Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийг “Нямын зочин”-ы хойморьт урилаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө афоризм буюу онч мэргэн үгсийн ном хэвлүүлсэн нь манай эмэгтэй зохиолчдоос анхных аж. Сүүлийн хоёр жил орчим ажлын болон өврийн дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд орхичихсон байсан зүйлүүдээ нэгтгэн, уншигчдын гар дээр тавиад буй найрагч “Афоризмыг хүн бичье гэж зориод суудаггүй юм байна. Би ингэж хэлье, тэгж бичье дээ гэж боддоггүй юм билээ. Тухайн цаг үеэс үүссэн сэрэл мэдрэмжээрээ дамжуулан миний аливаад өгч байгаа дүгнэлт бол афоризм юм гэж ойлгосон” хэмээв.
-“Мартын 8”-ны өмнөх өдөр таныг хоёр номын нээлтээ хийсэн гэж сонссон. Зохиолч, яруу найрагчдын хувьд ном гаргах нь хүүхэд төрүүлсэнтэй адил том баяр байдаг шүү дээ. Тиймээс юуны түрүүнд хоёулаа “хүүхдүүдийн” тань талаар ярилцах ёстой болов уу?
-Тэгэлгүй яах вэ, баярлалаа. “Эрхшээх сэтгэлийн амирлан” хэмээх ном маань цахим хуудас, гар утсаар нэгэндээ бичиж болох шүлгүүд, сэтгэлийн уялгуудаас бүрдсэн. Ихэвчлэн миний хүмүүстэй харилцсан, асуултад нь хариулсан, тэдэн рүү илгээсэн цахим шуудангийн шүлгүүд гэж хэлж болно. Өнгөрсөн жил “Зүрх сэтгэлийн үзэгдлүүд” нэртэйгээр нэгдүгээр дэвтрийг нь хэвлүүлсэн юм. Эндээс миний ажил, амьдралын он цагийн хураангуй түүх харагдах болно. Би өөрийгөө эргээд энэ номоосоо уншиж байна гэсэн үг л дээ. Энэ маань хүмүүст хамаагүй, хэрэггүй ном байж болох юм. Гэхдээ ер нь яагаад уран бүтээлч ганц удаа ч гэсэн өөрийнхөө номыг өөртөө зориулж болохгүй гэж, тийм биз дээ (инээв). Нөгөө талаар, цахим ертөнц улам бүр хүчээ авч байгаа энэ үед хүмүүс хоорондын амьд халуун харилцаа үгүй болж, “мессежний хэл” гэдэг зүйлээр эх хэлээ зэрэмдэглэж, үйл явдлын цаад мөн чанарыг олж харах боломж хүртэл хязгаарлагдсаар байна. Тиймээс цаасан дээр үлдсэн иймэрхүү зүйлүүд энэ он цагийн ерөндөг болох болов уу гэж найддаг. Нөгөө нь “Болзоогүй цагийн хураангуй” нэртэй афоризмын ном байгаа. Энд би өөрийнхөө үзэл бодол, эмзэглэлийг л бичсэн. Улстөржсөн, хэтэрхий туйлширсан зүйл ч байхыг үгүйсгэхгүй. Эрс шулуухан хэлчихсэн зүйлүүд ч байгаа. “Мөнхцэцэг яруу найрагч хүн байж ямар хүнд, хар бараан зүйл бичээ вэ” гэх хүмүүс гарах л байх. Гэхдээ хорвоог алийн болгон зөөлөн гэж аргадах вэ дээ. Тэгсээр байтал энэ хорвоо чинь худал хуурмагаар дүүрч мэдэх нь. Афоризм бол яалт ч үгүй энэ цагийн хэрэглээ юм байна. Өнөөгийн хүмүүс улам л цаг зав муутай болоод байгаа учраас товч бөгөөд тодорхой зүйл уншихыг хүсдэг болж. Энэ номыг уншсан хүмүүс цахим ертөнцөөр үзэл бодлоо янз бүрээр илэрхийлж л байна. Юутай ч миний шүлэг найргийг уншдаг, сэтгэл зүрхээрээ мэдэрч, ямар нэгэн сэжмээр үргэлж холбоотой байдаг найз нөхөд, номын садангууд маань энэ номыг хятад, эсвэл солонгос хэлээр орчуулж гаргана гэсэн.
