“Өнөөдөр” сонин №246 (5340) дугаартаа цацраг идэвхт бодис уран тойрсон асуудлаар Сүхбаатар аймгаас бэлтгэсэн “Аревад богтлогдсон Сүхбаатар” гэсэн сурвалжлагыг хүргэсэн. Энэ удаа тус аймгийн Дарьганга сумын Засаг дарга болон иргэдийн яриа, Цөмийн энергийн газар, “Арева Монгол” компанийн байр суурийг хүргэж байна. “Кожеговь” компанийн хээрийн ангийнхан энэ сарын 20-нд Дарьганга сумын нутагт очсон байв. Тэд сумын Засаг дарга М.Батжаргалтай уулзан, тус сумын ойролцоо хайгуул хийх гэж буйгаа мэдэгдэж, өрмийн ажил эхлэхээс өмнө Эрдэнэцагаан сум руу яваад ирнэ гэж хэлээд хөдөлжээ. Энэ суманд Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуурыг хамарсан Дарьгангын төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар бий. Олон зуун жилийн турш халх даяар шүтэж, биширч ирсэн уул овоо, мянга мянган хун чуулдаг Ганга нуур, хүн чулуун хөрөг бүхий түүх дурсгалын газрын ойролцоо цацраг идэвхт уран хайх, цаашлаад олборлолт явуулахыг орон нутгийн иргэд мөн л эсэргүүцэж байгаа юм. Тус сумын нутагт олгосон тусгай зөвшөөрлийг Дарьганга, Дунднарт, Шүүт нэрээр өгчээ.
Харин Алтан-Овооны орчмын бүс нутгийг Хүйтэн уул хэмээн нэрлэжээ. Тусгай зөвшөөрлийг Алтан-Овоогоор нэрлэчихвэл олны анхаарлыг татаж, маргаан өрнөх нь дамжиггүй учраас ийн болгоомжилсон бололтой. Сүхбаатар аймаг ундны усны нөөц багатай. Харин Дарьганга усны нөөцөөр бусдаасаа арай илүү боловч энэ нь геологийн эрэл хайгуулын нөлөөг өөр улам бүр багасах магадлалтайг орон нутгийнхан ярьж байна. Өдгөө тус аймгийнхан “Кожеговь” компани болон Улаанбадрахад дэгдсэн ураны сэдвээр ид ярьж байна. Химийн хорт бодис, үсгүй төл мал, мал хээл хаясан, байгалийн жамаар татарч байгаа ундны ус, бэлчээрээ хэрхэн хамгаалах вэ гэх яриа тэдний дунд өрнөж байгаа юм. Манай сурвалжлах хэсэг 19-нд Дарьганга суманд ажиллаж, энэ үеэр сумын Засаг дарга, иргэдтэй ярилцсан юм.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ГҮТГЭЖ БОЛЖ БАЙНА УУ
Дарьганга сумын Засаг дарга М.Батжаргал:
-Танай сумын нутагт ураны хайгуул хийх тусгай зөвшөөрөл хэд байгаа вэ?
-Ганцхан бий. “Арева” группийн охин компани “Кожеговь”-ийнх. Байрлал нь сумын хойд талд. Гэхдээ Алтан-Овоонд хамааралгүй, тэндээс 20 км зайтай.
-Хайгуулын талбай 20 биш таван км зайд байгаа юм биш үү?
-Хүмүүс дандаа худлаа ярьдаг. Надад, бидэнд мэдэгдэхгүйгээр Алтан-Овооны ойрхон лиценз олгогдсон гэдэг нь худлаа байх. Ялангуяа ураны хайгуул хийж байгаа талбай нь овооноос бүр хол. Өнгөрсөн жил 50 гаруй км-т хийсэн. Энэ жил хийгээгүй. Хайгуулын талбай суманд ойр биш болоод ч юм уу, манай иргэд асуудал үүсгэдэггүй. “Кожеговь” компани ажлаа хийхдээ аймгийн Байгаль орчны газраас хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авч, орон нутагт ус, зам ашиглах гэрээ хийдэг. Түүнээс биш орон нутгийн удирдлагад эрх мэдэл байхгүй.
-Энэ компани орон нутгийн хөгжлийг дэмжих нэрээр мөнгө өгсөн гэдэг. Танай суманд, танд хуваарилсан зардал бий юү?
