“Монголчууд шиг сайн хүн байхгүй гэж өвөө минь үргэлж бат итгэлтэйгээр хэлдэг байсан. Хэрэв миний өвөө өнөөгийн хүнлэг бус, хүн чанаргүй, ёс суртахуунгүй, бас үнэ цэнэтэй бүхнээ өөрсдөө үнэгүйдүүлж буй энэ цаг үед амьдарсан бол амиа хорлох байсан байх аа” хэмээн Бямбын Ринчений ач хүү Б.Дэнзэн хэлсэн юм. Харин их хүмүүний гарын хэдхэн шавийн нэг, ардын уран зохиолч Т.Галсан “Багш минь хэрэв амьд сэрүүн асан бол өнгөрсөн морин жилд гурван зүйл дээр л их баярлах байсан болов уу. Нэгдүгээрт, Монгол Улсын хүн амын тоо гурван сая хүрсэнд хязгааргүй баярлах байсан. Хоёрдугаарт, Монгол Улс таван живаа мал сүрэгтэй болсонд багш минь “Хүн нэмбэл хүнс нэмнэ ээ гэж үнэн юм шүү, хүүхээ” хэмээн баярлах байсан даа. Гуравдугаарт, УИХ-аас анх удаа Монгол хэлний хуулийг баталсанд Ри багш жигтэйхэн их баярлах байсан” хэмээв.
Энэ бол ХХ зууны Монголын тэргүүн зэргийн сэхээтэн, их зохиолч, нэрт эрдэмтэн, дуун хөрвүүлэгч, угсаатан судлаач Бямбын Ринчен гэдэг хүнийг зорьж, тэмүүлж явсан үйл хэргээр нь тодорхойлоход гарцаагүй тохирох үгс гэж бодогдоно. Тэртээ 1977 онд тэнгэрт хальсан багшийгаа өнөө хэр заан соёо сахлаа илэн бодлогоширч, Монголын хувь заяаны төлөө санааширсаар суугаа гэдэгт шавь нь итгэдэг юм билээ. Билгүүн номч Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, Монгол судлалын хүрээлэн хамтран “Монгол хэл бичиг, өв соёлын асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал саяхан зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний хурлаар түүний намтар, уран бүтээл хийгээд Монголын төр нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүлж, БСШУ-ны дэд сайд Б.Тулга “Б.Ринчен гуайн Монгол Улсад оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй.


Тэр эрхэм хүмүүн бидний өнөөг хүртэл судалж байгаа шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн байгуулагч. Монгол судлалыг дэлхий нийтэд анх гаргаж таниулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Тиймээс энэ хүний их үйлсийг, олон улсын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг нь мартах ёсгүй” хэмээснийг эс тооцвол түүхэн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, элдэв арга хэмжээний сураг чимээ дуулдахгүй л байна. Хуралд оролцсон ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Чех, Унгар зэрэг орны 20-иод их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын нэр, цуутай 40 гаруй монголч эрдэмтэн манай улсын талаар ямархан бодол тээж хоцорсон бол гэхээс яс хавтайх шиг болох юм. Дэлхийд нэртэй их хүмүүнийхээ ойг монголчууд яажшуухан тэмдэглэх нь вэ гэдэг бол олон улсад өөрсдийгөө сурталчлах бас нэг үнэлэмж, үзүүлэлт гэдгийг мэдмээрсэн дээ, уг нь.
Цоохор шар саран чавганц Цоорхой үүлэн дээлээ хэдрээд Туяан цагаан таягаа тулан Тугал олон одон сүргээ туув... гэдэг шүлгийг нь бага ангийн сурагч байхдаа цээжилж, ахлах ангидаа “Бэр цэцэг”-ийн домгийг уйлан хайлан уншиж байхдаа ч их зохиолчийн хувь амьдралыг, юу үзэж туулсныг, ямар зүйлийн төлөө буй бүхнээ зориулсаар ирснийг нь үнэндээ сонирхож байгаагүй аж. Түүнийгээ харин “Дунд сургуулийн номон дээр тийм зүйл байгаагүй”, “Багш бидэнд хэлж өгөөгүй” гэдэг ойр зуурын шалтгаанаар цайруулах эрхгүй юм байна гэдгээ энэ хэдэн өдрүүдэд их хүмүүний тухай амьтан хүнээс асууж сураглаж явахдаа ухаарав. Гучин хоёрхон насандаа “хувьсгалын эсэргүү” хэмээн хэлмэгдэж, амьдралын хайран сайхан таван жилийг шоронд өнгөрүүлж, насан туршдаа үндсэрхэг үзэлтэн гэдэг хоёр үгийг нэрнийхээ өмнө “дагуулж” явсан энэ хүмүүний хувь заяа багагүй ээдрээтэй зам туулжээ.


