1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн анх сансарт нисэж, Монгол Улсын нэр дэлхийн энд цуурайтаж билээ. Одоогоос 34 жилийн өмнөх тэр агшныг эргэн дурсахад сайхан байна. Монгол хүн сансар огторгуйн замд найм хоног аялж байхад монгол эрчүүд сэтгэлээ огшоон сураг тавьж, монгол эхчүүд цай сүүний дээжээ өргөн, хүүхэд залуус догдлон баярлаж, найман настай балчир, наян настай буурлуудын нэгэн цагт сэтгэлийн мухартаа нууж орхисон тал нутгийнхны эрэмгий дайчин араншин зэрэг сэрж, нийтээрээ аз хийморьтой, цог золбоотой сансрын нисэгч залуугаараа бахархаж байсан юм. Үйл явдлын гол баатар бол Монгол Улсын анхны сансрын нисэгч, Монгол, Зөвлөлтийн баатар, хошууч генерал, Батлан хамгаалахын салбарт байлдагчаас сайд хүртэл бүх албыг хашсан Жүгдэрдэмидийн Гүррагчаа.
Энэ хүний түүхийг Монголын ард түмэн сайн мэднэ. Гэсэн хэдий ч түүхт ойн энэ өдөр сансрын баатрын тухай сэтгэгдлээ түмэнтэйгээ дахин хуваалцахаар шийдлээ. 1977 онд цэрэг армийн шилдэг залуусын дундаас монгол хүн сансарт нисэх түүхт үйл явдлын гол баатрыг эрж тодруулах, шалгаруулах ажил чимээгүйхэн өрнөсөн юм. Яг энэ үед Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд шилдэг офицеруудынхаа нэрийг Армийн командлалд илгээж байв. Энэхүү түүхт үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэх хувь тавилан армид алба хааж байсан цөөнгүй албан тушаалтнуудад ногдсоны нэг нь би байв. Үүнийг бичигч миний бие 1975 онд Москва хотод Жуковын нэрэмжит Агаарын цэргийн академи төгсөөд, Ардын армийн байлдааны сөнөөгч онгоцны ангид ерөнхий инженерээр ажиллаж байсан юм.
1977 оны нэг өдөр ангийн захирагч Жуковын академид сурч, төгссөн офицеруудаас хамгийн шилдэг залууг олж тодорхойл гэсэн тушаал өгөв. Тэр үед манай ангид тэрхүү академийг төгссөн хэд хэдэн залуу ажиллаж байсан ч би Ж.Гүррагчааг сонгож байснаа өнөөдөр дурсахад сайхан байна. Ж.Гүррагчаа Жуковын академид сурахаар 1972 онд очсон, надаас хоёр курс доор сурсан залуу. Бидэнтэй хамт сурч байсан Эрдэнэ бид гурав академийн дотуур байрны нэг өрөөнд гурван жил амьдарсан, нэг нэгнээ сайн мэдэх хүмүүс. Гэхдээ би Ж.Гүррагчааг хэн хэнээ сайн мэддэг гэж сонгоогүй. Зан аашийг нь мэдэх учраас хичээнгүй, нухацтай, даруу төлөв, жинхэнэ шилдэг байж чадна гэж итгэн, тодорхойлж байсан юм. Цэрэг, армийн боловсрол өндөртэй, бие эрүүл, ухаан саруул залуусыг сорьж, шалган тэдний дундаас шилдгийн шилдгийг сонгох үйл явц амар байгаагүй. Гэвч бүгд зөв сонголт хийсэн байсан. Ингээд урьдчилсан шалгаруулалтад Ж.Гүррагчаа, Г.Ганзориг, Д.Сүрэнхорлоо, Д.Сайнцог гэсэн дөрвөн сайхан залуу тэнцэж, анги, хамт олныхоо нэрийг Зэвсэгт хүчний олон анги нэгтгэл дунд мандууллаа.
Тэдний нэг нь Жуковын академийн нэг өрөөний залуу, Байлдааны сөнөөгч онгоцны ангид хамт алба хааж байсан, ангийн захирагчдаа миний тодорхойлж өгсөн нүүрэндээ инээмсгэлэл тодруулсан, даруухан залуу Ж.Гүррагчаа байв. Зэвсэгт хүчний шилдгүүдийг тэргүүлж, сансрын нисэгчийн бэлтгэлд явах болсон офицер Армийн цэргийн нисэх хүчнээс тодорсонд манай ангийн удирдлага төдийгүй Нисэх хүчнийхэн бүгд баярлаж байв. 1978 оны гуравдугаар сард Ж.Гүррагчаа, Г.Ганзориг хоёр Москва руу явж, Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд байрласан юм. Тэднийг сансрын нислэгийн бэлтгэл хийж байхад миний бие байлдааны онгоцны сэлбэг авах ажлаар Москвад очиж, Оддын хотхонд Ж.Гүррагчаагийнд зочилж, Г.Ганзоригтой танилцаж тэдний гэр бүлийнхэнтэй хууч хөөрч, тэднийг эх орондоо ирж кино зураг авахуулах, ажиллаж байсан анги хамт олныхоо дунд ирэхэд ч цөөнгүй уулзаж ярилцдаг байв.
