Монголд төрийн байгууллагууд нь ажлаа ном дүрмийн дагуу хийх, бас тэдний шийдвэрээр бодитой үр дүн гарах хүртэл хүлээвэл хүний нэгэн нас багадахаар санагдана. Улсын циркийн хувьчлал, менежментийн гэрээ, ШӨХТГ-ын хийсэн шалгалт, Д.Дагвадорж аваргын мэдэгдэл гээд дуулиан, шуугиантай мэдээлэл өнгөрсөн хэдэн жилийн турш олны анхаарлыг татсан. Гэхдээ ямар ч үр дүн гарсангүй. ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг Монголын үндэсний цирк хүлээж авсан ч үгүй. Тэр ч бүү хэл хувийн өмчид халдаж, айлган сүрдүүллээ хэмээн Д.Дагвадорж аварга хэвлэлийн бага хурал хийсэн. Тухайн үед ШӨХТГын дарга байсан О.Магнай ч хариуг нь барьсан. Эцэстээ тэдний хэрүүл зүгээр шоу шиг харагдаад өнгөрөв. Энэ их хэрүүлийн дунд Монголын циркийн урлаг бөмбөг шиг “өшиглөгдсөөр”, циркийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг хүлээсэн жүжигчид нь горьдлого тээсэн нүдээр тэр бөмбөгийг дагуулан харсаар л явна.
2007 онд менежментийн гэрээ байгуулснаас хойш иймэрхүү хэл үг тасраагүй. “Хувьчлал хуудуутай боллоо”, “Амралтын өдөр гэрээ бай гууллаа”, “Баярын өдөр тендерээ дүгнэлээ” гээд өрсөлдөгчид нь гомдол гаргаж байсан ч “Аса” баг илт давуу ялж, 2007 оны нэгдүгээр сарын 9-нд менежментийн гэрээ байгуулж, Улсын циркийг авсан. Удсан ч үгүй, жил гаруйхны дараа энэ гэрээг дүгнэж, “хангалттай” хэмээн үзээд худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар мэргэжлийн урлагийн нэг байгууллага хувийн өмч болсон. Гэхдээ 136 жүжигчин болон ажилтантай, циркийн мэргэжлийн урлагийн байгууллагаа зориулалтын байртай нь хувьчлахдаа Төрийн өмчийн хороо худалдан авагчид “циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах” гэсэн ганц чухал нөхцөл тавьсан юм.
Харин эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэгчлэн нам жим, аядуу тайван байдлаар Монголын үндэсний цирк жүжигчдээ цөөлж, амьтдаа үгүй болгоод эхэлсэн. Энд ажиллаж байгаад халагдсан, цалингүй болсон хэдэн жүжигчнээс өөр хэн ч энэ тухай ам нээж, анхаарч харсангүй. Циркийн байшин, газар томорсоор банк, автомашины худалдааны төв, үзэсгэлэн худалдааны байр, компьютер, гар утас худалддаг зах гээд байхгүй юмгүй том “агуулах” болсон. Хамгийн сүүлд, шинэ оны өмнөхөн баартай болсон гэж байгаа.
НҮГЛИЙН НҮДИЙГ
ГУРИЛААР ХУУРНА
Манжууд монголчуудыг шашнаар дамжуулан номхруулж, 200 жил дарласан бол энэ зууны эрх мэдэлтнүүд мөн түүнтэй агаар нэг аргаар хүмүүсийг мунхруулж, хувийн эрх ашгаа хамгаалж байна. Тухайлбал, циркийн хувьчлалын талаар ярихаа больж, жүжигчдийн горьдлого тасрахын даваан дээр ССАЖЯ байгуулагдаж, тус яамыг хариуцсан сайд болон дэд сайд нь Монголын циркийн жүжигчдээ дэмжинэ хэмээн ам алдсанаар найдвар дахин сэргэсэн. Үүнтэй зэрэгцэн ШӨХТГ-аас Монголын үндэсний циркт шалгалт хийж, дүгнэлтээ танилцуулав. Монголын циркчид 74 жилийн түүхэндээ анх удаа чуулган хийж, болохгүй, бүтэхгүй байгаа асуудлаа ярилцав. Нүднийх нь гал унтрахаа шахсан циркчид илүү идэвхжиж, чуулганд нь ирээгүй сайддаа итгэсээр л суусан. Харамсалтай нь үүнээс хойш тэд худлаа жүжиг тоглосон нь илэрхий болсон. Монголын үндэсний цирк ШӨХТГ-ын шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас тус газраас санаачлан Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулах гэтэл сайд асан Ц.Оюунгэрэл “Төр, хувийн хэвшлийг эвдрэлцүүлэх энэ ажлын хэсэгт манай яамнаас оролцохгүй” гэсэн хариу өгөв. Сайд анх циркийн асуудлыг эргэн шалгах хэрэгтэй, жүжигчдэдээ өгөх ёстой, үйл ажиллагааг нь хэвийн болгоно гэж ярьсан нь худлаа байсан бололтой. Түүнтэй хамаатай асуудлууд ч яамыг татан буулгаснаар намжив. Циркийн хувьчлалын асуудлыг эргэн сэргээж ярьснаас хойш жилийн дараа ч байдал хэвэндээ байсан нь энэ.