-Тэгэхээр таныг цаг үеэ дагаад мэдрэмжтэй, менежменттэй уран бүтээлээ туурвиж байна гэж хэлж болох уу. Уншигчид “Мөнхцэцэг дарга болоод яруу найргаасаа хөндийрчихөв үү дээ” гэх маягийн юм ярьж байсан шүү дээ?
-Үгүй л дээ. Хүн гэдэг бол амьдарч байгаа цаг үеийнхээ бүтээгдэхүүн. Тэр утгаараа энэ номууд маань өнөөгийн он цагийн галбир, болзоогүй цагийн хураангуй юм. цаг хугацаа өнгөрөх тусам энэ маань үнэ цэнэтэй болж мэднэ. Эсвэл бүр утгагүй ч байж мэднэ. Ямартай ч хэрэгтэй хүндээ хэргээ гаргах бүтээл гэж бодож байгаа. Түүнээс биш “Мөнхцэцэгийг нээе, Мөнхцэцэгийг уншъя” гэсэн хүнд бол тийм ч хэрэгтэй санагдахгүй болов уу. Харин утга зохиолын мөн чанарыг хадгалсан томоохон туурвилууд маань он цагийн аясаар бичигдээд явж л байна. 2014 онд би өмнөх түүврүүдээсээ эмхтгэж, сүүлд бичсэн бүтээлүүдээ нэгтгэн “Замбуутивийн чөлөөнд...” нэртэй номоо хэвлүүлсэн шүү дээ. Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед үргэлжилсэн үгийн зохиол руу сэтгэл татагдах боллоо. Манай үеийнхэн, миний ангийнхан үргэлжилсэн үгээр ямар мундаг бичиж байгааг уншигчид мэднэ дээ. Р.Батрэгзэдмаа, Б.Сарантуяагаас эхлээд Б.Баярсайхан тэргүүтэй олон сайн зохиолч төрөн гарлаа. Би гэдэг хүн ийм олон бахархал дунд аж төрж байна шүү дээ. Байгалиас заяасан авьяасаа зориулагдсан зүйлдээ зориулаад явж байгаа нөхдөөрөө өөрөөсөө илүүтэй бахархаад сууж байх сайхан.
-“Мартын 8”-наар нөхөр, хүү хоёр тань таныг хэрхэн баярлуулав?
-Хоёр эрэгтэй хүний дунд би ганцаараа олон жил амьдарлаа. Хүмүүс бол намайг нөхөр, хүү хоёрынхоо дунд жаргаад байгаа эмэгтэй гэж ойлгодог. Гэтэл эмэгтэй хүний ертөнц гэдэг эрчүүдийнхээс тэс өөр шүү дээ. Тэр тусмаа манай хоёр хоёулаа спортын чиглэлийн сонирхолтой хүмүүс учраас надад гэртээ ганцаардах үе гарна аа, бас. Хүү маань баяраар ээжид “Хайртай шүү” гээд үнсчихэд, аавтай хамт сайхан хоол хийгээд өгчихөд жигтэйхэн баярлана гэдгийг андахгүй мэднэ. Энэ жилийн Мартаар ч тэгсэн. Хүү минь гаднаа аав, дотроо ээжийгээ дуурайсан.
-“Битгий урваарай миний хүү” гэдэг сайхан шүлгийн эзэн биз дээ?
-Тийм ээ. Хүү маань мундаг том болж байгаа ч ээждээ үргэлж нялхаараа санагдах юм. Бичгийн хүн болгох гэж хичээсэн ч сонирхол нь арай өөр юм руу татагдаад байна. Сагсанбөмбөг их тоглоно оо. “Ээж минь, багийн спорт гэдэг юм манайд хөгжиж байна. Багийн спорт хүнийг зөв төлөвшүүлдэг гэдгийг зохиолч хүн байж та ойлгомоор юм” гэх мэтчилэн хорьж болохгүй шалтаг өөдөөс хэлээд байна (инээв). Удахгүй ОХУ руу тэмцээнд явах гэж байгаа. Өөрийнхөө хүссэнээр л болог дээ. Одоо ч хүүгээ хамгийн гол нь хүн л байгаасай гэж залбирдаг.
