Ерөнхий сайдын захирамжаар нийгмийн даатгалын санг дахин мөнгөжүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ толгойлж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат багтсан байв. Сайдуудаас гадна ХАХНХЯ, Сангийн яам, Аж үйлдвэрийн яам, Монголбанкны төлөөлөл Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бий. Тэд өнгөрсөн өдрүүдэд идэвхтэй ажилласан бөгөөд шийдвэрлэх хамгийн чухал асуудал нь нийгмийн даатгалын хуваарилалт, эсвэл хуримтлалын тогтолцооны аль нэгийг сонгох явдал гэж үзсэн юм. Нийгмийн даатгалын санд 622 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Үүний 90 тэрбумаар Засгийн газрын үнэт цаас худалдан авч, үлдсэнийг нь арилжааны банкуудад 10 гаруй хувийн хүүтэй байршуулжээ. Уг нь арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн жилийн хүү 15 хувиас дээш байгаа.
Сангийн хөрөнгийн дийлэнхийг “Капитал” зэрэг банкинд бага хүүтэй байршуулсан нь учиртай аж. Эх сурвалжийн мэдээлснээр мөнгөө хямд хүүтэй байршуулсны хариуд банкууд нийгмийн даатгалын ажилтнуудын орон сууцны зээлийг хөнгөлж буй гэнэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үүнийг төрийн албаны ажилтнуудад давуу нөхцөл олгосон явдал гэж үзээд, сангийн хөрөнгийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад ашиглах санаачилга саяхан гаргасан. Түүний санаачилгыг сонгуулийн оноо цуглуулах “шоу” гэж хардаж байв. Тиймээс газар аваагүй. Харин нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх, удирдлагыг нь боловсронгуй болгох ажлыг эхлүүлэх сэдэл боллоо. Өөрөөр хэлбэл, илүү далайцтай том ажлыг хөдөлгөх “чулуу” болсон хэрэг. Монгол Улс өдгөө нийгмийн даатгал хуваарилалтын тогтолцоог мөрдөж буй. Ажлын хэсэгт багтсан нийгмийн хамгааллын чиглэлийн мэргэжилтнүүд өнөөгийн тогтолцоогоо хэвээр үлдээх саналтай байгаа бол санхүүгийн чиглэлээр ажилладаг төлөөллүүд нь хуримтлал руу шилжүүлэх шаардлагатай гэсэн хатуу байр суурьтай байна.
Хуваарилалтын тогтолцоо нь эв санааны нэгдэлд тулгуурладаг. Тиймээс эв санааны тогтолцоо гэж нэрлэх нь ч бий. Энгийнээр тайлбарлавал, ид ажиллаж хөдөлмөрлөж буй иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хөгшдийн тэтгэврийг олгодог тогтолцоо гэж ойлгож болно. Хэн ч миний шимтгэлийг түүнд өгчихлөө гэж гомдоллох боломжгүй юм. Тэгвэл хуримтлалын тогтолцоо нь хувийн эрх ашгийг дээдэлсэн шинжтэй байдаг. Төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тань таны зөвшөөрөлгүйгээр хэнд ч өгөхгүй. Хэрвээ хүсвэл та нэг дор бүгдийг нь авч болно. Үр хүүхдэдээ өвлүүлж болно. Бүр барьцаанд тавих ч эрхтэй. Магадгүй та “Хөөрхий дөө, тэтгэврээ “идэж” чадахгүй нас барчихлаа” гэж ярихыг сонссон байх. Ийм тохиолдолд хуримтлалын тогтолцоо мөрдөж байсан бол талийгаачийн нийгмийн даатгалын нэрийн дансан дахь мөнгийг үр хүүхдүүд нь өвлөж үлдэх байв. Манай өнөөгийн тогтолцоогоор эцэг, эхийнх нь төлсөн шимтгэлээс хүүхдүүдэд нь бараг сохор зоос ч олдохгүй. Гэхдээ ийм жишээгээр харьцуулаад хоёр тогтолцооны сайн, мууг ялгах боломжгүй гэдгийг сануулъя. Хоёулаа сайн, муу хоёр талтай.
