Уг нь бол боловсрол, эрүүл мэнд улс төрөөс хамгийн ангид байх ёстой салбар. Ингэж гэмээнэ хөгжих учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ, харин ч хамгийн их улстөрждөг салбар нь эд. Энэ л шалтгаан тэднийг хойш нь чангаасаар буй. Сав л хийвэл жагсаал, цуглаан хийж, цалин нэмэхгүй бол ажил хаяна гэж айлгадаг. 2012 онд БШУ-ы сайдаар Л.Гантөмөр томилогдсоноос хойш дээд, дунд, бага боловсролын хөтөлбөрт урд өмнө хийгээгүй олон шинэчлэл эхлүүлсэн. Үүнийг салбарынхан нь янз бүрээр хүлээн авч, үр дүнг нь тэсэн ядан хүлээж буй. Харин өнгөрсөн жилээс уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хаслаа гэх дуулиан гарч, салбарын яамнаас хэд хэдэн удаа хасахгүй гэж мэдэгдсэн ч тусыг эс олсон.
Одоо ч энэ яриа үргэлжилсээр байна. Гэтэл оны өмнөөс “Цаадуул чинь эрүүл мэндийн хичээлийг хасах нь” гэсэн яриа чих дэлсэх болов. Үүнийг эсэргүүцэж төрийн бус олон байгууллага нэгдэн мэдээлэл хийж, Л.Гантөмөр сайдыг шийдвэрээсээ ухрахыг сануулсан. Энэ үеэр анх удаа л манайд хүүхдийн эрүүл мэндэд анхаардаг 100 гаруй байгууллага байдгийг мэдэв. Гайхмаар шүү. Тэд энэ хугацаанд хаана, юу хийж байсан юм болоо. БСШУЯ-наас “Эрүүл мэндийн хичээлийг хасаагүй, харин бусад хичээлтэй нэгтгэж, нэг хүний заадаг ганцхан цагийн хичээлийг олон багш нар зааж, үр дүн нь сайжирна” гэж үзэж байгаа аж. Тэд үүнийгээ хамгийн зөв шийдвэр гэж үзэхгүй байгаа ч одоогийн энэ нөхцөл байдлыг сайжруулах гэсэн нэг арга хэмээн тайлбарлаж байна.
Харин үүнийг эсэргүүцэгчид эрүүл мэндийн хичээлийг бусадтай нь нэгтгэх боломжгүй гэж үзэж буй юм. Түүх сөхвөл, эрүүл мэндийн хичээл өнгөрсөн 16 жилийн хугацаанд долоо хоног бүр нэг цаг ордог байж. Энэ хичээлийг оруулахын тулд боловсон хүчнээ хүртэл бэлтгэж ирсэн. Гэвч 16 жилийн хугацаанд хүүхдийн эрүүл мэндэд гарсан өөрчлөлт нь өмнөхөөсөө дордсон уу гэхээс дээрдсэн зүйлгүй нь судалгаагаагаар харагдсан аж. Иймээс тус хичээлд шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзсэн нь энэ. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг болгож, бүтээхийн тулд шинэчлэл хийх нь зөв. Нөгөө талаас, эрүүл мэнд анхаарлын гадна үлдэх вий гэсэн айдас хэн хүнд байна. Иймд аль аль талдаа үүнд анхаарах хэрэгтэй. Эцсийн эцэст алдаа, оноо нь хүүхэд дээр л бууна. Иймээс долоо хэмжиж, нэг огтлоход буруутах зүйлгүй. Бас улстөржих ч шаардлагагүй.
ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ
С.Батсүх: Яавал хүүхдийн эрүүл мэндэд тустай вэ гэдэг нь чухал
Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийн талаар БСШУ-ы сайдын зөвлөх С.Батсүхээс тодрууллаа.
-Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй нэгтгэж байгаа гэсэн. Чухам яаж нэгтгэж байна вэ?
-2012 онд БШУЯ-наас “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулан, улмаар 2013 онд Засгийн газрын хөтөлбөр болгож баталсан. Энэ хөтөлбөрийн тулгын гурван чулуу нь монгол хүүхдийн эрүүл мэнд, суралцах чадвар, хүмүүжил төлөвшил юм. Бидний болон олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар монгол хүүхдийн эрүүл мэндийн байдал хангалтгүй байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрүүл мэндийг зөвхөн нэг цагийн хичээл, эрүүл мэндийн багшид даатгаад бусад багш, ажилтанд төдийлөн хамаагүй мэтээр явж иржээ. Хэрэв энэ нь өгөөжтэй байсан бол эерэг үр дүн гарах ёстой. Гэтэл жилээс жилд үр дүн нь муудаад байдаг. Ингээд эхний ээлжинд сургуульд ажиллаж байгаа бүх багш, ажилтан, албан хаагчдын ажлын шалгуур үзүүлэлтийн нэгийг “Хүүхдийн эрүүл мэндэд ямар хувь нэмэр оруулсан бэ” гэдгээр үнэлэхээр болсон.
