“Хувьчлал нэрээр өмчийг үнэгүйдүүлж мөнгөтэй нэгэнд өгөх нь”, “Монголчууд арай олигархиудыг ганзагын наймаагаар баяжсан гэх үлгэрт итгэдэг юм биш биз. Тэд шударга бус өмч хувьчлалаар баяжсан шүү дээ”... Ийм агуулга бүхий олон сэтгэгдлийг твиттер хуудаснаас харж болохоор байв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн өмчөөс хэд хэдэн эд хөрөнгийг хувьчлах талаар ярьж, шийдвэр гаргасан учраас тэр. Тэгэхээр өмч хувьчлал үнэхээр муу зүйл гэж үү? Энэ удаагийн өмч хувьчлалын орлого нь нийслэл төсвөө боломжтой хэмжээгээр тэлж, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхэд хэрэгтэй гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдэж байна. Эндээс нийслэл бүсээ чангалахгүйн тулд өмч хувьчлах “аянд мордсон” гэж болмоор ч юм шиг. Улмаар нийслэлийн энэ оны төсвийн тодотголыг саяхан батлахдаа танах бус, харин ч 105 тэрбум төгрөгөөр тэлэх шийдвэр гаргасан биз ээ. Өмч хувьчилснаар 85 тэрбум төгрөгийг төсвийн бус эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой хэмээн тооцож буй учраас ийм “зоригтой” шийдвэр гаргасан байж таарна. Он гарсаар эхний хоёр сард нийслэлийн төсөв зургаан тэрбум төгрөгөөр тасраад байгаа учраас өмч хувьчлал “амь тариа” болох ач холбогдолтой болов уу.
Ашиглахгүй байгаа барилгуудыг хувьчлах нь ийм өгөөжтэй ч эдийн засгийн өсөлт саарч, худалдан авах чадвар буурсан энэ үед нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэх вий гэсэн болгоомжлол олон хүнд байгаа юм. Энэ долоо хоногийн эхээр Нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хуралдаанаар нэг аж ахуйн нэгж, 17 обьектыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар болсон. Тэдгээрт олон нийтэд үйлчилдэг Усан спорт сургалтын болон өрхийн эрүүл мэндийн 11 төвөөс гадна “Ионсей найрамдал” эмнэлгийн барилга багтаж буй бөгөөд наймынх нь байрлал хотын А зэрэглэлд учраас олон хүний хорхойг хүргэж байгаа гэхэд болно. Өрхийн эмнэлгийн болон сувиллын барилгуудыг газартай нь цуг одоогийн ханшаар үнэлэн хувьчлах юм. Харин “Ионсей найрамдал”, Усан спорт сургалтын төвийн 40 хүртэлх хувийг дуудлагаар худалдах аж. Өөрөөр хэлбэл, хувь хүн эсвэл аж ахуйн нэгж менежментийг нь хариуцна гэсэн үг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Усан спорт сургалтын төвд 3.7 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байж шаардлага хангасан үйлчилгээг иргэдэд үзүүлэх болоод байна.
Энэ нь нийслэлийн төсөвт дарамт болж байгаа. Уг төвийн 60 хувь нь нийслэлийн өмчид үлдэж, 30-40 хувийг нээлттэй дуудлага худалдаанд оруулна. Үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдөхгүй” гэж учирлажээ. Тэгэхээр эдийн засаг агшсан үед төсөвт дарамт болдог ашиггүй ажиллаж байгаа өмчөөсөө “салж” буй ч гэж хэлж болмоор. Жилд 100 сая төгрөгийн ашиг олдог бол маш сайн менежмент хийж чадах хүн аваад, ашгийг нь 500 сая төгрөгт хүргэвэл зөв байж мэднэ. “Бизнесийн менежментийг төрөөрөө хийж чадахгүй бол аль нэг компанид хариуцуулах нь зүйтэй. Хамгийн гол нь хувьчлалын үр өгөөжийг сайн тооцох хэрэгтэй” гэж нэгэн шинжээч ярьж байв. Ер нь төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах найман арга байдаг гэнэ. Тухайлбал, дуудлагаар худалдах, уралдаант шалгаруулалт, төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах зэрэг арга бий аж. Тэдгээрээс хамгийн сайн хувилбар нь нээлттэй дуудлагын худалдаа гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж буй. Үр дүнг нь харах л үлдэв бололтой. Гэхдээ хотын төвд байрлах АСА цирк, Хүүхэд залуучуудын театр гээд өмч хувьчлалын “муу жишээ” мундахгүйг санахад илүүдэхгүй биз ээ.
