Монгол Улс өвчтөнүүддээ шаардлагатай эм тариаг авч хүчрэхгүй, энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд л 3.1 тэрбум төгрөгийн өрөнд орчихоод байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас бүхнийг хэмнэж, танах гэсэн өршөөлгүй хар салхинд эрүүл мэндийн салбар өртсөний гор энэ. Эрүүл мэндийн сайдын багц дахь эмийн төсөв 2014 онд 68.7 тэрбум төгрөг байсныг УИХ энэ жил 60 тэрбум болгон өм цөм хассан юм. Өм цөм гэж онцолсны учир нь манай улс эрүүл мэндийн салбартаа угаасаа гар тэнийж байгаагүй. Одоо харин дээрээс нь нэрмээс болж хямралаар далим үсэргэн, эмийн төсвөөс хүртэл есөн тэрбумыг “хумсалсан” нь дэндүү бүдүүлэг, дээрэнгүй үйлдэл гэдгийг учир мэдэх хүмүүс хэдэн сар ярилаа. “Төсвийн тодотгол хэлэлцэх үед л тануулсан 15 хувиа яаж ийгээд гаргуулчих юмсан” гэж энэ салбарынхан горьдож байсан ч эрхэм түшээд тэдний сүүлчийн найдварыг мөн л нухчин дарснаар одоогийн өрийн түүх эхэлжээ. Зам, гүүрийг арчилж тордоход зориулан жилд хэдэн төгрөг төсөвлөх вэ гэдэг шиг эмийн төсвийг стандартын дагуу тэгж нарийн тооцоод гаргах боломж мэдээж байхгүй.
Ирэх жил хэдэн хүн өвдөхийг, хэчнээн хүүхэд шинээр мэндлэхийг тааж мэдэх аргагүй учраас ерөнхийд нь дунджилж тооцдог байна. 68.7 тэрбум төгрөг төсөвлөсөн хэрнээ л өнгөрсөн онд манай улсын эмийн төсөв 1.5 тэрбумын өртэй гарчээ. 2014 онд монголчууд түүхэндээ анх удаа 81 мянган шинэ хүнээр бүл нэмсэн нь ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэнэ. Гэтэл энэ жил өнөөх хүрэлцэхгүй байсан төсвөөсөө 15 хувийг нь таначихаар цаашид юу болох нь хэнд ч ойлгомжтой. Эмийн төсвийг ийм богино хугацаанд тэр хэмжээний өрөнд оруулж “чадсан” бас нэг шалтгаан бол зах зээл дэх өөрийн өртөг нь байнга нэмэгдэж буй явдал. Гэвч эрүүл мэндийн салбарынхан хамгийн том айдастайгаа хараахан нүүр тулаагүй л яваа. Биднийг өглөө сэрэх тоолонд л “гэнэтийн бэлэг” барин, бүр дээшээ талийх болсон ам.долларын ханш ноднин төсөв хэлэлцэж байх үеийнхээс даруй 200 гаруй төгрөгөөр өсчихөөд байгаа нь нийт эмийнхээ 90 шахам хувийг гадаадаас импортолдог манайх шиг улсад хүнд цохилт болох нь дамжиггүй.
Нэг ам.долларыг 1700-гаад төгрөгөөр тооцож эм ханган нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ хоёрдугаар сард дуусгавар болсноор саяхан шинэ тендерээ зарлажээ. Валютын ханшийн зөрүүнээс болж одоо үүсээд байгаа өр жилийн эцэс гэхэд хэдэн тэрбумд хүрч, бид бүгдийн нүдийг орой дээр гаргах бол гэхээс яс хавталзах юм. Тэрнээс өмнө эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд одоо үүсээд байгаа нөхцөл байдлын зах зухаас танилцуулъя. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 25 байгууллагын тухайд гэхэд л өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд 670 сая төгрөгийн өртэй болоод “амжжээ”. Ганц Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн тухайд авч үзэхэд л 52.5 сая төгрөгийн өртэй сууж байгааг тус газрын мэргэжилтэн хэлсэн юм. Өнгөрсөн жил нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын эмийн төсөв 350 сая төгрөгийн өртэй гарчээ. Хамгийн гол нь “Глобаль” сангийн санхүүжилт гэрээнийхээ дагуу өнгөрсөн жил зогссоноор ДОХ/Сүрьеэгийн эмчилгээний зардалд шаардлагатай 0.9 тэрбум төгрөгийг хаанаас гаргах нь тодорхойгүйд хүрч, 4000-аад хүний эм тасарч мэдэхээр болжээ.