Монголын ууган зохиолчдын нэг, монгол хэл шинжлэлийн ухааны ууган доктор, Төрийн шагналт Бямбын Ринчен 1905 оны арваннэгдүгээр сарын 21-нд Хиагтын Наймаа хот буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт сэхээтэн Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Аав нь манж, хятад, орос хэл сайн мэддэг тул Хиагтын хязгаарын комиссарын яамнаа манж, хятад, монгол хэлний орчуулагчийн алба хааж явжээ. Тэрбээр Ринчен хүүгээ долоон настайд нь монгол, манж хэлтэй нэгэн хүмүүнд шавь оруулж, бичгийн хүн болох замыг нь нээж өгснөөр цаашид номын амтанд улам орж, Оросын хязгаарын комиссарын яамны монгол, манж хэлний орчуулагчаар орос хэл заалгасан байна. Түүнчлэн 1914 онд Дээд Шивээний дундад сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж, гурван жилийн дараа хоёрдугаар шатны сургуулийг нь төгсөн, 1924 онд Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцжээ. Чухам тэнд л монголч эрдэмтэн Владимирцов, Козин, энэтхэг судлаач Олденбург, төвдөч Шербатской, дорно дахины түүхч, академич Бартольд, түрэг хэлний профессор Юдахин, академич Шерба, хэл, түүхийн мэргэжилтэн, академич Марр зэрэг “аваргууд”-ын үгийг сонсон ухаан тэлж, тэдний удирдлага дор суралцан төгсчээ. Орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман, манж хэлтэй тэрбээр сургуулиа төгсөж ирээд 1927 оноос Гэгээрүүлэх яамны харьяа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ эхэлсэн гэдэг. Тэгээд 1943 оноос “Үнэн” сонины газарт 16 жил ажиллаад, 1958 онд Шинжлэх ухааны хүрээлэн (хожим ШУА болсон)-д шилжин ирж, хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс ШУА-ын жинхэнэ гишүүн, академич болсон гэдэг ийм л товч намтрыг нь дунд сургуульд байхдаа уншиж байсан билээ. Харин 1937 онд хилсээр гүтгэгдэн шоронд орж, бүр хожим буюу 1963 онд гэм буруугүй хэмээн цагаатгагдсан тухай сүүлд мэдсэн юм. Тэр бол Монголын болон Унгарын ШУА-ийн жинхэнэ гишүүн байсан хүн. Монголын зохиолчдын эвлэл ч Б.Ринчен гуайн тухай өдийд дуугарах ёстой л байгууллага. Тийм учраас түүхт ойг нь хэрхэн тэмдэглэх тухайсанал санаачилга гарч байгаа эсэхийг гэр бүлийнхнээс нь тодрууллаа.

Р.БАРСБОЛД: СОЁЛТОЙ ОРОНД ТОМООХОН ЭРДЭМТЭН, БИЧГИЙН МЭРГЭДИЙНХЭЭ
ОЙГ ЗААВАЛ ТЭМДЭГЛЭДЭГ
-Бямбын Ринчен гуайн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа. Саяхан нэг эрдэм шинжилгээний ажил хийсэн гэж дуулсан. Ойн хүрээнд өөр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ. МЗЭ ч байдаг юм уу, холбогдох газрууд та бүхэнтэй холбоо барьж, яах ийхээ ярилцаж байна уу?
