Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хорооноос Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын эл спорттой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг таван жилээр хассанаа мэдэгдсэнээр хамаг хэрэг мандсан нь саяхан. Түүнийг 2011 онд болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр FIFA-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоосон нь тэр. Харин энэхүү шийдвэрээс улбаалж бараг 20-иод жилийн өмнөөс Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүл гэж олон улсаас тасралтгүй илгээж байсан мөнгө болон материаллаг хөрөнгийг энэ хүн өөртөө завшин баяжиж, тансаглаж ирсэн талаар амтай болгон шуугисан. Монголын мянга мянган хүүхэд залуус, хөлбөмбөгийн хорхойтнуудаар дэлхийд дэнчин тавьж, нэрийг нь худалдсан түүнийг хэдэн жил энэ спортоос хол байлгаад зогсохгүй, хорьж шийтгэх замаар хийсэн гэмийг нь мэдрүүлбэл таарна.
Гэвч дээрх мэдээллүүдийн анхны баттай эх сурвалжийг монголчууд бус, гадаадынхан гаргаж тавьсныг санахад илүүдэхгүй. Өөр хэдэн Ганболд хаана, хэнд, юу гэж хэдэн монголчуудынхаа нэрийг худалдаж, халаасаа түнтийлгэж буйг хэлж мэдэхгүй юм. Гадаадад гэлтгүй дотоодод ч мань хэдийнхээ нэрийг барингаа гоё гоё юм ярьж, төрийн бус байгууллагаар дамжуулан төсөв, хөрөнгө босгож, түүнийгээ амин хувьдаа завшдаг жишиг тогтчихож. Эл дүгнэлтдээ хүч нэмэхийн тулд нэрт нийтлэлч Баабар “Монголд 23 мянга орчим төрийн бус байгууллага байгаагаас 10 мянга орчим нь дээрмийн шинж чанартай үйл ажиллагаа эрхэлж байна” хэмээснийг шигтгэе. Уг нь улс орнуудын орон нутгийн, сайн дурын байгууллагууд, албан бус секторын үйл ажиллагааг тодорхойлохын тулд анх НҮБ, хожим нь олон улсын болон хандивлагч байгууллагууд “төрийн бус байгууллага” (ТББ) гэсэн нэр томъёог хэрэглэсэн юм билээ.
ТББ нь иргэд ашиг сонирхол, үзэл бодлоороо сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулагдсан, төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус бүтэц гэдэг. Чухамдаа иргэд тэднээр дамжуулан төрийн бодлогод оролцож, нөлөөлж, хянаж, эрх ашгаа хамгаалах боломж бүрддэг онолтой. Тиймээс ч манайд сүүлийн үед “төр, хувийн хэвшлийн түншлэл” гэх хэлц хийгээд ойлголт моодонд орж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон ТББ-д шилжүүлж, тэднээр гүйцэтгүүлэхийн чухлыг онцлох болсон. Өөрөөр хэлбэл, төр дангаараа зүтгээд байх бус өөрөөсөө бусадтай хамтрах нь хяналт, бас гүйцэтгэлд хамгийн сайн нөлөөтэй гэдгийг нэгэнт нотлох албагүй болжээ. Хамгийн сүүлд гэхэд л Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль баталж, холбогдох харилцаа, зохицуулалтыг мэргэжлийн холбоонд нь хариуцуулснаас эхлээд дорвитой алхмууд хийж байна.
Гэвч ТББ хүсэж, шаардлаа гээд төрийн чиг үүргийг тэдэнд шууд шилжүүлчихэж болох уу. Тэдний төрж, бойжиж буй хөрс, орчин нөхцөл нь эрүүл байна уу. Төрөөс өөр тоглогчгүй байсан нийгмийг халж гарч ирсэн Монголын ардчиллын түүхэнд ТББ уудын гүйцэтгэж ирсэн үүрэг, нийтлэг дүр төрх, ойлголтод сэтгэл хангалуун байж чадаж байгаа бил үү, бид. Юутай ч сүүлийн 25 жилийн хугацаанд 23 мянган ТББ “мэндэлсэн” гэдэг нь бодитой. Тэрбээр холбогдох төрийн болон олон улсын байгууллагаас гаргасан тайлан, судалгаанд үндэслэж дээрх тоог хэлсэн юм билээ. Энэ нь бидний хувьд нэг хүнд ногдох ТББ-ын тоогоор дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт юм. Гэвч энэ тоо ардчилал буйн илэрхийлэл байж болох ч нийгэмд шийдэгдээгүй асуудал хэчнээн их байна, ТББ төчнөөн олон байдаг гэдгийн илрэл байж мэднэ.
Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн түвшинг ТББ-уудынх нь тоогоор тодорхойлдог. Энэ дагуу ТББ байгуулж байгаа бол нэг хэрэг. Харамсалтай нь манайд асуудлыг шийдэх гэхээс илүүтэй ашиг харж, бүр бизнес хэмээн сэтгэж ТББ байгуулах нь газар авч байгаа нь өөрөө жинхэнэ бэрхшээл болчихож. Үнэндээ ТББ нэрээр дүрэмгүй тоглогчид даварч байгаа. Мэдээж дээрх 23 мянган ТББ-ын дунд төрийн байгууллага, албан тушаалтнаас илүү юү гэхээс дутуугүй ажиллаж, олон асуудал шийдвэрлэж ирсэн нь бий. Гагцхүү тэдгээрийг үйл ажиллагааны чиглэл, зорилгоор нь ангилж харвал хэдхэн сэдэв тойрч, зөвхөн ганц асуудал дээр хүртэл хэдэн зуу, мянгаараа байгуулагдсан байгаа юм. Монгол хэдхэн том асуудалтай, түүнийгээ шийдвэрлүүлэх гэж ТББ-ууд нь олноороо хүч хавсран тэмцэж байгаа хэрэг үү гэвэл бас эргэлзээтэй.
Үр дүн нь бүр ч инээдтэй. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, ДОХ мэтийн өвчин, эмгэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль орчин, хүмүүнлэгийн гэхчлэн тодорхой чиглэлээр ТББ байгуулан ажиллах нь манайд байтугай дэлхийд эрэлттэй. Олон жилийн өмнөөс хүн төрөлхтний хувьд асуудал болгон дэвшүүлж ирсэн энэ мэт чиглэлийг гадаад, дотоодгүй, төрийн, төрийн бус гэлтгүй бүхий л талаар дэмждэг учраас тэр. Мөн манай компаниуд татвараас зугтаах санаатайгаар энэ төрлийн байгууллага бий болгох нь элбэг. Харин сүүлийн үед төрийн бусчуудын овоорч буй сэдэв үндсэндээ уул уурхай, газар болчихоод байна. Үүнээс улбаалсан жагсаал, цуглаан, өлсгөлөн суулт, хэвлэлийн бага хурал гээд тэмцэл, эсэргүүцлийн бүхий л хэлбэрийн арга хэмжээний автор нь элдэв нэртэй ТББ-ууд болчихож. Бүр газрын маргаан үүсгэж, байшин барихыг хүртэл эсэргүүцэж ТББ байгуулах юм.
Үүнээс гадна “Урт нэртэй” хуулиас хойш зөвхөн энэ хуулийг мөрдүүлэх зорилготой 600 орчим ТББ бий болсон гэж буй. Харамсалтай нь тэдний ихэнх нь гол мөрөн, ойн орчим буюу хуулийн хязгаарлалтад өртсөн газарт уул уурхайгаар холбогдсон компани, түүний эзэн, мөнгөтэй хүмүүс хийгээд төрийг дарамталж, шантаажилдгийг олон эх сурвалж ил болгосон. Ашгийн бус статустай тул орлогын мэдүүлэг гаргадаггүйг нь далимдуулж ТББ-аар энэ мэт бизнес хийж, бүр түүндээ ханш, зэрэглэл тогтоосон талаар ч бишгүй мэдээлж байна. Энэ төрлийн төрийн бусчуудад дан ганц мөнгө чухал биш. Тэдний улс төр, эрх мэдэлд хүрэх гэсэн хүсэл хүчтэй байж, биеллээ олсныг өнөөгийн түшээдээс харж болно.
Эрх баригчдаас дутуугүйгээр ардчилал, ард түмний нэрийг дуудан хаана л бол хаана орилж яваа төрийн бус байгууллагын төлөөлөл гэх шантаажлан эсэргүүцэгчдийн үйлдэл мөнгө, албан тушаалаас хальж иргэд нь төлөвшөөгүй энэ нийгмийг эмх замбараагүй байдал, самуун мөргөлдөөнд ч хүргэж мэдэх эрсдэлтэй. Тиймээс тэртээ 1997 онд Үндсэн хуулиар монголчуудад олгосон эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг нь тунхаглан баталсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг төрөл арилжсан мэт өөрчлөн шинэчлэх шаардлагатай байна. Байгуулагдахаас нь авахуулаад татан буугдах хүртэл ямар шаардлага тавих, оролцоо, санхүүжилт, үүрэг, хариуцлагыг хэрхэн шинэ түвшинд гаргахаа хуульчлах цаг болж. Төрийн бус байна гэдэг нь төрөөс хараат бус оршихын нэр биш. Анх байгуулагдсан зорилго, чиглэлийнхээ дагуу ажиллаж байгаа, эсэхийг төрөөс болон ТББ-ын бүтэц, удирдлага нь хянадаг байх учиртай. Төрд шалгуулдаг тайлангийн агуулгыг бэлгэдлийн бус бодитой шалгуур үзүүлэлтээр баяжуулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгая.
Б.НОМИН