“АИ-92 бензин литрийг нь 3000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү? Адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ? Талхчин, таксины жолооч, эрүүл хүн үнэмшихгүй үнэ. Ийм явдал МИАТ-д тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байгаа. Хувийн компанид ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байна”. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайд гуравдугаар сарын эхээр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, МИАТ-ын нислэг, үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд, “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нартай уулзаж, онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох үүрэг өгөх үеэр хэлсэн үг.
Тэр үед Н.Ганболд “МИАТ алдагдалтай ажиллаж, санхүүгийн хувьд хүндрэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл бол шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд шатахууны үнийн зөрүүнээс 763 сая төгрөгийн алдагдал хүлээсэн” гэж учирлаж байв. Мэдээж хоёр дахин илүү үнээр машинаа “хооллох”- ыг хүсэх хэн ч байхг үй. Тэгвэл МИАТ онгоцоо өндөр үнэтэй түлшээр цэнэглэсээр ирсэн нь бодит үнэн. Монгол Улс олон жилийн турш онгоцны түлшний ганц, монополь эх үүсвэртэй явж ирсэн. Тодруулбал, хойд хөршийн “Роснефть” компани нийлүүлж, дотоодод онгоцны түлшний дийлэнхийг “Сод Монгол” групп борлуулж байгаа. МИАТ компани “Сод Монгол” группээс онгоцны түлшээ худалдаж авдаг.
Өнгөрсөн хоёрдугаар сард нэг тонн түлш 521, гуравдугаар сард 456 ам.доллар байжээ. Гэтэл МИАТ компани 700-900 “ногоон”-оор худалдан авсан нь бараг хоёр дахин өндөр үнэ гэсэн үг! Уг нь “Роснефть” сүүлийн 4-5 сард Сингапурын биржтэй ойролцоо үнээр онгоцны түлшээ нийлүүлсэн ч Монголын зах зээлд л өндөр үнээр өгч, авалцаж буй хэрэг. МИАТ жилд дунджаар 33-35 мянган тонн түлш хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Үүнийхээ 9-10 мянган тонныг нь Улаанбаатараас сумладаг байна. Тус компанийн мэргэжилтний хэлснээр, өнгөрсөн оны тавдугаар сараас бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт “Сод Монгол” л оролцож байгаа гэнэ. Бусад компани нэг их оролцохгүй байгаа гэсэн. Тэгэхээр “Сод Монгол” л дангаар онгоцны түлш нийлүүлдэг, өрсөлдөгчгүйгээр үнээ хэлдэг байх нь.
Статистикаас харвал 2011- 2013 онд МИАТ нэг тонн түлшийг дотоодоос 1174-1462 ам.долларын үнээр худалдан авчээ. Энэ хугацаанд гадаадад цэнэглэхдээ тонныг нь 1072-1139 “ногоон”-оор авсан байгаа юм. Тэгэхээр гадаадад 100-320 ам.доллараар хямд үнээр түлшээ цэнэглэдэг байна. Гэхдээ энэ нь бас л “тэнгэрт хадсан” тоо. Жил бүр алдагдалтай ажилладаг, 100 хувь төрийн өмчит МИАТ компани цаашдаа ч ийм өндөр үнээр түлшээ худалдаж авсаар байх уу? Төрд “эрхэлсэн” МИАТ-ын алдагдлыг иргэд үүрч байгааг Ерөнхий сайд хатуухан хэлсэн. Цагтаа ашигтай ажиллаж байсан “Изинис эйрвэйз” өнгөрсөн онд дампуурсан.
Дотоодын нислэгийн 75 хувийг дангаараа үйлдэж амжилттай ажиллаж байсан тус компанийг дампуурлаа зарлахад нь түлшний өндөр үнэ тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж таарна. Одоо бас “Хүннү эйр” ажилчдынхаа цалинг хэдэн сар өгөөгүй байгаа сурагтай. Энэ бүгдээс тус салбарын хөгжилд том нөлөө үзүүлэх онгоцны түлшний шинэ эх үүсвэр хэрэгтэй гэдэг нь тодорхой харагдана. Азаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг удахгүй биелэгдэх бололтой. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгийн хэлснээр, урд хөршийн “Sinopec” (China Petroleum & Chemical Corporation)-тэй энэ сард багтан санамж бичиг байгуулахаар төлөвлөөд буй гэнэ. Газрын тос-химийн тус корпорац Сингапурын биржийн үнэд тулгуурлан онгоцны түлш нийлүүлэхэд бэлэн гэдгээ дуулгасан байна.
ЯАГААД “SINOPEC”-ИЙГ СОНГОВ
Химийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг “Sinopec”-т Монгол Улс Зүүнбаянгаас олборлосон түүхий тосоо нийлүүлж ирсэн. Үүнийхээ оронд газрын тос худалдан авч буй бөгөөд өдгөө онгоцны түлш нэмж авахаар зэхэж байна, Монгол Улс. Ер нь Хятадын газрын тосны зах зээлд гурван том компани толгой цохидог. Тэдгээр нь “Petro China”, “Sinopec”, SNOOC (China National Offshore Oil Corporation). “Petro China” компани дотооддоо төдийгүй дэлхийн 36 оронд олборлолт явуулдаг байна. Товчхондоо, олборлолтоор илүү мэргэшсэн гэсэн үг. Харин SNOOC далайгаас нефть олборлодог. Тэгвэл “Sinopec” корпорац боловсруулах талд ихээхэн туршлагатай, нефть импортлоод боловсруулдаг томоохон үйлдвэртэй, хими, технологиороо тэргүүлдэг юм байна.
