Сүүлийн 20 гаруй жил эрүүл мэндийн салбар төрийн нэгдсэн бодлогоор ангаж цангаж ирснийг, уршгаар нь улсын эмнэлгүүд үнэгүйдэж, үйлчилгээ нь “0” зааж, эмч нар нь өргөсөн тангаргаа умартан, хэдэн халтар цаасны төлөө дээдсийг өргөж, доодсыг нүд үзүүрлэдэг шогийн зан “ханхлуулах” болсныг бид “Улсын эмнэлгүүдийг урагшлуулах найдвар” нийтлэлээрээ хөндсөн. Энэ бүхнээс гарах арга зам нь хувьчлал гэдгийг ч бичиж байв. Өдгөөгөөс 16 жилийн тэртээ УИД-ийг хувьчилсан. Анх хувьчлах тухай ярьж байхад амтай болгон буруушааж, УИХ-аар хүртэл энэ асуудлыг хэлэлцэж, болохгүй, бүтэхгүй гэцгээж байсан ч одоо хар л даа. Хүн бүр сэтгэл хангалуун түүгээр үйлчлүүлж, нүдний өмнө улам хөлжиж, хөгжиж, өнгө нэмсээр л байна. Харин улсаас төсвөө залгуулдаг өөр байгууллагууд жилийн жилд л мөнгө байхгүй, төсөв байхгүй гэсэн шалтгаанаар нооройсон хэвээр. Тэр дундаа төрийн өмчийн эмнэлгүүд. Хоёр жилийн өмнөөс улс орны эдийн засаг хүндхэн байгаа гэсэн болхи үгээр ам таглаж, хамгийн чухал салбараасаа төр мөнгөө харамлаж эхэлсэн. 2014 онд улсын эмнэлгүүдээс тэвчиж болох зардал нэрийдлээр 100-180 сая төгрөг танасан бол өнөө жил төрийн өмчийн II, III шатлалын эмнэлгүүдийн төсвийг жигдхэн 10 гаруй хувиар хорогдуулчихлаа.
Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр арайхийн амьтай голтой явсан салбараа төрийн элгээр нь мөлхүүлэх шийдвэр гаргасан. Аль ч эмнэлэгт очсон, хэнбугай нь ч зургаахан сарын төсөвтэйгөө ам булаалдан хэлэх. Улсын эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээнийх нь үнэгүй сайхныг шагшин гайхдаг цаг ард хоцорчээ. Даралт нь ихсээд, хордлогод орсон өвчтөн дусал хийлгүүлэхээр харьяа эмнэлгээ зорьтол “Дуслаа аваад ирвэл залгаад өгье. Илүүчлэх эм, тариа алга” гэсэн байна. Саяхан цөсний чулуугаа авахуулаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нэгэн танил маань шаардлагатай эм, тариагаа гаднаас 100 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан гэнэ. Энэ мэт шалтгаанууд төрийн өмчийн эмнэлгүүдийн статусыг өөрчлөхийг шаардаад байгаа хэрэг. Ингэхдээ эмнэлгүүдийг 100 хувь хувьд шилжүүл, төрийн өмчөөс хас гээгүй. Менежментийг нь өндөр түвшинд аваад явчих чадвартай нэгэнд даатгавал энэ салбар өндийгөөд ирэх биз ээ. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийг 10 жилийн өмнө хувьчилчихсан. Өдгөө эмчилгээ, үйлчилгээ нь бусад эмнэлгээс хамаагүй дээр гэдгийг би биш иргэд хэлж байгаа. Харин саяхнаас Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийг менежментийн гэрээгээр хувьд шилжүүлжээ. “Сүхбаатар” нэгдсэн эмнэлэг гэсэн хаягтай болчихож. НЭМГ-ын дарга Ш.Энхбат “Баянзүрх дүүргийн эмнэлгийг хувьчилж болсон юм чинь Сүхбаатар дүүргийнхийг яагаад болохгүй гэж. Өмчлөл нь төр, эсвэл хувийнх байх нь чухал биш. Тухайн эзнээс нь бүх зүйл хамааралтай. Болохгүй бол төр буцаагаад авчихаж болно. Тус эмнэлгийн өмчлөл нь цаашид хувьд очих нь тодорхой болсон.