Математик, мэдээлэл зүй, биологи, биеийн тамирын багш, тэр бүү хэл, сургуулийн номын санч, жижүүр, үйлчлэгч хүртэл “Би хүүхдийн эрүүл мэнд, эрүүл харилцаа, эрүүл орчинд ямар байдлаар, яаж хувь нэмэр оруулах вэ” гэдгээ төлөвлөнө. Түүнчлэн сургуулийн нийт сурагчийн хэдэн хувь нь эрүүл байна, хэдэн сурагч эрүүл болсон бэ гэдэг үзүүлэлтийг чухалчилж байгаа. Ингэхээр сургуульд ажиллаж байгаа хүн бүрийн анхаарлын төвд хүүхдийн эрүүл мэнд байна гэсэн үг. Мэдээж хүүхдийн шилжилтийн нас, нөхөн үржихүйн талаар мэдээлэл зүйн багш ярих нь тохиромжгүй. Иймээс биологийн хичээлийн үндсэн зорилго, чиглэл бага зэрэг өөрчлөгдсөн.
Өөрөөр хэлбэл, биологийн хичээлээр эд, эрхтэн, эсийн тухай үзэхээс гадна яаж эрүүл байх вэ гэдэг арга ухааныг судална. Үүнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэх мэт олон зүйл багтана. Мөн идэвхтэй хөдөлгөөн хийхийн ач тусын талаар биеийн тамирын хичээлийн хөтөлбөр, агуулгад тусгасан. Эрүүл мэндийн хичээлийн нэг цагаар олон зүйл судлах боломжгүй. Иймээс ерөнхий боловсролын сургуульд сургалтыг дэмжих үйл ажиллагааны цаг гэж долоо хоногт гурван цаг нэмсэн. Энэ гурван цагаар хүүхэд өөртөө тулгамдсан, хэрэгцээтэй, сонирхсон зүйлийнхээ талаар өөрөө бие даан суралцаад, ангийнхантайгаа ярилцана. Мөн эрүүл мэндийнхээ талаар ч ярина.
-Бусад хичээлтэй нэгтгэснээр багш нар нэгэндээ найдаад, хэн нь ч үүнд анхаарахгүй болчих вий.
-Багш улирал бүр өөрийнхөө ажлыг дүгнэнэ. “Би энэ улиралд хүүхдийн эрүүл мэндэд ийм хувь нэмэр орууллаа” гээд дүгнэхэд түүнийг нь хөндлөнгийн баг баталгаажуулна. Сургуулийн 40 багш байлаа гэхэд бүгд хүүхдийн эрүүл мэндэд их, бага хэмжээгээр анхаарна. Гэхдээ энэ нь туйлын зөв гэж хэлэхгүй. 16 жилийн үр дүн хангалтгүй байсан. Иймээс өөрчлөөд үзье гэсэн нэг л гарц. Ирэх зургадугаар сард бид дүгнэлт хийнэ. Болж байвал үүнийг яаж илүү сайжруулах вэ, болохгүй бол яах вэ гэдэг шийдлээ гаргана.
-Багш нарт ажлын байргүй болох нь гэсэн айдас байна. Одоо хичээл орж байгаа багш нар хаачих вэ?
-Ганцхан эрүүл мэндээр мэргэшсэн багш цөөн. Биологи юмуу ямар нэг хичээлтэй хоршсон байгаа. Тэгээд ч улсын хэмжээний 762 сургуулийн 40 сургуулиас бусдад нь эрүүл мэндийн хичээл орж л байгаа шүү дээ
-Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй нэгтгэхийг 100 гаруй төрийн бус байгууллага эсэргүүцэж байна. Тэдэнтэй уулзсан уу?