-Хүүгээ охин дүүтэй болгох хүсэл байдаг уу?
-Хачирхалтай нь, төдөн хүүхэдтэй болох юмсан гэдэг бодол надад хэзээнээсээ байгаагүй. Тэгэхээр би цаанаасаа л олон хүүхэдтэй болох өгөгдөлгүй хүн шиг байгаа юм. Ээж болж, ээжийнхээ зовлон, жаргалыг эдэлж яваа минь хангалттай. Амьдралаас илүү ихийг хүсэх, одоо байгаа дээрээ нэмэхсэн гэх бодол надад байдаггүй.
-Охид харахаар хөөрхөн санаддаггүй гэж үү?
-Охид хөөрхөн л дөө. Гэхдээ олон охинтой айл ч бас хэцүү шүү дээ. Би өөрөө гурван охин дүүтэй, айлын том нь учраас зовлонг нь мэднэ (инээв).
-“Цаг хугацаа, орон зайд өөрийгөө авч үлдэх нь чухал” гэж та хэлсэн байсан. Урсгалаараа явсаар насаа барахгүй, он цагийн хаа нэгтээ өөрийгөө үлдээх тийм хувь тавилан бүгдэд заяадаггүй байх, тийм үү?
-Аливаа зүйлээс, далайн давалгаанаас ч тэр, сугарч үлдэнэ гэдэг хэцүү л дээ. Гэхдээ хүн өөрөөрөө, үнэнээрээ яваад өөрийнхөө цор ганц ертөнцийг бүтээж чадвал он цагийн энэ урт урсгалд үлдэж болно гэж боддог. Хэн нэгний хөлөөр явж, бусдын хэлээр яриад байвал тэр хүнээс юу ч үлдэхгүй.
-Зохиолчдын онгодыг илүүтэй хөглөдөг улирал бол хавар, намар юм шиг санагддаг. Жирийн хүмүүсийн хувьд ирж л байдаг, буцаж л байдаг энэ улирлуудаас танд аль нь илүүтэй уран бүтээлийн сэдэл санаа өгдөг вэ?
-Монгол хүн, тэр дундаа манай зохиолч, яруу найрагчид аливаа бүхэнд зөн билгээр хандаж, ирж яваа цагаа ч ерөөлтэй үгээр бэлгэддэг. Би ч тэгж амьдарч ирсэн. Гуравдугаар сарын 3-нд намайг төрөхөд бороо орж байсан гэж ээж минь хэлдэг юм. Өөрөө хэдийгээр хавар төрсөн ч гэлээ надад хавраас илүү намар сайхан санагддаг. Шав шар Шандынхаа талд хэвтэж байх ч үнэхээр дээдийн жаргал шүү. Улирал солигдох тоолонд би “Ямар азаар, яасан их ерөөл буянаар энэ сайхан нутагт төрөө вэ” гэж өөрийн эрхгүй бахархдаг. Монгол нутгийн минь улирал бүр өөрийн өнгөтэй. Хачин гоё дурдан шаргал намар, чихгүй, нүдгүй юм шиг бүх зүйл нь цав цагаан өвлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Орчлонгийн аливаа юмны үүд хаалга нээгдэж, бүх зүйл дахин шинээр төрдгөөрөө хавар бол гайхалтай. Зун ч мөн адил тэр чигээрээ утга уянга, найрсал юм. Эргэх дөрвөн улирлын энэ бүх шинж орчлон ертөнцийн жамыг тэр чигээр нь хүмүүн бидэнд ухааруулж байдаг.
-Таныг нутаг руугаа, Хамарын хийд рүү их ойрхон явдаг гэдэг юм билээ. Аав, ээж тань нутагтаа сэрүүн тунгалаг байдаг учраас тэр үү, эсвэл өөр шалтгаантай юу?
