Японд ажиллаж, амьдардаг сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг хатагтай Сато Норикотой ярилцлага хийснийг толилуулж байна.
Манай хоёр орны соёлын харилцаа болоод монгол түмний төлөө амьдралынхаа багагүй хугацааг зарсан энэ эрхэм эмэгтэй Японы Осака хотод Монголын Консулын газар нээгдэхээс ч өмнө 14 жилийн турш Монголын консулын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж явсан юм. Тэрбээр өдгөө ч Монгол, Японы найрамдалт харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж буй. Хатагтай Сато Норико байгаль хамгаалах, нийгэм, урлаг, соёлын гээд хамтын олон ажил санаачлан, хэрэгжүүлж, хоёр ард түмний гүүр болж явна. Тэрбээр Морин хуурын чуулгын Япон дахь аялан тоглолтыг арав гаруй жил зохион байгуулж, арын бүх албыг хариуцсаар ирсэн билээ.
-Хатагтай, Монголын соёлын хүндэт элч болсонд тань баяр хүргэе.
-Тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд гурван жилийн өмнө Монголын Консулын газрын нээлтийн үеэр надад ийм санал тавьсан юм. Албан ёсоор ийм санал тавина гэж бодоогүй байсан. Би 14 жил Монголын консулын бие төлөөлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсандаа ч тэр үү, ер нь хүнд хэрэгтэй, тустай юм бол хийгээд үзье гэж бодсон.
-Одоо та ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Би 1990-ээд оноос Монголд мод тарих, зүлэгжүүлэх, амны хөндийн үрэвсэлт өвчин шүд цооролтоос урьдчилан сэргийлэх зэрэг ажил хийж байсан. Жил бүр Монголд япон мэргэжилтнүүдтэй очиж, ногоон аян эхлүүлэн Улаанбаатарыг зүлэгжүүлж, мод тарьж, суулгаж байлаа. Хориод жилийн хугацаанд энэ аян олигтой амжилтад хүрээгүй. Тухайн үед Улаанбаатар хотынхон модыг нэг их хайхардагүй, хамгаалдаггүй байж. Өдөр тарьсан модыг орой нь сугалаад, тасдаад аваад явчихсан тохиолдлууд ч гарсан. Зөвхөн гадаад хүн очиж мод тарьж өгөх биш, орон нутагтаа ч мэргэжилтэн бэлдэхийн тулд ЖАЙКА-тай хамтран Хоккайдод цэцэрлэгчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад Монголоос зургаан хүн сургасан. Ер нь Монголд энэ талын боловсон хүчин их дутагдалтай. Зургаан долоо хоногийн турш янз бүрийн газарт очиж, үр суулгахаас эхлээд л мод тарих бүх ажиллагаа, аргатай танилцаж, сурч мэдээд харьсан. Дараа жил нь мөн тооны хүн сурсан.
-Та Монголтой анх яаж холбогдсон бэ?
