УИХ-ын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах, журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолын дагуу нэг гишүүнд хууль, шийдвэрийн төсөл боловсруулахад нь зориулж жилд 10 сая төгрөг төсөвлөдөг аж. Мөн хуулийн төсөл боловсруулахтай нь холбогдуулан бусад орны хууль, тогтоомж, туршлагатай танилц, судал гэж гадаадад ажиллах томилолтын зардал болгон гишүүн тус бүрт таван сая төгрөг хуваарилдаг юм байна. Ийнхүү 2008 оны сонгуулиас хойш байгуулагдсан хоёр удаагийн парламентын гишүүн тус бүрт зөвхөн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулахад нь зориулж жилд 15 сая төгрөг төсөвт тусгаж иржээ. Ер нь хууль боловсруулахтай холбоотой дээрх зардал болон цалин, унаа, утас, албан томилолт, мэдээлэл сурталчилгаа, ном хэвлэл, туслахын цалин гэхчилэн нийт 100 орчим сая төгрөгийг нэг гишүүний жилийн зардал болгон төсөвт тусгадаг аж.
Тэгвэл түрүү жилээс тойргоос сонгогдсон гишүүдийн жилийн зардлыг 90 сая төгрөгөөр буюу бараг хоёр дахин нэмэгдүүлжээ. Дээр дурдсан тоон дүнг их, эсвэл бага гэж дүгнэх нь харьцангуй бөгөөд миний зорилго биш юм. Ердөө л Монгол Улсын Их Хурлын гишүүд хууль боловсруулахад жилд тэрбум 140 сая, бүрэн эрхийн хугацаандаа дөрвөн тэрбум 560 сая, 2008 оноос тооцвол 31 тэрбум 920 сая төгрөг зарцуулсныг тооцож гаргах гэсэн хэрэг. Үүгээр дамжуулан хуулиудын чанар, биелэлтийн асуудлыг бага ч болов хөндөхийг зорив. Учир нь Монгол бол нийгмийн бүхий л харилцааг зөвхөн хуулиар зохицуулдаг эрх зүйт төртэй улс. Энд хууль л ноёрхох учиртай. Харамсалтай нь аль Манжийн ноёрхлын үеэс биднийг дагалдах болсон “Монголын хууль гурав хоног” гэх хэлц өнөө ч манай улсыг тодорхойлсон хэвээр. Шалтаг, шалтгааныг нь ч олон талаас тайлбарласаар ирэв. Хууль тогтоогчид нь амьдралд нийцэхгүй “бүтээгдэхүүн” үйлдвэрлээд байна уу, эсвэл хэрэгжүүлэгчид хайнга, хяналтгүй байна уу гэхчилэн толгой гашилгаж сууна. Харин энэ удаа асуудлын угаас буюу хууль боловсруулах үйл явц нь хуудуутай “бизнес” болчихсон юм биш биз хэмээн хардаж буй нь энэ.
Үнэндээ хууль санаачлан боловсруулдаг нь дан ганц гишүүд биш л дээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл санаачилж, парламентад өргөн барих онцгой эрхтэй. Ерөнхийлөгч, Засгийн газарт хууль боловсруулахад нь туслах Тамгын газар, хуулийн хэлтэс, бүхэл бүтэн яам бий. Харин УИХ-ын 76 гишүүн хууль боловсруулахад УИХ-ын Тамгын газрын хууль зүйн үйлчилгээ болон Судалгаа, шинжилгээний хэлтсийн хэдэн ажилтан хангалтгүй. Тэгээд ч гишүүдийн хувьд хуультай зууралдах нь л үндсэн ажил байх учиртай. Тиймээс ч тэдэнд хууль боловсруулахад нь зориулж тусгайлан төсөв баталдаг байж таарна. Гишүүн бүр хуульч биш. Бичиг үсгийн боловсрол нь ч харилцан адилгүй. Бас тэдэнд нийгмийн бүхий л харилцаа, салбарыг хамарч, зохицуулах янз бүрийн хууль боловсруулах сонирхол хийгээд шаардлага бий.

