Манай улс гуравдугаар сарын 27-28ний шөнө зуны цагийн тоололд шилжиж цагийг нэг цагаар урагшлуулахаар Засгийн газраас шийджээ. Цагийг урагшлуулж эсвэл ухраах нь хүний биологийн цагтай зөрөлддөг хэмээн эсэргүүцэх эрдэмтэд олон бий. Ялангуяа хавар бие махбодь ядарсан үед цагийг урагшлуулан нэг цагийн нойрыг хумслах нь олон эрсдэл, сөрөг талыг дагуулдаг гэж тэд үздэг. Эрдэмтэд 2010-2013 онд Мичиганы эмнэлэгийн өвчтөнүүдийн түүхэд судалгаа хийхэд цаг урагшлуусан өдрийн дараагийн Даваа гарагт жирийн даваа гарагаас 25 хувь илүү зүрхний шигдээс өвчин тохиолдож байжээ. Хамгийн сонирхолтой нь ийм үзэгдэл бусад гарагуудад анзаарагдаагүй бөгөөд хаврын улиралд цагийг урагшлуулсан тохиолдолд даваа гарагт ийм үзэгдэл зонхилон гарч байсан байна. Шведэд хийсэн бас нэгэн судалгаагаар гуравдугаар сард цаг урагшлуулахад түүний дараагийн гурван долоо хоногт зүрх судасны өвчлөл өссөн дүн гарсан байна. Тиймээс эрдэмтэд унтах хэвийн горимыг алдагдуулж цагт гэнэтийн өөрчлөлт оруулах нь зүрх судасны өвчлөлийг сэдрээдэг гэж дүгнэжээ.
Людвиг Максимлианы Их сургуулийн эрдэмтэн Тилл Роенеберг: Биологийн цаг гэж бие организмийн үүсэлтэй чацуу хуучны цаг байхад нийгмээс цагийг өөрчлөх гэж оролдох нь дэмий хэрэг” гэж хэлжээ. Судалгаагаар намар цагийг өөрчлөхөд бие харьцангуй амархан зохицдог ч харин хавар хүлээж авахдаа тун тааруухан байдагийг тогтоожээ. Түүнчлэн цагийн өөрчлөлтөөс болж бие махбодь ядарсан үедээ хүмүүс ажлын цагаа хийдүүлж илүү ихээр интернетээр хэсдэг байна. Хавар интернет хэрэглэгчдийн тоо эрс өсдөг нь ч үүнтэй холбоотой гэж судлаачид үзжээ