-Ямар ч байсан долоо хоногт нэг удаа оччихоод байна шүү. Ер нь би өөрийгөө нутагтаа их ойрхон хүн гэж хэлнэ. Хүн нутагтаа, сайхан аав, ээж дээрээ зүүдээр дамжуулан очиж болно, зүүгдээд очиж бас болно. Намайг “Гэртээ харилаа” гэхээр найзууд маань “Чи хөдөө гэрээсээ ажилдаа явдаг юм уу” гэж цаашлуулдаг юм. Сүүлийн арав гаруй жил би Хамарын хийдийн сүм, дуганыг сэргээх, ноён нутагтын бүтээлүүдийг олон түмэнд таниулах, үйлсийг нь үргэлжлүүлэх зэрэг буяны үйлд дэм болох хувь тавиландаа чин сэтгэл, халуун зүтгэлээ зориулж явна. Ноён хутагтын маань нутагт, Хамарын хийдэд өдгөө жилд гадаад, дотоодын 30-50 мянган жуулчин, эргэл мөргөлчид зорин ирдэг. Энэ бол зөв энергитэй газар орны даллага хаялага юм даа.
-Ингээд бодохоор та нийгмийн идэвх их сайтай хүн юм. Таны нэр “Улаанбаатар буян” компанитай үргэлж холбоотой яригдаж, бичигдсээр ирсэн. Одоо ч таныг эзэн нь мэтээр ярьдаг. Та тэр компанитай ямар холбоотой юм бэ?
-Би өөрийгөө буянд зориулагдсан хүн л гэж боддог (инээв). Ямар ч зорилгогүй, юунд ч зориулагдаагүй юм шиг аж төрдөг хоосон “савнууд” хорвоогоор дүүрэн байна. Уг нь хүн өөртөө заавал нэг зорилго бий болгоод, бололцооныхоо хэрээр түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй юм. Тэр нь дараа дараагийн төрөлдөө бэлтгэж байгаа хэрэг гэж бодох ёстой болов уу. Одоо миний хийж байгаа ажил ч гэсэн “урьдын хүн”-ий минь намайг үргэлжлүүл гээд үлдээсэн үйл хэрэг юм гэж би ойлгодог. Тиймээс дараагийн хүндээ шилжүүлж өгөхийн тулд би ч гэсэн үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Хүний хойт, урьд төрөл, хувь тавилангийн төлөө буян хийх нь сайн сайхан зүйл гэж би үздэг. “Хурмаст тэнгэр” гэдэг сэтгүүлээ одоо ч гаргаж байгаа. Бурхан болоочдынхоо хойтын буяны төлөөх зан үйлийг шинэ, орчин үеийн хэв маягаар хийх төсөл дээр 2004 оноос хойш хэсэг ажилласан. Монголчуудын эртнээс нааш уламжилж ирсэн зан үйлийг ёслол хүндэтгэлийнх нь дагуу яаж мөнхжүүлэх ёстой гэдэг талаас нь хамтарч ажиллаж байсан. Одоо бол дээрх ажлыг маань тэр хүмүүс зах зээлийн зарчмаар нь авч явж байх шиг байна. Миний хувьд хийх ёстой зүйлээ хийсэн, одоо тэдэнтэй ямар ч холбоогүй.
-Та бас улс төрийн намын гишүүн. Улс төр таны хувьд юу вэ. Ер нь та хэр амбийцтай хүн бэ?
-Амбийц хүн бүрт тодорхой хэмжээгээр байх ёстой. Манайхан харин амбийцыг зөвхөн нам, улс төртэй холбож, ийм зүйл дээр л ил гаргаад байдаг. Улс төр миний хувьд юу вэ гэхээр би гэж амин чанараа гаргаж тавихаасаа түрүүнд бусдын төлөө, ард түмэн, улс орныхоо эрх ашгийг бодох ёстой золиосны талбар. Гэхдээ нэгэнт чи ард түмний сонголтоор тэдний төлөө ажиллахаар зориулагдсан л бол золигдож бас чадах ёстой гэж боддог. Миний дотор байдаг ганц том амбийц бол эх хэл, соёл маань. Үүнийхээ төлөө хэний ч өмнө үгээ зоригтойгоор хэлэх болно.
-Монголын зохиолчдын эвлэлийг та хоёр дахь удаагаа улиран тэргүүлж байна. “Чадахаасаа чадахгүйгээ хүртэл энэ байгууллагын төлөө зүтгэнэ” гэсэн тань утга зохиолдоо элэгтэй сэтгэлийнх үү?
