Дэлхийн долоон тэрбум хүн амын хоёр тэрбум нь цэвэр усны дутагдалтай амьдарч байна. Олон улсын эрдэмтэд “Ирээдүйд дэлхий нийтэд гарах усны хямралаас шалтгаалан нэг галлон цэвэр усны үнэ, нэг галлон бензиний үнээс давна” хэмээдэг. Том гүрнүүд цэвэр усны хомсдолоос сэргийлж усаа нөөцлөхийг хичээж байна. Манай улсын цэвэр усны нөөцийн 90 хувь нь газрын гадаргад, үлдсэн хэсэг нь гүнд байдаг. Гэтэл манай орны Тэсийн голоос бусад гол горхи хилийн чанад руу цутгадаг.
Мөн манайд борооны ус хуримтлуулж, хэрэглэх байгууламж, голын урсгалыг хаах боомт байхгүй учир амьдралыг тэтгэгч чандмань эрдэнээ газрын хөрсөнд шингээж, хил хязгаараасаа алдаж байна. “Ус тогтвортой хөгжил” уриан дор Дэлхийн усны өдрийг энэ сарын 22-нд тэмдэглэнэ. Энэ ажлын хүрээнд БОНХАЖЯ, Монголын гидрогеологичдын холбоо хамтран зохион байгуулж буй “Усны салбарын тулгамдаж буй асуудлууд хэлэлцүүлэг” өчигдөр боллоо. “Престиж инженеринг” компанийн дэд захирал Ш.Ганзориг “Орхон голд урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн анхан шатны судалгаа дууссан. Тендер зарлагдсан байгаа.
Усны барилга байгууламжийг бүтээн босгоход судалгаа маш чухал. Усны салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал бол судалгаа. Манай судлаач, эрдэмтэд усны бүхий л төрлийн судалгааг гаднын судлаачдын түвшинд хийж чадна. Мөн өндөр хөгжилтэй оронд хэрэглэдэг багаж тоног төхөөрөмж бий. Харин судалгааны санхүүжилт хөрөнгө оруулалт л алга байна” гэв. Нийслэлийн ихэнх барилга байгууламжууд үерээс сэргийлэх зорилгоор борооны ус зайлуулах систем суулгасан байдаг.
Үүнийгээ халж, хур тунадас цуглуулах систем суулгаж, хуримтлуулсан усаа ашиглавал эдийн засагт нь хэмнэлттэйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм. Судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 28 газарт борооны ус их хэмжээгээр тогтдог болох нь илэрчээ. Тиймээс үерийн усыг хуримтлуулан ашиглах боломж байгаа. Туул голд урсгалын тохируулга хийж үерийн усыг хуримтлуулах сантай болох хэрэгтэй гэлээ.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