-Заримтай нь уулзаж, энд ярьсныгаа хэлсэн. Хананы наана, цаанаас энэ зөв, тэр буруу гэх нь гол биш. Яавал хүүхдийн эрүүл мэндэд тустай вэ гэдэг нь чухал. “Яавал зөв бэ, та нарт ямар гаргалгаа байна” гэхээр санал хэлэх байгууллага одоогоор алга л байна. Зүгээр л буруу, тэр нэг цагийг л байлгаад өг гэдэг. Нэг цагийн хичээлийнх нь арга зүй ямар байгаа, энэ цаг хүүхдэд нөлөөлж байгаа эсэх талаар тооцоо судалгаатай ярилцах нь зөв болов уу. Буруутгаж байгаа үндэслэл, сайжруулах гаргалгаа нь тодорхой байвал ажилд тустай.
Э.Мөнгөнтулга: Хэрэгжилтэд анхаараагүй байж үр дүнгүй гэж хэлж болохгүй
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш Э.Мөнгөнтулгаас энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй нэгтгэхийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлээр заах ямар ч боломжгүй. Эрүүл мэнд өөрөө тусгай арга зүй, судлагдахуунтай хичээл. Бүх агуулгыг эзэмшиж байж эрүүл мэндийн боловсролтой болдог. Компьютерийн хичээлээр “Нүдээ хамгаал” гэснээр эрүүл мэндийн боловсролтой болно гэж яриад байгаа. Нүдээ хамгаал, гараа угаа, хог битгий хая, орчноо цэвэрхэн байлга гэдэг чинь угаасаа хүн бүрийн мэддэг, ярьдаг зүйл. Үүнээс гадна олон ойлголт байгаа. Эрүүл мэндийн хичээл мэдлэг, мэдээлэл олгохоос илүү хандлага суулгаж, төлөвшүүлэхэд чиглэдэг. Гэтэл бусад хичээлтэй нэгтгэснээр хүнийг эрүүл мэндийн боловсролтой болгоно гэж байхгүй.
Хүчирхийллийн тухай ганцхан манай хичээлээр ордог. Хүчирхийллийн олон хэлбэр байдаг, яаж сэргийлэх вэ, өртсөн тохиолдолд яах вэ, яаж хамгаалах вэ, осол, гэмтэл, анхны тусламж, нөхөн үржихүйн эрүүл мэнд гээд асар том судлагдахуун бий. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдрал, гэр бүл төлөвлөлийн талаар бусад ямар ч хичээлээр орох боломжгүй. Биологийн хичээлээр заана гэсэн. Биологи өөрөө асар их судлагдахуунтай, бүхэл бүтэн шинжлэх ухаан. Цаг багатай, хичээлүүдээ яаж багтаах вэ гэж толгойгоо гашилгаж байхад дээрээс нь эрүүл мэндийн хичээл оруулах боломжгүй.
-Гол нь эрүүл мэндийн хичээлийг дангаар нь зааснаар үр дүн гарахгүй байгаа юм биш үү.
-Хичээлийг хэн, яаж зааж байгаагаас болно. Бэлтгэж, сургасан багш нараараа хичээлээ заалгахгүй байна. Үүнд яам яаж хяналт тавьж, ямар үнэлгээ хийсэн нь тодорхойгүй. Хэрэгжилтэд анхааралгүй, хичээл оруулаад л хаясан. ДЭМБ, Эрүүл мэндийн яам, төрийн бус байгууллагууд багш бэлтгэн, үүнд анхаарал хандуулж ирсэн. Тэд асар их хөрөнгө зарж, энэ бүгдийг бий болгосон болохоор эсэргүүцэж байгаа юм.
-Яагаад бэлтгэсэн багш нараар хичээлийг заалгадаггүй юм бэ?
-Анх эрүүл мэндийн хичээл орж эхлэхэд зөвхөн бэлтгэсэн багшаар заалгадаг байсан. Тухайн үед багш нараа маш сайн бэлтгэж, тэд ч хичээлээ сайн заадаг байлаа. Гэтэл дүрэм, журам нь мөрдөгдөхөө больж, хэн ч хамаагүй энэ хичээлийг заадаг болсон. Заримдаа энэ хичээлийн цаг дээр өөр хичээл ордог. Хичээлийг сайн зааж байгаа багш олон бий. Шууд “Муу байна” гэж болохгүй. Өөрсдөө хэрэгжилтэд анхаараагүй, хяналт тавиагүй байж, хичээл үр дүнгүй байна гэж хэлж болохгүй.
-Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй нэгтгэх нь эцсийн шийдвэр биш, хамтарч ажиллаж болно гэдэг тайлбар яамнаас өгч байсан.