Тус корпорац жилд 141 сая тонн тос боловсруулдаг аж. Үүнийхээ 16 сая тонныг экспортолдгийн 60 хувийг нь онгоцны түлш эзэлдэг гэсэн дүн бий. Тэд жилд 4-5 сая тонн хэрэглээтэй Хонконг, Макао болон Вьетнам, Канад зэрэг оронд онгоцны түлшээ нийлүүлдэг аж. “Sinopec” чанартай бүтээгдэхүүнтэй, үнэ нь зах зээлийн ханшид тулгуурладаг давуу талтай гэх үгийг түншүүдийнхээ амнаас сонсдог юм байна. Дашрамд дурдахад, Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулан, бүтээгдэхүүнээр нь дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичгийг манай Уул уурхайн яам, “Sinopec” корпорац байгуулсан билээ.
Жилд 15-16 тэрбум шоо метр шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон уг үйлдвэрт 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах гэнэ. “Sinopec”-тэй гэрээ байгуулаад, манайд онгоцны түлш нийлүүлж эхэлбэл хэрхэн тээвэрлэх, хадгалах вэ гэсэн асуудалтай тулгарна. Онгоцны түлшийг аливаа нэгэн зүйлтэй хольж, нийлүүлж болохгүй учраас тэр. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжид нийт 20.000 шоо метрийн багтаамжтай, зургаан хадгалах сав байдаг гэнэ. Тэдгээрээс 2000 шоо метрийн багтаамжтай нэг савыг нь онгоцны түлш хадгалахад тусгайлан ашиглахаар болсон гэж байна. Уг савны холболт тохируулгыг хийж, тээвэрлэх цистернүүд бэлдэж буй аж.
Үүнд хөрөнгө оруулах компаниудаас санал авч байгаа юм билээ. “Магнай трейд”, “Шунхлай”, НИК, “А-Жет лимитед” компани оролцъё хэмээн санал тавьж буй бөгөөд ойрын үед шийдвэр гаргах гэнэ. Мөн тусгайлсан цистернийг угааж цэвэрлээд, комисс шалгачихсан бөгөөд “Улаанбаатар төмөр зам”-ынхан үүн дээр шуурхай ажиллажээ. Ер нь түлш авахтай холбоотой тээвэр, ложистикийн асуудлыг бараг шийдчихсэн гэж үзэж болох нь. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөж дууссан нь онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох нөхцөл бүрдүүлж байгааг энд тэмдэглэе. Түүнийг зөв ашиглаж, нэмэлт эх үүсвэртэй болсноор дотоодод онгоцны түлшний үнэ буурах нь дамжиггүй.
ХОЁР ХӨРШ ӨРСӨЛДӨНӨ
Одоогоор манай улсад онгоцны түлш нийлүүлэгч “Роснефть”-ийг хамгийн өрсөлдөх чадвартай компани гэхэд болно. Тус компани тосоо олборлож, өөрийн хоолойгоор тээвэрлэн, үйлдвэртээ хүргэдэг. “Роснефть” компанийн Ангарскийн үйлдвэр манай улсын хилээс 748 км зайтай. Өөрөөр хэлбэл, хамгийн ойр тул байршлын хувьд давуу талтай, бас бүтээгдэхүүний чанар сайн. Тэгэхээр бид тус компаниас цаашид онгоцны түлш авсаар байх биз. Өнгөрсөн хугацаанд “Роснефть” монголчуудад бусад оронд нийлүүлдгээсээ арай өндөр үнээр өгч байсан тал бий. Тэд өмнөх оны тавдугаар сараас л биржийн үнэд түшиглэсэн ханшаар өгч эхэлсэн байгаа юм. Харин одоо Хятадаас онгоцны түлш аваад эхэлбэл хоёр хөрш үнээрээ өрсөлдөж, дотоодын зах зээлийн ханшид нөлөөлөх нь мэдээж.
Монгол Улс “Sinopec”-тэй тогтмол нийлүүлэлтийн гэрээ байгуулахаар төлөвлөсөн гэж Газрын тосны газар мэдээлж байгаа. Тохиолдлын бус тогтмол уг гэрээг ирэх тавдугаар сар, эсвэл энэ оны хоёрдугаар хагаст багтаан байгуулахаар зэхэж буй. Улмаар гэрээ байгуулснаас ердөө 1-2 долоо хоногийн дараа түлшээ авах юм байна. Хоёрдогч эх үүсвэрээс онгоцны түлш нийлүүлж эхэлснээр нийт зардлынх нь 32-33 хувь нь түлшинд ногддог МИАТ-д томоохон дэмжлэг болох учиртай. Манай улс цаашид олон улсын нислэгийг нэмэгдүүлж, өртгөө багасгаж үйлчлүүлэгчдийн тоогоо олшруулж, жуулчдыг даллаж, өрсөлдөх чадвартай байя гэвэл түлшээ хямд үнээр авдаг байх ёстой. Хоёр дахь эх үүсвэртэй болсноор хоёр дахин өндөр үнэ төлөхгүй.
Ц.БОЛОРМАА