Олон улсын арбитрын шүүх манай Засгийн газрыг “Хан ресурс” компанийн лицензийг цуцлахдаа хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь монголчуудыг 100 сая ам.долларын өрөнд унагаад байгаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт татах гэж хуульдаа хүртэл өөрчлөлт оруулсан манай УИХ, Засгийн газрын хувьд том цохилт болоод буй. Уг шийдвэр гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч Засгийн газар үүнийг хэрхэн хүлээж авсан талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Шүүхийн шийдвэрийг Засгийн газраар хэлэлцэнэ хэмээн Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг мэдэгдсэн ч давж заалдах эрхгүйгээр асуудлыг шийддэгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Арбитрын шүүхийн шийдвэрийг манай Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд ч нэмэргүй л болов уу. Харин төрийн зарим албан тушаалтны хэлж буйгаар бэлэн мөнгөөр биш, Дорнодын ураны орд газрын тодорхой хувийг Канадын “Хан ресурс”-т эзэмшүүлэх санал тавьснаар дээрх шийдвэрийг биелүүлэх хувилбар байж болох гэнэ. Гэхдээ “Хан ресурс” компани үүнийг хүлээж авах эсэхийг таашгүй. Хэрэв зөвшөөрсөн тохиолдолд Дорнодын ураны ордыг Монголын биш, Оросын талтай хамтран эзэмшиж хувиа тохиролцоно. Тиймээс энэ асуудлаар монголчууд дангаараа шийдвэр гаргаж чадахгүйг албаныхан үгүйсгэхгүй байгаа.
Монголчууд бид “Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” хэмээн бардамнадаг. Энэ зарчмаараа гадаадын хөрөнгө оруулагчидтай нэг хэсэг харилцсан. Хамаг баялгаа найр тавьж өгчихөөд, дараа нь буцааж үзэв. Харамсалтай нь манай УИХ, Засгийн газар даяаршиж буй энэ ертөнцөд олон улсын дүрэм журам, бизнесийн зарчмыг даган мөрдөх ёстой гэсэн хатуу сануулга авлаа. Олон улсын арбитрын шүүхэд манай Засгийн газар анх удаа дуудагдаагүй. 2004 оноос хойш өнөөг хүртэл манайхтай холбоотой зургаан хэрэг тэнд бүртгэлтэй байна. 2-3 хэрэгт нь манай Засгийн газар ялсан, эвлэрсэн аж. Гэвч хүлээгдэж буй үлдсэн гурван хэргийн хувьд хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Баримт сөхвөл эдгээр маргаан бараг бүгд уул уурхайн орд газрын лицензтэй холбоотой аж. Олон улсын арбитрын дүрмээр хэргийг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад олон нийтэд мэдээлэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, нууц байдаг гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчдыг дахин урьж залан, алдсан итгэлээ сэргээхийг оролдож буй Засгийн газрыг цаашид хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахдаа энэ мэт алдаагаа бүү давтаасай гэх үүднээс Арбитрын шүүхэд бүртгэлтэй хэргүүдийг дахин сануулж байна.
АРБИТРЫН АНХНЫ ЗАРЛАН БУЮУ
“МАРУБЕНИ”- ГИЙН ХЭРЭГ
Одоогоос 11 жилийн өмнө манай “Буян” компани Японы “Марубени” корпорацаас 23 сая ам.долларын зээл авсан юм. Үүнийхээ 18 сая ам.долларыг төлөөгүйгээс болж “Марубени” корпорац Монголын Засгийн газрыг Английн шүүхэд дуудаж байлаа. Энэ хэргийг Лондон дахь Арбитрын шүүх хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газарт уг хэрэг холбогдолгүй гэсэн шийдвэрийг 2005 онд гаргасан аж. Манай Засгийн газраас 1996 онд гаргасан баталгаа нь эрх бүхий Сангийн сайдын хүчин төгөлдөр баталгаа мөн болох нь шүүхээр нотлогдсоноор “Марубени” корпорацад ямар нэгэн төлбөр төлөөгүй юм. Шүүхийн шийдвэр манай талд гарсан ч хоёр жилийн турш үргэлжилсэн маргаан, шүүх хурлын зардалд татвар төлөгчдийн нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байна.