-Би Байгаль хамгаалах сайн дурын хөдөлгөөний гишүүн байхдаа хоол, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны асуудлаар олон оронд очиж хурал зөвлөгөөнд оролцдог байсан. 1989 онд Оросын Байгаль нуурын эрэг дээр зохион байгуулсан “Байгаль” форумд оролцсон. Киотогийн Бивако, Оросын Байгаль нуур, Казахстаны Балихаш нуурын цэвэр цэнгэг усыг цаашдаа хайрлан хамгаалъя гэсэн хөдөлгөөнд нэгдсэн нь тэр юм. Хамгийн анхны форум нь тэр байсан. Удаах нь Балихаш нуурын эрэгт болсон. Гурав дахь удаагийн форумыг Японд зохион байгуулсан юм. Байгаль нуур болон Бивакогийн хуралд Монголоос ганцхан төлөөлөгч оролцсон нь Ц.Балдорж байлаа. Бусад нь Орос, Азербажайн зэрэг орноос ирсэн төлөөлөгч байсан. Байгаль нуурын зөвлөгөөний үед хурал болгоны дараа хэлэлцүүлэг өрнөж байлаа. Би эхний хэлэлцүүлгийн ахлагчаар томилогдож, манай тойрогт Ц.Балдорж багтсан юм. Нуур усаа яаж хамгаалж үлдэх вэ гээд л тал талаас олон хүн ам уралдан саналаа солилцож байлаа. Узбекийн нэг төлөөлөгч нуур маань хором хормоор ширгэж байна гэж ихэд санаа зовон ярьсан. Тэгэхэд нь би итгэж ядан, дараа нь өөрийн биеэр газар дээр нь очиж үзээд л итгэсэн. Сталины үеэс л тэр нуурын орчим хөвөнгийн тариалалт хөгжүүлснээс болоод ус нь татарч, ширгэх аюулд тулсан юм билээ. Өнгөрсөн аравдугаар сард сонинд гарсан мэдээгээр бол тэр нуур бүр ширгэчихсэн гэсэн. Хэлэлцүүлгүүдийн үеэр Ц.Балдорж чимээгүй л суугаад байна. Ганц үг ч болов хэлээсэй гэж бодож байтал тэрбээр “Дараагийн хурлыг Монголд хийе” гэсэн санал тавилаа. Тухайн үед Монгол ямар улс бол гэж бодож, төсөөлөх гээд ч чадахгүй байсан. Тэгээд нэг жилийн дараа Монголд ирэхэд онгоцноос буухаас эхлээд л содон, сонирхолтой санагдсан. Хөвсгөлийн эрэг дээр хуралдлаа. Тухайн үед би ийм үзэсгэлэнтэй байгальтай Монголд орчны бохирдлын асуудал байх уу гэж бодон, гайхсан. Дараа нь Балдорж маш соргог, алсын хараатай хүн юм гэдгийг мэдэрсэн. Тэр үед Монголд оросууд олноор амьдардаг байсан. Гаднын хүний нүдээр харахад оросууд Монголоос дэндүү их юм авч байх шиг санагдсан. Хөвсгөлийн эргэн тойронд оросууд фосфорын орд илрүүлээд олборлох гэж байсан. Үүнд Ц.Балдоржийн санаа зовж, тусгаар улс юм бол газар шороондоо эзэн шиг хандаж, Хөвсгөлөө аваръя гэж их ярьдаг байсан юм. Тэр үеийн хуралдаанаар фосфорын эрэл хайгуулыг зогсооход нэгдэцгээж, далай ээж Хөвсгөлөө хамгаалъя гэсэн шийдвэрт хүрсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч, эрэл, хайгуулыг зогсоосон. Балдорж үнэхээр холын хараатай, том хүн гэдгийг би тэр үед мэдэрсэн.
-Та Ц.Балдорж гуайтай анх уулзахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Анх ямар дуугүй хүн бэ гэж бодож байсан. Гэхдээ яриад эхлэхээрээ дуу нь чангарч, хүсэл бодлоо шулуухан хэлдэг, их няхуур, юмыг эргэцүүлж боддог, үзэл бодолдоо үнэнч, хүчтэй хүн гэдгийг нь аяндаа мэдэрсэн. Бид хоёр олон ч удаа зөрөлдөж, маргалдсан даа. Хоёулаа зөрүүд болохоор өөрийнхөөрөө л зүтгэчихнэ. Тэр цагаас хойш бид олон жил сайхан нөхөрлөсөн дөө. Киотогийн Бивако нуурын эрэгт хийсэн хуралд П.Очирбат Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Ц.Балдорж хамт ирж, байгаль орчны асуудал, Монголын хөгжлийн чиг хандлагын талаар ярьсан. Япон хэдийгээр хөгжингүй ч гэсэн байгаль орчны ноцтой асуудал, алдаа оноотой, тэр бүгдээс санаа авч, суралцах хэрэгтэй гэж би хэлдэг байсан. Тиймээс ч тэрбээр Монголоос Байгаль орчны сайдтай хамт ирж нутаг оронтой танилцаж, туршлага хуримтлуулж байлаа. Би түүнийг Күмамото мужийн Минамата тосгонд дагуулж очиж, мөнгөн усны бохирдлоос болж тахир дутуу болсон, хохирогчдын ар гэр, хүмүүстэй уулзуулсан. Минаматагийн ажилчидтай уулзаж байхдаа Ц.Балдорж маш их балмагдаж, цочирдож байсан. Би түүнд дэлхийд тэргүүн хөгжилтэй Японд ийм асуудал байдгийг нүдээрээ хар гээд аваачсан юм.
