“Эрдэнэс Тавантолгой” компанийн Зүүн Цанхийн ордын тонн нүүрсний үнэ 22 ам.доллар болж унав. Энэ бол Монголын Засгийн газрын Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу тогтсон үнэ. Манай Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараах зорилгоор 2011 онд “Чалко” компаниас 250 сая ам.долларын зээл авсан. Дараа нь нэмж 100 сая “ногоон” зээлж, энэ өрийг “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээр төлж барагдуулах үүрэг хүлээсэн юм. Нийт 350 сая ам.долларын өрийг барагдуулахаар тус компани сүүлийн гурван жил ажиллалаа. Эхэндээ нэг тонн нүүрсээ 70 “ногоон”-оор үнэлэн нийлүүлж байсан. Хятадын зах зээлд нүүрсний ханш буурах тусам гэрээний үнэ “гулссаар” байв. Эцэст нь дээрх үнэ тогтсон хэрэг. “Эрдэнэс Тавантолгой”- н захирал Я.Батсуурь их хэмжээний алдагдал үүсэхээс айгаад “Чалко”-д нүүрс нийл үүлэхээ зогсоолоо. Өрийг бэлнээр төлөх нь ашигтай гэж тэрбээр дуугарсан удаатай. Үүнтэй давхцаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг стратегийн хөрөнгө оруулагч сонгох замаар хувийн хэвшилд шилжүүлэх тухай яриа чих дэлссэн. Ингээд Засгийн газар Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268 дугаар тогтоолыг баталж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг хувийн хэвшилд хариуцуулах замыг заалаа.
Тогтоолын амин сүнс нь мэргэжлийн багтай үндэсний хөрөнгө оруулагчаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдуулж, богино хугацаанд Тавантолгойн орд газарт нүүрс боловсруулах үйлдвэр, Тавантолгой- Гашуунсухайтыг холбосон төмөр замын суурь бүтцийг тавиулах юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н өр төлбөрийг ч хариуцуулах заалт бий. Бодлогын чанартай энэ хөзрийг Засгийн газрын тэрг үүн биш, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж атгаж суугаа гэх. Хоёр тэрбум орчим тонн коксжих нүүрсний нөөц эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”- г хэнд мэдүүлэх вэ. “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-д 115, Хөгжлийн банкинд 200, арилжааны банкуудад 80 сая орчим “ногоон”-ы өртэй. Нийт 395 сая ам.долларын өртэй гэсэн үг. Тэднийх жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Тус угаах үйлдвэр нь 570 сая ам.долларын өртгөөр босно. Нойтон баяжуулах технологитой үйлдвэр байх бөгөөд Балгасын улаан нуураас ус татахаар төлөвлөжээ. Усан хангамжийн байгууламж барихад 110 сая “ногоон” зарцуулна. Үүнээс гадна хөрөнгө оруулагч тал Тавантолгой-Гашуунсухайтыг холбосон төмөр замын суурь бүтэц барих үүрэг хүлээнэ. Үүнд 800 сая ам.доллар шаардлагатай.
Манай Засгийн газар урьдчилгаа төлбөр нэхэж магадгүй. Хөрөнгө оруулалт, өр нийлээд 1.75 тэрбум ам.доллар болно. Дор хаяж, 1.5 сая ам.долларын бэлэн хөрөнгийн баталгаа гаргах компани сонгогдох болов уу. Тогтоолд үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан компанид менежментийг хариуцуулахаар заасан. Энэ шалгуурыг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монголиан майнинг корпорэшн” (ММС) компани л хангахаар байгаа. Сүүлийн таван жил Монголын нүүрсний салбарт тогтвортой ажилласан, монголчууд хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг, боловсруулах үйлдвэртэй компани МMC-гээс өөр үгүй. Ерөнхийл өгчийг ММС-д “Эрдэнэс Тавантолгой”-г өгөхөөр Засгийн газрыг лообийдсон гэж ярих “бор шувуу” олон байна. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төр бизнестэй байх ёсгүй гэж үздэг. Энэ үзэл бодлоо олонтаа илэрхийлж байсан. ММС хөрөнгө оруулалтын 51 хувийг гаргадаг юм байж. Харин 49 хувьд нь хөрөнгө оруулах зөвшөөрлийг Хятадын “Шинхуа энержи”, АНУ-ын “Пиибоди энержи” зэрэг өмнө нь энэ ордод ажиллах сонирхлоо илэрхийлсэн зургаан компанид олгосон. Нэр дурдсан хоёр компанийн Монголын нүүрсний салбарт ажиллах сонирхол хэвээр байгаа. Харин бусад нь нүүр буруулсан гэж ярьж буй.