-Надад мэдэх юм алга. Манай суманд өгсөн юм байхгүй. Хэнд хэдэн төгрөг өгсөнийг би мэдэхгүй. Төрийн бус байгууллага гэх нэрээр худлаа ярьж, ард түмний толгойг эргүүлдэг хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тийм хүмүүс манай суманд ирж, Онгон сумын байгаль орчны байцаагчийг мөнгө авсан гэж ярьсан. Би тэдэнд “Та нар төрийн албан хаагчийг гүтгэж болж байна уу. Үүнийгээ баталсан юм уу” гэж хэлсэн. Тэд “Хүмүүс тэгж ярьж байна лээ” гэсэн.

ХҮЙТЭН УУЛ НЭРТЭЙ ГАЗАР МАНАЙ СУМАНД БАЙХГҮЙ
Дарьганга сумын иргэн Д.Дугарсүрэн:
-Лиценз олгож байгаа нь нутаг усаа худалдах оршил гэж боддог. 1911 оны тусгаар тогтнол, Халх голын дайныг бодоход “Тэр үеийн хүмүүс энэ газар нутгийг өөрсдөө насаараа амьдрах гэж биш, өнөөдрийн бидэнд ямар их үнээр авч өгөө вэ”. Бид бас юм бодох ёстой байх. Хөрсөн доорх баялгаа шавхах биш ирээдүйд, төрөөгүй байгаа үр хойчдоо үлдээх учиртай. Уран хоолойд тээглэсэн яс биш. Бид бас учиргүй ядраад аргаа барчихаагүй байна. Энэ мал сүрэг, газар нутаг, бусад төрлийн ашигт малтмал бидэнд бий. Алт, нүүрс бол яах вэ болж байна. Би ураны мэргэжилтэн биш. Гэхдээ цацраг идэвхт бодис эрж хайж байгааг дэмжихгүй. Товчхондоо бол Дарьгангыг Улаанбадрахын ирээд үй хүлээж байна. Бид тэр явдлыг давтагдахаас өмнө засах ёстой. Дарьгангачууд сэрэх ёстой болж. Сэрнэ гэдэг нь Ц.Мөнхбаярын үйлдлийг давтана гэсэн үг биш. Бид үнэнийг мэдэх эрхтэй. Иргэдийг мэдээллээр хангах ёстой. Бидэнд зүгээр нэг завсрын хүн, агентлагийн хүн биш, шийдвэр гаргах эрхтэй хүмүүс тайлбар өгөх хэрэгтэй. Хэрвээ 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр юм бол газрын доорх баялаг зөвхөн ард түмний өмч хөрөнгө. Гэтэл өнөөдөр хайгуул хийх нэрээр газар нутгийг ард түмэн нь мэдээгүй байхад ухаж эхэллээ. Энэ чинь биднээс хулгай хийж байгаа хэрэг.
Манай Дарьганга суманд Хүйтэн уул гэдэг нэрээр ураны хайгуулын лиценз олгосон байгаа юм. Тийм нэртэй газар манай суманд байхгүй. Хэрвээ АлтанОвоонд ийм нэрээр лиценз олгосон байвал бид хайгуул хийлгэхгүй. Бид хайгуулын ангийн дэргэд очоод хэвтчихнэ. Тэртэй тэргүй өвг өрч байгаа хүн газар нутаг, хойч үеийнхээ төлөө үхэхэд болохгүй юм алга. Сүүлийн үед зурагтаар ураныг цөмийн технологи, анагаах ухаан болон бусад салбарт хэрэгтэй гэж ярьж байгаа. Бид үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ уран ашиглах технологио зэхээг үй байж ийм мэдээлэл цацаж байгаа нь ард иргэдийг мунхруулж байгаа хэрэг. Нөгөө талаар энэ ашигт малтмал ач холбогдолтой юм бол нутгийн иргэдэд хэлэх ёстой. Яагаад хэлэхг үй, нуугаад байна вэ. Нууц байна гэхээр ямар нэгэн “юм” байна гэсэн үг.