-Та хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?
-Япончууд хууль дүрэм баримтлах талдаа чанга шүү дээ. Бид Күмамото муж руу суман галт тэргээр явсан юм. Тэр үеийн Улаанбаатар хотын дэд дарга Бямбаа, бас Байгаль орчны сайд гэл үү нэг хүнийг Ц.Балдорж “Хар мандарин” гэж хочлоод байсан, бид хэд явсан юм. Монголын гурав зэрэгцээд, харин би ганцаараа зэргэлдээх сандалд сууж явлаа. Бараг таван цаг явах учир уйдаж эхлэв. Тэд нэг нэг доллар гаргаж ирээд хөзөр тоглолоо. Нөгөө доллараа бие биенийхээ өмнө шидлээд их л хөгжилтэй байна аа. Тэгтэл галт тэрэгний үйлчлэгч ирээд мөнгөө далд хийхийг сануулсан. Хэдэн удаа тэгсэн ч түүнийг яваад өгөхөөр нөгөө гурав нүдийг нь хариулж байгаад л доллараа гаргаад ирнэ. Ц.Балдорж бильярд тоглох дуртай. Бүр самбай шахуу болчихсон таван доллар байнга авч явна. Тэгээд тоглох болгондоо нөгөөхөө гаргаад ирдэг байсан. Их хөгжилтэй хүн байжээ. Хүний үг сонсоно гэж байхгүй шүү дээ. Охидоо их эрхлүүлнэ ээ. Тэднийгээ байсхийгээд үнсээд нялуун гэж жигтэйхэн. Би тэгэхээр нь “Охидоо ингэж эрхлүүлэх хэрэг байна уу. Хүний хүн болоод гэрээ орхиод явна гэж бодож өсгөхгүй бол хэцүү. Японд сургууль сургаж, багаас нь бие даалга” гэхээр “Хэзээ ч үгүй. Тийм юм хэзээ ч байхгүй” гээд л сүртэй нь аргагүй хэлнэ. Бас тэрбээр эх оронч хүн байжээ. “Миний судсаар Чингис хааны цус гүйж байгаа” гэж булчингаа заагаад л их гайхуулна. Би түүнийг цаашлуулаад “Үнэн” гэдэг нэртэй сонин чинь үнэн байж чадаж байна уу гэхээр түнтэгнээд л уурлана. “Ардын эрх” тэр үед улсын харьяалалтай сонин байсан. Тухайн үед бид хоёр их санал солилцоно. Улс орны бодлого буруу бол сэтгүүлч хүн хэлэх эрхтэй биз дээ. Цаг үе өөрчлөгдөж байна. Сонин ч гэсэн хувийн хэвшилд очиж, бие даасан, төрийн бодлогыг хянаж, буруу үед нь санал бодлоо чөлөөтэй хэлэх байр суурин дээр байх ёстой гээд Ц.Балдорж “Ардын эрх”-ийг олон нийтийн чөлөөт хэвлэл болгох гэж тэмцэж, тэр үед их юм болсон доо. Би түүнийг их дэмжиж байсан. “Өнөөдөр” сонин гарч эхэлж байх үед би Японоос сонины цаас явуулдаг байсан. Хэн нэгний эрхшээлд биш бие даасан, үнэнийг хэлдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тийм л сэтгүүл зүй хөгжөөсэй гэдэг чин хүсэл өвөрлөж түүнийг дэмжиж, тусалж явсан юм. Юу ч мэдэхгүй сониуч зангаараа Монголд анх очиж байсан ч ийм гайхамшигтай, эх орныхоо төлөө юугаа ч зориулахад бэлэн хүмүүстэй учирч танилцсан нь миний бахархал.