Энэ удаа нийслэлийн өмчөөс хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтаас Гэрлэх ёслолын ордон, Нийслэлийн ЗДТГ-ын спорт заалны барилгыг хасаж, мөн Чингисийн талбайтай маш ойр байрлах Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилгыг хувьчлах асуудлыг ирэх долдугаар сар хүртэл хойшлуулсан. Эндээс хотын төвд байрлалтай барилгуудыг сонгон хувьчлахаар “онилоод” байгаа нь харагдана.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Т.БАТДОРЖ: Төрийн өмч хувьчлах хамгийн шалгарсан арга нь нээлттэй дуудлага худалдаа
Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржоос зарим зүйлийг тодруулав.
-Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад нэг аж ахуйн нэгж, 17 барилга багтаж байгаа. Тэдгээрийг нээлттэй дуудлага худалдаагаар зарна гэсэн. Үүний ач холбогдол юу вэ?
-Нээлттэй дуудлага худалдаа гэдэг нь ямар нэгэн байдлаар хязгаарлагдмал биш, бүх этгээд оролцох боломж бүрд үүлж байгаа юм. Түүнээс аль нэг иргэн, компани давуу эрхтэй оролцохгүй. Менежментийн хувьчлал бол өмчийг шамшигдуулж авах гэсэн арга. Ер нь төрийн өмч хувьчлах хамгийн шалгарсан арга нь нээлттэй дуудлага худалдаа юм. Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад багтсан Усан спорт сургалтын төвийн 40 хүртэлх хувийг нээлттэй дуудлага худалдаанд оруулна. 60 хувь нь нийслэлийн өмч хэвээр үлдэнэ. Эхлээд Усан спорт сургалтын төвийн үнэлгээг хийлгэнэ. Нийт үнэлгээний 40 хувь нь хэд болох вэ, түүнийг нээлттэй дуудлага худалдаагаар зарна. Тус төвийн 40 хувийг авсан иргэн, аж ахуйн нэгж удирдлага, менежментийг үндсэндээ хариуцна. Цаашид өөр чиглэлээр бус, усан спорт сургалтынх нь чиглэлээр ажиллуулна. 60 хувь нь нийслэлийн өмч байгаа тохиолдолд ямар нэгэн өөр үйл ажиллагаа явуулах эрхгүй. “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ ашигтай ажиллавал 60 хувьд ногдох ашгаа аваад явна гэсэн үг.
-Хувьчлах аж ахуйн нэгжүүдийг яаж сонгосон юм бэ. Гэрлэх ёслолын ордныг хувьчилна гэж өмнө нь нэг их ярихгүй байж байгаад сая Нийслэлийн ИТХ-аар хэлэлцээд жагсаалтаас хасах шиг боллоо?
-Нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг өнгөрсөн онд баталсан. Хувийн хэвшлийнхэн хариуцаад явах боломжтой чиглэлийг хувьд шилжүүлэхээр тусгасан. Мэдээж иргэдийн эрх ашгийн үүднээс нийтийн тээвэр, хог хаягдал, тохижилт үйлчилгээ гээд нийслэлийн зайлшгүй хариуцах ёстой чиглэл бий. Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Ус сувгийн удирдах газар гээд хувьчилж болохгүй газар байна л даа. Ний нуугүй хэлэхэд, Гэрлэх ёслолын ордон төрийн ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй. Тэнд төрийн нэрийн өмнөөс ямар ч үйл ажиллагаа хэрэгждэггүй. Ашигтай ажиллаж байгаа дээр нь дуудлага худалдаагаар зараад, орлогыг сургууль, цэцэрлэг барихад зарцуулах нь зүйтэй болов уу. Хувийн хэвшил авсан ч татвараа төлөөд л явна шүү дээ. Өнгөрсөн даваа гаригийн Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Гэрлэх ёслолын ордныг өмч хувьчлалын жагсаалтаас хассан. Уг нь Усан спорт сургалтын төв шиг тодорхой хувийг нь хувьчлаад, удирдлагыг хувийн хэвшил аваад явбал зүйтэй.
-Хувьчлах жагсаалтад багтсан барилгын дийлэнх нь эмнэлгийнх байсан байх аа?
-1950, 1960 онд ашиглалтад оруулж, одоо актлагдсан, хуучин барилгууд бий. Одоо хороо, цагдаа, өрхийн эмнэлэг гээд нэгдсэн байранд орчихсон. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн барилга нь сул, ашигладаггүй хуучин барилгуудыг хувьчлах гэж байгаа. Түүнээс өрхийн эмнэлгүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв, “Ионсей найрамдал” эмнэлгийг хувьчлах гэж байгаа юм биш.
-Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв түрээсийн байр сэлгэж, сард 22 сая төгрөгийг төлбөр, цахилгааны зардалд 700.000 гаруй төгрөгийг улсын төсвөөс сар бүр өгч байгаа гэсэн. Тус төвийн газарт 12 давхар шинэ барилга барьж, тодорхой давхарт нь уг төвийг байрлуулахаа больсон юм уу?
-Тус төвийн барилгыг 2010 онд акталсан. Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь гарчихсан. Тус төвийн газарт барилга барих концессийн гэрээ байгуулах шалгаруулалт зарласан. Улмаар шалгарсан компани 12 давхар барилга барихаар болсон ч 16 давхрыг барихгүй бол ашиггүй байх нь гэсэн. Тэнд 12-оос дээш барилга барих боломжгүй учраас концессийн гэрээг нь цуцалсан. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилгыг зайлшгүй барих ёстой юу гэвэл тийм. Тус эмнэлгийг 32-ын тойрогт байдаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийг түшиглээд, хэрэглэгчдэд ойртуулаад дэргэд нь барьчихвал зүйтэй байх. Аж ахуйн нэгж, барилгуудыг хувьчилснаар нийслэлийн төсвийн орлого нэмэгдэнэ. Төсвийн орлогыг эргээд нийслэлийн хөрөнгө оруулалтад ашиглана. Энэ онд хүүхдийн гурван эмнэлэг, 70 гаруй бага сургууль барина гэж байгаа. Мөн авто зам тавихад хөрөнгө оруулна. Өмч хувьчлалаас 43.2, газрын дуудлага худалдаагаар 27 тэрбум төгрөг олох урьдчилсан тооцоо бий.
-Нээлттэй дуудлага худалдаанаас өмнө хувьчлах аж ахуйн нэгж, барилгын үнэлгээг хэн тогтоох юм бэ?
-Сангийн яамнаас үнэлгээ хийх эрх авсан компаниуд байдаг. Тэдгээр компанийн дунд сонгон шалгаруулалт зарласан. Улмаар хувьчлах обьектуудыг үнэлэх 11 компанийг сонгон шалгаруулсан.
-Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад өмч хувьчлал нэрийн дор мөнгөтэй нэг нь авна гэсэн хардлага зарим хүнд бий. Энэ талаар юу гэх вэ?
