Өнөөдөр дэлхийн цаг уурчдын өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогттой ярилцлаа.
-Юуны өмнө танд дэлхийн цаг уурчдын баярын мэнд хүргэе! Цаг агаарын мэдээ гаргахад хэчнээн хүний хүч хөдөлмөр шаардагддаг вэ. Хоёулаа энэ талаар яриагаа эхлэх үү?
-Тийм шүү. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахад олон хүний хүч хөдөлмөр зарцуулдаг. Тухайлбал, өглөө ажилдаа ирсэн хүн маргаашийн цаг агаар, ойрын тав хоногийн урьдчилсан мэдээг гаргахын тулд 1500-1600 станцын мэдээг цуглуулна. Дараа нь түүнийгээ боловсруулна. Өөрөөр хэлбэл, анализ хийж цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахдаа ашигладаг. Цаг агаарын 1500 станцад Монголын 135 хүн ажиллаж буй. Зарим хүн цаг уурчдыг багаж, дэлгэц хараад сууж байдаг мэтээр төсөөлдөг. Тийм биш. Морин хуурч хүн хоёр утсаар хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн аялгуу тоглодог. Үүнээс нь хүмүүс сэтгэлийн таашаал авдаг. Гэтэл цаг агаарын мэдээ гаргана гэдэг хариуцлагатай ажил. Бүхэл бүтэн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байдаг. Түүнчлэн цаг уурын байгууллагыг цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахаас өөр хийх ажилгүй хэмээн ойлгодог хүн ч бий. Үнэн хэрэгтээ энд олон мэргэжилтэн ажилладаг. Тухайлбал, ус, цаг уурч, байгаль орчны асуудал хариуцсан гэх мэт. Энэ бүх хүний хөдөлмөрөөр манай байгууллагын ажил явагдаж байдаг.
-Цаг уурын байгууллагад та хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 38 дахь жилдээ ажиллаж байна. МУИСийн Физик, математикийн факультетэд цаг уурын тэнхим гэж байлаа. Тэнд цаг уурын ангитай. Тэр ангийг 1977 онд төгсөж, түүнээс хойш энэ байгууллагад тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах чиглэлд голчлон ажилласан.
-Тэгэхээр таны ажлын гараа анхнаасаа энэ албанаас эхэлсэн хэрэг үү?
-Намайг их сургууль төгсөөд, энэ байгууллагад ирж байх үед Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэн байлаа. Тухайн үед Урьдчилан мэдээлэх хэлтэс гэж байсан юм. Тэнд би богино хугацааны урьдчилсан мэдээ гаргадаг инженерээр орж байв. Манай хэлтсийн дарга Э.Найдан гэж хүн байсан. Дарга маань одоо ч миний нүдэнд их тод харагддаг. Даргыг дагаад л доод давхраар явна. Тэгээд хэлтсийнхээ туршлагатай, сайн инженерийн нэг болох Д.Мягмардоржийн удирдлагад сар шахуу дагалдангаар ажилласан. Дараа нь бие даан ажиллаж эхэлсэн. 1983-1984 оны хооронд Хэнтий аймгийн Цаг уурын урьдчилан мэдээлэх товчоонд (хуучнаар) ахлах инженер, 1985 онд хүрээлэнгийнхээ Урьдчилан мэдээлэх хэлтэст ахлах инженерээр ажилласан. 2005 оноос Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч, 2009 онд Үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгчээр ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор 2014 оны гуравдугаар сарын 1-нээс Урьдчилан мэдээлэх төвийн дарга болсон.
-Дөнгөж их сургууль төгсөж ирээд байхдаа өөр хэлтэст орох юмсан гэсэн бодол төрж байв уу?
