Ард түмэн түүхээ бүтээдэг нь хөдлөшгүй үнэн. Өмнөх үеийнхний сургамж нь хойч үеийн түүх бүтээгчдийн багш болох учир түүнээс суралцах нь улс үндэстний мөнхийн хэрэглээ, хүн бүрийн амин чухал эрмэлзлэл байх ёстойг үе үеийн багш нар сануулан, сэнхрүүлсээр ирсэн билээ. Бидний өвөг дээдэс бүтээсэн түүхээ хойч үедээ үлдээх гэж хадны сүг зураг зэрэг байж болох бүхий л аргыг хэрэглэсээр шастирт хүргэн, нандигнан хамгаалж, хадгалсаар өнөөтэй золгуулж судлаач, сонирхогч хэнд ч ялгалгүй үзүүлж, судлуулж тэдний хүслийг хангадаг болгосон. Монголчуудын түүх ширгэшгүй мөнхийн ундаргатай булаг мэт учраас дэлхий дахины сонирхлыг ч татдаг. Эх түүхээ улсын хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах үүргийг архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлаг-Үндэсний архивын газар хэрэгжүүлдэг. Агентлаг нь өөрийн ажиллагаандаа зөвхөн хуулийг удирдлага болгон мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, архивын сан хөмрөгийн баримтын улсын бүртгэл хөтөлж, тэдгээрийн агуулга, бүрэлдэхүүн, байршлын талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, төрийн архивт шилжүүлсэн баримтаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн үнэ төлбөргүй үзэж ашиглах эрхтэйг заасан. Энэ нь архивт байгаа түүхийн баримтуудыг иргэд, судлаач, эрдэмтэн мэргэдийн хүссэн үед ямар ч бэрхшээлгүй шуурхай үйлчлэх эрхэм зорилгыг агуулсан хэрэг юм.
Гэтэл Үндэсний түүхийн төв архив хуучинсаг байдлаар ажиллаж үйлчлүүлэгчдийн цагийг дэмий үрсэн, хоцорсон аргаар үйлчилж байгаа нь Архивын ерөнхий газрын ажиллагаатай ч бас холбоотой байна. Архиваар үйлчлүүлэхийн тулд хөмрөгийн хосгүй, үнэт, ердийн зэрэглэлээс үл хамааран өргөдөл, эсвэл албан бичгээр захирлын зөвшөөрөл авч уншлагын танхимаар үйлчлүүлэх эрх авдаг ч, тэр танхимд нэвтрэхийн тулд биеийн байцаалт, иргэний үнэмлэхийн хуулбар, хоёр хувь цээж зураг шаардаж, тусгай бэлтгэсэн баталгаанд гарын үсэг зуруулсны дараа архивын захирлын гарын үсэг, тэмдэг гээд гурван сар хүртэл хугацаатай үнэмлэхийг дор хаяж 2-3 хоног хүлээж байж авах жишээтэй. Бас үзэх баримтын захиалгыг өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хадгаламжийн 10 хүртэл нэгжийг захиалах журамтай гэх боловч түрүүнд авсан баримтуудаа бүрэн буцаасны дараа, дараачийн захиалгыг авна гэсэн хориг тавьж чирэгдүүлнэ.
Архивын ерөнхий газрын даргын 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр гаргасан 4/150 дугаар тушаалаар Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журамд өөрчл өлт оруулах, төлбөрт үйлчилгээний үнийн тарифийг шинэчлэн батлах тухай тушаалд “Уншлагын танхимын эрхлэгч нь архивын баримтын бүрэн бүтэн байдлыг биечлэн хариуцаж, үйлчл үүлэгчийн захиалсан баримтыг сан хөмрөгөөс хадгаламжийн нэгжийн хуудас нэг бүрийг шалган хүлээн авч, захиалгын дагуу баримтыг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх, үйлчлүүлэгчээс баримтыг буцаан авах, баримтыг сан хөмрөгчид хүлээлгэн өгөхдөө хадгаламжийн нэгжийн хуудас нэг бүрийг шалгаж хүлээлцэнэ”, “Төрийн болон хувийн нууцад хамаарах баримтыг нууцлах хугацаа дуусаагүй тохиолдолд нийтэд ашиглуулахыг хориглоно” гэж өөрчилсөн атлаа үйлчлүүлэгчээс нууцыг задруулбал хуулийн хариуцлага хүлээх баталгаа авч байх юм.