-Үнэгүйдүүлж, хямдруулна гэж байхгүй. Жишээ нь, манай бүртгэлийн үнээр “Ионсей найрамдал” эмнэлэг гэхэд 200 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй байгаа. Бүртгэлийн үнэд барилга болон газрын үнэ багтсан. Сая сонгогдсон компани 4.9 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Энэ нь дуудлага худалдааны анхны үнэ байх юм. Хямдруулах бус, үнийг нь өсгөж зарах гэж байгаа.
Ц.БОЛОРМАА
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА

“Нийгмийн салбарын хувьчлалын БЭЛЭЭХЭН ЖИШЭЭ ЭНД БАЙНА”
Жирийн иргэд бид өвдөхөөрөө харьяа дүргийнхээ II, III шатлалын эмнэлгийг зорьдог. Тэнд сэтгэлд нийцсэн үйлчилгээ, чанартай эмчилгээ, оношилгоо бий юү гэвэл бас л эргэлзээтэй. Хүлээгдэл ихтэй, эмч нарын зан харилцаанаас өгсүүлээд болохгүй бүтэхгүй зүйл дүүргийн эмнэлгүүдэд цөөнгүй. Харин “Баянзүрх эмнэлэг”-т байдал огт өөр юм. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн эмнэлгийн хаалгаар оруут угтагч нар найрсгаар тосон үйлчилж, “Танд юу хэрэгтэй вэ, юугаар туслах вэ” гэж эелдгээр асуух. Хүлээлгийн заал, эмнэлгийн хонгил зэрэг нь тохилог, цэвэрхэн гэж жигтэйхэн. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийг 1997 оны долдугаар сард менежментийн гэрээгээр хувьчилснаар тус байгууллагын өөдлөн дэвжих суурь тавигдсан гэж хэлж болно. Есөн жил ийм статустай явсны дараа нийгмийн салбарт өмч хувьчал өрнөж, эрүүл мэндийн салбарт Баянзүрхийн Нэгдсэн эмнэлэг, боловсролын салбарт Санхүү, эдийн засгийн дээд сургууль, соёлын салбарт Хүүхэд, залуучуудын театрыг 100 хувь худалдсан нь тэртээ 2006 он. Эмнэлгүүдийг менежментээр, боломжтойг нь 100 хувь хувьчлахыг дэмждэг олон хүний нэг нь би.
Ингэж байж эрүүл мэндийн салбарын “цус” жаахан ч атугай сэлбэгдэх учраас тэр шүү дээ. Өмнө нь эрүүл мэндийн байгууллагын нэлээд хэдэн объектыг хувьчилж, өдгөө аманд ч үгүй, хамарт ч үгүй болгосон нь бий. Гэхдээ Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг хувьд шилжсэн цагаас өнөө хүртэл хүн амынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэсэн хэвээр. Иргэд ч энэ эмнэлгийн тухайд ам сайтай байдаг юм билээ. Уг эмнэлгийг 1970-аад оны үед орос ах нар барьж өгсөн. Өдгөө дүүргийнхээ 320-иод мянган хүнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганцхан эмнэлэг нь эднийх. Хэдийгээр хувийн статустай боловч дүүргүүдийн бусад эмнэлгийн нэгэн адилаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Тэд удирдлага зохион байгуулалтын хувьд НЭМГ-т харьяалагддаг бөгөөд нийт санхүүжилтийнхээ 80 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь иргэдээс авдаг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан төлбөртэй хийдэг зарим эмчилгээ, шинжилгээний төлбөрийг л иргэдээс авдаг гэсэн үг. Нэг ёсондоо төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг хэрнээ даатгалаас санхүүждэг хувийн хэвшил гэж ойлгож болно. Тус эмнэлэг нь нийт 358 ор, 220-иод эмч, ажилтантай. Тэдний 60 нь эмч, 90 нь сувилагч, үлдсэн нь үйлчлэгч, асрагч, инженер техникийн ажилчин байдаг аж.
