Одоогоос 34 жилийн өмнө монгол хүн анх сансарт ниссэн түүхтэй. Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков нар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14.58 цагт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн. Тэд сансарт долоо хоног 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрон, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Ийн Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь, нисэгчээ нисгэсэн арав дахь, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон болсон бол Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүнээр тодорсон юм. Эл түүхэн үйл явдлаас гадна хүн задгай сансарт гарсны 50 жил, ЗХУ, АНУ-ын хамтарсан “Союз-Аполлон” хөтөлбөр хэрэгжсэний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймээс ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өнгөрсөн баасан гаригт “Сансарт тэмүүлсэн монгол залуус” өдөрлөг зохион байгууллаа. Тухайн үед сансарт нисэхээр 10 мянга гаруй залуус өрсөлдөж, 13 хүн сонгосноос дөрөв нь шалгарчээ. Тэднээс дахин хоёрыг шигшин, эцэст нь Ж.Гүррагчаа тунаж үлдэн сансарт ниссэн аж. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 13 хүний талаар хүмүүс сайн мэддэггүй учраас Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа санаачлан, тэдний зураг бүхий хүндэтгэлийн самбар хийснийг өдөрлөгийн үеэр нээв. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 13 хүний олонх нь өдөрлөгт иржээ. Тэд “Үс маань шингэрч, зүс маань гундсан ч энэ сайхан хийморилог үйлст оролцсоноороо бахархдаг” хэмээсэн юм. Сансарт нисэх сонгон шалгаруулалтад үлдсэн сүүлийн дөрвөн хүний нэг, хурандаа С.Сайнцог гуайтай ярилцлаа. Өдгөө тэрбээр гавьяаныхаа амралтад суужээ.
-Сансрын нисэгчийн сонгон шалгаруулалтад яагаад оролцохоор болсон бэ?
-Бид чинь Юрий Гагариныг сансарт нисэх үед дөрөв, тавдугаар ангийн сурагч байлаа. Тиймээс сансрын нисэгч болох нь хүүхэд бүхний мөрөөдөл байсан. Сансраар “өвчилсөн” залуу, халуун нас маань энэ үйл хэрэгт оролцоход нөлөөлсөн юм. Манай улс Интеркосмосын шугамаар хүнээ сансарт нисгэх болж, сонгон шалгаруулалт явуулсан. Тэр бол 1976, 1977 оны үе. Түүнээс хойш 38 жил өнгөрчээ. Эхний хэсгийн шалгаруулалтаар Монголын иргэний агаарын тээврийн нисгэгч Сүрэнхорлоо, сөнөөгч онгоцны нисгэгч Шаравсамбуу, Лхагвасүрэн, Эрхэмбаяр дөрөв үлдсэн. Дахиад өөр хүмүүсийг сонгох хэрэгтэй гэсэн шаардлагыг Оросын талаас тавьсан юм билээ. Хоёр дахь ээлжийн сонгон шалгаруулалтад 13 залуу үлдэн, 1977 оны аравдугаар сарын 2-нд эрүүл мэндийн том үзлэгт орж, тэднээс Гүррагчаа, Ганзориг, Сүрэнхорлоо бид дөрөв үлдэн, бэлтгэлдээ орсон. Сонгон шалгаруулалтад оролцсон залуус ихэвчлэн офицер, нисгэгч, эмч, цахилгааны инженер мэргэжилтэй байсан. Эхний болон хоёр дахь шалгаруулалтад тэнцсэн 17 залуугаас өдгөө гурав нь тэнгэрийн оронд оджээ.
-Сонгон шалгаруулалт болж байгааг та яаж мэдсэн бэ?
-Улсын комисс ямар мэргэжилтэй хүмүүсийг сонгохоо төлөвлөсөн байсан гэдэг. Ингээд яам, тамгын газраар явж, офицер, инженер, техникчдийн анкет, хувийн хэргийг үзэн, хүмүүсийг сонгосон. Тэнцсэн 13 хүнээс дөрвийг, тэднээсээ хоёрыг, хоёроосоо нэгийг нь сонгон нисгэсэн. Хэн нь бэлтгэлээ илүү хангасан, сайн байна вэ гэдгийг харж сонгосон болов уу. Мэдээж, манай талаас санал хүргүүлсэн байх. Нисгэх хүнийг Улсын комисс сонгосон ч яг хэнийг нь нисгэхээ нислэгийн өглөө л шийдсэн.
