санхүүжүүлдэг байхад англичууд тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг хянаж, шалгадаг явдал юм. Тэр тусмаа олон нийтийн хувийн мэдээлэлтэй холбоотой бүхэнд “арын хаалга”, мэдээлэл алдагдаж мэдэх “нүх сүв” байна уу гэж хянадаг байна.
Аливаа цахим халдлагад хориг тавьдаг, хамгаалалтын томоохон компанийн нэг, Хятадын “NSFocus” гэхэд л АНУ-ын Мэдээллийн аюулгүй байдлын “Veracode” хяналтын компанитай харилцан хамтран ажиллах, өөрөөр хэлбэл хоёр биеэ халдлагаас хамгаална гэсэн гэрээтэй байдаг аж. Үүнтэй төстэй бас нэгэн жишээ татахад цахим халдлага бага гардаг ч иргэдийн гар утсыг чагнах, хувийн мессежийг нь тараах хэрэг их гардаг Европын орнуудад, тэр дундаа Төв, Баруун Европын хөгжингүй орнуудад үүрэн телефоны операторууд бие биеэ харилцан хянах жишиг байдаг аж. Тагнуулын ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын газрын статус, эрх, хүрээг нь нэмэгдүүлэх шаардлагатайг ч үүсээд буй нөхцөл байдал харуулж байгаа юм. Үүнээс гадна мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниудын өрсөлдөөний орон зай ч Монголд дэндүү хязгаарлагдмал байна.
Б.НОМИН