Хамгийн гол нь Монгол Улсын нөхцөлд тохирохыг нь хэрэгжүүлэх шаардлагатай. Манай улсын тэтгэврийн зардал энэ жилээс нэг их наяд төгрөг давжээ. Өөрөөр хэлбэл, нэг их наяд төгрөгийг хөгшдийн тэтгэвэрт зориулж байна гэсэн үг. Үүний 700 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлээр нөхдөг бол 300 тэрбумыг нь улсын төсвөөс гаргуулдаг байна. Нийгмийн даатгалын санд 622 тэрбум төгрөгийн үлдэгдэл буйг дээр дурдсан. Үүнийг эрүүл мэнд, ажилгүйдэл гэх мэт тэтгэврээс бусад даатгалын шимтгэл бүрдүүлдэг аж. Тиймээс хуримтлалын тогтолцоонд шилжлээ гэхэд тэтгэврийн зардлыг хэн хариуцах вэ гэдэг бэрхшээлтэй тулгарах нь тодорхой байна. 1960 онд төрсөн эмэгтэйчүүд энэ жил тэтгэвэрт гарч эхэлсэн. Хуримтлалын тогтолцоонд шилжүүлсний дараа 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэврийг Тэтгэврийн сангаас олгож болно. Харин үүнээс өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийнхийг хэн олгох вэ? Улсын төсвөөс олгоно гээд амархан хариулж болох ч жил бүр нэг их наяд төгрөгийн тэтгэврийн зардлыг гаргана гэхэд бэрх. Монгол Улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78. Тэгэхээр өнөөдөр тэтгэвэрт гарч буй хүн 78-тай бурхан болно гэж тооцвол 18 жил төсвөөс тэтгэврийг нь тавьсаар байх нь.
Мөн төсвийн татаасаар хүч сэлбэж байгаа тэтгэврийн санг яаж хурдан мөнгөжүүлэх вэ? Бас л хариулахад бэрх асуулт. Тэтгэврийн санг мөнгөжүүлчихье, 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэврийг төр хариуцчихъя гэж бодъё. Тэгвэл дараа нь тэтгэврийн сангийн хөрөнгийг амжилттай удирдаж, өсгөж чадах уу гэсэн асуулт ургана. Үүнд ХАХНХЯ-ныхан “Чадахгүй. Манайх шиг улс төрийн эрүүл бус орчинтой улсад тэтгэврийн сангийн хөрөнгийг төсвийн нөхөөс болгоод дуусна” гэж хариулж байгаа юм. Хуримтлалын тогтолцоонд шилжүүлсний дараах хамгийн том эрсдэл энэ. Үнэхээр манайхан тэтгэврийн сангийн хөрөнгийг хэд дахин өсгөж, иргэдээ насны бөгсөнд санаа зовохгүй амьдрах, аялах мөнгөтэй болгож чадах болов уу. Барууны өндөр хөгжилтэй орны иргэд тэтгэвэрт гараад л дэлхийг тойроод аялаад явчихдаг гэж ярьдаг. Тэтгэврийн сан нь тэдний даатгалын шимтгэлийг олон арав дахин арвижуулдаг учраас тэр шүү дээ. Манайхан хуримтлалын тогтолцоонд шилжсэний дараа тэтгэврийн сангаа олигтой удирдаж чадахгүй бол иргэдийнхээ хувь заяагаар тоглож мэднэ. Засгийн газар Хөгжлийн банкийг шахаад зарим тохиолдолд зохисгүй санхүүжилт хийлгэж байсан. Түүн шигээ аашилбал иргэдийн ирээдүй бүрхэг болох нь ойлгомжтой.
