Монгол хүн сансарт ниссэний 34 жил, хүн задгай сансарт гарсны 50 жил, ЗХУ, АНУ-ын хамтарсан “СоюзАполлон” хөтөлбөр хэрэгжсэний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тодруулбал, 1965 оны гуравдугаар сарын 18-нд ЗХУ-ын “Восход II” хөлөг сансарт хөөрч, 19-нд хөлгийн II нисэгч А.А.Леонов тусгай хувцас, төхөөрөмжийн тусламжтайгаар задгай сансарт гарч, 12 минут есөн секунд ажиллажээ. Задгай сансарт удаан хугацаагаар ажиллах боломжтой болох эхлэл, суурийг ингэж тавьсан. А.А.Леонов өнгөрсөн оны тавдугаар сард 80 насныхаа ойг тэмдэглэжээ. Тэгвэл “Союз-Аполлон” сансрын хөтөлбөрийн дагуу ЗХУ, Америк хамтран “Союз-19”, “Аполлон” хөлгийг 1975 оны долдугаар сарын 15-нд сансарт нисгэжээ.
“Союз-19”, “Аполлон” хөлгийг долдугаар сарын 17-нд задгай сансарт хооронд нь залгаж, хоёр өдрийн дараа салгасан гэдэг. “Союз-19” хөлөг тухайн сарынхаа 21, “Аполлон” 24-нд эх дэлхийдээ буцаж ирсэн түүхтэй. Харин 1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн анх удаа сансарт ниссэн. Эдгээр түүхэн ойг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн “Сансарт тэмүүлсэн монгол залуус” өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Мөн сансарт нисэх хүсэлтэй залуусыг ямар шалгуураар сонгон, хэн хэн тунаж үлдсэн болон Монгол Улс үүнд хэрхэн бэлтгэж байсан, чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн ажил, амьдралыг өгүүлсэн хүндэтгэлийн самбар гаргаснаа энэ өдөр танилцуулах юм байна.
Үүгээр сансарт монгол хүн ниссэн нь ганц хүний хүч хөдөлмөр биш, олон хүн хамтарч зүтгэсний үр дүн гэдгийг харуулахаар зорьжээ. Мөн маргаашнаас эхлэн энэ сарын 22 хүртэл сансрын нислэгийн зураг, тэмдэг, марк, дугтуйны цуглуулгаар үзэсгэлэн гаргах аж. Түүнчлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас тэргүүний ангийг сонгон, Сансар, од эрхсийн ордонд зочлуулахаас гадна Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 7б ангийг Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит болгох юм байна. Тэрчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дуу, зураг, шүлгийн уралдааны шилдгүүдэд энэ үеэр, шагнал гардуулна.
Сансрын дараагийн нисэгчдийг төрүүлэхийн тулд бид юун дээр анхаарах хэрэгтэйг Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагаас тодруулахад “Хүн сансарт нисэхийн гол ач холбогдол нь судалгаа хийх юм. Тэр судалгаа нь Монгол Улсын хөгжилд, хүний ахуй амьдралд, техникийн дэвшилд хувь нэмэр оруулах ёстой. Түүнээс сансрын нисэгч бэлтгэх нь гол биш. Монгол Улсын сансрын төрийн бодлогыг тодорхойлох байгууллага хэрэгтэй байна. Төрийн бодлогод тус дэм болох Сансар судлалын үндэсний зөвлөлтэй байх ёстой. Манайд ийм байгууллага бий ч юу хийдэг нь тодорхойгүй” гэв.
Монгол хүн сансарт ниссэний 34 жилийг ойг тохиолдуулан “Дүдү боловсрол” сангаас “Дараагийн сансрын нисэгч” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. “Дүдү боловсрол” сангийн захирал Д.Мөнхтулга “Хүүхдүүдийн сансар, огторгуй, одон орны талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хоёр ажил хийнэ. Нэгдүгээрт сургалтын цогц хөтөлбөр боловсруулна. Хүүхдүүд пуужин тоглоомд тулгуурлаж туршилт хийх юм. Хоёрдугаарт, Монголд анх удаа хүүхдүүдэд зориулан сансар судлалын зуслан байгуулна” гэлээ.
Э.ЭРДЭНЭ