Манай улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай конвенци”-д нэгдэн орсон байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг тунхаглаж, тэдний эрхийг зөрчсөн эсвэл эрхээ эдлэхэд нь саад болох аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй 193 орны нэг. Гэтэл өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах ажил бодитой хэрэгжихгүй байна.
Тавхан настай хүү аавдаа заазуурдуулсан, тамлуулсан, хазуулсан гэх сэтгэл сэрхийлгэм олон хэргүүд ар араасаа цувран гарч байна. Дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойт эхийн харгислалын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг зүрх шимшрүүлэв.
Үр хүүхдийнхээ төлөө эцэг, эх нь анхаарал тавьж, үүргээ ухамсарлах учиртай. Гэтэл үр хүүхэддээ анхаарал тавих бүү хэл тамлаж тарчлаах нь эрүүл хүний үйлдэл мөн сөн бил үү.
Залуусын гэр бүл салалт сүүлийн үед нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна. Учир нь 10 хос тутмын хоёр нь салах өргөдлөө өгч байгаа аж.
“Сэтгэл судлал”-ын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг “Насанд хүрсэн хүний гэр бүлдээ зарцуулах хугацаа 1.5 цаг байна. Энэ нь, амьд харилцаа өрнүүлж өнгөрөөсөн үр бүтээлтэй хугацаа юм. Мөн хүүхдүүдтэйгээ ярилцахгүй телевиз, утсаар хүмүүжүүлснээс болж хүүхдийн хэлд орох хугацаа 4-6 сараар хойшилсон”гэв.
Тиймээс тэд “Таны хүүхэд маргаашийн өдөрт бэлэн үү?” сэдэвт лекцийг энэ сарын 21-нд 15 цагаас зохион байгуулахаар болжээ.
Энэхүү лекц сургалтыг мэргэжлийн сэтгэл судлаачид хамтран олон нийтэд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог.
Нийгэмд тулгамдаад буй хүүхдийн сэтгэл зүй тэр дундаа хүүхдийн хүмүүжил, эцэг эх хүүхдийн харилцаа, гэр бүлийн аз жаргалын талаарх мэдээлэл болон асуудлаас гарах арга замуудыг энэхүү лекцнээс олж авах боломжтой ажээ.
“Сэтгэл судлал”-ын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг, мөн тус төвийн сэтгэл судлаач сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд, “Сэтгэл зүйн өнгө” сэтгэлийн төвийн захирал, гэр бүл судлаач доктор Г.Наранбаатар нар дээрх сэдвүүдээр судалгааны үр дүнд суурилсан практик зөвлөмжүүдийг өгнө.
Монгол хүүхдийн нийтлэг сэтгэл зүйн онцлог нь сэтгэлийн хөдөлгөөнөө бага илэрхийлдэг, өөрийн үнэлэмж сул, бусадтай өөрийгөө харьцуулдаг, бие даан шийдвэр гаргахдаа хараат зэрэг сул талтай юм байна. Харин аливаа зүйлд дасан зохицох, оюун ухааны чадамж нь бусдаас илүү гэнэ.
М.Болор