Гэхдээ бусад дүүргийн Нэгдсэн эмнэлгийг ойрын арван жилд бусдад худалдахгүй. Дүүргийн эмнэлгүүд бол нийтийн өмч. Иргэдэд хамгийн ойр, хямд өртгөөр тусламж, үйлчилгээ үзүүлдэг учраас хувьчлах тухай ярихгүй. Харин өрхийн эмнэлгүүдийн тухайд өөр. Эрүүл мэндийн тухай хуульд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг төрийн ажлыг гэрээгээр гүйцэтгэж буй хувийн хэвшлийн байгууллага гэж заасан байдаг. Гэтэл өдгөө эдгээр байгууллага төрийнх ч биш, хувийнх ч биш “бантан” болчихоод байгаа. Нэгэнт хуульд ингэж заасан учраас дараа жилээс үйл ажиллагаа нь жигдэрсэн, боломжийн сайн өрхийн эмнэлгүүдийг хувьчилж эхэлнэ. Дэлхийн хэмжээнд ч ийм л байдаг” гэж ярьсан юм. Гадаадын жишгээс харахад эмнэлэг ашгийнх байх ёстой. Энэ бол хамгийн гол зарчим нь. Харин иргэдээ гэсэн сэтгэлээ хэзээ ч гээж болохгүй гэдэг. Бид ч энэ жишгээр л явах ёстой. Дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн одоогийн байдал нэг иймэрхүү байгаа. Харин томоохон эмнэлгүүдийн хүний төлөө, салбараа гэсэн сэтгэлтэй зарим удирдлага, эмч нар эмнэлгийн хувьчлалыг ихэд дэмжин сайшааж байгаа. Ингэж гэмээнэ эрүүл мэндийн салбарын “цус” сэлбэгдэнэ гэдгийг тэд мэдэж байгаа учраас тэр. Харин саяхнаас эрх баригчид эмнэлгүүдийн засаглалыг төрөөс ангид, бие даасан статустай болгох талаар дотооддоо ярьж эхэлжээ.
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба сайдын зөвлөлийн анхны хурлаараа энэ асуудлыг нэлээд нухацтай авч хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэх арга зам хайжээ. Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн дэх 20-иод гишүүн төрийн өмчийн тэр дундаа III шатлалын эмнэлгүүдийг менежментээр хувьчлахыг дэмжсэн байна. Үүнд Улсын I, II, III төв эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төвийн нэр яригдаж буй бололтой. Зарим хүн “Улсын томоохон эмнэлгүүдээ хувьчилчихаар жирийн иргэд яах болж байна. Төр Үндсэн хуулийнхаа дагуу эрүүл мэндийн салбараа үүрч явах ёстой. Хувийн хэвшилд шилжүүлэх гэж байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил буй” гэх мэтээр ярьж байна. Хувьчлалын олон хэлбэр бий. Одоо яригдаад буй засаглалын асуудал нь бусдаасаа оновчтой гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Мэдээж эмнэлгүүдээ 100 хувь худалдахгүй. Өмч нь төрийнх хэвээрээ байна. Төр зөвхөн эмнэлгүүдийн бие даасан байдлыг нь хууль эрх зүйн хувьд хангаж өгөх юм. Ингэхдээ эмнэлгүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийг хөндлөнгөөс байгуулж, эмч, удирдлагуудыг нь сайд биш ТУЗ нь томилдог болох юм. Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах, эмч, удирдлагуудыг нь санаачилгатай, идэвхтэй ажиллуулахын тулд эмнэлгүүдийг менежментээр хувьчлах нь тун зөв гэж шийдвэр гаргагчид үзэж байгаа. Эмнэлгүүдээ ашгийнх бус юм аа гэхэд бизнесийн байгууллага болгох цаг нь нэгэнт болсон.