“Баянзүрх эмнэлэг”- ийн ерөнхий эмч О.Бямбаа “Хэвтэн эмчлүүлэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 1997 онд жилд 8-9 мянган хүн хэвтдэг байсан бол 2012 онд 12, 2013 онд 15, өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж, 16 мянгад хүрсэн. Манай эмнэлэг анх хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол өдгөө гурван давхар байшингаа дөрвөн давхар болгон өргөтгөж, амбулатори нээсэн. Мөн 23 ортой, Уламжлалт эмчилгээний тасаг ажиллуулж байна. Энэ өвөл томуугийн оргил ачааллын үед 150 ортой Хүүхдийн өвчин судлалын төвд 250 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан үе ч бий. Бид бусад эмнэлгийн адилаар хүүхдүүдээ хонгилдоо авч, насанд хүрэгсдийн орыг суллах зэргээр дотооддоо зохион байгуулалт хийснээр энэ бүхнийг давсан. Энэ жил хүүхдийн эмнэлгээ 50-80 ороор өргөтг өх өөр төлөвлөөд байна. 320 мянган хүн амтай энэ дүүрэгт манайх шиг хүчин чадалтай хоёр эмнэлэг байж гэмээнэ иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангана” гэж ярьсан юм. “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн захирал Б.Даш-Яндаг өнгөрсөн 18 жилийн хугацаанд олон ажил хийж хэрэгжүүлжээ. 2014 онд лабораторио дөрвөн их эмч, дөрвөн лаборанттай болгон, мэргэжилтнүүдээ чадавхжуулсан байна. Социализмын үед ашиглаж байсан хуучин аппаратуудаа 2012-2014 онд үе шаттайгаар шинэчилж, тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь хагас автоматжуулжээ.
2015-2016 онд бүрэн автомат болгохоор зорьж байгаа гэнэ. Ингэхдээ рентген аппаратаа сольж, өчигдөр биднийг очих үеэр хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, 128 зүслэг бүхий компьютер томограф эмнэлэгтээ суурилуулахаар угсарч байсан юм. Тэрбээр 2014 онд Чех улс руу ажлаар явахдаа ижил төстэй эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж, тэдний дэмжлэгээр эмнэлгээ өргөтгөх, аппарат, багаж, тоног төхөөрөмжөө шинэчлэхээр болжээ. Мөн ӨМӨЗО-ны Хөх хотын Монгол эмнэлгийн хороотой сүүлийн таван жил хамтран ажиллаж буй бөгөөд эмч, мэргэжилтнүүдээ тэнд уламжлалт анагаахын чиглэлээр сургаж, мэргэшүүлж буй аж. Эднийх хуучны барилга учраас оросуудын тавьж өгсөн агааржуулах систем нь эвдэрсэн байсныг 2014 онд 80 сая төгр өг гарган иж бүрнээр нь сольжээ. Мөн 40-50 сая төгрөгөөр сантехникийн шугам сүлжээгээ бүрэн шинэчилж, 2013 оны намар 72 сая төгрөгөөр моорогтой болсноор задлан шинжилгээгээ дотроо хийх боломж бүрдсэн байна. Мөн 65 сая төгрөгөөр угаалгын байр барьсан, 160 орчим сая төгрөгөөр сэхээн амьдруулах тасгаа иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн, ор, цагаан хэрэглэлүүдээ сүүлийн үеийн стандартын шаардлага хангахуйц бараа материалаар сольж байгаа гээд дурдаад байвал олон.