-Энэ цагт төрийн бус байгууллага удирдаж явна гэдэг сэтгэлтэй, бас аливаад итгэлтэй хүний хийх ажил юм байна. Сайн цагт зохиолчдын байгууллага төр засгаас дэмжлэг авдаг байсан учраас болоод байж. Сүүлд зах зээлийн нийгэмд шилжихэд хэсэгтээ л хөл алдаж, үйл ажиллагаа нь саармагжиж байсан үе бий. Одооноос л харин ардчилсан нийгэмд яаж оршин тогтнох ёстой вэ гэдэг аргаа олж, мөн чанараараа ажиллаж эхэлж байна гэж боддог. Энэ байгууллага бол хэн дуртай бүхнийг зохиолч болгодог газар биш л дээ. Зохиолчдын эвлэл бол зохиолчдоо дэмжих, зохиол бүтээлийг нь олон нийтэд сурталчлан таниулах, тэднийгээ гадаадад, дотоодын арга хэмжээнд оролцуулах, бусад орны уран бүтээлчидтэй холбох гүүр нь болдог байгууллага. Бас авьяастай, сэтгэлтэй уран бүтээлчид цугладаг, гэртээ ирж байгаа юм шиг тухтай хөөрөлдөж суудаг айл гэр юм. Түүнээс биш энд элссэнээр хүн зохиолч болчихдог юм биш. Удахгүй МЗЭ Ази, Африкийн зохиолчдын холбоонд гишүүнээр элсэхээр боллоо. С.Удвал гуайн үед манайх тус байгууллагын гишүүн байж байгаад хожим холбоо тасраад байсан юм. Энэ мэтээр манай зохиолчдын байгууллага орчин цагийн өнгө төрхөө олоод явж байна даа.
-Сэтгэлтэй нэг хэсэг нь байхын сацуу бас энэ байгууллагаар дамжуулан өөрсдийгөө харуулах гэсэн амбийцтай хүмүүс байдаг бололтой юм билээ. Өөрөөр бол МЗЭ-ээр оролдох шалтгаан тэр хүмүүст баймааргүй юм. Эсвэл энд ямар нэг нууц “юм” байна уу?
-Юу байх юм бэ. Энэ гурван давхар ногоон байшин л бусдад их юм болж харагддаг бололтой. Энэ байшинг бүрэн бүтэн авч үлдэхийг бид хэзээд эрхэмлэж ирсэн. Тэгэхийн тулд дотор нь хүн амьдарч байж өвөлд нь байшингаа хөлдөөчихгүй, зунд нь ус чийгэнд автуулчихгүй байлгаж байна. Байшин өөрөө “иддэг” хоол гэж бас байна шүү дээ. Тэр “хоолыг” нь залгуулах, илүү гарсныг нь бид зохиолчдоо дэмжих, Монголын утга зохиол гэх нэр, нүүрийг тахлахын тулд зарцуулж байна. Үе үеийн дарга нар амаргүй зам туулж явжээ гэдгийг энд ирж ажилласан хүн л мэднэ дээ. Түүнээс биш гаднаас нь хараад, өөлж гоочлох хэнд ч амархан. Өнгөрсөн хугацаанд биднийг үгээр, үйлдлээр зөндөө л оролдлоо. Үе үе матаас хатгалгаар шалгалт орж, биднийг мундахгүй нэгжсэн. Авлигатай тэмцэх газрынхан хүртэл орж ирээд бичиг цаасыг минь баахан онгичиж байсан. Тэглээ гээд яах вэ, үнэн юм үнэнээрээ дууссан. Энэ айлын гал голомт хэзээд байх л ёстой жамаараа одоо оршин тогтнож л байна.
-2013 оны Зохиолчдын их хурал нэлээд ширүүн болж өнгөрсөн. Түүнээс хойш Ц.Хулан, Г.Мөнхцэцэг гэдэг хоёр найз эв түнжин хагарсныг олон нийт сайн ойлгоогүй үлдсэн. Үнэхээр бусдын яриад, бичээд байгаа шиг та хоёр албан тушаалаас болж эе эвдсэн юм уу?