УРАН АШИГЛАХ, ЭСЭХИЙГ ТЕГ, ҮАБЗ ШИЙДНЭ
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр:
-Сүхбаатар аймагт олгосон ураны хайгуул хийх 19 тусгай зөвшөөрлийг орон нутгийн иргэд таатай хүлээж авахгүй байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Лиценз, тусгай зөвшөөрлийг дан ганц Сүхбаатар аймгийн тухайд биш, улс орны хэмжээнд ярих ёстой. Ураны хайгуулын лиценз манай үйл ажиллагааны зөвхөн нэг хувийг эзэлдэг. Манай агентлаг Олон улсын атомын энергийн агентлагаас тавьдаг шаардлагад нийцүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас баталсан дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас бүх ажиллагаа хуулийн хүрээнд хэвийн явж байгаа. Сүхбаатар аймагт зөвхөн хайгуул хийж байгаа. “Кожеговь” компани өнгөрсөн хугацаанд хайгуулын зардалд 120 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан мэдээ байна.
-Хайгуул хийж байгаа тал энэ их хөрөнгийг ямар ч үр ашиггүй булна гэж байхгүй. Нөөцөө тогтооно, дараа нь олборлох, ашиглах тухай ярих нь тодорхой биш үү?
-Эхлээд хайгуул хийж, ашигт малтмалын нөөцөө тогтоож, Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр баталгаажуулна. Үүнийг ашиглах, эсэхийг ТЕГ болон ҮАБЗ шийднэ. Тус аймагт олгогдсон хайгуулын 19 тусгай зөвш өөрөл бүхий газраас ураны нөөц тогтоогдохгүй ч байж магадгүй. Тийм тохиолдолд хайгуулын зардлын эрсдэлээ энэ компани өөрөө хариуцна. Сүүлийн жилүүдэд ураны лицензийн тоо эрс буурч байгаа. 164 байсан тусгай зөвшөөрөл өнөөдөр 58 болтлоо цөөрсөн.
УРАН ОЛБОРЛОХ ТАЛААР ЯРИХАД ЭРТ БАЙНА
“Арева Монгол”, “Кожеговь” ХХК-ийн ерөнхий захирал Тьерри Плэзант:
-“Кожеговь” компани Сүхбаатар аймгийн 12 суманд, хэчнээн хэмжээний талбайд ураны хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй вэ?
-Манай компани тус аймгийн зургаан сумын 4321 ам км талбай бүхий газарт ураны хайгуул хийх хайгуулын 13 тусгай зөвш өөрөлтэй. Одоогоор хайгуулыг таван сумын нутагт хийж байна. Бид Монгол Улсын тодорхой хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлж буй тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлөө сунгуулах боломжтой. Одоогоор ураны хуримтлал үүсгэж болох геологийн тогтоц, хурдас чулуулаг, зүй тогтлын талаарх хайгуулын эхний шатны ажлаа хийж байгаа. Ураны нөөц илрүүлээгүй. Ийм хуримтлал буйг тогтооход 10-20 жил шаардагддаг.
-Одоо хайгуул хийж байгаа ч нөөц илэрсэн тохиолдолд олборлох, боловсруулах тухай асуудал яригдана биз дээ?
-Ураны нөөц тогтоогдоогүй байхад олборлолт болон технологийн талаар ярихад эрт байна.
-Төрийн тусгай хамгаалалттай газарт цацраг идэвхт бодисын хайгуул хийлээ гэсэн эсэргүүцэл орон нутгийнхны дунд байна. Тэдэнтэй хэрхэн ойлголцъё гэж бодож байгаа вэ?
-“Кожеговь” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүд тусгай хамгаалалттай газар нутагтай давхацсан тохиолдол байхгүй. Баяндэлгэр сум дахь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг улсын тусгай хамгаалалтад авсан учраас бид тэр хэсгийг нь тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хасуулж байсан. Манай компани орон нутгийн ард иргэдэд нээлттэй хандаж, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хамтрахыг эрмэлздэг. Иргэдтэй уулзлаж үйл ажиллагаагаа таниулна.
-Танай компанийн хайгуул хийсэн талбайн хөрс зөөлөрч, ан амьтан, мал үхсэн байгаа. Гэвч малчдын хохирлыг барагдуулаагүй. Яагаад тэр вэ?
-Өнөөдрийг хүртэл нэг ч малын эзэн бичгээр албан ёсоор манай компанид гомдол гаргаагүй.
-Онгон суманд нөхөн сэргээсэн гэх талбайд ирэх хавар хөрсний ус дахин асгарч магадгүй харагдаж байна лээ. Үүнийг мэргэжлийн нөхөн сэргээлт гэж үзэх үү?
