Кино урлагийн түүхэн дэх сүүлчийн “Эзэн хаан” гэгддэг Акира Күросава (1910-1998) 105 жилийн тэртээх энэ өдөр мэндэлжээ. Бүтэн жарныг эзэгнэн уран бүтээл туурвихдаа дэлгэцийн бүрэн хэмжээний 30-аад кино бүтээж, насан өөд болохынхоо өмнө Азийн XX зууны түүхэн дэх онцгой таван хүний нэгээр тодорсон түүнийг 1999 онд “AsianWeek” сэтгүүл болон CNN агентлагаас Зууны шилдэг ази хүнээр өргөмжилж байв. 1994 оны долдугаар сарын 11-ний өдөр Ираны найруулагч, шүүмжлэгч Маани Петгарт өгсөн “Эзэн хаан”-ы ярилцлагыг товчлон хүргэж байна. Уг ярилцлага “Film Monthly” сэтгүүлд хэвлэгджээ.
-Нэг хэсэг та америк киног их үнэлдэг байсан байх аа?
-Америкчууд олон сайхан кино хийсэн дээ. Даанч одоо дэлхий нийтэд нэг л буруу үйлчлээд байна. Хүчирхийлэл, аллага, машины хөөцөлдөөн харуулахаас хэтрэхгүй юм. Иймэрхүү юм дэлгэцээс харах юу нь сайхан байх вэ. Хуучны америк кинонд хүний дотоод сэтгэл, мөн чанар, хүний зовлон бэрхшээлийг харуулдаг байсан. Уг нь ч “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” шиг кинонууд сонирхолтой л доо. Гэхдээ тийм уран сэтгэмжит, адал явдалт киног жинхэнэ кино гэх аргагүй. Ираны найруулагч Киорастами нарын, сэтгэлд хүрсэн кино хийдэг хүмүүсийн бүтээлтэй тиймэрхүү киног харьцуулах ч боломжгүй.
-Гуравдагч ертөнцийн гэгддэг орнуудын бүтээл туурвилыг барууны үзэгчдэд яаж хүргэвэл зохилтой вэ?
-Соёл иргэншил гэгч зүйл хүн төрөлхтнийг дэндүү хордуулаад байна. Сайн киноны цөм нь урлан бүтээгчийнх нь хүн чанар, хүнлэг сэтгэл байх ёстой. Өөртөө үнэнч байж чадахгүй хэн ч урлагийн бүтээл туурвиж чадахгүй. Нарийндаа бол кино урлаг гэдэг улс орны эдийн засаг сайн байлаа гээд хөгждөг зүйл биш. Хүний сэтгэлд хүрэх замаа жинхэнэ уран бүтээлч ямар ч нөхцөлд, хэний ч туслалцаагүйгээр өөрөө олдог. Жон Форд, Жан Ренуар, Федерико Феллини, Ангелопулос, Жон Хастон, Сидни Люмет гээд бүгд л өөрсдийнхөө хүчээр гарч ирсэн. Эдэнтэй би бүгдтэй нь уулзаж, ярилцаж байлаа. Онцгой, содон уран бүтээлчээс гадна бүгд өөрсдийн гэсэн ааш аягтай, авир төрхтэй хүмүүс. Өөрсдийнхөөрөө байж чаддаг болохоор л тэд нэгэн хэвэнд цутгасан хиймэл дүр бүтээдэгг үй юм. Сидни Люмет бид хоёр дотно найз. Гэхдээ уулзахаараа киноны талаар огт ярьдаггүй. Харин улс төр, нийгмийн асуудлаас эхлээд өөрсдийнхөө сонирхол, төлөвлөгөөний талаар ярилцдаг. Сэтгүүлчид надаас киноны утга агуулга, хэлэх гэсэн санаа гээд олон зүйл шалгаадаг л даа. Кинонд тийм зүйл байхгүй, байх ч ёсгүй. Амьдралд байдаг энгийн зүйлийг л би харуулдаг. Кино сургаж, номлох үүрэггүй.
-Японд юм бүхэн өөрчлөгдөж байгаа тухай та ярьсан байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Нийгэм, эдийн засаг, улс төр гээд өөрчлөгдөөгүй зүйл алга. Гэхдээ япон хүний талаар хэдэн үг хэлье. Хуучин цагийн япон хүн одоо байхгүй болсон. Энэ нийгэм мөхөл сүйрэл рүүгээ явж байна. Өмнө нь бидэнд тав тух, хөрөнгө мөнгөний аль нь ч байсангүй, байгалийн жамаар л амьдарч байлаа. Гэтэл одоо яаж байна? Юм бүхэн байгаа хэр нь сонин хэвлэл, зурагтаар хүний амь бүрэлгэсэн тухай мэдээ л гарч байна. Миний багад ийм зүйл байсангүй. Хүн амины хэрэг гарлаа гэхэд нийтээрээ цочирдож, үнэн сэтгэлээсээ эмзэглэдэг байсан. Одоо харин тоохоо больж. Америкт бүр долоон дор байдаг гэж сонссон.
-Таны бодлоор яагаад ийм байдалд хүрчихэв?
-Японы нийгэм дэндүү хурдан, бараг эрүүл бусаар хөгжиж байна. Ийм хурдтай нийгэмд амьдралын өдөр тутмын хэмнэл байгалийн онцлог шинжээ алддаг. Тэгээд л хүмүүс амьдрахын эрхэнд хэр хэмжээнээсээ давсан, чадал хүрэхгүй зүйлдээ зүтгэх шаардлагатай болж байна. Ийм байхад хүний сэтгэл яаж тогтвортой байх вэ.