-Бидэнд ийм санал тавиагүй. Эрүүл мэндийн яамныхантай уулзаж, Ажлын хэсэг байгуулж, хамтарч ажиллая гэсэн юм билээ. Одоо хөтөлбөрөө боловсруулаад бараг дуусаж байхад Ажлын хэсэг байгуулж, хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл суулгана гэдэг үлгэрийн далай. Туршилтын хөтөлбөрөө эцэслэн гаргахыг бодохоос дахиж шинээр хийхгүй шүү дээ.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Монгол хэл, бичгийн шалгалтыг маргааш 38 байршилд авна Өмнөх оны болон энэ жилийн төгсөгчид нийлээд 25.000 гаруй хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо гараад буй. Шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна. Төгсөгчдөөс өнгөрсөн жилээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалт авах болсон бөгөөд энэ жил босго оноог 400 болгон тогтоосон. Тус шалгалтыг маргааш болон дөрөвдүгээр сарын 25-нд хоёр удаа авах юм. Гэхдээ эхний шалгалтад 400-гаас бага оноо авсан хүн дахин шалгалт өгнө. Харин 400-гаас дээш оноо авсан болон эхний шалгалтад ороогүй хүн дахин өгөх эрхгүй. Шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.
-Монгол хэл, бичгийн шалгалт өгөх өөр хэдэн хүн бүртгүүлээд байна вэ?
-Монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд 38 байранд авахаар хуваарь гаргалаа. Энэ жил XII анги төгсөж байгаа хүүхдүүдийг манай төв автоматаар бүртгэсэн. Бүртгэлээс хоцорсон, бүртгүүлээгүй хүүхэд байхгүй. Өмнөх оны төгсөгчдийг хоёрдугаар сарын 9-нөөс энэ сарын 9 хүртэл бүртгэлээ. Тэд бүртгэлийн хуудсаа www.eec.mn цахим хуудаснаас хэвлэж аваад, манай төв дээр авчирч, баталгаажуулах ёстой. Мөн өнгөрсөн даваа гаригаас шалгалт өгөх байр, суудлын хуваарийг цахим хуудаст байршуулсан. Шалгуулагч регистрийн дугаараар нэвтэрч, суудлын хуваариа хэвлэж авна. Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр 25.813 хүүхэд бүртгүүлсэн. Тэдний 19.300 орчим нь энэ жилийн, үлдсэн нь өмнөх оны төгсөгчид.
-Шалгалт хэдий хугацаанд үргэлжлэх бол?
-Шалгалт орон даяар маргааш 12.00 цагаас нэгэн зэрэг эхэлнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут. Монгол хэл, бичгийн шалгалтын нэг онцлог нь сонгох даалгавраас гадна эсээ бичих зэрэг задгай хэлбэрийн даалгавартай байгаа. Тестийг машинаар засна. Задгай хэлбэрийн даалгаврыг багш нар гараар засахын тулд материалыг Улаанбаатар хотод төвлөрүүлнэ. Түүнчлэн шалгалтын зарим байрыг бүрэн камержуулсан. Шалгалтыг тухайн аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтсүүд, мөн Боловсролын үнэлгээний төвөөс томилсон комисс хамтран зохион байгуулна.
-Сэдэв, материалыг ямар хүмүүс боловсруулсан бэ. Хэдэн хувилбартай вэ?
-Ер нь элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгаврыг манай төвийн мэргэжилтэн, дунд, дээд сургуулийн багш нарын төлөөлөл оролцож, нэг хичээл дээр 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн, тусгай бэлтгэсэн орчинд боловсруулдаг. Шалгалт хоёр хувилбартай. Манай цахим хуудаст монгол хэл, бичгийн шалгалтын даалгаврын ерөнхий чиглэл, жишиг бий.
-Сүүлийн үед монгол хэл учир нь олдохгүй олон дүрэмтэй болсон. Нэг үгийг хэд хэдэн янзаар бичиж байна. Шалгалтад монгол хэлний аль дүрмийг баримтлах вэ?
-Шалгалтын даалгавар Монгол Улсад мөрдөж байгаа бага, дунд боловсролын монгол хэлний хичээлийн стандарт, агуулгын хүрээнд байна. Яг тийм чиглэл баримтална гэсэн зүйл байхгүй.
-Шалгалтын хариу хэзээ гарах вэ?
-Шалгалт авснаас хойш 14 хоногийн дотор гарна.
-Шалгалтын материалыг хотод авчирах явцад алга болох магадлалтай. Үүнд яаж хяналт тавих вэ.
-Материал алга болохгүй. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалттай адил аргачлалаар зохион байгуулна.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