-Уг нь надад ерөнхий чиг баримжаа байна л даа. Ардын уран зохиолч Т.Галсан гуай ч тэгнэ ингэнэ гээд төлөвлөчихсөн явж байсан. Ер нь бол ойг нь тэмдэглэе гэвэл дэмжиж оролцох хүн олон байгаа юм билээ. Гагцхүү одоо цагт аливаа юм ямар ч зохион байгуулалтгүй болчихож. Дээр үед бол хэт их зохион байгуулалттай байсан шүү дээ. Аль аль нь хэтэрвэл буруу тийшээ явчихна. Соёлтой оронд томоохон эрдэмтэн, бичгийн мэргэдийнхээ ойг заавал тэмдэглэдэг. Аавын мэндэлсний ойг тэмдэглэх ажлыг санаачилж, голлон зохион байгуулах газар нь Шинжлэх ухааны академи байх болов уу гэж найдаж байгаа. Тэгвэл гадаадаас мэдээж эрдэмтэд ирэх байх. Бас нэрэмжит шагналыг нь гардуулж таарна. Хуучных шиг энхрий хайрт нам засгаас гаргасан шийдвэр лав одоогоор алга. Цаг урагшлуулж, хойшлуулахаас эхлээд тэдэнд хийх ажил мундахгүй их, юун аавын ойг тэмдэглэх манатай байх шиг байна.
Ингэсээр яваад бидний ирээдүй болсон залуус маань өмнөх ой санамжаа мартаж, хоосон, цэвэрхэн толгойтнууд болох вий гэж эмээдэг. Тийм хүмүүсийг удирдахад их амархан байдаг. Ямар ч Засгийн газарт, дээд зэргийн ардчилсан оронд ч хүртэл дуулгавартай ард түмэн хэрэгтэй байдаг гэж үгтэй юм. 1930-1940-өөд онд Монголын сэхээтэн, жирийн ажилчид, орчлон ертөнцийн бодит байдлыг ухаарч эхэлж байсан залуу үеийнхэн голдуу 100 орчим мянган хүнээс 40-өөд хувийг нь хэлмэгдүүлээд цаазаар авчихсан шүү дээ. Аавыг хүртэл Японы тагнуул гээд 1937 онд ялын дээд хэмжээ оноож байсан. Ямар сайндаа 2005 онд 100 жилийнх нь ойгоор энэ Дэнзэнг өвөөгийнхөө хөшөөг бүтээхэд би нээлтэн дээр нь очоод “Энэ бол зөвхөн манай аавд биш, тэр үеийн Монголын төлөө гэсэн чин сэтгэл, зүтгэлтэй олон монгол хүнд зориулсан хөшөө болох байх” гэж хэлж байсан. Бид түүхээ сайнтай нь, саартай нь хамт мэддэг байх ёстой юм.
-Ямар шалтгаанаар Японы тагнуул гэсэн юм бол. Тэгээд яаж нэг юм цаазаар авахуулах ялаас амь хэлтэрсэн юм бэ?
-Урьд нь Хасан гэдэг арал дээр Орос, Япон хоёр дайтаж байсан түүхтэй. Нөгөөтэйгүүр, 1939 онд Монгол, Японы хооронд дайн эхэлнэ гэдгийг оросууд мэдэж байсан байж таарна. Хоёрдугаарт, Сталины бодлого бол хэнийг ч хамаагүй, тэр тусмаа сэхээтнүүдийг ямар нэгэн шалтгаанаар буруутган, нийгмээ “цэвэрлэх” байсан. Өөрийн орныхоо сэхээтнүүдийг бараг бүгдийг нь устгасан шүү дээ. Тэр “халдвар” Монголд эрчимтэй тархаж, Япон гэдэг орныг үзээ ч үгүй, мэдэх ч үгүй хүмүүсийг хамаатуулан баривчилсан байдаг юм. Азаар тэр үед манай нам засгийн удирдлагуудад Сталинаас ирсэн захиаг орчуулж, хариу бичүүлэх орос хэл сайн мэддэг хүн хэрэгтэй болж. Тэгээд манай хүнийг санаж, хэрэгтэй нөхөр байна гэдгийг нь ойлгосон учраас цаазаар авахаа больж, 10 жил хорих ял ногдуулсан байдаг юм. Харин 1943 онд Эх орны дайны үед оросуудыг дэмжих сонин гаргахаар болж, редактороор нь аавыг ажиллуулсан. Хэдийгээр шоронгоос гаргасан ч гэлээ бүр хожим буюу 1963 онд л ямар ч гэмгүй гэдгийг нь тогтоож, төр засгаас цагаатгасан шүү дээ. Бас л хэцүү шүү.
