УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэхээр зэхэж буй. Дээрх хоёр хуулийн төсөлд чөлөөт хэвлэлийг багалзуурдаж боомилсон, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрхэнд ноцтойгоор халдсан хэд хэдэн заалт орсныг олон хүн шүүмжилж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлийн гүтгэх, доромжлох гэсэн заалтыг өмнөх сайд Х.Тэмүүжин хасуулсан байсныг одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав нэмж оруулахаар болсон. Ингэснээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хүн гүтгэсэн, доромжилсон гэдэг үндэслэлээр сав л хийвэл хорьж, цагдана хэмээн айлгадаг түрэмгий байдал руугаа дахин орох вий гэх болгоомжлол нийгэмд үүсээд буй. Эдгээр хуулийн эргэн тойронд өрнөж буй асуудлуудын талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.
-Хууль зүйн шинэ сайд гарч ирэнгүүтээ Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлийн “гүтгэх”, “доромжлох” гэсэн заалтыг дахин нэмж оруулахаар болсон нь ямар шалтгаантай гэж та харж байна вэ. Хоёр сайдын биенээ үгүйсгэх, нэгнээ давж гарах гэсэн увайгүй үйлдлийн золионд Монголын чөлөөт хэвлэл бас хавчуулагдаж байгаа юм биш биз гэдэг хардлага байна л даа?
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөг хангахын төлөө дуу хоолойгоо өргөсөөр ирсэн төрийн бус байгууллага, судлаач шүүмжлэгчид болон МСНЭ, хэвлэл мэдээллийн байгууллагууд Эрүүгийн хуулиас дээрх хоёр заалтыг авахуулахаар олон жил хөөцөлдсөн. Эцэст нь Х.Тэмүүжин сайдын санаачилсан хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулиас “гүтгэх”, “доромжлох” гэсэн заалтыг арай гэж авахуулаад байтал дахиад л бахь байдгаараа үлдэж мэдэх нь. Энэ нь нийгэмд их халтай юм. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл олж аваад, олон түмэнд хүргэснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг байж боломгүй зүйл. Гэхдээ энд нэг зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Ямарваа нэг хүнийг санаатайгаар гүтгэх, доромжлох явдал манай сэтгүүл зүйн салбарт мэдээж байж болохгүй.
Тиймээс үүнийг заавал Эрүүгийн хуулиар бус, иргэний журмаар шийддэг тогтолцоо руу шилжье гэдэг байр суурин дээрээ МСНЭ бат зогсоно. Ийм тогтолцоотой болчихвол хэвлэл мэдээллийн салбарынхан нийгэмд мэдээллийг түргэн шуурхай хүргэх, шударга үнэний дуу хоолой болох үйлсэд нь томоохон түлхэц болно гэж үзэж байгаа. Харин Эрүүгийн хуулиар асуудлыг шийддэг тогтолцоо руугаа эргээд орвол сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг шууд айлган сүрдүүлэх, улмаар эрүүгийн хэрэг үүсгэн асуудлыг улам хүндрүүлэх замаар чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилох нөхцөл байдал нээлттэй болчихно. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд дээрх хоёр заалтыг нэмж оруулснаар тухайн мэдээллийг түгээсэн сэтгүүлч нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх, баримтжуулах, өөрийгөө хамгаалах механизм үгүй болчихоод байгаад их санаа зовж байна.
-Гадаадын орнуудад ямар жишиг байдаг юм бол?
-Гадаадын маш олон улсад Эрүүгийн хуулиасаа дээрх заалтуудыг авсан байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэн нийтэлснийх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, Иргэний хуулиар асуудлыг шийддэг байх НҮБ-ын уриалга ч бий шүү дээ. Энэ уриалгыг дэлхийн олон орон дэмжиж нэгдсэн байгаа. Харин манай улс одоо л нэг гадаадын жишгээр явах нь дээ гэж байтал буцаад байран дээрээ ирэх болчихоод байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага үнэн бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй, хэн нэгнийг гүтгэн, доромжлох эрхгүй гэдгээ сайн мэдэж байгаа. Гагцхүү хааяа тодорхой нөхцөл шалтгааны улмаас мэдээлэл өгсөн эх сурвалж хэлсэн үгнээсээ буцах, нотлох баримт устаж үгүй болох тохиолдол байдаг. Тийм үед сэтгүүлч арга буюу хэлмэгдэж, хохироод үлддэг тал бий гэдгийг хууль хяналтынхан бодолцож ойлгоосой. Хамгийн гол нь өдгөө манайд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага нь бий болчихлоо, Хэвлэлийн зөвлөлөө байгуулчихлаа. Ёс зүйн алдаа гаргасан нэгэндээ олон улсын жишгээр бид өөрсдөө дотооддоо хариуцлага тооцож, асуудлыг шийддэг тогтолцоо бүрдэж эхэлж байна. Нөгөөтэйгүүр, гомдол гаргасан тал болон тухайн сэтгүүлчийн хоорон дахь асуудлыг олон талаас нь авч хэлэлцээд, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулдаг байгууллага манайхаас эхлээд олон бий. Ийм нөхцөл байдал бүрдчихээд байхад заавал тэр Эрүүгийн хуулиар далайлгаж, гүтгэх, доромжлох гэдэг заалтыг оруулах гэж зүтгэх нь буруу юм. Яах гэж бид 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийсэн юм бэ. Тэр үед Намын төв хорооныхонд тавьж байсан үндсэн хэдхэн шаардлагынх нь нэг бол хэвлэлийн эрх чөлөөг хангах байсан. Өнөөдөр энэ нь зөвхөн хэвлэлийн эрх чөлөө бус, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах асуудал болон өргөжиж байна. Тиймээс иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхийг хангахын төлөө үйлчилж байгаа энэ салбарынханд элдэв хориг саад бага тавьж, чөлөөтэй ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл жинхэнэ ардчилсан нийгмийн үнэлэмж тэр болох юм.
