Хавар болж, цас ханзрахад замын тар танигдаж, хаа сайгүй л энхэл донхол. Манайхны удирдлагууд замынхаа өргөн нарийн, зузаан нимгэнээс нь “идсээр” байгаад авто замууд нь жил болохгүй ховхорч хуулардаг болсоор хэдэн ч он элээв. Ямар сайндаа л Японы нэгэн жуулчин Улаанбаатарт ирээд “Энэ замыг тавьсан хүмүүс одоо шоронд байгаа юу” гэж асуухад таксины жолооч “Үгүй ээ. УИХ-д байгаа” гэж хариулах вэ дээ. Инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй ийм байдалдаа бид дассан бололтой. Энэ мэт чанаргүй замын жишээ Монголд олон. Тэр дундаа хамгийн их эвдрэлтэй нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 224 км авто зам.
Уг замын суурийг 40 гаруй жилийн өмнө тавьснаас хойш их засвар нэг ч удаа хийгээгүй, өнгөрсөн хугацаанд нөхөх маягаар торгоож ирснийг түүгээр зорчдог хүн бүр мэднэ. Хоёр цаг хагас “давхиад” хүрчихдэг Дархан руу өнгөрсөн хавраас намар болтол 5-6 цаг сэгсчүүлж, хот хооронд зорчдог жолооч, иргэдийн зүрхэнд хэдийнэ “шар ус” хуруулж, өдөрт зам тээврийн 2-3 осол энд гарч буйг замын цагдаагийнхан хэлдэг. Уг нь МХЕГ 2014 онд тус чиглэлийн авто замын ашиглалтын байдалд шалгалт хийж, эвдрэл ихтэй, осол гарах нөхцөл бүрдсэн хэсэгт “Тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих нөхцөл хангуулах тухай” улсын байцаагчийн дүгнэлт гарган, Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлснээр хамгийн их эвдэрсэн 26.3 км замыг хэсэгчлэн зассан юм.
Гэсэн ч замын барилга угсралтын ажил оройтож эхэлснээс болоод технологийн горим алдагдаж, асфальт бетон хучилт нь ихээхэн эвдэрч, өнөөх л тамын төрхөндөө орсон аж. Өдгөө үүгээр байнга зорчдог жолооч, зорчигчид засаад ч өөдлөхгүй нь хэмээн ихэд бухимдаж явна. Тэгвэл байсхийгээд л нөхдөг ч буцаад л хагарчихдаг шидийн гэмээр олон зам нийслэлд бий. Түүний нэг нь Яармагийн түр гүүр юм. Хуучин гүүрнийх нь зэргэлдээ 270 метр урт шинэ гүүр барихаар 2014 онд шийдвэрлэсэн. Уг ажлыг 2-3 жил дамнан гүйцэтгэх тул нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Наранбулаг хан” компанийнхан өнгөрсөн оны есдүгээр сард түр гүүр барьж өгсөн юм.
Гурван жилийн настай гэх уг гүүр гуравхан сарын дараа хэд хэдэн газраа их хэмжээгээр цуурч, энд хоёр ч удаа зам тээврийн ноцтой осол гарсныг бид мартаагүй. Үүний дагуу Замын цагдаагийн газрын ажилтнууд гүүрний цуурсан хэмжээг тодорхойлж, Авто замын газарт шаардлага тавьснаар 2014 оны арванхоёрдугаар сард гүүр орчмын замын хөдөлгөөнийг хааж, засвар, үйлчилгээ хийсэн. Гэтэл өдгөө гүүр нэлээдгүй газартаа ахиад л цуурч, ан цав үүсчээ. Гүүрийн ашиглалт, засвар үйлчилгээг “Улаанбаатар нэгтгэл” хариуцдаг юм байна.
Тиймээс тус газрын замын хяналтын инженер Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад “Уг нь түр гүүрийг анх барихдаа асфальтаар хучихгүй байхаар төлөвлөсөн юм. Гэтэл энэ үеэр хоёр орны ерөнхийлөгчийн айлчлал давхцаад нийслэлийн Авто замын газраас санхүүжилтийг нь шийдэн, асфальтаар хучсан. Зорчих хэсэг нь дороо эвлүүлдэг төмөртэй. Өнгөрсөн онд ан цав гарсныг нь зассан ч одоо ахин нөхөх, эсэхийг хэлж мэдэхгүй байна. Төсөв мөнгө байхгүй. Энэ гүүрээр 40 тоннын даацтай, 30 км/цагаас дээш хурдтай тээврийн хэрэгсэл явахыг хориглосон” гэж ярилаа.
Тухайн үед хоёр хөршийн дарга нарын айлчлалаас болоод “Яарч сандарсандаа чанаргүй гүүр барилаа” гэж олон хүн хэл ам таталж байсан ч тэгэсхийгээд л намжсан. Хэдий түр гүүр ч гэлээ гурван жилийн баталгаатай, төсвийн мөнгө зарлагадаж барьсан хойно чанартай юм хийх ёстой шүү.

О.БАТ-УНДРАХ