Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын цахим сүлжээ рүү гадаад, дотоодоос байнга л довтолж, мэдээлэл хулгайлахыг оролдож байна. Кибер довтолгоонтой тэмцэх төвийнхний хэлж буйгаар манай улсын цахим сүлжээнд хандсан довтолгоо өдөрт 10-20 мянган удаа бүртгэгддэг аж. Сэжигтэй үйлдлүүд өдөрт 100-гаад мянга байдаг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд манай төрийн томоохон байгууллагын цахим сүлжээ рүү довтолж гэмтээсэн тохиолдол байгаа бол гадаадын компаниудтай харилцдаг аж ахуйн нэгжийн гадаад харилцааны менежерүүдийн цахим хаяг руу энэ он гарснаас хойш 5-6 удаа халдаж, захидлынх нь нууц үгийг хулгайлж, түүгээр дамжуулан хуурамч төлбөрийн нэхэмжлэл явуулж мөнгийг нь завшсан байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад манай хувь, хувьсгалын байгууллагынхан бүгд л өрөөсгөл ойлголттой өнөөг хүрч, мэдээллээ алдаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Манай аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлаа өөрсдөө хамгаалах хууль эрх зүйн тогтолцоотой. Гэхдээ тэд төхөөрөмж, программ худалдаж аваад л мэдээллийн аюулгүй байдлаа хангачихлаа гэж үздэг. Уг нь бол мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаа давтан сургаж, халдлагаас хэрхэн сэргийлэх, халдлагын үед яаж ажиллах талаарх мэдлэгийг нь нэмэгд үүлж байх ёстой эрин үед бид амьдарч байгаа шүү дээ.
Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг Монгол Улсад 2006 онд гарч байсан. Тодруулбал, “Голомт” банкинд ажиллаж байсан залуу найз нартайгаа нийлж, компьютерийн сүлжээнд нэвтрэн хуурамч гүйлгээ хийж, МИАТ-ын мөнгийг завшиж байсан юм. Гэвч тухайн үед манайд мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ойлголт хомс байсан учраас бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр ял шийтгүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш төрийн байгууллага, тэр дундаа Ерөнхийлөгчийн цахим хуудсанд халдсан тохиолдол гээд гарын хуруунд багтахааргүй олон халдлага гадаад, дотоодоос ирсээр байгаа. 2012 онд гэхэд Малайз, Украины иргэд банкны хуурамч карт ашиглан манай улсын худалдаа, үйлчилгээний газруудаас бараа худалдан авч, ойролцоогоор 50-иад сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Тэд гадаадын хакеруудаас банкны картны хар туузны мэдээллийг худалдан авч түүнийгээ ашиглан манай улсад орж ирэн хуурамч гүйлгээ хийсэн нь бас л мэдээллийн аюулгүй байдалд халдсан цахим гэмт хэрэгт тооцогдож буй аж. Гэвч залилан мэхлэх гэмт хэрэг хэмээн зүйлчилж ял шийтгэсэн нь хууль эрх зүйн орчин хангалтгүй, ямар гэмт хэргийг кибер гэмт хэрэг гэж үзэх талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаас энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхэд учир дутагдалтай, кибер аюулгүй байдлын нэг ч хэрэг шийдээгүй статистик бий.
Хамгийн сүүлд гэхэд Хан-Уул дүүрэгт байрлалтай нэгэн ноолуурын үйлдвэрийн дотоод сүлжээнд гаднаас халдаж, ихээхэн хэмжээний мөнгө луйвардахыг завдсан үйлдэл гарсан ч бас л залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Манай улсад байдал ийм байгаа бол Монгол Улсын иргэд кибер халдлага зохион байгуулж гадаадын цахим хуудсуудад халдсан тухай мэдээлэл ч байдаг юм байна. Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Д.Сумъяацэрэнгийн судалгаанаас үзэхэд 2010 онд манай улсын гурван иргэн ХБНГУ-ын банкны хадгаламж эзэмшигчдийн данснаас удаа дараа мөнгийг нь луйвардаж байсан аж. Мөн Энэтхэгийн хакерийн бүлэглэлтэй хамтарсан манай улсын хоёр иргэн тус улсын томоохон сонины газрын найман банкин дахь данснаас 17 мянган ам.доллартай тэнцэх рупи хумсалсан баримт ч байдаг гэнэ. Энэ онд гэхэд манай мэдээллийн томоохон цахим хуудсыг хэн нэгэн этгээд хакердсан нь бас л томоохон халдлагад тооцогдож буй ч энэ хэрэгт хэн нэгэн этгээд хариуцлага хүлээгээгүй өдий хүрсэн.
Кибер гэмт хэрэг гэж зөвхөн цахим хуудсаас мэдээлэл хулгайлахыг хэлэхгүй нь мэдээж. Хэдхэн хоногийн өмнө тохиолдсон УИХ-ын гишүүдийн гар утас руу мессеж илгээх явдал ч кибер гэмт хэргийн нэг төрөл. Үүнийг хаанаас хийсэн бэ гэдгийг тогтоох нь чухал. Түүнээс гадна дэлхий нийтээрээ өргөн хэрэглэх болсон фэйсбүүк хуудсаар дамжуулж гадаадын хаягаас танилцах мессеж илгээн, улмаар бичлэг хийж, түүнийг нь олон нийтэд тараана хэмээн сүрдүүлэх явдал ч цахим гэмт хэргийн нэг төрөл юм. Кибер ертөнц гэдэг хязгааргүй. Дэлхий нийтийг хэрэн хэсэж байдаг. Цахим сүлжээ ашигласан гэмт хэргийг хаанаас ч хийж мэдэх болсон энэ цаг үед манай улс тухайн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орж, шаардлагатай мэдээлэл, туршлага солилцох нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд тус дөхөм болох юм.
Монгол Улсын Үндсэн хууль
Арван зургадугаар зүйл.
13.Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Үндэсний аюулгүй байдал
1.2.3.Аюулгүй байдлын бодлого цогц байх Монгол Улсын “оршин тогтнохуйн аюулгүй байдал”, “эдийн засгийн аюулгүй байдал”, “дотоод аюулгүй байдал”, “хүний аюулгүй байдал”, “хүрээлэн байгаа орчны аюулг үй байдал”, “мэдээллийн аюулг үй байдал” харилцан уялдаатай хангагдсанаар үндэсний аюулгүй байдал баталгаажна.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр
Нэг. Нийтлэг үндэслэл
Мэдээлэл, харилцаа холбооны технологи манай орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэвтэрч, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаа нь мэдээлэл, харилцаа холбооны технологитой салшгүй холбогдон, цахим засаг, цахим боловсрол, цахим эрүүл мэнд зэрэг мэдээлэлжсэн нийгмийн бүрдэл хэсгүүд үүсэн хөгжиж байгаатай уялдуулан мэдээллийн аюулгүй байдлыг хангах явдал нь өнөөгийн тулгамдсан асуудал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болж байна.