Тиймээс тэд мэргэжлийн хуульчдын баг, товчоо бүр хувь хүнд хандаж, автораа тавих хуулийн төсөл боловсруулах захиалга өгдөг. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын шилэн дансны мэдээллээс харахад хуулийн төсөл боловсруулах зардалд С.Ганбаатар гишүүн Б.Отгонбаатарт ес, Г.Баярсайхан Д.Баатарпүрэвт ес, Д.Ганбат гишүүн хуулийн зөвлөгөө авах, хамтран ажиллах гэрээний төлбөрт “Оюуны инноваци” ТББ-д 10 сая төгрөгийг энэ оны хоёрдугаар сард шилжүүлсэн байгаа юм. Гэвч энэ нь нэг, эсвэл нэлээд хэдэн хуулийн төсөл боловсруулсан зардал уу гэдэг нь тодорхойгүй. Юутай ч хувь хүн болон хуулийн товчооны хуулийн төсөл боловсруулах ханш харилцан адилгүй юм билээ. Томоохон хэмжээний судалгаа, шинжилгээ шаардагдах, эсэх болон гүйцэтгэгчийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд зэргээс шалтгаалан тэнгэр, газар шиг ялгаатай байх нь бий. Зөвхөн гишүүд гэлтгүй хуулийн төсөл санаачлан боловсруулах эрх бүхий субъектүүд ч хөндлөнгийн хэн нэгнээс энэ мэт төлбөртэй үйлчилгээ авдаг байж болох. Гэвч тухайн хуулийн амьдралд нийцсэн, эсэх, агуулга, үзэл баримтлал байтугай наад захын шаардлага болох үг, үсэг, утга найруулга, бүтэц, хэлбэр, дэс дарааллаас авахуулаад авах юмгүй байгаа талаар УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд туршлагатай парламентчид толгой сэгсрэх нь байнгын, байдаг л мэт болсон зүйл.
Цаашлаад тухайн хууль батлагдсанаар гарах санхүү, төсвийн үр нөлөөг урьдчилан тооцоолж, үр дагаврыг нь үнэлээгүйгээс болж нэгэнт батлагдсан хууль хэрэгжихээс өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг нь хүчингүй болгох тохиолдлууд гарч, улмаар хууль тогтоох ажлыг үнэгүйдүүлж байна. Тухайлбал, түрүүчийн парламентын үед Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан нарын гишүүдийн санаачилсан “Урт нэртэй хууль” өнөөдрийг хүртэл хэл ам дагуулж байна. Мөн ярьсаар, мэдсээр байж эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгосон хууль баталсанд архичид л баярлаж суугаа. Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хуулийн зарим заалттай нийцэхгүй байгааг Цэц их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэж, хүчингүй болгосон нь хууль боловсруулах үйл явц уялдаа холбоо муутай байдгийн нэгээхэн илрэл.
Энэ мэт жишээ даанч олон нь харамсалтай. Тиймээс ч Засгийн газраас “Хуулийн тухай хууль” гэгддэг Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхлээд буй. Хууль “мэндэлсний” дараа төслийг төлбөртэй, төлбөргүй боловсруулж, зөвлөсөн баг, хувь хүний нэр гарахгүй. Гагцхүү сайн ч, муу ч парламентын чадал, чансааг л ярьдаг. Үнэхээр ч дориухан хууль баталчихсан гишүүд түүгээрээ л “гангардаг” шүү дээ. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч хууль чанаргүй, хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэлийн буруутан нь хууль тогтоогчид байх болно. Өнгөрсөн хугацаанд төдий хэмжээний хөрөнг өөр ямар хууль, эрх зүйн орчин бүрд үүлсэндээ дүгнэлт хийх цаг нь болж, гишүүд ээ. Та бүхэн үүнийхээ төл өө хариуцлагаа ухамсарлах ёстой. Та бүхний шийдвэр чанаргүй байгаа бол татвар төлөгчдийн талхны мөнгөнөөс хугасалсан мөнгийг хуулийн төсөл боловсруулах нэрээр хэн нэгэн компани, хувь хүнийг тэтгэсэн болж таарна. Тэгвэл үүнийг хууль тогтоогчдын хуудуутай “бизнес” гэж харахаас өөр яах билээ.
Б.НОМИН