Насанд хүрэгчдийн өвчин судлалын төв, Хүүхдийн өвчин судлалын төв, Яаралтай тусламжийн төвөөс гадна Нэгдсэн тасаг, Сэргээн засах оношзүй, Эм ханган нийлүүлэх, Хоол үйлдвэрлэлийн, Захиргаа аж ахуй гэсэн найман тасаг нэгжтэй. Улсын төсвөөс, даатгалаас, иргэдээс санхүүждэг улсын эмнэлгүүд хажууд нь ичмээр санагдсаныг нуух юун. Хүн хувийнхаа эд хөрөнгөд хэрхэн өөриймсөг, бас чин сэтгэлээсээ ханддагийг эндээс харж болно. Уг нь төсөв, мөнгө байхгүй гэдэг үгээр ам таглан, улсын мөнгийг үрэн таран хийдэг төрийн өмчийн эмнэлгийнхэн чин сэтгэлээсээ, аливаа юманд өөриймсөг хандвал “Баянзүрх эмнэлэг” шиг хөгжих боломж байна. Тус эмнэлэг дотооддоо хатуу дүрэм журамтай ч эрүүл мэндийн багц хуулийн хүрээнд иргэдэд нээлттэй үйлчилдэг. Хөл дээрээ хэдийнэ босчихсон юм билээ. Улсын эмнэлгийг хувьчилж болдог юм байна. Зориулалтыг нь өөрчлөхгүйгээр сайн ажиллаж чаддаг юм байна гэдгийг харлаа. Би ингэж дүгнэсэн юм биш. 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Нийгмийн салбарын хувьчлалын бэлээхэн жишээ энд байна шүү дээ” гэж хэлж байсан юм.
Эднийд тулгамдаж буй асуудал гэхээр зүйл байхгүй гэсэн. Салбарын сайдын тушаалаар 358 орны 95-д нь 14-28 мянган төгрөгийн төлбөр тогтоосон юм билээ. Б.Даш-Яндаг захирлын санаачилгаар 2013 оноос үйлчилгээний менежер гэх шинэ орон тоо бий болгожээ. Манай зарим эмч, ажилтны харилцааны соёл, үйлчилгээ “0” гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс эмнэлгийнхээ үйлчилгээг сайжруулахын тулд ийм албан тушаал гаргасан юм байна. Энэ бол Монголын аль ч эмнэлэгт байхгүй шинэ зүйл. Сэтгэл, зүтгэл байвал юуг ч бүтээж болдгийн жишиг энэ эмнэлэгт хэдийнэ тогтжээ. Өмчлөгч нь төр байна уу, хувийнх байна уу хамаагүй.
О.БАТ-УНДРАХ

БАЙР СУУРЬ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нэг аж ахуйн нэгж, 17 объектыг хувьчлахаар баталсан. Эдгээр байгуулагын 11-ийнх нь барилгыг одоо ашиглахгүй байгаа юм. Үүнд “Ионсей найрамдал” болон зарим өрхийн эмнэлгийн хуучин барилга багтсан. Харин үйл ажиллагаа явуулж буй барилгын тоонд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга бий. Энэ талаар албаны хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
Ж.ГАНСҮХ (Хан-Уул дүүргийн Засаг дарга) Нийслэлийн удирдлагууд юу хийхээ хэнээр ч заалгадаггүйг мэдлээ
-Нийслэлийн удирдлагууд юу хийхээ хэнээр ч заалгадаггүй юм байна. Бид барилгаа хувьчлуулахгүйн тулд олон санал гаргасан ч огт дэмжсэнгүй. Манай дүүргийн ЗДТГ машины зогсоолгүй, ойр орчимд нь орон сууц шавсан газар байдаг. Ийм байршил хэнд хэрэг болсныг мэдэхгүй юм.
-ЗДТГ-ын байранд одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үү?
-Шүүх, ТҮК-ийн ажилчид үйл ажиллагаа явуулдаг. Цаашдаа тэднийг яахаа мэдэхгүй байна. Манай барилгыг хувьчлах тухай НИТХ-аас ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Албан бус эх сурвалжаас сонсоод үнэн болохыг нь мэдсэн. Тэгээд чадахаараа хөөцөлдсөн боловч юу ч хийж чадаагүй.
-Хувьчлалыг ямар байдлаар хийгээсэй гэж бодож байна вэ?
-Дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон гэсэн. Анхнаасаа бидний саналыг сонсоогүй хүмүүст юу хэлэх билээ. Цаашдаа юу болохыг харж суухаас өөр арга алга.
Б.МЯГМАР (Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга): Хувьчлах шийдвэр гаргахдаа биднээс санал аваагүй
-Эрүүл мэндийн байгууллагын 14 барилгыг бүрэн хувьчлах шийдвэр гаргалаа. Засгийн газар мөнгөгүй байж болох ч иргэдийн эрүүл мэндийг хөсөр хаяж болохгүй. Өөр аргаар мөнгө олж болно шүү дээ. Нүдээ олоогүй шийдвэр гэж үүнийг л хэлэх байх. Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудын байр суурь манайхтай ижил байгаа. Гэхдээ НИТХ-д нөлөөлөх боломжгүй учраас яаж ч чадсангүй.
-“Ионсей найрамдал” эмнэлэг татан буугдаад хэр удаж байгаа вэ?
-1994 онд “Өргөө” амаржих газрын оронд Монгол, Солонгосын хамтарсан эмнэлэг нээхээр болж, 20 жилийн гэрээ хийсэн. Гэрээний хугацаа өнгөрсөн онд дууссан учраас “Ионсей найрамдал” эмнэлгийг татан буулгасан. Тиймээс энэ эмнэлгийн газрыг нэгдүгээр төрөхийн харьяанд өгөх санал гаргасан ч дэмжсэнгүй. Нэгдүгээр төрөхийн амаржих тасаг ачааллаа дийлэхгүй байгааг нийслэлийн удирдлагууд анзаарсангүй бололтой. “Ионсей найрамдал” эмнэлгийн газар хотын А зэрэглэлд хамаардаг учраас байршилд нь шунаад хувьчилсан гэж бодож байна. Өөр байршилд байсан бол хувьчлахгүй байх.
-Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьчлагдсан 11 барилгыг ашиглахгүй байгаа юу?
-Өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн газрууд нэг цэгийн үйлчилгээнд орсноос хойш хуучин өрхийн эмнэлгүүдийн байрыг ашиглахаа больсон. Гэхдээ хувьчлалд орсон өрхийн эмнэлгийн байруудаас зарим нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Өрхийн эмнэлгийн ашиглахаа больсон барилгын оронд цэцэрлэг барьж болох байсан.
-Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилгын зориулалтыг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэсэн гэсэн?
-Энэ төвийг хоёр жилийн өмнө акталж, 12 давхар барилга барьж, тодорхой давхруудад нь эмнэлэг оруулахаар шийдвэрлэсэн. Харин эмнэлгийн ажилтнууд аппарат, тоног төхөөрөмжүүдтэйгээ түрээсийн байраар хэсээд удаж байна. Ингэснээр улсын төсвөөс сард 22 саяыг түрээсэнд, цахилгааны төлбөрт 700 мянга гаруй төгрөг зарцуулж байна.
Б.ЛХАГВАЖАВ: Хувьчлалыг явуулахдаа үр дүн, үнэ цэнийг нь харах хэрэгтэй
-Хувьчлал хийхдээ цаана нь юу байгааг харах ёстой. 1997-1998 оны хувьчлал хөдөлмөрийг үнэлээгүй, байшинг нь баялаг гээд харчихсан. Одоо бол өөр. Хувьчлал хийхдээ үр дүн, үнэ цэнийг нь харах хэрэгтэй.
Б.АЮУШ (Санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх): Зөв, буруу гэж хэлэх аргагүй
-Зөв, буруу гэж хэлэх аргагүй. Хувьчлал хоёрхон зүйлээс л хамаардаг. Нэгдүгээрт, ямар үнээр худалдах гэж байна, хоёрдугаарт, зохимжтой хэрэглээг бий болгож чадаж байгаа эсэхээс нь шалтгаална. Худалдаад сайн үйл хийгээд, нийгэмд тустай зүйл болговол болж байна.