“Зөвхөн нэрийг нь мэддэг ч зүс хараагүй яваа зүйл” хэмээн Төрийн тэргүүн хариуцлага гэдэг ойлголтыг тодорхойлсон. Ардчилал болон хариуцлага нь нэг зоосны хоёр тал байх ёстой. Гэвч манайд хариуцлага гэдэг зүйл танил бус явсаар удсаныг Ерөнхийлөгч сануулсан нь энэ. Хариуцлага... бараг л улстөрч бүрийн амнаас гарах болсон энэ үгийг сонссоор олон жил өнгөрч байгаа ч бодит ажил болгож амжаагүй л явна. Сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөрт айлуудын шалыг шүүрдэхээс ч буцахгүй болтлоо чих нь зөөлөрдөг нэр дэвшигч сонгогдсоныхоо маргаашнаас таг болдог нь манайд үзэгдэл. Ард түмний элч байж, тэдний болон улс орныхоо эрх ашгийн төлөө төрийн хуулийг дээдлэн ажиллахаар тангараг өргөснөө ч “санадаггүй” хүн олон. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хувийн бизнесээ хөгжүүлэх, идэж уух шат болгон ашигладаг улстөрч ч цөөнгүй.
Зарим нь бүр ажлаа хийхгүй, өдрийн од мэт хааяа нэг чуулгандаа сууна. Үндсэн зорилгоо умартсан энэ мэт гишүүдийг, төрийн өндөр албан тушаалтныг эгүүлэн татах эрхийг ард түмэн нь эдэлдэг улс орон бий. Харин манайд ийм тогтолцоо, зохицуулалт байхгүй учраас дөрвөн жилийн турш ард түмний төлөө юу ч хийгээгүй эрхэм дараагийн сонгуулиар тойргоо солиод, эсвэл намдаа ахиухан хандив өгч жагсаалтад багтаад л гараад ирж байна. Энэ шударга гэж үү. Хариуцлага зөвхөн өндөр албан тушаалтнуудад ч биш, төрийн бүх шатанд алдагдсан. Үүнийг өөрчлөх хуулийн төсөл өргөн барихаа УИХ-ын гишүүн, Төрийн тэргүүн, улс төрийн намуудаас мэдэгдэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГА
Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж 2013 онд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төсөл өргөн барьсан юм. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хоёр л заалттай төсөл. Үүнд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар нотлох баримттайгаар баривчилсан болон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор эгүүлэн татах асуудлыг УИХ-д оруулж ирэхээр заасан байжээ. Хүн алж, хулгай хийж байгаа л биш бол албан тушаалын гэмт хэргийг үйлдэл дээр нь барих боломжгүй. Ийм зүйл болсон эсэхийг мөрдөн байцаагч л тогтоож чадах учраас хоёр дахь заалтыг оруулсан аж.
Гэвч гишүүд “Шүүх тогтооно гэж хуульд заачихсан байхад мөрдөн байцаагч өмнүүр нь орлоо” гэх маягаар шалтаглан энэ заалтыг нь дэмжээгүй. Харин эхнийхийг нь мөн оныхоо нэгдүгээр сарын 17-нд баталжээ. Үүнээс жил гаруйн дараа Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилга гаргаж, өнөөх асуудлыг хамрах хүрээг нь арай өргөн болгоод оруулж ирэв. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай энэ хуулийн төсөлд сахилгын, улс төрийн, ёс суртахууны гэсэн гурван хувилбар тусгасан.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, сайд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хазгай гишгэснийг энэхүү хуулиар хянах учиртай. Хэрэв алдаа гаргасан албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээвэл улс төрийнхөөс чөлөөлөгдөнө. Үгүй бол албан тушаалаас нь огцруулах, эгүүлэн татах, төрийн албанд ажиллах эрхийг 2-4 жилээр хасахаар тусгасан. Уг төслийг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж эхлээгүй байна. Хаврын чуулганаар үүнийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий.
Ж.БАТЗАНДАНГИЙН ТЭМЦЭЛ
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийг эгүүлэн татах боломж, эрхийг сонгогчдод олгохоор болсноо тэр 2013 оны есдүгээр сард мэдэгдсэн юм. Бас энэ талаар олон нийтийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэв. Тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчийн гуравны хоёрын, намын жагсаалтаар сонгогдсон бол төлөөллийн төв байгууллагаас нь эгүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эгүүлэн татах зохицуулалттай төсөл гэдгээ ч мэдэгдсэн. Гишүүн санал авч эхэлснээ мэдэгдсэнээс хойш жил зургаан сар өнгөрч буй ч одоо болтол төслөө УИХ-д өргөн бариагүй байна. Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь үзвэл түүнд “Адилхан УИХ-ын гишүүн юм байж ийм төсөл бүү өргөн бариач” гэсэн шахалт их ирж буй гэх. Гэхдээ үүнийг нь үл тоон хуулиа өргөн барина гэсэн байна лээ.