Үйлчлүүлэгч захиалсан хадгаламжийн нэгжээ хүлээн авах болон буцаан өгөхдөө хуудас бүрчлэн шалган авч, өгөлцөхөөр журамласан нь хэрэгжих боломжгүй зүйлд гарын үсэг зуруулж зөвхөн хариуцлагаас өөрсдийгөө зайлуулсан хэрэг бололтой. Уул нь үйлчилгээндээ цахим карт хэрэглэвэл дахин дахин өргөдөл гаргаж анкет, баталгаа, цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар авах хэрэггүйгээс гадна зөвшөөрлийг цөөлж, үйлчлүүлэгчийн цагийг хэмнэнэ, мөн өөрсдөө архиваа цэгцлэх цаг завтай ч болмоор санагдана. Архивын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг нээн харуулсан мэдээлэл, лавлагааны иж бүрдүүлэлт, карт зэрэг байхгүйгээс зөвхөн хадгаламжийн нэгжийн дансаар баримжаалан үзэх зүйлээ захиалж байгааг нэн даруй өөрчлөхөөс гадна үйлчилгээний хөлсийг үнэлгээ болгосныг ч эргэн харж, шийдвэрлэх цаг болжээ.
Түүхийн төв архивт уншлагын танхимаар үйлчлүүлэхэд эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулийн багш, докторант, магиструуд гурван сарын хугацаанд 15000 төгрөг төлж байхад оюутнууд нэг сард мөн хэмжээний, хувиараа судалгаа хийж буй иргэд 1-3 сард дээрх байдлаар, төрийн байгууллагын хүсэлтээр судалгаа хийвэл 14 хоног үнэгүй, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид мөн хугацаанд 30.000 төгрөг гэж тогтоосон нь алаг үзэхийн тод жишээ юм. Уншлагын танхимаар үйлчлүүлэгчид өдөр бүр тогтмол найман цагийг тэнд өнгөрүүлэх нь ховор бөгөөд гол төлөв долоо хоногт 2-3 удаа ганц, хоёр цагаар л суудаг. Иймээс уншлагын танхимыг өдрийн завсарлагагүй болгож, унших, харах зүйлээ заавал нэг хоногийн өмнө, төдөн цагаас урд захиална гэсэн хатуу хориг тавилгүйгээр тухай бүрт нь захиалаад, үзэж болохоор зохицуулбал өнөөгийн шаардлагад нийцмээр санагдах юм. Хосгүй, нэн ховор хөмрөгөөс бусад ердийн хөмрөгөөс сонирхсон зүйлээ гараар хуулах гэж цаг алдалгүй, түүнийгээ шууд (архивын тэмдэггүйгээр) канондуулаад хөлсийг нь төлдөг үйлчилгээ ч хэрэгтэй байна.
“Монгол кино” үйлдвэрийн бүтээсэн бүх уран сайхны, баримтат кино, кино мэдээний эх негатив дүрс, дуу болон хяналтын хувь хийгээд гадаад орноос авсан баримтат кино материалууд Кино, гэрэл зураг, дуу авианы Улсын архив (Хуучин нэрээр)-т байсан бөгөөд өдгөө Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв гэдэг газарт байгаа бололтой. Архивын хуульд “Хүлээж авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг бүхий байгууллага, нэгжийг архив гэнэ” гэсэнтэй тохирохгүй байна, архив биш болсон бололтой. Архивын ерөнхий газрын удирдлага Төрийн архивын сан хөмрөгийн баримт нь төрийн өмч байна гэсэн хуулийн заалтыг архивын өмч хэмээн ойлгосон юм уу даа. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн дарга Даваасүрэн, эх негатив дүрс, дууг нүдний цөцгий мэт хайрлаж, арчилж хамгаалдаг дэлхийд болон манай оронд хэдийнэ мөрддөг болсон технологийг зөрчин дураараа авирлаж, “Би 15 жил сэтгүүлч хийсэн хүн шүү” гэж хэлээд үйлчлүүлэгчдийнхээ үгийг сонсохоо больж, харин “Юнивишн” компанитай хамтран “Монгол кино” үйлдвэрийн бүтээсэн 200 орчим хуучны уран сайхны киноны эх негатив дүрс, дууг хамгийн сүүлчийн үеийн технологиор сэргээн шинэчлэх төсөл хэрэгжүүлж байгаа мэтээр ярьж, киноны эх негативаас хуулбарлан телевизийн кино сүлжээнд хэрэглэхээр HD хэмжээсээр өөрсдөдөө зориулан буулгаж, харин киноны жинхэнэ эх негатив дуу, дүрсэд ямар ч сэргээн засварлалт, шинэтгэл хийлгүй орхиж, харин ч зохих ёсоороо байсан киноны үнэт эхийг гэмтээж, согогтой болгосон байх магадлал өндөр байгааг жинхэнэ хальсны киноны мэргэжлийн хүмүүс ярьсаар байна.