-Сүүлд зохиол бүтээлийг нь хүртэл хэлмэгдүүлэн устгаж, шатаахад сэтгэлээр их унасан байх даа. Өөрийг нь шоронд хорьсноос бараг илүү шаналсан болов уу гэж санагддаг. Танд зах зухаас нь мэдрэгдэж л байсан байх?
-Хар, цагаан дуугүй, чимээгүй л суудаг байсан даа. Аав минь номын их өндөр соёлтой хүн байсан. Номын сангаас нь ном авч уншсан хэн нэгэн хааяа хуудсыг нь нугалаад орхичих үе байна. Миний хувьд хэзээ ч ном уншихдаа хуудсыг нь нугалж байгаагүй, тэгж сураагүй өссөн гэдгийг аав мэднэ. Тэгсэн хэрнээ заримдаа надаар дамжиж авахуулсан номын хуудсыг нь нугалчихсан байвал намайг маш их загнадаг байсан. Намайг гэмт хэрэг хийсэн хүн шиг, бүр нэлээд ширүүн загнадаг байж билээ. Номыг тэгж их дээдэлдэг хүний өөрийнх нь бүтээлийг, олон хоногийн нойр, хоолоо хасан байж бүтээсэн Монгол хэлний зүйн тайлбар толийг нь шатаахад ямар байсан бэ гэдэг ойлгомжтой. Эцэст нь тэрбээр “Аавын минь амьдарч байсан байшинг (хуучнаар Багш нарын 28 айлын орон сууц) хотын захиргааныхан бидэнд мэдэгдэлгүй нууцаар дуудлага худалдаанд оруулж, зарсан нь өдгөө хямдхан баар цэнгээний газар болсонд үнэхээр харамсдаг.
Уг нь бидний санаа бол аавын минь үхэн хатан зорьж, тэмцэж байсан монгол хэлний үнэ цэнийг одооноос хүмүүс бага сага ойлгож эхлээд, хуульчилсан ийм үед үндэсний хэл, соёлоо сурталчлан гайхуулах гэр музей байгуулчихъя гэж боддог юм. Бид тэнд хэдэн хуучин хувцас аваачиж тавих гэсэнгүй. Монгол хэлний зүйн 50-100 жилийн түүхийг өгүүлэх номуудаас нь эхлээд аавын минь хэрэглэж байсан үнэ цэнэтэй, ховор нандин бүтээлүүд бидэнд бий. Тэдгээрийг тэр ордонд аваачаад, хэрэгтэй хүмүүс нь хүссэн үедээ ашиглаж байг гэж боддог юм” хэмээсэн. “Энэ байшинд Бямбын Ринчен амьдарч байлаа” хэмээн Лхамс үрэн барималчийн гараа гарган чулуун дээр сийлж өгсөн гэсэн гоёмсог самбарыг шилээр нууж хаасан болж, цэнгээний газар ажиллуулахын оронд үнэхээр л тийм ордон байгуулчихвал олон монгол хүнд буян болох байлтай.

Б.ДЭНЗЭН: “УРТ ЦАГААН”-Ы ОЁДОЛЧНООР ӨВӨӨГИЙН МААНЬ
ОЁУЛЖ ӨГСӨН ДЭЭЛ ОДОО Ч НАДАД БИЙ
Б.Ринчен гуайнх гурван охин, ганц хүүтэй. Голомт залгах хүү Р.Барсболд нь Монголын урдаа барьдаг палеонтологич, бас ач нар нь ч нэртэй сэхээтэн, уран бүтээлчид болцгоон, тэдний удмыг залгаж яваа. Энэ удаа зураач, уран барималч Б.Дэнзэнгээр өвөөгийнх нь тухай дурсамж дэлгүүллээ.
-Ринчен гэдэг хүний ач хүү байхын сайхан бас, хэцүү тал нь юу вэ?
-12-13-тай хүүхэд над дээр хүртэл ялгаварлал илт мэдрэгддэг байж билээ. Москвагийн Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байхдаа амралтаараа харих гээд Монголын Элчин сайдын яам руу очихоор “Барсболдын Дэнзэн” гэдэг нэрийг минь сонсоод, “Аан Ринчен Бямбаевын ач хүү юү” гээд нэг бол их сайн хандана. Нэг бол их аягүй ханддаг байж билээ. Зарим нь их шуурхай үйлчилж, “арын хаалгаар” виз дарж өгнө. Зарим нь харин илт ярвайгаад явчихна шүү дээ.