-Ийм үед уран бүтээлч, кино бүтээгчдийн үүрэг юу вэ?
-Якуза нарын тухай кино их хийх юм. Америкчуудыг дуурайж байгаа нь тэр байх.Одоо бүр тийм кинонууд нь бараг донтуулах шинжтэй болж. Энэ бол маш аюултай үзэгдэл. Хүүхэд, залууст маш муу нөлөөтэй. Саяхан Англид өсвөр насны хүүхдүүд аймшигтай хэрэг хийсэн тухай би дуулсан. Хүчирхийллийг ердийн үзэгдэл шиг сурталчлах нь ийм л үр дагавартай байгаа юм. Үүнээс л хол байх хэрэгтэй дээ.
-Хүчирхийллийг таашаах энэ хандлагыг яаж өөрчлөх вэ?
-Боловсролын тогтолцоонд доголдол гарав уу гэж би боддог. Одоогийн Япон оронд боловсролын салбар нэг талаар мөнгө олох хэрэгсэл болсон. Хариуцлагатай багш цөөхөн болсон ийм үед ач хүүгээ сургуульд сургах хүсэл ч надад алга. Шавь нар нь сайн багшаас зааж сургаснаас нь ч илүү ихийг ойлгож ухаардаг. Тэгээд насан туршдаа, сургуульд сурахгүй байсан ч сурч боловсордог. Дайны өмнөх Япон оронд хүүхэд бүрийг эрдэмтэй, хүмүүжилтэй болгох нь чухал байсан. Харин одоо их, дээд сургуульд элсэнэ гэдэг амаргүй болж. Гэтэл барууны орнуудад сургуульд орох нь хэцүү биш ч, төгсөх нь хэцүү байдаг. Төгсөхийн тулд оюутан, сурагчид хичээнэ шүү дээ. Ингэж бодохоор япончууд боловсролын бодлогоо буруу сонгосон юм шиг санагддаг юм. Овлигогүй, хүмүүжилгүй залуус олон болсонд л их харамсах юм.
-Цөмийн бөмбөгийн талаар та кино хийж байсан. Тийм болохоор асууж байгаа юм шүү. ЗХУ задарснаас болж цөмийн аюул улам бодитой боллоо гэж хүмүүс ярьж байна. Та энэ сэдвээр дахиад кино хийх үү?
-Цөмийн аюулыг харуулсан хоёр ч кино хийсэн. “Зүүд” киноныхоо нэг хэсэгт ч энэ тухай дурддаг. Ер нь их чухал сэдэв л дээ. Жишээлэхэд эрчим хүчнийхээ хэрэглээг хангах гэж цөмийн эрчим хүч ашиглах болсон нь маш буруу гэж би хувьдаа боддог юм. Цөмийн хаягдлыг яах учраа олохгүй байна шүү дээ. Токиод гэхэд л цахилгаан, эрчим хүчийг маргааш гэж болохгүй юм шиг л хэрэглэх юм.
-Гадаадын уран бүтээлчидтэй ажиллах ямар байдаг вэ?
-“Дерсу Узала”-г хийх санал Оросоос ирсэн. Зохиолыг нь бүр найруулагч болохоосоо өмнө уншсан болохоор их ойр буусан. Энэ зохиолын баатрууд маш сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Зураг авалт эхлэхээс өмнө хэлний бэрхшээл гарах байх гэж эмээж байлаа. Харин гол дүрийн жүжигчин маань орос хэл сайн мэддэггүй, ер нь бол надтай адилхан байсан болохоор их амар байсан. Нэг хөгжилтэй явдал санаанаас гардаггүй юм. Ахмадын дүрд тоглосон жүжигчнийг үгээ хэлж байхад нь би зогсоочихлоо. Гэтэл мань эр жигтэйхэн уурлаж байна. Дөхөж ирээд “Миний яриаг та ойлгохгүй биз дээ? Жаахан алдаа гаргасны төлөө зогсоочих юм. Үзэгчид ч гэсэн анзаарахгүй” гэж байна. Тэгэхээр нь хэллээ. “Хэлийг чинь ойлгохгүй ч гэсэн алдчихаад сандарч тэвдсэн чинь мэдэгдсэн болохоор зогсоосон юм” гэж. Тэгэхээр хэл яриаг нь ойлгохгүй ч гэсэн ямар ч хүнтэй харилцаж болж байгаа биз. Таны асуултад “Хариулахад огт хэцүү зүйл байгаагүй” гэж хэлье. Харин Сибирьт хөлдөөсөн хөлнөөсөө болж би одоо хүртэл жаахан хазганадаг.
-Орос орны тухай ярьсных Тарковскийн тухай асууя. Та түүнтэй хэр ойр дотно байсан бэ?
-Үнэхээр ховорхон хүн байсан. Найруулагчийн хувьд ч, анд нөхрийн хувьд ч. Хамт байхдаа яг л дүү шиг минь байдаг байлаа. Их бие муутай, эмзэг хүн байсан даа. Өнгөрөхөд нь их л хүнд туссан. Өмнө нь найруулагч найз нөхөд олон байжээ. Бүгд л хэлж дуулгалгүй хүрээд ирдэг байсан. Тэгээд хэдэн цагаар сууж, элдвийг хөөрөлдөнө. Одоо урьж залаад байхад ч ирэх хүн цөөрсөн байна.
Г.ЛХАГВА