“Цогт тайж” киноны 30 бүлэг эх негативыг Франц улсын кино урлагийн үндэсний төв (CNC)-д сэргээн засуулна хэмээн хууль зөрчин ямар ч даатгал, баталгаагүйгээр гадагш гаргахад мөн л Архивын ерөнхий газар удирдан оролцож, хэвлэл мэдээллийнхний эсэргүүцэл, үзэгч олны бухимдлыг зогсоох зорилгоор 2011 оны аравдугаар сарын 4-нд “Тэнгис” кино театрт ХХ зууны Монголын шилдэг уран сайхны “Цогт тайж” киноны хальсыг Франц улсад анх удаа сэргээн засварласан (киноны эхийг сэргээгүй байж С.Б) эхний хувилбарыг хүлээн авах үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна гэсэн урилга тараан үзэгчдийг давхар мэхэлснийг шүүмжилж байв. “Цогт тайж” киноны архиваас гаргасан дээрх 30 бүлэг киноны эх 2013 оны төгсгөл гэхэд архивтаа эргэж ирээгүй тухай яригдаж байв. Соёлын өв болох хуучны кинонуудыг сэргээн шинэтгэх ажлыг зөвхөн мэргэжлийн хүм үүсийн судалгаанд тулгуурласан дүгнэлтэд үндэслэн, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага хийхээр хуульчилсан байдаг. Түүнээс биш, кино хальсанд үүссэн техникийн болон чанарын өөрчлөлтийг хэрхэн яаж засан сэргээдгийг гойд сураагүй, тэр технологийн амин сүнсийг мэдэхгүй хэн нэгэн хүний хийдэг ажил бишээс гадна киноны төрөл бүрийн хальс хэрэглэж, засаж сэргээж сурсан “Монгол кино” үйлдвэрийн 80 жилийн туулсан туршлагыг орлож хийх хүн “Юнивишн”-д байхгүйгээс гадна тэдэнд тийм эрх үүргийг хаанаас ч олгоогүй гэдгийг баттай хэлэх байна.
Харин сайд асан Х.Тэмүүжин Архивын тухай хуулийн 7.2 дахь хэсэгт Төрийн архивын сан хөрөнгийн баримт нь төрийн өмч байна гэж 13.1-д Үндсэний төв архив нь баримт бичгийн төрөл зүйл, салбарын хамаарлаас үл шалтгаалан Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалж ашиглах эрх, үүрэг бүхий төрийн төв мөн гэж заасан байдаг тул Төрийн өмчийн хорооны 259 тоот тогтоолд “Төрийн хөрөнгөөр бүтээсэн уран сайхны болон баримтат киног эзэмших, ашиглах эрхийг “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай гэсэн нь Архивын тухай хуулийн 9.1.2 дахь хэсэгт заасан УИХ-ын бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна гээд энэхүү тогтоолоо хүчингүй болгож өгөхийг Хууль зүйн яамнаас биш, зөвхөн өөрийн зүгээс хүссэн хуудсыг Төрийн өмчийн хороонд өгсөн нь “Юнивишн” компанид тал зассанаар барахгүй Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв (архив биш)-д хадгалагдаж байгаа 1990 оноос өмнө улсын төсвөөр хийгдсэн, алтан үеийнхний бүтээсэн уран сайхны болон баримтат киног олон нийтийн хүртээл болгохоор Цагаан сарын (морин жилийн) өмнө олон нийтийн үзэх дуртай 20 гаруй уран сайхны киноны өнгө, дуу дүрсийг сэргээж HD форматаар үзэгчдийн хүртээл болгоно гэж Архивын ерөнхий газрын хууль зөрчиж байгаа үйлдлийг зогсоохын оронд харин ч дэвэргэж байгааг хэрхэн үзэх вэ? “Юнивишн” одоогоор хальсны киноны жинхэнэ эхийг сэргээх боломжгүй юм.