ИТАЛИЙН “АЛСТОМ ПАУЭР”
КОМПАНИ БА “ДЦС-3”
Италийн “Алстом Пауэр” компани “ДЦС-3”-т тоног төхөөрөмж нийлүүлсэн төлбөрөө авч чадалгүй 2007 онд Арбитрын шүүхэд хандаж байжээ. Хоёр тал эвлэрснээр энэ хэрэг манай талд нааштай шийдэгдсэн байна.
КАНАДЫН “ХАН РЕСУРС”-ИЙН
ЛИЦЕНЗИЙН МАРГААН
Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани манай Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилсэн. Дорнодын ураны орд дахь тусгай зөвшөөрлийг нь цуцалснаас үүдэлтэй гурван жил үргэлжилсэн энэ маргааныг тухайн үед олон улсад “хуйвалдаан” хэмээн нэрлэж байв. Учир нь канадчууд Дорнодын орд газрын лицензийг Оросын Засгийн газарт өгөх гэж Монголын Засгийн газар хууль бусаар лицензийг нь цуцалсан хэмээн нэхэмжлэлдээ дурдаж байсан юм. Үүнийгээ ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан. Ийнхүү хардах үндэслэл канадчуудад байсан. Тухайн үед ОХУ-ын албаны хүмүүс манай улсад удаа дараа хийсэн айлчлалын үр дүнд тэдний лицензийг цуцалж, Орос, Монголын хамтарсан “Дорнод уран” компанийг байгуулсан юм.
ТӨМӨРТЭЙН ОРД
ТОЙРСОН МАРГААН
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордод 216 га талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшиж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай БЛТ компани 2010 онд Арбитрын шүүхэд хандсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байсан тус ордын лицензийг тухайн үед үйлдвэрийнх нь захирлаар ажиллаж байсан эрхэм БЛТ компанид шилжүүлсэн байжээ. Үүнийг Засгийн газраас хууль бус хэмээн үзэж Төмөртэйг стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад оруулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Английн хууль зүйн фирмийн өмгөөлөгчдийг өндөр үнээр хөлсөлсөн БЛТ компанийнхан “Ашиглалтын лиценз хураасан нь Хятад, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг зөрчсөн” гэж 2010 онд Арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа.
НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
НЭХЭМЖИЛСЭН ХЭРЭГ
“Алтан дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушок Монгол Улсын Засгийн газрыг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар авах нэрийдлээр шударга бус үйл ажиллагаа явуулсан, 68 хувийн татвараас ялгаварлан гадуурхсан гэж үзэж нэг тэрбум ам.доллар нэхэмжилж 2007 онд Олон улсын арбитрын шүүхэд хандсан. Шүүх хурал 2009 оны тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт хотноо болж, тэдний гомдлыг үндэслэлгүй хэмээн үзсэн. Хоёр жил үргэлжилсэн энэ маргаанд Засгийн газар таван тэрбум төгрөг зарцуулсан байна.
ӨМНӨД АФРИКИЙН “СТАНДАРТ”
БАНКНЫ ЗЭЭЛ
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний буюу 109 сая ам.долларын зээл авсан “Жаст” компанийн хэргээс болж Өмнөд Африкийн “Стандарт” банк манай Засгийн газрыг 2010 онд Арбитрийн шүүхэд өгсөн. “Стандарт” банкны нэхэмжлэлийн дагуу Лондоны Арбитрын шүүх “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар, Засгийн газрыг хариуцагчаар татсан. Шүүхийн тов одоо хүртэл тодорхойгүй байгаа. Мөн нэг хэсэг шуугиан дагуулж “Жаст” группээс эхлээд хэд хэдэн банкны дампууралд нэр холбогдоод байсан Олон овоотын уурхайн лицензийг барьцаалан их хэмжээний зээл олгосон “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банк 2010 онд Монголын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байсан юм. Тэд манай Хууль зvй, дотоод хэргийн яаманд ирүүлсэн албан бичигтээ эвээр зохицож чадахгүй бол Арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдэж байлаа. Гэвч тухайн үед “Монгол газар” компанид зээл олгохдоо алтны уурхайн лицензийг барьцаалсан, “Голдман сакс интернэйшнл холдинг” гэх охин компанийнхаа нэрээр зээл олгосон нь хууль зөрчсөн хэмээн ЭБЭХЯ үзэж барьцаанд байсан Олон овоотын лицензийг буцаасан. Харин “Голдман сакс” манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