-Цаг үе маань улам нээлттэй болж байгаа учраас өнөөдөр иргэд, олон нийт ч бусдыг хардах, буруу хазгай зүйлийн тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хангалттай эдэлж байна. Харин дараа нь байдал бишидлээ гэхэд иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэсэн сэтгүүлч, тухайн байгууллага болгон ял шийтгүүлээд байх тийм л нөхцөл бүрдэх гээд байгаа юм биш үү?
-Асуудалд хоёр талаас хандах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Нэгдүгээрт, манай сэтгүүлчид тухайн мэдээллийг олж аваад, нийтэд түгээхдээ олон талын эх сурвалжаас тодруулан баталгаажуулах хэрэгтэй юм. Хоёрдугаарт, өөрийн тань хэлээд байгаа эрсдэл үнэхээр бодитой учраас хууль тогтоогчид үүнийг харгалзан үзээд, асуудлыг иргэний журмаар шийддэг хэлбэр лүү нь оруулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл “Сэтгүүлчид намайг гүтгэсэн, доромжилсон” гэдэг гомдол, шүүмжийг хэн гаргадаг вэ гэхээр улст өрчид, олны танил, нэр алдартай хүмүүс. Нийгэмд нөлөө бүхий байх, нийтэд үлгэр дуурайл болох, олны нүдэн дээр ил амьдрах замыг тэд өөрсдөө л хэний ч шахалт шаардлагагүйгээр сонгосон шүү дээ.
Шилэн дансны хууль гэдэг шиг, тэдний үг, үйлдэл, үйл хэрэг бүхэн нь шилэн доторх шиг олны өмнө ил харагдаж байдаг учраас тэр хүмүүс өөрсдөө бас хариуцлагатай байх хэрэгтэй биз. Нийгмийг тэр чигт нь манлайлан дагуулж, уриалан чиглүүлэх үүрэгтэй тэр хүмүүс өөрсдөө буруу хазгай гишгээд байвал олон түмэн хэнээс үлгэр дуурайл авах вэ. Тиймээс л чөлөөт хэвлэлийнхний нэг үүрэг бол тэр хүмүүсийн алдаатай, буруу үйлдлийг олны өмнө илчлэх юм шүү дээ. Жирийн нэг Дулмаа, УИХ-ын гишүүн Дулмаа хоёрын хувьд үүрэх хариуцлага нь огт өөр гэдгийг манайхан хүлээн зөвшөөрөх ёстой юм.
-“Хил хязгааргүй сэтгүүлчид” төрийн бус байгууллагаас өнгөрсөн онд гаргасан “Хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр манай улс урьд жилүүдээсээ 34 байр урагшилсанд Эрүүгийн хуулиасаа дээрх хоёр заалтыг авах болсонтой холбоотой байх. Одоо харин энэ амжилтаасаа буцаад ухрахад хүрчихлээ.
-“Хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр манай улс 34 байр урагшлахад хүрсэн шалтгаан мэдээж үүнтэй холбоотой. Бас өөрсдийн асуудлаа дотооддоо зохицуулах чиг үүрэгтэй Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулсан нь ч нөлөөлсөн байх. Мөн өнгөрсөн онд манай хэвлэл мэдээллийн салбарт ноцтой зөрчил бараг гараагүй нь нөлөөлсөн болов уу. Ер нь жил ирэх тусам сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдол, маргаан харьцангуй багасаж байгаа нь анзаарагддаг. Харин цахим орчинд бол байдал сайнгүй байна.