-Тэгж бодож байгаагүй юм байна шүү. (инээв) Тухайн үед хотод ажиллана гэдэг хэцүү байлаа. Ядаж би сургуулиа төгсөхдөө гэр бүлтэй болчихсон байсан. Ёстой цагийн зүү хаашаа заана, тийшээ явна гэдэг шиг хаана л очиж ажилла гэнэ, “За” гэдэг байсан үе. Мэдээж шинэ инженерт мэдэхгүй, чадахгүй, бойтоглох зүйл гарахыг алийг тэр гэх вэ. Өдгөө цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах зураг материалыг компьютерээр зурдаг болчихсон. Намайг ажилд орж байх үед тийм зураг, материалыг гараараа буулгадаг байлаа шүү дээ. Буулгасан мэдээг нь инженер харж байгаад дахин зурна. Харандааны балнаас болоод ойр орчим, тэр бүү хэл хувцас хүртэл тас хар болчихно. Хувцсаа хамгаалж байна гээд ханцуйвч хийж гартаа углана. Ядарсан үедээ жижүүрээс буухдаа өнөөх ханцуйвчаа авахаа мартчихсан явж байдаг байв. Залуу байсан болохоор ч тэр үү, хүмүүсээс ичээд бушуухан тайлдаг сан. (Инээв)
-Нэг үе цаг уурчид шиг худалч хүмүүс байхгүй гэдэг байсан. Одоо бол техник хэрэгсэл сайжирсан, үзүүлэлт буруу гарна гэсэн ойлголт байхгүй болоо биз?
-Тухайн үеийнхийг одоогийнхтой харьцуулахад өдөр, шөнө шиг ялгаатай. Цаг агаарын мэдээ гаргахад 45 минут зарцуулдаг байсан бол өдгөө таван минутын дотор гаргаж байна. Би бодсон л доо. Гол нь алдсан зүйл дээрээ анализ хийх шиг хэрэгтэй зүйл байдаггүй юм билээ. Дахин дахин анализ хийж, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн нь хожим ажилд минь эерэгээр нөлөөлсөн.
-Шантарч байв уу?
-Хэцүү юм даа гэж бодогдох үе байсан. Гэхдээ би шантарлаа гээд ажлаасаа болих тухай огт бодож байгаагүй. Ялангуяа бороо орохгүй гэж байтал усан бороо цутгах, дуу цахилгаан тачигнах, салхи салхилахгүй гээд хэлчихсэн байтал шороогоор шуурах үед ямар олигтой байх вэ. Гэвч зарим тохиолдолд байгалийн онц аюултай үзэгдэл болохыг мэдээд иргэдэд мэдээлсэндээ урамших ч үе бий.
-Цаг уурч болох нь таны шийдвэр байсан уу, эсвэл аав, ээжийнх тань уу?
-Энэ бол миний шийдвэр. Аав, ээжийн минь аль нь ч намайг чи цаг уурч бол гэж хэлж байсан удаагүй. Би хоёрдугаар дунд сургууль төгссөн. Аравдугаар ангид ордог жил газар зүйн хичээлээр үзэсгэлэн гаргаж байлаа. Би тэр үзэсгэлэнд цасны зузаан хэмждэг багаж хийж тавьсан нь энэ мэргэжил рүү хөтөлсөн байж магад.
-Ажилд ороод хамгийн анх хэдэн төгрөгийн цалин авч байв?
-Инженерүүдийн цалин 650 төгрөг байсан. Эхний цалин 325 төгрөг авсан. Гэвч тухайн үед сургууль төгсөж ирсэн хүнд 300 төгрөг нэмж өгдөг байсан юм. Ингээд 625 төгрөг болж байгаа биз. Үүнийгээ огт үрэлгүй, шууд аав, ээждээ аваачиж өгч байлаа. Тэд маань өөрт чинь хэрэг болно гээд буцааж өгсөн. Яагаад ч юм бүү мэд, цалингаа аваад ээж, аавдаа өгөх ёстой гэж боддог байсан.
-Та ажилдаа хэр зэрэг махруу байсан бэ?
-Хэнхэгтэй байсан байж магадгүй. Ер нь 1990 оноос өмнөх үеийнхэн ажлын хэнхэгтэй байсан. Нийгмийн ажилд ч идэвхтэй оролцоно. Ажилтай холбоотой заавар журам боловсруулах, нам эвлэлийн ажилд оролцох гээд юм бүхний түрүүнд явдаг байв. Манай хүрээлэнгийн Ж.Батбаяр гэж залуу байсан. Түүнийг шөнө ээлжтэй хонох үед өглөө гэрээсээ утсаар ярина. Дараа нь намайг хэлтсийн дарга болсны дараа надтай хуучлах зуураа “Би тэр үед танаас ёстой ухаан алдталаа айдаг байсан шүү. Таныг өглөө хар цүнхээ бариад л орж ирэх үед юу асуух бол, яах бол гээд л түмэн асуулт толгойд эргэлддэг байлаа” гэж билээ.