Хугацаа алдаад буйн бас нэг шалтгаан нь асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэхийг хүссэнтэй нь холбоотой бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүд ажлаасаа хоцрох, таслах, бусдын өмнөөс товчлуур дарж, чуулгандаа согтуу сууж, агсарч байсан ч ямар нэг хариуцлага хүлээхгүй байгаа. Хуулиас дээгүүр жаалагч нөхдөө тэр дэгэнд нь оруулахаар хичээх гэнэ. Бусдын өмнөөс товчлуур дардаг үйлдлийг эрхэм гишүүн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасанчлан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт багтана гэж үзэж буй аж.
Үүнийг гэмт хэрэг мөн болохыг нь хуульчилчихвал одоо хүчин төгөлдөр мөрдөж буй УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д зааснаар баримтжуулчихад л гишүүд “өнхрөөд” өгөх нь. Энэ хэсэгт “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан бол прокурор түүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ” гэж заасан байдаг юм. Мөн чуулган, Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй, хүндэтгэх шалтгаангүйгээр тасалдаг гишүүдийг эгүүлэн татах, хуралдаа нэг минут хоцорвол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалтыг Дэгийн болон Зөрчлийн тухай хуульд оруулахаар ажиллаж эхэлжээ.
МАН-ЫН ЗАЛУУСЫН ОРОЛДЛОГО
Тус намын Шинэчлэлийн хорооноос УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлаар хуулийн төсөл боловсруулж буй гэнэ. Гэхдээ ийм санаачилга гаргахад хүргэсэн шалтгаан нь дээрх хоёр субъектээс арай өөр, явцуу хүрээг хамарч байна. Тэдний цаад санаа нь Шинэчлэлийн Засгийн газрын огцорсон гишүүд рүү чиглэж буй юм. Н.Алтанхуягийн танхимын үед эдийн засгийн салбарт шийдвэрлэх албан тушаал хашиж байсан эрхмүүдийг тэд “алуурчин” хэмээн цоллоод байгаа. МАН-ын санаачилга, АН-ын зарим гишүүний дэмжлэгтэйгээр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт хариуцлага тооцож огцруулсан нь тэдэнд хангалтгүй байгаа аж. Засгийн газрын бодлогын алдаанаас болж улс орны эдийн засаг хүндэрлээ гээд өмнөх Засгийн газрыг бүрэлдэх үүнээр нь огцруулчихсан. Дараа нь МАН-ынхан “Бид л орж хамжилцахгүй бол улс орон сүйдлээ. Бидэнгүйгээр та нар чадахгүй байна” гээд Засгийн газарт хамтарчихсан.
Хамтарсан Засгийн газрын 100 хоног саяхан болов. Гэвч хамтраад ажиллахын оронд МАН-ынхан сөрөг хүчний зангаа тавьж завдахгүй яваа бололтой. Залуус нь Н.Алтанхуяг болон Сангийн сайд байсан Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахын тулд ийм хууль боловсруулж буй юм байна. Тэд аливаад улс төрийн, ёс зүйн, хуулийн хариуцлага давхар тооцож байж зөв жишиг бүрдэнэ гэж үзээд УИХ-ын гишүүдээрээ дамжуулан төслөө хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөжээ. За юутай ч төрийн сонгогдсон болон томилогдсон бүх албан тушаалтанд хариуцлага тооцох төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь. Дээрээс нь УИХ-ын гишүүдийн ирц, ёс жудаггүй байдлыг цэгцлэх гэж Ж.Батзандан төслөө оруулж ирэх байх.
МАН-ын залуус ч ах нараараа дамжуулаад оролдлогоо хэрэгж үүлэхээр хичээнэ. Ийнхүү хариуцлагыг дээд түвшиндээ төлөвшүүлэх гэсэн гурван ч төслийн сураг сонсогдож байна. Хуралдаа хоцордог, тасалдгийг нь цэгцлэхээр хурууны хээгээр уншуулдаг төхөөрөмж чуулганы танхимд суурилуулаад З.Энхболд гишүүддээ “буудуулах” шахсан. Тиймээс аргагүйн эрхэнд энэ санаагаа татсан. Ийм л “хүнд” нөхцөлд ажилладаг түшээд нь зоосны нэг талыг “хэвлэж” батлах бол.
С.ТУУЛ
Улсын их хурлын тухай хуульд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар
гишүүн өөрөө хүсэлт гаргаснаас бусад үед эгүүлэн татах асуудлыг хэрхэн зохицуулсныг сонирхуулъя.
Зургадугаар зүйл. УИХ-ын гишүүн
6.6. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:
6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан (энэ тохиолдолд асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ)
6.9. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
6.9.1. гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.