1960 оноос хойш төрсөн хүмүүс нийгмийн даатгалын нэрийн данстай болсон. Хэдийгээр данс нь хоосон ч төлсөн шимтгэлийг тухай бүрт нь бүртгэж байгаа. Иргэдийн шимтгэлийг жил бүр хийсвэрээр 25 хувиар өсгөдөг гэнэ. Жил бүр 25 хувийн өгөөж тооцоод байна гэсэн үг. Ингэж өсгөөд байхад л иргэдэд бага тэтгэвэр ногдох гээд болж өгөхгүй байгааг ХАХНХЯ-ныхан ярьсан. Тэгэхээр хуримтлалын тогтолцоонд шилжвэл тэтгэврийн санг 25 хувиас дээш өгөөжтэй ажиллуулах шаардлагатай юм байна. Одоо нийгмийн даатгалыг хуримтлалын тогтолцоонд шилжүүлж, тэтгэврийн сан байгуулахыг дэмжиж буй талын өнцгийг тайлбарлая. Тэд тэтгэврийн сан байгуулбал урт хугацаатай санхүүжилт хийх мөнгө цуглана, мөн богино хугацаанд их хэмжээний орлого орж ирвэл ууталж авах сав бий болно гэж харж буй. Тэтгэврийн санг дахин мөнгөжүүлэхэд 10 их наяд төгрөг хэрэгтэй. Төсвийн орлого 2011-2012 оных шиг огцом өсвөл илүүдлийг хуримтлуулах сав болох нь тодорхой. Санг мөнгөжүүлж эхэлснээр урт хугацаатай санхүүжилт хийх хөрөнгөтэй болох нь ч үнэн.
Тухайлбал, 20 жилийн хугацаатай орон сууцны зээлийг тэтгэврийн сан тасралтгүй санхүүжүүлж чадна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Манай зах зээлд “урт” мөнгө байхгүй нь ихээхэн бэрхшээл дагуулдаг. Тэтгэврийн сан байгуулбал санхүүгийн зах зээл цогцоор бүрдэх юм” гэж ярьсан. Тэтгэврийн сантай болбол хоёр их наяд төгрөгийн дүнтэй найман хувийн хүүтэй зээлээр баталгаажсан үнэт цаасаа Монголбанк тэднийд шилжүүлэх юм. Ингээд найман хувийн хүүтэй зээл хэмээх “тоглоом”-ноос нэг мөсөн гарна. Дэлхийн дийлэнх оронд нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоог хэрэгжүүлдэг. Саяхнаас Польш, Унгар, Латви зэрэг зүүн Европын орон хуримтлалын тогтолцооноос эргээд хуваарилалтынх руу шилжиж байгаа. ХАХНХЯ-ныхан хуримтлалын тогтолцооноос татгалзаж буй хандлагаа дагах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгвэл санхүүчид “Эдгээр улсын эдийн засаг хичээгээд хичээгээд дээд тал нь 4-5 хувиар өсдөг.
Тиймээс хуримтлалын тогтолцоо угаасаа тэдэнд зохихгүй. Харин Монголын эдийн засаг огцом өсдөг. Цаашид ч огцом өсөх магадлалтай. Ийм учраас тэтгэврийн сан байгуулахад буруудахгүй” гэж тайлбарлав. Хамгийн үлгэр жишээ ажиллаж буй нь Чилийн тэтгэврийн нөөцийн сан юм. Энэ санд тус улс жил бүр дотоодын нийт бүтээгдэх үүнийхээ 0.2-0.5 хувьтай тэнцэх хөрөнгийг заавал хуримтлуулдаг аж. Манай улстөрчид их хэмжээний орлого орж ирвэл тарааж өгөхийг урьтал болгодог. Тэгвэл тэтгэврийн сан байгуулбал улстөрчдөд мөнгө тараах боломж олдохгүй. Юуны түрүүнд тэтгэврийн санг 10 их наяд төгрөгөөр мөнгөжүүлэх шаардлага тэдний хүслийг хязгаарлана. Чили манай хоёр уул уурхайгаас хэт хамааралтайгаараа адил. Тэтгэврийн сан байгуулах нь эрдэс түүхий эдийн үнэ өссөн үед биднийг баялгийн хараалаас аврах гарц байж ч болно. Гэхдээ сайн менежмент нутагшуулж, үр дүнтэй удирдахгүй бол иргэдийнхээ амны хишгийг арчиж мэдэх айдсаа мартаж болохгүй.
Т.ЭНХБАТ