“MN-мэдээллийн төв”-ийн танхимд өчигдөр 100 орчим үхсэн идлэг шонхрыг нэг дор дэлгэсэн нь олныг алмайруулж, цочирдуулсан үйл явдал боллоо. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн өндөр хүчдэлийн шугамаас болж шувууд ийн үхэж буйд олны анхаарлыг хандуулахыг хүсэж үхсэн шувуудын сэг зэмийг зориуд авчирчээ. Тус төв 2010 оноос махчин шувуудыг хамгаалах төсөл хэрэгжүүлж, шувуудын үхэл хорогдлын гол шалтгаан нь эрчим хүч түгээх шугам болохыг тогтоосон байна.
Төслийн багийнхан зүүн бүсийн эрчим хүчний сүлжээ компанийн Сүхбаатар аймаг дахь салбартай хамтарч шувуудыг тогонд цохиулахаас хамгаалах хэрэгслүүдийг эрчим хүчний шугамд суурилуулан туршилт хийжээ. Түүнчлэн тус аймгийн Уулбаян-Мөнххаан сумыг холбосон 54 км урт, 15 Квт-ын түгээх шугамын дагуу жилд хэчнээн махчин шувуу үхэж байгааг судалсан байна. Манай улсад жилд 4000 гаруй идлэг шонхор өндөр шугамын хүчдэлээс болж үхдэг ба энэхүү үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог гэсэн судалгаа бий.
Энэ талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, шувуу судлаач доктор Б.Нямбаяраас тодрууллаа.
-Төсөл хэрэгжих хугацаанд махчин шувуудын үхэл, хорогдлын тоо буурсан уу?
-Шувуудын үхлийн шалтгааныг бууруулах талаар судалгаа хийсэн. Нэг жилийн хугацаанд 300 орчим идлэг шонхрын сэг зэм олдсон гэхээр жилд 4000 гаруй идлэг шонхор үхэж байгаа гэсэн тооцоо гарна. Түүнчлэн шилийн сар, начин шонхор, ойн сар зэрэг шувууд ч олноор үхсэн байсан. Шувууд үхэж байна гэсэн ерөнхий мэдээлэл өгөхөөс илүүтэй тэдний сэг, зэмийг харуулбал бодит байдлыг мэдрэх байх гэж бодсон учраас 100 орчмыг авчирсан. Монгол оронд 44 зүйлийн махчин шувуу бий. Тэднээс 20 гаруй зүйл нь өндөр хүчдэлд цохиулж үхэж байна. Тэр дундаас идлэг шонхрыг илүү анхаарч байгаа нь үндэсний бахархалт шувуу болгосонтой холбоотой. Хэдэн жилийн өмнө манайхан Араб улсад идлэг шонхроо алдаж байна гэж шуугидаг байсан. Тэдэнд нэг шувууг 20 гаруй сая төгрөгөөр зардаг. Гэтэл одоо ямар ч үнэ цэнэгүй үхүүлж байна. 2013 онд 201 махчин шувуу үхсэн бол 2014 онд 214 болж өссөн. Эдгээрийн 50 гаруй хувийг идлэг шонхор эзэлж байгаа.
-Идлэг шонхрыг хамгаалахын тулд хиймэл үүр байрлуулсан гэл үү?
-Идлэг шонхор үүрлэх орчин харьцангуй хязгаарлагдмал газруудад буюу төвийн болон зүүн бүсийн 20 сумын нутагт 5000 шувууны хиймэл үүр байрлуулсан. Эхний жилд буюу 2011 онд 200 хос үүрлэсэн бол 2013 онд 574 хос болон өссөн. Шувууны нэг үүрнээс ихэнхдээ 3-4 ангаахай бойжиж нисдэг. 2013 онд идлэг шонхрын 2000 гаруй ангаахай хиймэл үүрэнд бойжсон. Гэтэл жилд 4000 гаруй идлэг шонхор тогонд цохиулж үхээд байвал өсгөсний ямар ч нэмэргүй.
-Эрчим хүчний компаниудад энэ талаар заавар, зөвлөмж өгдөг үү?
-Эрчим хүчний компаниуд өндөр хүчдэлийн шугам дээр хамгаалах хэрэгсэл байрлуулдаг ч төдийлэн үр дүнгээ өгдөггүй. 15 Квт-ын шугамын хөндлөвч төмөр дээр шувуу суулгахгүйн тулд голд нь хадаас байрлуулдаг. Гэтэл хадаасны хоёр талын зайд шувуу сууж, тогонд цохиулж үхдэг. Харин бид хоёр, гуравдугаар фазад хуванцар тусгаарлагч, эргэдэг толь, цацаг байрлуулсан. Түүнчлэн нэгдүгээр фазад нуман бэхэлгээ байрлуулсан нь шувууны хорогдлыг бууруулж байсан. Эргэдэг сэнс амархан эвдэрдэг учраас хадаасыг шувуу суулгахааргүй зөв байрлуулах хэрэгтэй. Засгийн газрын 2011 оны тогтоолоор идлэг шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээг 16 сая гэж тогтоосон. Жилд 4000 гаруй шувуу үхэж байгаа гэж тооцохоор 64 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Эрчим хүчний яам 15 Квт-ийн шугамыг нэмж барихгүй гэсэн. Харин бид нэгэнт баригдсан 15 Квтийн шугамыг аюулгүй болгох тал дээр арга хэмжээ авна. Дээр дурдсан аюулгүй ажиллагааг 65 шугамд суурилуулахад хоёр тэрбум орчим төгрөгийн зардал шаардана. Ингэснээр 64 тэрбумын алдагдлаа нөхөж болох юм.
-Энэ олон шувуудын сэг зэмийг яах вэ?
-Манайх судалгааны байгууллага учраас хээрээс цуглуулсан шувуудын сэг зэмийг хадгалж, халдварт өвчин байгаа эсэхийг судлаад, дээжийг нь авч цэвэрлэж хатааж, хадгалдаг. Сургалт, сурталчилгаа болон музейн зориулалтаар идлэг шонхрын сэг зэмийг ашиглах хүмүүс бидэнд хандаж болно.
Э.НЯМДУЛАМ