-Гүйцэтгэх захирлын албан тушаалыг их хурлаар хэлэлцэж сонгодоггүй учраас миний хувьд тэр үйл явдлыг үнэндээ ойлгоогүй. Их хурлаар удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг л сонгодог шүү дээ. Миний бодлоор энэ бол өнөөгийн ороо бусгаа, эмсгий цагийн илэрхийлэл юм даа. Эр, эм хоёр хэрэлдвэл, цус нөжөө гартал зодолдсон ч тоохгүй хэрнээ эмэгтэйчүүд хоорондоо муудалцахыг харж, тэгж зохиож, тэндээсээ таашаал авдаг хүмүүс өнөөдөр олширч. Зохиомол хээлтүүлэг гэдэг шиг хэрүүлийг хүртэл сайхан зохиож, хүмүүсийг хооронд нь талцуулах юм. Тийм л нэг зохиомол зүйл бидний үерхэл нөхөрлөлийн дундуур орж, нэг үгээр бол “хэлмэгдүүллээ”. Гэхдээ үүнээс болоод би айхтар эмзэглэж шаналаад, бусадтай барьцаад, атаа хорсол өвөртөлж гүйгээгүй. Хууль хяналтын байгууллагынхан нь шалгасаар бүхэл бүтэн зургаан сарын дараа буруугүй гэдгийг минь тогтоосон. Харамсалтай л юм билээ. Тэр бүхний дараа би “Ямар айхтар нийгэм юм бэ. Хүний гараар, бусдын оюун санаагаар өөрийнхөө хувь тавиланг л сүйрүүлчихгүй юмсан” гэж бодсон. Хоёрт, ээжийгээ л их өрөвдсөн дөө. Тэр хооронд хамгийн их шаналсан хүн бол миний ээж. Ээжийн минь наснаас “хороосон” дөрөв, таван жилийг хэн ч нөхөж өгөхгүй шүү дээ. Намайг яаж ч болно оо. Миний ажилтай, нэр алдартай байх, үгүй нь хэнд ч хамаагүй. Гагцхүү нэг хүнээс болж нийт гэр бүлийнхнийг нь сэтгэлзүйн дарамтад оруулах шиг утгагүй зүйл үгүй юм байна гэдгийг өөрөө туулсны хувиар бусдын гэмгүй зовлонг дэндүү ойроос мэдрэх болсон.
-Эдийн засгийн үзүүлэлт, инфляцийн түвшинг графикаар харуулдаг шиг таны амьдрал хэр их аз жаргалтай, сэтгэл ханамжтай байсныг тийм аргаар үзүүлбэл ямархуу дүр зураг гарах бол. Хэр дээш, доошоо өгсөж, уруудсан үзүүлэлт байх вэ?
-Хүмүүний амьдралыг зүрхний бичээсээр төсөөлбөл яруу найрагчдынх ёстой л хөрөөний ир шиг байх болов уу. Энэ хорвоогийн бүх зүйлийг хэт их өөртөө ойртуулж хүлээж авдаг, бусдын зовлон, шаналлыг зүрхээрээ мэдэрдэг учраас хааяа учиргүй өгсөж, хааяа хэт уруудаад, заримдаа бүр доголдоод тасалдаж ч мэднэ. Гэхдээ миний амьдрал зүрхний бичээс шигээ тийм ч тогтворгүй биш, харьцангуй тайван, налгардуу байсан гэж боддог. “Би арван хэдтэйдээ ямар хөөрхөн охин байгаа вэ”, “20 гараад ёстой гоё бүсгүй болжээ”, “30 настайдаа би мөн ч сайхан эмэгтэй байжээ” гэж хэзээ ч бодож байгаагүй юм байна. Өнгөрсөн бүхнээ эргэж хараад, харамсаж шогшрох би дургүй. Урдаас минь угтан ирж байгаа бүхнийг надад оногдож буй бурхны хишиг гэж хүлээж авдаг. Учрах найз нөхдөө хүндэлж, идэх гэж байгаа хоол хүнсээ хүртэл тааламжтайгаар хүртэж, байгаадаа ямагт сэтгэл ханаж явахыг хичээдэг. Энэ дадал надад эртнээс суусан шиг байгаа юм.
Л.ГАНЧИМЭГ