Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өнгөрсөн сарын 18-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас тодрууллаа.
-Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасан Усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно” гэж заасан байна. Өмнө нь тус бүсэд лиценз авсан байгууллагын газрыг яах вэ?
-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдахаас өмнө голын эргээс 200 метр доторх талбайгаас ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан компаниуд ухсан газраа нөхөн сэргээлгүй орхисон. Харин энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд Усны тухай хуульд заасны дагуу байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас голдирол өөрчлөх зөвшөөрөл олгоогүй үед ямар ч ашигт малтмал ашиглахгүй болж байна. Харин усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд нөхөн сэргээлтийн зардлыг 100 хувь барьцаалсан үед ашигт малтмал ашиглахыг нөхөн сэргээлтийн ажилтай зэрэгцүүлэн хийлгэнэ. Үүнийг хатуу нөхцөлтэйгөөр гүйцэтгүүлэх болж байна.
-Голын эрэг гэдгийг хүмүүс олон янзаар тайлбарлаж байна. Гол нуурын эрэг нь жилийн дөрвөн улиралд өөрчлөгдөж байдаг. Таны бодлоор эргийг хаанаас яаж тооцох вэ?
-Голын усны хамгийн их урсацтай байх үеийн буюу үертэй үеийн гадарга хиллэн орших газрынхаа налуутай нийлж буй эх газрын туузан зурвас газрын хамгийн захын газрыг л тооцно доо.
-Олборлолт хийсэн газрын ойн тооллого болон үүнтэй холбоотой бусад асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Ойн экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, хохирлыг гурав дахин нэмэгдүүлж төсөвт төлүүлнэ. Тухайн байршилд байсан нэг ширхэг модны оронд 10 мод тариулна. Гэхдээ мод тарилаа ч экологид учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж төлүүлэх төлбөрөөс чөлөөлөхгүй.
-“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд энэ жил хэчнээн төгрөгийн төсөв баталсан бэ. Төсөв байхгүй бол хаанаас гаргуулах вэ?
-“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд төсвөөс хөрөнгө гаргана гэж тооцсон юм алга. Гэхдээ уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийг тогтоох, шав тэмдэг тавих, хяналт шалгалт хийх, хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг тооцох зэрэг төрөөс хийж гүйцэтгэх ажлуудад тодорхой хэмжээний зардал гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгүй орхисон хэчнээн талбай улсын хэмжээнд байгаа вэ?
-1990 оноос өмнө ажиллаж байсан уул уурхайн компаниуд нэлээд олон газарт нөхөн сэргээлт хийгээгүй байна. 2010-2012 онд манай яамнаас эвдэрсэн газрын тооллого хийсэн. Улсын хэмжээнд 24 мянган га газар эвдэгдсэн байна. Үүнээс “Урт нэртэй” хуульд хамаарч буй нь 5.7 мянга орчим га, усны эх буюу хамгаалалтын бүсэд 3.1 мянга орчим га газар эвдэгдсэн. Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхийн тулд биологийн болон техникийн үзүүлэлтийг салгаж үзэх хэрэгтэй. Уул уурхайн компаниуд өөрсдөө техникийн нөхөн сэргээлт хийж, тусгай эрх авсан мэргэжлийн байгууллага биологийн нөхөн сэргээлт хийвэл илүү үр дүнд хүрнэ гэж үздэг. Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрөл байсан. Энэ нь нутаг дэвсгэрийн долоо орчим хувийг эзэлж байна. 2013 онд уул уурхайн олборлолтын улмаас улсын хэмжээнд 21636.8 га газар эвдэгдсэн. Үүнээс 41 хувь буюу 10.2 мянган га газарт техникийн, 27.5 хувь буюу 6.7 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн. Уул уурхайн улмаас эвдрэлд орж буй газрын тоо хэмжээ сүүлийн хоёр жилд багасаж байна. Учир нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурснаас уул уурхайн олон компани зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлт хийж буй газрын тоо хэмжээ ч жил бүр багасаж байна. Техникийн нөхөн сэргээлтийг 2012 онд 1177 га газарт хийж байсан бол 2013 онд 532.2 га газарт хийсэн.
-Нөхөн сэргээлт хийж байгаа эсэхэд хэн хяналт тавих вэ?
-“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд орсон өөрчлөлтөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч талуудтай гэрээ хийж, үйл ажиллагаа явуулна гэж заасан. Үүний дагуу БОНХАЖЯ, Ашигт малтмалын газар, тухайн аймгийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл авах байгууллага дөрвөлсөн гэрээ хийнэ. Гэрээний загварыг Засгийн газар батална. Бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагууд үүнд хяналт тавина.
-Нөхөн сэргээлт хийсний дараа арчлах хамгаалах, дахин ашиглахгүй байх тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Олон санал байна. Тухайлбал, нөхөн сэргээлтийг хүлээлгэж өгсний дараа тодорхой хэмжээний арчилгаа хийж, хамгаалах зардлыг уул уурхайн компаниуд орон нутагт нь үлдээж байх зэрэг гарцуудыг хайж байна. Уул уурхайн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй Канад, Австрали зэрэг оронд олборлосон талбай дахин эвдэрч сүйдэн бохирдсон тохиолдолд тухайн компаниар нөхөн сэргээлгэдэг.
-Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцдог вэ?
-Нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн дараа жилийн уулын болон менежментийн ажлын төлөвлөгөөг баталдаггүй. Ингээд ч тэд нөхөн сэргээлтээ хийхгүй бол байгаль орчинд учруулсан хохирлыг нь тогтоон, цагдаагийн байгууллагад шилжүүлдэг.
Э.НЯМДУЛАМ