Гурван зууны түүхтэй нийслэл хотыг дөрвөн уулынхаа дунд төвхнүүлснээс хойш үе үеийн нийслэлчүүд дэлхийд анхны дархан цаазат Богдхан уулаа шүтэн дээдэлж, цай сүүнийхээ дээжийг өргөж ирсэн. Харин өнөөдөр Богдхан уул, Зайсан толгой хавийн газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргаагүй ч Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй суурьшлын бүс болоод байгаа. Ялангуяа Зайсан толгойн орчим дахь Зөвлөлтийн дайчдын цогцолбор, Танктай хөшөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг түүх, соёл, шашны дурсгал бүхий газруудыг тойрон метрополис хотын иргэдийн тав тухыг хангасан сайхан орчин бүрдүүлсэн. Энэ зун Зайсангийн соёл амралтын цогцолборын нэг хэсэг болох өнгө өнгийн гэрлээр солонгордог усан оргилуурыг ашиглалтад оруулсан нь зэргэлдээх Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, тэр хавийн гоёмсог хотхонуудтай гайхалтай зохицон, нийслэлд өнгө үзэмж нэмсэн юм. Хотын захиргаа одоо л нэг хот төлөвлөлт, барилга архитектуртаа анхаарч, зай гарвал байшин барьж, завсар байвал зам тавихаа больж, газар зохион байгуулалтын дагуу бүтээн байгуулалт өрнүүлдэг боллоо гэж бодож байв. Гэтэл замбараагүй газар олголт, хэн дуртай нь юу хүссэнээ босгодог байдал засраагүйгээр барахгүй, улсын маань нийслэл Улаанбаатарыг гадаад, дотоодынхонд сурталчлах “нэрийн хуудас” болох учиртай Зайсангийн соёл амралтын цогцолбор, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн голд “тэмээн дотор ямаа” гэдэг шиг нэгэн сонин барилга баригдаж эхэлжээ.
Хотын захын гэр хорооллын хаа сайгүй дэлгүүр, буудал гэсэн хаягтай 2-3 давхар шавар байшин тааралддаг. Гэтэл үүнтэй адил нэгэн байшин энд босож байна. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгээс 100 метр, Зайсангийн соёл амралтын цогцолборын усан оргилуурын баруун талд ХААИСийн харьяа Цэвэр усны сангийн байр бий. Гадуураа төмөр хашаа бүхий энэ цагаан байшин хэдэн арван жилийн түүхтэй. Цэвэр усны сан гэдэг утгаараа дээр үед бараг л улсын тусгай хамгаалалтад байсан байх. Тийм ч болохоор Зайсангийн соёл амралтын цогцолбор, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа ч энэ хэсэг газрыг тэр хэвээр нь “хамгаалалтад” үлдээсэн. Энэ газар нь ХААИС-ийн харьяанд байдаг юм байна. Зайсан хавийн гүний усыг хамгаалдаг энэ сан яагаад тус сургуулийн харьяанд оччихдог юм, бүү мэд. Захирлаар нь ажиллаж байсан хүн газрыг нь хувь хүнд өгснөөр энэ асуудал өнөөдөр маргаан үүсгээд байгаа аж. Газар дээр нь очиж, барилга барьж буй хүмүүстэй уулзлаа. Батбаатар гэдэг хүний захиалгаар барилгын ажил гүйцэтгэж байгаа гэх хэдэн залуучуудаас өөр мэдээлэл өгчих хүн байсангүй. Хүнсний мухлагийн өргөтгөл хэмээн тэр хавийнхан нь ярьж байсан ч гурван давхар орон сууц барьж буй гэнэ. Цэвэр усны сангийн хажууд барилга барьж байгаа тул Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, Нийслэлийн МХГаас шалгаж, энэ сарын 21-ний өдрөөс барилгын ажлыг нь зогсоож, техник, тоног төхөөрөмжийг нь хураажээ. Гэтэл биднийг найм хоногийн дараа очиход барилгын ажил үргэлжилсэн хэвээр байлаа.
Мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад барилгын ажил яагаад үргэлжилж байгааг асуувал “Бүх зөвшөөрөл нь байгаа гэсэн. Энэ барилгыг бариулж байгаа Батбаатар гуай өөрөө зохицуулна гэсэн. Бид мэдэхгүй. Арваннэгдүгээр сард багтаан барьж дуусгах ёстой” хэмээн хариулав. Уг нь нэг ч бай, гурван давхар ч бай барилгын ажил гүйцэтгэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын стандарт, норм журмыг баримтлах ёстой. Гэтэл энд тийм зүйл алга. Шил шилээ дарсан барилгын осол энд тэндгүй гарч байгаа. Ялангуяа энэ мэт хууль бус барилгуудад мэргэжлийн бус, сайн дурынхан ажилладгаас барилгын аюулгүй байдлын стандартыг мөрддөггүй. Батлагдсан, зөвшөөрсөн зураг төслийн дагуу ч барьдаггүй бололтой. Хотын нүүр царай болсон ийм орчинд орон сууц барихад чанар, стандартаас гадна өнгө үзэмж, архитектурын шийдэл хамгийн чухал. Тиймээс ямар загвар хийцтэй барилга босох гэж буйг сонирхов. Гэтэл үзүүлж харуулах зураг ч байсангүй. Уг нь нийслэлд, тэр дундаа ийм онцгой бүсэд барилга барихдаа Хотын ерөнхий төлөвлөгөөний газраар зураг төслөө хянуулж, зөвшөөрөл авдаг. Гэтэл энд иргэн Батбаатар гэдэг хүний хувийн орон сууц барихад Монгол Улсад мөрдөгдөж буй Барилгын тухай хууль, хотын ерөнхий төлөвлөлтийн бодлого үйлчилдэггүй бололтой.
Төрийн холбогдох байгууллагууд шалгаад барилга барих үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг үл ойшоож барилгын ажлыг үргэлжлүүлж буй иргэн Батбаатар гэж хэн бэ? Газрын албанаас ч, Хотын ерөнхий төлөвлөгөөний газраас ч ийм хүний нэр дээр газрын болон барилга барих зөвшөөрөл олдсонгүй. Ямартай ч ийм нэг хууль бус гэж хэлж болох барилга Зайсангийн соёл амралтын цогцолбортой хаяа залган баригдаж байна. Хамгийн гол нь өнөөдөр нийслэлд байшин, барилгууд олноор баригдаж, хот өргөжин тэлсэн ч оршин суугчид, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхийг маань хангах учиртай хот төлөвлөлтийн бодлого гэж алга. Ялангуяа хотын төвд амралт чөлөөт цагаа өнгөрөөх байтугай хүүхэд хөгшид нарлаж суух ч газар олдохоо больсон. Гэтэл одоо Улаанбаатар хотын захиргаа бодлогоор дэмжиж, бүтээн байгуулсан Зайсангийн соёл амралтын хүрээлэн, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгхэн газрын зай завсарт хэн дуртай нь ийнхүү хувийн хаусаа босгож буй нь хот төлөвлөлт, ерөнхий архитектуртой нийцэхгүй байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