Харин киноны жинхэнэ эхээс хувилах зурагт зориулан “Монгол кино” үйлдвэрийн гаргаж архивт хадгалуулсан лаванд (гэрэл сонгож гаргасан онцгой чанарын позитив), энэ лавандаас гаргасан контротип (эх негативаас гаргасан хоёр дахь негатив), эсвэл хяналтын хувиас компьютерт оруулан буулгах боломж бий. Харин киноны эхээс шууд буулгаж байгаа бол гэмт хэрэг болно. Түүнээс биш Архивын удирдлага, сайд асан Х.Тэмүүжин нарын ярьж байгаа шиг архивын хадгаламжид байхдаа муудаж, сэргээн засварлахаас өөр аргагүй болсон киноны эх хальсыг “Юнивишн” компани хийж чадахгүй бөгөөд олж нийлүүлсэн машин ч тийм үйлдлийг хийх боломжгүй юм. Кино, гэрэл зураг, дуу авианы архив бол галын аюулаас онцгойлон сэргийлэгдэж байх учиртай ч удирдлагууд нь анхаарах байтугай гал авалцах онцгой аюултай хогийн ургамалд бүслэгдэж, нэг үгээр хэлбэл гал өрдөхөөр бэлтгээд орхисон мэт байх юм. Кино архив гэдэг галын аюулаас найдвартай хамгаалагдаж, цаг ямагт сэрэмжтэй байх нь тэнд ажиллагсдад хэвшил болсон байх учиртай.
Гэтэл тэнд барилгынхаа эргэн тойрон ургасан хогийн ургамал, түүнд нь хөглөрсөн цаас, шатамхай зүйлээ цэвэрлэхгүй байгааг ч хараад нүд хальтрах юм. Ийм байсаар олон хавар нэгэндээ гэдэг болох вий гэж санаа зовно. “Монгол кино” үйлдвэр энэ онд тохиох 80 жилийн ойгоороо өөрийн алдраар бүтээгдсэн киноноосоо хэсэгчлэн оруулж түүхийн үнэнийг өгүүлсэн баримтат киног үзэгч олондоо барих зорилго тавьжээ. Гэтэл төрийн архивт шилж үүлсэн баримтаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн үнэ төлбөргүй үзэж ашиглах эрхтэйг эднийхэн бүдүүлгээр зөрчиж нэг бүлэг киног ширээ болон дэлгэц дээр үзэхэд 10-20 мянган төгрөг, мөн 1931-1952 онуудад бүтээсэн киноноосоо хэсэгчлэн 10 минут хэртэй гарах хэсгийг буулгаж авахад 70-80 мянган төгрөг нэхэж байгааг юу гэж ойлгох вэ. Уг нь манай киноныхон, биднийг ажлаар хангагч гээд харин ч найрсгаар хандах байтал, баримтат кино, кино мэдээнд орсон зургуудын хэсэгчилсэн жагсаалтыг ч нарийвчлан үзүүлэхгүй, буулгаж авахыг хүртэл хориглож, дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Ер нь Архивын ерөнхий газраас гаргасан төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам, төлбөрт үйлчилгээний үнэ тариф, “Цогт тайж” кино болон “Монгол кино НD” төслийн талаар зохих үзлэг шалгалтыг эрх бүхий газруудаас хийж ил тод мэдээлэх цаг нь болжээ.
С.БАТЧУЛУУН