Сансрын баатар Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт, олон хүүхэдтэй жирийн нэг малчны гэр бүлд төрсөн. Айлын ууган хүү Гүррагчаа дүү нараа асарч, мал маллаж, хурдны морь унаж, дунд сургуульд сурч, Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн, цэргийн албанд мордож, цэргийн бага шатны албыг шат дараалан хашиж, мөрдэс зүүж явсан тухай дурсамжийг монголчууд сайн мэднэ. Гучин дөрв өн жилийн өмнөх түүхт үйл явдлын гол баатар маань эх дэлхийдээ бууж ирэхэд “Гүррагчаа дэлхийн дайдад Монгол Улсын нэр хүндийг цуурайтуулав”, “Тэр ертөнцөд Монгол гэдэг нэгийг дахин мандуулж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэв”, “Монголчууд дэлхийн шинжлэх ухааны түүхэнд гайхамшигтай хувь нэмэр орууллаа” хэмээн тал нутгийнхан нийтээрээ догдлон баярлаж, нулимс унагаж байсан.
Он жил харвасан сум шиг өнгөрч, сансрын баатар залуу маань хүний сайхан хань, хүүхдийн эцэг, бяцхан үрийн өвөө болж, цэрэг армийн салбарт насаараа ажиллан, өдгөө 68 дахь хавартайгаа золгож явна. Он цаг түүхт үйл явдлыг өөрийн хуудсандаа архивлан үлдээсэн бол цаг хугацаа Ж.Гүррагчаад нас нэмж, буурь суулгажээ. Гэвч тэр өөрчлөгдсөнгүй. Тэр эгэл даруухан, энгийн нэгэн хэвээрээ байх нь гайхалтай. Москвагийн Сансар судлалын төв, дэлхийн сансрын нисэгчдийн дунд Монголын баатар, Оросын баатар хэмээн хүндлүүлж, дэг жаяг чангатай Оддын хотхоны алба хаагчдын мэхийн хүндэтгэж байдаг Ж.Гүррагчаа монгол түмэндээ ихэрхэж байсан удаа нэг ч үгүйг бодохоор “Эрдэмтэй хүн даруухан, их мөр өн дөлгөөн” гэсэн ардын сайхан үг түүнд зохисон гэлтэй. 1981 оны гуравдугаар сарын энэ өдөр сансарт хөөрсөн “Союз-39” хөлөг, Зөвлөлт, Монголын хамтарсан багийн нислэгийн үед сансрын физик, техник, технологи, анагаах ухаан, биологи экологийн салбарт 30 гаруй төрлийн туршилт, судалгаа хийж, монголчууд дэлхийн шинжлэх ухаанд үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан.
Энэхүү судалгааны баримтууд эрх бүхий байгууллагын архивт хадгалагдаж байгаа болов уу. Монголчууд бид сансрын ганц нисэгчийнхээ хийж бүтээсэн бүхнийг жил ирэх бүр шарлан гандаж буй түүхийн хуудаснаа үлдээж болохгүй юм. Ийн хэлэх шалтгаан байна. Цаг хугацаа өнг өрөх тусам монгол хүн сансарт ниссэн үйл явц мартагдах тийш хандаж, бид энэ өдрийг нам гүм өнгөрүүлдэг болжээ. Энэ үйл хэрэг бидний хойч үеийнхэн, үр хүүхдэд хатуухан хэлэхэд эрт галавын явдал шиг санагддаг болж. Түүхэн үйл явдлын үнэ цэнэ мартагдан хуучирч, түүхт хүнээ бид ямар их үнэгүйдүүлнэ вэ. Бид олон чухал үнэт зүйлээ үгүй хийж, устгаж ирсэн. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явц, сансраас олж нээсэн шинжлэх ухааны ололтыг бид түүхээсээ аваад хаях нь аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэснээс ялгаа юун. Манай залуус Монгол хүн сансарт нисэхдээ бүтээсэн тэрхүү үнэ цэнэтэй баримтыг хэзээ нээж харах гэж байна. Хэзээ бид ардын баатраа жинхэнэ утгаар нь хүндэтгэж, алдрыг нь мөнхлөх вэ. Мэдээллийн техник технологи үсрэнгүй хөгжсөн энэ цагийн залуусын авьяас чадвар, мэдлэгийг сансар судлалд зориулж, XX зууны монголчуудын амжилтад тооцогдох тэрхүү ололт амжилттай уялдуулах бодлого өнөөдөр үгүйлэгдэж байгааг анхааруулга, асуултаар энэхүү дурсамжаа өндөрлөе.
М.МӨНХЖАРГАЛАН (Бэлтгэл дэд хурандаа)