-Та Монголд үнэхээр элэгтэй юм.
-1990 оноос хойш Монголд 230 гаруй удаа очжээ. Монгол гадаад орон гэж боддоггүй. Аав, ээж минь япон ч, миний төрсөн газар Манжуур орчим бий. Дайн дууссаны дараа гурван настайдаа Японд буцаж ирсэн. Аав цэргийн эмч байсан юм.
-Та хэзээнээс Осака дахь Монголын Консулын төлөөлөгч болсон бэ?
-1998 онд Хүрэлбаатар Элчин сайд Осакад ирж, надтай уулзсан юм. Энд Консулын газар байгуулах хэрэгтэй байна. Та хариуцаж ажиллаач гэсэн. Би эхлээд татгалзав. Япон эцгийн эрхт нийгэм учраас жирийн нэг авгай бүхэл бүтэн улс төлөөлөөд ажиллана гэвэл түмний шившиг болно гээд хоёр гурван удаа татгалзсан юм. Хүрэлбаатар сайд учирлаж, хүнд ойлгуулахдаа үнэхээр гаргууд юм билээ. Тэгээд би юу хийх вэ гэхэд “Виз дарна, энд сурч, амьдарч байгаа оюутнуудын аюулгүй байдлыг хангах талаар ажиллана, төрийн айлчлалд тусална” гэв. Осакад ч виз авах хүн ховор. Оюутан ч цөөхөн. Төрийн айлчлал ихэнхдээ Токиод болно. Тэгэхээр гайгүй мэт санагдаад зөвшөөрчихөв. 1996 онд Осака руу МИАТ шууд нислэг эхлүүлж, Монгол руу явах япон хүний тоо ч нэмэгдэхийн хэрээр миний ачаалал ихсэж, өдөрт хоёр, гурван мянган хүний виз дардаг болж, заримдаа гараа хөштөл ажилладаг байлаа. Мөн Японд сурах монгол оюутнууд нэмэгдэж, янз бүрийн асуудал ургаж, бас төрийн айлчлал ч ихсэж маш завгүй болсон доо.
-Та Морин хуурын чуулгын тоглолтыг Японд зохион байгуулж эхэлсэн дурсамжаасаа хуваалцана уу?
-Улаанбаатарт 1992 онд Монголд суугаа Японы Элчин сайд Шимизү гуай анх санал болгосноор би Морин хуурын чуулгын концерт үзсэн юм. Би хөгжмийн мэргэжилтэй болоод ч тэр үү, морин хуур их сонирхдог байсан. Ганц хоёр биш, хэд хэдэн морин хуурч хуурдахад уянгалаг аялгуунд нь өөрийн эрхгүй нулимс урсаад дотроос нэг юм огшсон. Сэтгэл маш их хөдөлсөн. Тэгтэл хажууд сууж байсан хүн “Сэтгэл тань хөдөлж байгаа бол очоод уулз. Энэ чуулга улсын харьяалалтай ч гэсэн цалин мөнгөө тавьж чадахгүй, тарж ч магадгүй” гэж хэлсэн. Монгол хүний хийморийг илтгэх гайхамшигтай ийм сайхан чуулга тарна гэдэг яасан харамсалтай вэ гэж бодсон. Байж боломгүй санагдсан. Тэгээд чуулгынхантай уулзаж, удирдаач Ц.Батчулуун хүлээж авсан. Аль аль улсад тоглож байсныг нь асуухад Хөх хот, Улаан-Үд, Эрхүү гэсэн. Тэгэхээр нь “Японд урьж, тоглуулна” гэж амлав. Ингээд найм, арав, арван таван хүний бүрэлдэхүүнтэй морин хуурчтай аялан тоглолт хийж эхэлсэн. Чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ 1997 оноос өдгөө хүртэл арваад удаа иржээ. Японы хун- тайж хүртэл үзсэн шүү дээ, тэдний тоглохыг. Харамсалтай нь Батчулуун гэж мундаг хүн өвчний улмаас өөд боллоо. Маш их харуусаж сууна.