Өдгөө манай улсын ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байхад эрүүл мэндийн салбар л зах зээлээс ангид явж ирснийг бид бүгд мэднэ. Мэдээж хэрэг өнөө, маргаашдаа энэ асуудал шийдэгдчихгүй нь ойлгомжтой. Төрийн өмчийн “том” эмнэлгүүдийн засаглалыг өөрчлөхийн тулд Эрүүл мэндийн холбогдолтой хуулиудаас гадна өөр олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг албаны хүмүүс ярьж байна. Хамгийн наад зах нь Төсвийн тухай хууль. Уг хуульд “Төсвөөс санхүүждэг байгууллага бүр төрийнх байна. Иймд ашгийнх бус, бизнесийн байгууллага биш байна” гэж заажээ. Энэ мэтчилэн олон хуулийн зарим заалтыг засаж, шинэчлэх хэрэг гарчээ. Гэхдээ хууль нэг бүрийн заалтуудыг өөрчилж, шинэчилнэ гэдэг цаг хугацаа, нөр их хөдөлмөр зарцуулах учраас энэ бүхнийг багтаасан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй нэр бүхий найман хүн санаачилж, УИХ-д өргөн бариад байна. Хуулийн хэлэлцүүлгийг ч энэ сарын 17-нд нийслэл, аймаг, орон нутагт зохион байгуулсан. Уг хуулийн төсөлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр ашгийг сайжруулахын тулд дараах бодлогын шинэчлэлийг цогцоор нь хэрэгжүүлэх ажээ.
Үүнд төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагыг бизнесийн орчинд улс төрөөс хараат бус байдлаар бие даасан тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчин бий болгох, өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг зах зээлийн харилцаанд тэгш оролцуулах, улмаар зөвхөн тусламж, үйлчилгээнийхээ чанараар өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, иргэдэд чанартай, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эмнэлгийн санхүүжилтийг зарцуулах ёстой. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан “Тусламж, үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх гэрээ”-ний гүйцэтгэлийг үндэслэх зэрэг олон заалт багтжээ. Нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг төрийн өмчит хуулийн этгээд байх тохиолдолд засаглалаа сайжруулах, хариуцлага, ил тод байдлаа хангаж байхаар дараах байдлаар зохицуулжээ. Тухайн эмнэлэг өмчлөгч, үйлчлүүлэгч, мэргэжилтний төлөөллөөс бүрдсэн ТУЗ-тэй байх аж. Уг зөвлөл нь эмнэлгийн гүйцэтгэх удирдлага (захирал)-ыг томилох, харин гүйцэтгэх захирал нь эмнэлгийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, энэ тухайгаа ТУЗ-дөө тайлагнаж байх юм. Эмнэлгийн захирал өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд дотоод зохион байгуулалт, менежментээ бие даан хэрэгжүүлэх үүрэгтэй.
Харин эмнэлгийн санхүүжилтийг эмнэлгийн удирдлага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах байгууллага (Эрүүл мэндийн даатгалын газар) хоорондын гэрээний үндсэн дээр олгох зэргээр нарийн тусгажээ. Зургаан бүлэг, 65 зүйлтэй уг хуулийн төслийг боловсруулахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бусад холбогдох хуультай нийцүүлэх зорилгоор Эрүүл мэндийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан байна. Хууль батлагдсанаар шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломж хүн бүрт нээгдэх, иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай л бол харьяалал харгалзалгүйгээр тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас үүсэх ядуурлыг бууруулах, гадагшаа урсаж буй мөнгөний урсгалыг хязгаарлах, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд уг хууль хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн салхи сэвэлзүүлье гэвэл одоогийн бүтцийг шинэчилж, улсын эмнэлгүүдийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй, мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгох нь зүйтэй.
О.БАТ-УНДРАХ