-Тус суманд өрөмдсөн хоёр газраас артезийн даралттай ус гарсан. Артезийн усны шүүрэл явж байгаа хэсгийг 112, 114 метрийн газрын гүнд бетоноор бөглөж, нөхөн сэргээлтийг аравдугаар сарын 1-нд дууссан юм. Энэ бол мэргэжлийн түвшинд хийсэн нөхөн сэргээлт. Энэ ажлыг гүйцэтгэж дуусахад Онгон сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч “Онгон тагш нутаг” ТББ, Онгон сумын телевиз, манай гэрээлэгч “Уран Дриллинг” компанийн төлөөлөл байлцсан. Ирэх оны дөрөвдүгээр сард дээрх бүрэлдэх үүн энэхүү хоёр цооногийг дахин хянах юм. Тэр үед цооногоос ус гарахгүй гэж үзэж байгаа.
-Танай компани орон нутгийн хөгжлийг дэмжих ажилд тодорхой хөрөнгө гаргаж сумдад өгсөн мэдээ бий. Харин Засаг дарга нар мөнгө аваагүй гэж байх юм. Ямар учиртай юм бол?
-Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт боловсрол, эрүүл мэнд, ундны усны хангамж зэрэг салбарт төсөл, хөтөлбөр хэрэгж үүлдэг. 2012 онд Онгон сумын удирдлагын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу “Баянбогд сончин” ХХКтай хамтран гурвалсан гэрээ байгуулж, Хавиргын булгийн эхийг хамгаалж, орчныг тохижуулсан. Ажлын төлбөр 23 сая төгрөгийг гүйцэтгэгч “Баянбогд сончин” компанид шилжүүлж, орон нутаг хяналтаа тавьсан.
-“Кожеговь” орон нутагт дэмжлэг үзүүлэх ажиллагаанд жилд хэдий хэрийн хөрөнгө төсөвлөдөг вэ?
-2014 онд бид орон нутагт зарцуулах төсөл, хөтөлбөрт 371 сая орчим төгрөг зарцуулахаар төсөвлөж, Дорноговь, Сүхбаатар аймагт тогтвортой хөгжлийн чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон суманд артезийн худгийг тохижуулж, мал усалгааны худаг болгоход 20 орчим сая, Эрдэнэцагаан сумын 90 жилийн ой, урлагийн тоглолтод оролцох 90 хүүхдийн хамтлагийн хувцас, хөгжмийн зэмсэг өгсөн. Мөн өнгөрсөн хугацаанд тус сумын Иргэдийн нээлттэй танхимыг компьютер, проектороор тоноглоход 15 сая төгрөг, сумын эмнэлэгт 14 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч өгсөн. Түүнчлэн Дарьганга сумын төвд байдаг XIII-XIV зууны үеийн хаан, хатан, хүүгийн хөшөө дурсгалыг хамгаалах, хашаа барьж тохижуулах ажилд 42 сая төгрөг зарцуулсан.
Ураны хайгуул хийх тусгай зөвшөөрөл өгсөн төрийн байгууллага, эл ажлыг гүйцэтгэж байгаа “Арева Монгол”, “Кожеговь” компани, ураны хайгуулын цэгт оршиж буй Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга сумын иргэд, удирдлагын ярианаас тэдний байр суурь зөрчилдөж байгаатай уншигч та танилцлаа. Тухайлбал “Арева” группийнхэн “Хайгуул хийж буй сумдын хөгжилд эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг” гэж мэдэгдсэн бол орон нутгийн удирдлагууд үүнийг үгүйсгэж байна. Түүнчлэн Дарьгангад Хүйтэн уул нэртэй тусгай зөвшөөрөл бий. Хэрэг дээрээ тус сумын нутагт ийм нэртэй газар байхгүй бөгөөд энэ нэрээр Алтан-Овоонд хайгуул хийх эрх олгосон. Энэ үнэн үү. Мөн Засаг дарга М.Батжаргалын хэлсэнчлэн Дарьганга суманд ураны тусгай зөвш өөрөл нэгээр тогтохг үй олгогдсоныг гэрчлэх баримт юу өгүүлж байна вэ. Энэ тэгээд худалд нуугдсан үнэн үү, үнэнд нуугдсан худал уу.
Д.ОТГОНЖАРГАЛ