-Та өвөөдөө хэр их эрхэлдэг байв. Ер нь Ринчен гуай үр, ач нараа хэрхэн хүмүүжүүлдэг байсан бол?
-Өвөө биднийг тийм ч их эрхлүүлдэггүй байсан. Айхтар ууртай хүн биш ч гэлээ биднийг буруу юм хийхээр зэмлэхээрээ хор малтсан “муухай” үгээр загнадаг байж билээ. Хааяа бидэнтэй шагай тоглоно. Бас хуруудна, дэмбээднэ. Морин тойруулгын газарт дагуулж очоод, юу нь ямар учиртай болохыг тайлбарлаж өгнө. Дээр үед Монголын язгууртан залуус хайр сэтгэлээ цэцэгний хэлээр илэрхийлж, харилцан ойлголцдог байсныг хүртэл бидэнд хэлж өгнө. Өвөөгийнхөө ачаар би тэнгэрийн дүлийгээр яаж амттай хоол хийж болдгийг мэдэж авсан.
-Ринчен гуай нэгэнтээ “Хүлцэнгүй даруугийн шинж хүрэн өнгөнд би дуртай” гэж хэлсэн байдаг. Өвөө тань хүрэн өнгийн дээл голдуу өмсдөг байсан уу?
-Үргэлж хүрэн өнгийн дээл өмсдөг байсан гэхгүй л дээ. Гэхдээ дийлэнх нь тийм байсан санагддаг. 1975 онд өвөө минь намайг дагуулаад “Урт цагаан”-ы оёдолчин дээр очиж, надад дээл хийлгэсэн юм. Суганы өргөн, ханцуйны урт гэхчилэн жинхэнэ монгол дээлний бүх харьцаа ямар байх ёстойг өвөө мэддэг байсан бололтой юм билээ. Өвөөгөөрөө яг харж зогсож байгаад эсгүүлж, оёулахад тэр дээлийг хийж байсан оёдолчин эмээ уйлж билээ. “Ийм сайхан монгол дээл оёогүй их уджээ. Ринчен гуайнхаа захиалгаар энэ дээлийг оёчихоод үхсэн ч харамсах зүйлгүй” гэж байсан нь санаанаас огт гардаггүй. Тэр дээл одоо ч яв янзаараа байгаа. Ринчен гуай насан туршдаа үзэл суртлын хатуу хараа хяналтын дор амьдарч ирсэн ч гэлээ үе үе зохиол бүтээлээ хэвлүүлсний хөлс гэж хөөрхөн хэдэн төгрөг авдаг байжээ.
Гэхдээ түүнийгээ хань ижил, үр хүүхдэдээ зарцуулахаас илүү номонд үрдэг хүн байсан гэнэ. Гадаадын ховор, сонин сайхан номуудыг захиалж авахын тулд өнөөх мөнгө нь рубль, долларын ханшийн зөрүүнээс болоод хэд дахин “хуваагдаж”, нүдэн дээр нь хэдхэн валют болохыг ч үл ажран Монголын ирээдүй хойчид хэрэгтэй гэсэн ном болгоныг цуглуулдаг байж. “Өвөөгийн маань гэрт үнэтэй тавилга үгүй, гайгүйхэн хивс хүртэл байгаагүй. Энгийн л нэг дундаж амьдралтай айл байсан” хэмээн ач хүү Б.Дэнзэн нь хэлсэн. Үнэхээр ч Ринчен гуайг жинхэнэ монгол эр хүний жудагтай нэгэн байсныг шавь Т.Галсан нь онцолсон. Үзэг, цаас нийлүүлдэг зохиолч нөхөд нь намын төв хэвлэлээр нэрээ ил тод тавиад, “Далан насанд даруулга хэрэгтэй” гэх мэтчилэн энд тэндээс нь тасралтгүй боргож байхад хүртэл “Хэсэг хүн ч гэсэн миний ачаар талхан дээрээ цөцгий нэмж идэх мөнгөө олж байгаа нь болж дээ” гэдэг байжээ.
Тэр байтугай нэгэн зохиолчийг ажлынхан нь шахаж хавчаад байхаар нь “Чи Ринчен тэнэг гээд биччих. Тэгвэл цаадуул чинь чамайг өөд нь татаад авчихна” хэмээн өөрийнхөө эсрэг үг зааж өгдөг тийм хүн Ринчен гуайгаас өөр байх болов уу. Харин хумсаа нуусан муур шиг нэрээ нууцалж байгаад ар худрагаар нь муулвал жаахан гомддог байсан гэнэ.