-Гол шалгуур нь юу байсан бэ?
-Эрүүл мэнд байсан. Сансрын нислэг гэдэг тийм хялбар зүйл биш. Хүмүүс болохоор онгоцонд суугаад нисэх ухааны юм боддог. Эрсдэл асар их. Энэ бол хүнээс эрүүл бие бялдар, орчин үеийн техникийн мэдлэг, дадлагатай байхыг шаарддаг. Тиймээс эрүүл мэндэд маш их анхаарч байсан. Эрүүл мэндийн үзлэг чинь бараг л есөн эрүү шүүлттэй дүйж байлаа шүү дээ.
-Сансарт нисэж байх үеийн чичиргээг мэдрүүлэх гэх мэт тийм бэлтгэл, сургуулилалт хийж байв уу?
-Урьдчилсан сорилтын үед сансрын жингүйдэл хүний биед яаж нөлөөлөх вэ гэдгийг хялбаршуулсан аргаар туршдаг. Олон хоног толгойг нь уруу харуулан хөдөлгөөнгүй хэвтүүлж, мөн их доргио чичиргээ бие организмд нь яаж нөлөөлж байгааг төхөөрөмжөөр үзнэ. Нислэгийн бэлтгэлд орсон Гүррагчаа, Ганзоригийн хувьд хөөрөх, буух үед өгөх ачаалал зэрэг янз бүрийн зүйлийн шалгуурт орсон.
-Тухайн үед та хэдэн настай, ямар ажил хийж байсан бэ?
-Би Батлан хамгаалах яамны Инженерийн хэлтсийн ахлах офицер, 30 настай байсан. Залуу ч байж дээ.
-Гэрийнхэн тань таныг сүүлийн дөрвөн хүний нэгээр үлдэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Эхний үед мэдээгүй. Хэнд ч, гэрийнхэндээ хүртэл мэдэгдэх ёсгүй, маш нууц байсан. Тусгай томилолттой, ажилтай гэж гэрийнхэндээ хэлнэ. Би цэргийн хүн учраас хээрийн сургуулилалт, анги салбарын шалган туслах ажил гээд жилийн тав, зургаан сард нь гэр орондоо байдаггүй, хөдөө явдаг болохоор гэрийнхэн маань хар аваагүй.
-Яагаад тэгж нууцлах болсон юм бол?
-Монгол хүн сансарт ниснэ гэдэг чинь улсын нэр төртэй холбоотой хэрэг. Сайн хүнээ олж нисгэх, тэр хүнээ алдчихгүйн тулд их хөрөнгө зарж, улсын нууцад хамааруулж байсан. Бэлтгэсэн хүнд нь янз бүрийн зүйл тохиолдвол яах вэ. Иймээс аюулгүй байдлын үүднээс нууцалж байсан.
-Тэгээд чухам хэзээ нийтэд зарласан юм бэ?
-Нисэх үед л ил болсон. Гүррагчааг сансарт хөөрөөд, эх дэлхий рүүгээ холбоо барихад л зарласан юм. Тэр болтол чухам хэн нисэх нь тодорхойгүй байсан. Шөнөжин “Нохойтой дөрвөн танкчин” кино үзээд, хүлээгээд л байдаг. Бүх албан байгууллага, бригадад хоёр дугтуй хүргүүлж, алийг нь задлахыг зарлана гэсэн. “Нэг дугаартайг нь задал” гэхэд л Гүррагчааг ниссэнийг мэдэж байгаа юм.
-Та сансарт нисэхэд маш ойрхон байсан. Бага зэрэг л хичээсэн бол сансарт нисэх байж гэж харамсах сэтгэл төрдөг үү?
-Сонин асуулт байна. Гэхдээ би харамсдаггүй. Тухайн үед бид өөр хүмүүжил, төлөвшилтэй байлаа. Би сансарт нисэхэд ойрхон байсан уу гэвэл байсан. Гэхдээ бидэнд атаа, жөтөө байгаагүй. Би хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Хамт зүтгэж явсан, дотно найз Гүррагчаа маань сансарт нисэж, Ганзориг тэр хоёр хоёулаа хэрэг зоригоо бүтээн, Монгол Улсаа төлөөлж дэлхийн сансрын түүхэнд нэрээ бичсэн болохоор би тэднээрээ бахархдаг. Бид дөрөв тэр нарийн шалгуурт нь дөрвүүлээ тэнцэхгүй байх вий гэхээс л эмээж явсан. Тэнцээд ниссэн нь найз нөхдөө хэзээ ч мартахгүй шүү гэж тангараг тавьсан. Өнөөдөр бид гэр бүлийн найзууд.