-Та бас Н.Норовбанзад гуайн тоглолтод их тусалдаг байсан гэсэн.
-Тав, зургаан удаа урьж, тоглолт хийж байсан. 2003 онд Норовбанзад гуай Фүкүока хотод болсон Азийн урлагийн наадамд түрүүлж, гран при авахад бид бөөн баяр болцгоосон. Үүнээс гадна би хамгийн анх “Хонх” хамтлагийг урьсан юм. “Асахи” телевизийн “Ньюс стэйшн” нэвтрүүлэгт “Хонх”-ынхон уригдаж, “Хонхны дуу”-гаа дуулж, мөр бадаг бүрийг нь тайлбарлаж монголчууд эрх чөлөөтэй болж байгаа тухай ярьсан. Тэдний дараа Норовбанзад гуай Японд ирсэн юм. “Эн Эйч Кей” телевизийн олон ангит түүхэн киноны дууг дуулсан шүү дээ. Япончууд түүний дуулахыг бишрэн хүлээж авдаг байлаа. Зочид буудалдаа ирээд авчирсан борцоо халуун усанд үйж хийгээд л ууна. Намайг бас дайлна. Тайзан дээр их л сүртэй харагддаг боловч намуухан дуутай, зөөлхөн хүн байжээ.
-Тэр хүний уртын дууны цомгийн зохиогчийн эрхийг нэг япон хүн аваад худалдсан гэж сонссон. Ямар учиртай юм бэ?
-Би үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй юм. Их сургуулийн профессор гэсэн нэг хүн Норовбанзад гуайг ядарчихсан зочид буудалд амарч байхад нь ресторанд дайлъя гэж авч явжээ. Тэгээд дуулж өгөөч гэж гуйхаар нь талархсан сэтгэлээр хариу бариад дуулсан байгаа юм. Тэгтэл тэр үед Норовбанзад гуайг дуулж байхад бичлэг хийгээд, дуу бичлэгийн студид зарсан байдаг. Дараа нь Норовбанзад гуай надаас энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүссэн. Бие сул үед дуулсан учраас бичлэгийн чанар хангахгүй тул цомог битгий хийнэ үү гэж хүссэн. Би тэр студид нь хэдэн удаа очиж, бүх зүйлийг тодорхой болгохыг хүссэн боловч дунд нь зуучилж, дуулуулсан хүмүүс аль хэдийнэ зохиогчийн эрхийг зарсан гээд асуудлыг шийдэж чадаагүй. Тэгээд хожим нь Норовбанзад гуай надад “Наадах асуудлаа орхи” гэж хэлсэн.
-Монгол, япон хүний сэтгэхүй, аж байдал тэс өөр. Та монгол хүнтэй харилцахад бэрхшээл хэр гардаг бол. Гомдох тохиолдол байсан уу?
-Маш олон удаа гомдож байсан. Хэлэхгүй байсан нь дээр гэж бодож байна. (Бодолд дарагдав).
Өөрийн хүч чадалд итгэл төгс байна гэдэг муу зүйл биш. Хэтэрхий бардамнаж, мундаг гэдгээ харуулах гэж бусдыг хуурч, мэхэлж байгаа монгол хүн цөөнгүй харагддаг. Өөрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй, худлаа хэлээд ч хамаагүй хүсэл зорилгодоо хүрч байна. Хүний сайхан сэтгэлийг бодохгүй, далимдуулаад худлаа хэлж, хуурдаг зангаа засаасай гэж хүсэж байна.