“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН АНХНЫ ТҮҮДГИЙГ
АСААСАН ХҮН БОЛ РИНЧЕН БАГШ”
Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав, С.Лувсанвандан, Я.Цэвэл, Ц.Шагдарсүрэн, Д.Цэрэнсодном, угсаатны зүй судлаач Х.Нямбуу, С.Бадамхатан болон зэрэг цөөн боловч чанартай шавь төрүүлсэн хүн бол гарцаагүй Ри багш гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Т.Галсан зохиолчийг хөдөө цөлөгдөж, тэмээ хариулж явахад нь Ринчен гуай хүнээр хэл дамжуулан, “Төдөн сарын төдөнд Түйн голын гүүрэн дээр уулзъя” гэдэг болзоо тогтоосон байна. Өөрийнхөө дагуулуудыг мань хүн архи, хүүхэн хоёроор аргалж, С.Лувсанвандан шавиараа мануулчихаад, Галсан гуайтай очиж уулзаж байжээ. Тэгээд “Мөс мөнх биш шүү. Нэгэн цагт бүх зүйл өөрчлөгдөнө. Чи дэлхийн сонгодгуудыг сайн унш. Бас юуны төлөө долоон үеэрээ туульч удамтай хүн билээ. Монгол “Жангар”- аа хэлхээд бай” гэж захисан гэнэ. Амьдралдаа гутарч бухимдахын эрхээр хүхрийн хүчил уух, эсвэл сахлын хутга залгихын аль нэгийг сонгон амиа егүүтгэх тухай бодож байсан хүнийг урмын үгээр тийн угжсанаар дахин амьдрах хүсэл тэмүүлэлтэй болгосон гэдэг.
“Багш минь Монголын төлөө л тэгж амь хайргүй явж байсан болохоос монхор Галсангийн төлөө биш шүү дээ. Хэрэв миний төлөө байсан бол хэдэн талх, хиам аваачиж өгнө биз дээ. Ийм л агуу их сэтгэлтэй хүмүүн насан туршдаа үзэл суртлын хар сүүдэрт “дарагдаж” байсан. Гэхдээ аугаа их хайрхан бол галан галавт хайлдаггүй, усан галавт урсдаггүй юм билээ. Шоронд байхад нь нам төрийн бууны ноход аманд нь төмөр царил эргүүлснээс болж олон шүдээ алдсан гэдэг. Энэ мэтээс болоод дотор таван цул нь бага багаар өвчилсөн болов уу гэж боддог. Гадна, дотроос нь тэгж мэрсний уршгаар заяа төөргийн зурлагаараа 89 насыг зооглох байсан багш минь хүн дүрстэй хөндий голтой амьтдын гүтгэлэг, доромжлолоор дотоод сэтгэлээ байнга хэрчүүлж явсаар далан гуравныхаа жил орох онд өөд болсон доо. Уг хүн нь бие сайтай, тэнхлүүн байсан юм шүү дээ” хэмээн ардын уран зохиолч тэрбээр эрхэм багшийгаа дурсан ярилаа.
Түүнчлэн одоогийн энэ ардчилсан хувьсгалын анхны түүдгийг асаасан хүн бол Бямбын Ринчен гуай гэдгийг ч онцолсон. Яагаад гэвэл хүн төрөлхтөн ийм замаар явах ёстой, үндэсний тусгаар тогтнол ийм байх учиртай, хүний эрх, эрх чөлөө гэдэг ийм байдаг юм, эх хэл, бичиг соёлоо ингэж хамгаалах хэрэгтэй гэдгийг өөрөөрөө үлгэрлэн амьдралд хэрэгжүүлж байсан хүн бол Б.Ринчен гуай гээд бодохоор ортой санагдана. Хүний эрхийн тунхаглалыг аль тэртээ 1940- өөд онд эх хэлээрээ орчуулан, манайд хүний эрх ямар байгааг эргэж нэг хараач гэдэг ухуулга сурталчилгааг өөрийнхөө хэмжээнд хийж явсан түүх энэ эрхэм хүмүүний намтарт бий.
Л.ГАНЧИМЭГ