-Их чанга дарга байж дээ.
-Би дуу цөөтэй. Гэхдээ хэлэх зүйлээ хэлчихдэг. Тухайн үед хэн нэгнийг загнаж байна гэж ерөөсөө боддоггүй байсан. Гэхдээ л хүмүүсийг айлгадаг байсан юм шиг байгаа юм.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Ууган хүү. Дөрвөн дүүтэй. Хамгийн бага дүү маань намайг 23 настай сургууль төгсөөд, ажилд орж байх үед 13 настай байсан. Тэр жилийн намар аав минь бурхан болсон. Ингээд хоёр бага дүүгээ мэргэжил боловсролтой болгох үүрэг надад ногдсон. Өдгөө дүү нар маань сургуулиа төгсөөд, гадагшаа явж сурч боловсроод, сайн ажиллаж байна. Тэгэхээр би ахын үүргээ сайн биелүүлсэн гэж боддог.
-Тэнгэр хангайг ажаад цаг агаарын байдлыг хэлж байсан удаа бий юү?
-Үүнтэй санал нийлдэггүй. Би бол мэргэжлийг нь эзэмшчихсэн хүн. Тиймээс ийм зүйл ярих утгагүй. Тэгж хэлдэг хүмүүс бий. Гэхдээ тэднийг буруу ярьж байна гэж шүүмжилдэггүй.
-Та юунд хамгийн ихээр эмзэглэж явдаг вэ?
-1980 оны дөрөвдүгээр сарын 18-20-нд зүүн аймгийн нутгаар хүчтэй салхилсны улмаас 43 хүн нас барж, 800 мал хорогдсон юм. Үүний дараагаар 2008 оны тавдугаар сарын 26-27- нд мөн л зүүн аймгуудын нутгаар хүчтэй шуурга дэгдсэн. Ийм зүйл болно гэдгийг цаг уурын байгууллагаас гурав хоногийн өмнө сэрэмжлүүлсэн. Үүний улмаас 52 хүн нас барж, 240-өөд мал хорогдсон. Энэ талаар урьдчилж мэдээд иргэдэд хэлж байгаа нь сайн хэрэг. Гэвч эсрэгээрээ үүнийг хэлсэн хүнд хэцүү байдаг. Хэдэн хоног бодож явна. Байгалийн онц аюултай үзэгдлээс болж гарсан хохирлыг сонсохоор сэтгэл зүрх эмтрэх шиг болдог. Нөгөөтэйгүүр би төрийн байгууллагад 30 гаруй жил ажиллалаа. Удахгүй тэтгэвэрт гарна. Хуулиараа төрийн үйлчилгээний албан хаагч гэдэг статуст багтах ёстой юм шиг санагддаг. Гэтэл цаг уурчид төрийн үйлчилгээний албан хаагч биш юм шиг байдаг. Үүнд үнэхээр эмзэглэдэг. Багш, эмчийг энэ ангилалд хамгийн түрүүнд оруулсан байдаг. Тэд мөн л дөө. Бид ч гэсэн төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилж буй хүн. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдвал төрийн жинхэнэ албан хаагчид төчнөөн жилийн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно ч бил үү, юу ч билээ тийм зүйл байдаг. Гамшгаас хамгаалах хуульд ч сэргээн босгох ажил хийсэн хүмүүст төчнөөн хэмжээний цалинг тэд дахин нугалж олгоно гэдэг. Харин цаг уурчдад Гамшгийн болон Төрийн албаны тухай хууль ч үйлчилдэггүй. Түүнчлэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний хууль гэж бий. Тэр хуульд ч цаг уурчдын нийгмийн баталгааны талаар ямар ч заалт байдаггүй. Үнэхээр эмгэнэлтэй байгаа биз. Өмнөх үеийнхэн ч ялгаагүй ийм байсан.
Д.БАТСҮРЭН