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ, ХУРАЛДАХ ГЭСЭЭР
ГУРВАН САР БОЛОВ
Төрийн өмчийн хороо 2014 оны есдүгээр сард ШӨХТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулжээ. Гэсэн ч ажлын хэсгийн дарга нь хоёр ч удаа солигдож, бүр сүүлдээ хамтран ажиллахаа ч больж, Төрийн өмчийн хорооныхон ажлын хэсэгт багтсан өөрийн ажилтнууддаа Монголын үндэсний циркийн үйл ажиллагаатай танилцах үүрэг өгсөн юм. Харамсалтай нь тэд шалгалт хийсэнгүй. Бүх зүйлийг дарагдуулж, мартагдуулах гэсэн үү, ШӨХТГ-ынханд ч хариу мэдээлэл өгөхөө больжээ. Ингээд ШӨХТГ-ынхан арга буюу Төрийн өмчийн хороог шүүхэд өгч, хуралдаанаа хийж, циркийн хувьчлалын тухай ярилцахыг шаарджээ. Ажлаа хийхийн тулд шүүхийн шийдвэр гаргуулахдаа хүрч назгайрсан нь энэ. ШӨХТГ-ынхан арванхо ёрдугаар сард Захиргааны хэргийн 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч өнөөдрийг хүртэл шүүх хурлыг товлоогүй байна. Тус хэргийг судалж байгаа М.Батзориг шүүгчийн ажлын ачаалал их байгаа учраас ийн хойшлуулсан гэх.

МОНГОЛЧУУД ЦИРКИЙН
УРЛАГТ ХАЙРТАЙ
Цирк бол мэргэжлийн урлаг. Сонгодог урлагийн театр улсынхаа хөгжлийг тодорхойлдогтой ижлээр Монголын нүүр царай болох урлагийн төрөл. Зардал ихтэй ч орлого багатай гэдэг шалтгаанаар л Улсын цирк хувьчлах байгууллагуудын жагсаалтад багтсан. Гэтэл одоо бол Монголын үзэгчид циркийн урлагаар цангаж, хүсэн хүлээдэг нь илүү тодорхой болсоор байна. Тухайлбал, ирэх долоо хоногт эхлэх “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын эхний дөрвөн өдрийн тасалбар хэдийнэ дуусаж, үзэгчдэд хүлээлт үүсчээ. Эндээс менежмент болон маркетингийн ялгаа харагдаж байгаа юм. Байгуулагдаад удаагүй төрийн бус байгууллагынхан санаачилгатай ажилласнаар дэлхийд алдартай жүжигчдийг эх орондоо урьж чадаж байна.
Сайн тоглолт авчирч буй болохоор монголчууд ч үзэж байна. Тэгвэл Монголын үндэсний цирк хэмээх том нэртэй байгууллага юу хийв ээ. Байгуулагдсан цагаасаа хойш бие даан хэдхэн тоглолт хийж байснаас гадна түүнийг сурталчилж, нийтийн хүртээл болгож чаддаггүй нь үнэн. Харин тэднийг манежаа хоосруулж, үзэгчдээ холдуулж байхыг харж тэвчдэггүй болохоороо л бусад жүжигчин болон студийн захирлууд санаачилга гаргаж, олон улсын уран бүтээлчдийг урьж тоглолт хийдэг. Түүнчлэн энэ жил ХБК-ийн дэргэдэх Циркийн тэнхимд элсэн суралцах сурагчдын тоо илт нэмэгдэж, гурван шатны шалгаруулалт явуулж, нэг анги бүрдүүлэх хэмжээний хүүхэд авсан тухай дууллаа. Монголчууд эрсдэлтэй ч хүн уулга алдуулам үзүүлбэр хийдэг жүжигчдэдээ хайртай, үр хүүхдээ ч тэдэн шиг болгохыг хүсэж байгаагийн нэг илэрхийлэл нь энэ буюу.
НААШАА, ЦААШАА
БСШУЯ - ССАЖЯ - БСШУЯ гэсэн маршрутаар хоёр жилийн дотор төрийн байгууллагууд нь ээлжлэн солигдож, энэ дунд ажилтайгаа танилцаж амжаагүй мэргэжилтнүүд нь төөрч, бодлого тодорхойлох нь бүү хэл өөрсдөө будилж яваа. БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын кино, циркийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ичинноров циркийн зарим жүжигчнийг дуудаж уулзаад хувьчлалын тухай асууж тодруулсан гэнэ. Одоо л дөнгөж танилцаж байгаа мэргэжилтэн дараагийн шатны арга хэмжээг авч, бодитой шийдвэр гарахад нөлөөлөх дүгнэлт хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Мянгуужингийн үлгэр үргэлжилж, урт удаан өрнөлтэй Улсын циркийн хувьчлалын маргаан дуусахгүй нь ээ. Найман жилийн турш, цэнхэр дээврийг нь шар болтол, гал улаан манежаа хар зах болтол харж суугаа хэдэн жүжигчнийг уран бүтээлээ хийх бүрэн боломж олгох шийдвэр л гаргаж үзээсэй, хэзээ нэгэн цагт.
Ж.СОЛОНГО