Хөрөнгө оруулагчид шийдвэрээ энэ сард багтаан дуулгах учиртай. Хугацаа ч тулав. “Пиибоди энержи”- ийнхнээс хөрөнгө оруулах эсэхийг сонирхвол шийдвэрээ нууцалж байна. Харин “Шинхуа энержи” хөрөнгө оруулах сонирхлоо ил илэрхийлж байгаа. Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих санал гаргасан сурагтай. Угаасаа ч манайхан стратегийн хөрөнгө оруулагчдад худалдан авагч талыг багтаах сонирхолтой байгаа учраас “Шинхуа энержи” хэлэлцээрийн гол оролцогч байна гэж энэ салбарынхан үзэж буй. “Шинхуа энержи” бол нүүрсний олборлолт, борлуулалтаар дагнан ажилладаг том компани. Ер нь “Шинхуа”, “Пиибоди”-гоос өөр Монголын нүүрсийг сонирхох компани ховордсон. “Эрдэнэс Тавантолгой”- г төрийн савраас салгахыг олон нийт дэмжиж буй нь илт байна. Харин шинээр дэлгэсэн хөзөр монголчуудад хэр их ашиг орлого авчрахыг тааварлашгүй.
БАЙР СУУРЬ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г УЛС ТӨРӨӨС ХОЛДУУЛАХ НЬ ЗӨВ
Т.Наран (Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал):
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг стратегийн хөрөнгө оруулагчдаар хийлгэх нь зөв үү?
-Зөв. Энэ компанийг ашигтай ажиллуулъя, олон улсын зах зээлд хувьцааг нь гаргая гэж бодож байвал менежментийг нь хувийн хэвшилд шилжүүлсэн нь дээр. Өөр ямар ч гарц байхгүй. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компани аж ахуйн нэгж гэхээсээ Засгийн газрын агентлаг шиг л байна шүү дээ. Гүйцэтгэх захирлаар нь эрх баригч намын нөлөө бүхий гишүүн томилогдож байх жишээтэй. Тэгэхээр энэ компани тодорхой нам, улстөрчдийн эрх ашигт үйлчилдэг болчихоод байгаа юм. Уг нь Монгол Улсад, нийт иргэдэд үйлчлэх ёстой биз дээ. “Эрдэнэт” үйлдвэрийг улс төрийн хүчнүүд, улстөрчид өөрийн эрх ашигт үйлчлүүлж ирсэн нь нууц биш. Ордын нөөц дуусаж байгаа болохоор менежментийг нь шинэчлэх талаар яриа хөөрөө гарахгүй байх шиг. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа социализмын үед хэлбэр дүрсээ олоод жигдэрчихсэн учраас гарын ая дааж байгаа. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж, хөрөнгө оруулалтаа ч татаж чадаагүй байна. Ийм үед нь улстөрчдийн гар оролцчихоор босож чадахгүй байна шүү дээ. Улстөрчдийн хараанд байсан цагт гадаадын банк санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулахгүй. Засгийн газар нь солигдохоор бодлого, чиглэл нь өөрчлөгдөнө гэж тэд болгоомжилж байна. Засгийн газар 268 дугаар тогтоолоор Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтыг үргэлжлүүллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид бараг л сонирхохгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-г үндэсний компани болгоё гэвэл улс төрөөс холдуулах хэрэгтэй.