Түүнчлэн хавдартай хүм үүсийн химийн эмчилгээний зардал, мэс заслын хэрэгсэл авахад шаардлагатай 2.8 тэрбум төгрөг ч эргэлзээтэй болж, ХСҮТ-д эмчлүүлж буй 4400 өвчтөн цаашид өөрсдөө эм тариагаа гаргах хэмжээнд очих дээрээ тулах вий гэхээс эмч, эмнэлгийн ажилтнууд санаа зовж буй. Бас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн 71 өвчтөний дархлаа дарангуйлах эмийн зардал болох 2.3 тэрбум төгрөгийг 100 хувь шийдэж өгөөгүйн улмаас өнөөдөр цөөнгүй хүн эмчилгээний зардлаа өөрсдөө дааж байгаа аж. Цаашлаад ам.долларын ханшийн зөрүүг тооцож нэмэгдүүлэхгүй бол эм ханган нийлүүлэгчид эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхгүй гээд гэдийж мэдэх нөхцөл байдал бий болжээ. Бүхэл бүтэн улсынхаа эмийн нөөцийг тасалдуулах хэмжээнд хүртэл асуудлыг даамжруулалгүй, түүнээс өмнө шийдэж дөнгөх болов уу хэмээн найдаж байна. Эмийн төсвийг нөхөн бүрдүүлэх талаар ямар ажил хийж байгааг Эрүүл мэнд, спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Сайдын багцад энэ онд эмийн төсөвт 60 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн жилийнхээс төсөв буурсан ч үндсэн эм эмнэлгийн хэрэгслийн зардал дээр нэмж, 11 аймгийн Оношлогооны төвийн хэвийн үйл ажиллагааг хангах, гурав дахь шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах үүднээс хоёр тэрбум төгрөгийн үнэ бүхий лабораторийн урвалж оношлуур, мөн гемодиализын долоон аппарат худалдаж авах, ДОХ/Сүрьеэгийн эмийн зардал гээд олон зүйл нэмэлтээр орж ирсэн. Гэхдээ бид ямар байсан төсөв мөнгөндөө тааруулаад, иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд анхаарч байгаа. Жишээ нь, бид энэ жилээс эхлэн дархлаа дарангуйллын эм хэрэглэдэг бүх хүний эмчилгээнд 100 хувь дэмжлэг үзүүлэхээр бодлогын түвшинд хэлэлцээд байна. Төсвөө нөхөн бүрдүүлэх талаар саналаа боловсруулаад, Сангийн яамныхантай хамтран ажиллаж байна” хэмээв. Салбарын яамны хүн нь ийн хэлж буй ч яг ямар арга замаар эмийн төсвөө бүрдүүлэх шийдлээ өнөөг хүртэл олоогүй байгаа юм билээ.
Сангийн яамныхан ч олигтой хариу өгөөгүй, тэр байтугай “Хүн болгонд төрөөс дэмжлэг үзүүлэх албагүй. Боломжтой хэсэг нь өөрсдөө эмээ худалдаж аваад ууг” ухааны юм хэлсэн гэнэ. Зах зээлийн зарчим нь жинхэнэ утгаараа замчилж яваа, өндөр хөгжилтэй орнуудад эрүүл мэндийн үйлчилгээний өртөг зардал ч тэр хэрээрээ ахиу байдаг тал бий. Тиймээс иргэдийн сэтгэхүй нь ч эмнэлэгт хэвтэж, ахиухан тариа хийлгэж, “шингэн” нөхүүлээд авахсан гэдэг манайхнаас өөр. Гэхдээ энэ зарчим одоохондоо манайд үйлчлэх тийм хэмжээнд хараахан хүрээгүй байгаа шүү дээ. Тиймээс шуурганд хөөгдөж байгаа аятай юу юугүй огцомдоод байлгүй, иргэдийнхээ бодит нөөц боломжийг харгалзаж үзэх ёстой болов уу. Аливаа оронд эдийн засаг нь хямрахаар хамгийн түрүүнд ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, илүү мөнгө төсөвлөдөг. Яагаад гэхээр эдийн засгийн хямрал хүмүүсийн эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг юм байна. Гэтэл манайх болохоор хямралд оруулчихаад дээрээс нь нэмээд эрүүл мэндээр нь чангалаад байдаг. Эцэст нь хэмнэх гэсэн биш буруу тийш нь хэтийлгэчихээд байгаа эмийн төсвийн өрөө хаанаас, яаж бүрдүүлэхээ Сангийн яамны эрхэм түшээд даруй шийдээсэй.
Л.ГАНЧИМЭГ