-Тангаргаа яаж тавьсан хэрэг вэ?
-Эр улс яаж тангараг тавьдаг, түүн шиг л тавьсан. Үүнийг нууц хэвээр үлдээе. Магадгүй дараа нь ярих зүйлгүй болчихож мэднэ. (Инээв)

-Энэ самбар дээрх зургийг нууцаар авахуулсан, бас бүгдээрээ байгаа цорын ганц зураг гэж сонссон. Зурган дээр хүртэл Гүррагчаа гуай голлоод зогсчихсон байгаа нь сонин юм шүү.
-Энэ зургийг авахуулахад бид Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баруун талын хэсэг болох хүлээн авахад байрлаж байсан. Эрүүл мэндийн үзлэг түр завсарлахад биднийг “Гарч болохгүй шүү. Эндээ байж байгаарай” гэсэн юм. Бид ярилцаж, тохироод нэгдүгээр давхрын цонхоор гарч, Хүнсний 20-ын тэндэх зурагчнаар зураг авахуулсан. Улсын их дэлгүүрийн зүүн талын номын дэлгүүрээс сансрын тухай ном худалдаж аваад, буцаж ирж байлаа. Тухайн үедээ хэнд ч мэдэгдээгүй ч одоо энэ зураг биднийг бариад өгчихөж байгаа юм. Гүрээ Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академи төгсөж ирсэн, будаг нь ханхалсан ахлах дэслэгч байлаа. Манайхан бараг бүгд цэргийнхэн, нэг л хүн энгийн байсан.
-Магадгүй та сансарт ниссэн бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?
-Гарах өөрчлөлт нь Гүррагчаагийн амьдрал юм. Монгол хүний мөнхийн хүсэл бол үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр жигүүрт хөлгөөрөө нисэх. Тэр мөнхийн хүслийг сансрын уудам орон зайд гаргасан хүн бол Гүрээ. Уяхан замбуу тив гэж уртын дуунд гардаг. Тэр яасан оносон нэр вэ. Өвөг дээдэс маань ямар их мэдрэмжтэй, оюунлаг хүмүүс байсныг эндээс харж болно. Гүрээ маань сансарт 200, 300 км-ын өндөрт гарчихаад, дэлхий рүүгээ харахад “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны эгшиг шуранхайлж, уяхан замбуу тив надад үзэгдсэн” гэж ярьдаг. Тиймээс уяхан дэлхийгээ, Монгол нутгаа сайн сайхан байлгахын төлөө хүн бүхэн хайрлах ёстой.
-13-уулаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Өнөөдрийнх шиг албан ёсны уулзалт болж байсангүй. Бидэнд уулзах боломж төдий л олддоггүй байсан.
-Гүррагчаа гуайг сансарт ниссэнийг сонсоод танд ямар сэтгэгдэл төрж байв.
-Өөрөө ниссэн юм шиг л баярласан. Бидний зүрх сэтгэл, зорилгыг тээж сансарт ниссэн найзаараа бахархахгүй яах вэ. Жинхэнэ монгол эр хүний төвшин сайхан ухаан, зан чанар миний Гүрээд “дүүрэн” бий. Манай Гүрээ хэзээ ч найз нөхдөө хаядаггүй хүн. Бид олон жил хамт ажилласан.
-38 жилийн өмнөх үйл явдлаас хэзээ ч мартагдахааргүй үлдсэн зүйл нь юу вэ?
-Бидний цэвэр, ариун сэтгэл. Монгол түмний хайр, итгэлийг өвөрлөж, сансарт тэмүүлэх үйлсэд бие биедээ тусалж байсан тэр л сэтгэл. Бид нэг хүн шиг нэгдэж чадсан. Бидэнд атаа жөтөө байгаагүй. Хэн нэгэн маань сансарт нисвэл бидний үйлс бүтэх юм шиг санаж явсан.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