ММC САЙН МЕНЕЖМЕНТ ХИЙЖ ЧАДНА
Б.Мөнхдөл (“Ковер Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал):
-“Монголиан майнинг корпорэшн” компанид “Эрдэнэс Тавантолгой”- н менежментийг өгөх нь гэж ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Төр бизнес хийх нь зохимжгүй. Бидний сонгосон хөгжлийн зам бол хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт эдийн засаг. Ялангуяа уул уурхайн салбарт төр хутгалдах хэрэггүй гэж боддог. Уул уурхай бол тун эрсдэлтэй салбар. Тиймээс эрсдэлийг төр, ард түмэн үүрэх нь тохиромжгүй. Хувийн хэвшлийнхэн эрсдэлээ үүрээд энэ салбарт ажиллах ёстой. Миний үзэл бодолтой нийцэж буй учраас Засгийн газрын 268 дугаар тогтоолыг дэмжиж байгаа. Уг тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанид хөрөнгө оруулж, менежментийг хариуцах компани нүүрс олборлох, боловсруулах, экспортлох үйл ажиллагааг олон жил эрхэлсэн, үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байна гэсэн шалгуур тавьсан. Энэ шалгуурыг “Монголиан майнинг корпорэшн” компани л давна гэж хүмүүс ярьж байна. Тус компани Тавантолгойн ордыг бүхэлд нь эзэмшиж байгаад стратегийн ангилалд багтахад дийлэнх талбайг нь төрд буцаан өгсөн. Тиймээс Тавантолгойн ордыг маш их судалсан, тэр хэмжээгээр мэднэ. Мөн манайд нүүрс баяжуулах ганц үйлдвэрийг барьсан, том экспортлогч компани юм. “Монголиа майнинг корпорэшн” нь ТавантолгойГашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Тавантолгойн бүлэг ордын менежментийг “Монголиан майнинг корпорэшн” сайн хийж чадна.

ШАХААНЫ БИЗНЕСИЙН ҮҮР БОЛНО
Д.Галсандорж (Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч):
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг стратегийн хөрөнгө оруулагчдад шилжүүлж, боловсруулах үйлдвэр бариулж, дэд бүтэц тавиулснаар нүүрсний экспортын нөхцөл хэрхэн сайжирна гэж харж байна вэ?
-Манай холбооноос Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нэг баяжуулах үйлдвэртэй, нэгдсэн маркетингтай нүүрсээ борлуулдаг, тээврийн дэд бүтэцтэй байх шаардлагатай гэж үздэг. Энэ саналаа ч олон удаа хэлж байсан. Ер нь нүүрсний экспортыг нэгдсэн бодлогоор явуулах шаардлагатай юм. Ингэж “нэг цонх”-оор экспортолбол нүүрсээ үнэд хүргэж чадна. Тавантолгойн ордын өрсөлдөх чадвар ч сайжирна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа өндийх янз алга. Энэ компанийг мэргэжлийн менежментийн багаар удирдуулахгүй байна. Удирдлагууд нь худалдан авагч талтайгаа ч хэл амаа ололцдоггүй бололтой. Хувийн хэвшилд менежментийг нь шилжүүлэх хэрэгтэй нь маргашгүй. “Монголиан майнинг корпорэшн” компанид “Эрдэнэс Тавантолгой”-н менежментийг өгөх нь гэж ярьж байна. Болохгүй зүйл огт байхгүй. Хамгийн сайн менежментийн багтай, шалгуурыг нь хангасан компани байх ёстой. Төрийн мэдэлд байгаад хэрэггүй. Шахааны бизнесийн үүр болно.
Т.ЭНХБАТ