-Зарын бус хэлбэрээр зар сурталчилгаа нийтэлж, нэвтрүүлсэн хувь хүнийг 250, албан байгууллагыг 2500 тооцооны нэгж (ам. доллар)-ээр торгоно, тэгсэн хэрнээ өөрсдийнх нь өгсөн сэрэмжлүүлэг, зарыг эфирийн цаг, сонины зай талбай харгалзахгүй үнэгүй хүргэх ёстой, тэгэхгүй бол бас л торгоно гэсэн бүдүүлэг заалтууд Зөрчлийн тухай хуульд байна. Сонгууль дөхөөд ирэхээр чөлөөт хэвлэлээр ингэж тохуурхаж, дуу хоолойг нь хорьж болохгүй баймаар. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Зөрчлийн тухай хуулийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчид, хувь эзэмшигчид, төрийн бус байгууллагууд бүгд дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Энэ салбартай холбоотой бүхэн дээрх хуулийн тухайд өөрсдийн байр сууриа илэрхийлээсэй гэж бодож байна. Янз бүрийн зүйл, заалтаар их олон талаас нь элдэв хориг, саад хийх гэж оролдож байгаа зүйл ажиглагдах боллоо. Гэхдээ бид өөрсдөө хариуцлагатай байж, үүргээ ч биелүүлж, эрхээ ч эдэлдэг байх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сэтгүүл зүйн салбар эмх цэгцтэй, ёсз үйтэй, мэргэжлийн байна гэдэг нь ямар нэгэн дүрэм журам, цагдан хяналтын дор хүлэгдэж, дуугүй сууна гэсэн үг биш гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Харин мэргэжлийн талаас нь энэ салбарыг илүү сайжруулах гэсэн стандарт, шалгуур, хэм хэмжээ ярьж байхад чөл өөт хэвлэлийг хааж боолоо гэж буруу тийш мушгивал утгагүй болно. Тэгвэл салбар маань орчин цагийн стандарт, шаардлагын дагуу хөгжихгүй шүү дээ. Зар сурталчилгааны тухайд бол аль ч орны хэвлэл мэдээллийн тухай хуульд маш тодорхой ганц заалт байдаг. Тэр нийтлэл, нэвтрүүлэг төлбөртэй юу, үгүй юү гэдгийг л ялгаад, тавиад өгчихөд болчих юм. М.Батчимэг гишүүний ахалж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд ч энэ тухай заасан байна лээ. Гэтэл Зөрчлийн тухай хуульд дахиад ийм заалт байгаа нь утгагүй л дээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдвал бусад нь үүний үзэл санаанд захирагдах ёстой. Яагаад гэвэл суурь хууль нь энэ. Энэ бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөг баталгаажуулсан илүү олон заалттай учраас үүнийг эхлээд баталчихаасай гэж хүсдэг. Зөрчлийн тухай хуулийг түрүүлээд баталчихвал дараа нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль ороод ирэхээр нэг нь нөгөөтэйгөө зөрчилдөөд байгаа хачин заалтуудаа авахаас өөр аргагүй болно. Тиймээс хоёр ажил болгохгүйн тулд суурь хуулиа түрүүлж батлах нь зүйтэй.
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд чөлөөт хэвлэл рүү хэт халдсан шинжтэй заалтууд байгааг авахуулахын тулд МСНЭ юу хийж байна вэ?
-Дээрх асуудлаар сүүлийн үед гараад буй саналуудын заримыг нь бид дэмжиж байгаа. Заримтай нь ч санал нийлэхгүй байгаа. Хаврын чуулган эхлэнгүүт дээрх хуулиудыг шууд баталчихгүй нь ойлгомжтой. Хэлэлцүүлэг өрнүүлж таарна. Бас нийгэмд өрнөөд буй маргаан, янз бүрийн саналыг хууль тогтоогчид маань харгалзаж үзэх болов уу гэж найдаж байгаа. Бид ч чуулган эхлэнгүүт өөрсдийн саналаа УИХ-д танилцуулж, эдгээр хуулийн төслийг санаачилсан гишүүдтэй уулзаж байр сууриа илэрхийлнэ.
-Дээрх хуулийн төслийг хэвээр нь баталлаа гэж бодоход МСНЭ сэтгүүлчдээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудаа хамгаалж, өмгөөлөх эрх зүйн орчин, боломж нөхцөл хэр байгаа вэ?
-Энэ бол хууль эрх зүйн орчин гэхээсээ илүү хэр сэтгэлтэй вэ гэдгээс шалтгаалах зүйл гэж боддог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ байгууллагыг толгойлохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлтэй холбоотой гомдол саналыг аль болохоор шүүхийн шатанд хүргэлгүй, сэтгүүлчдэд хохирол багатайгаар шийдвэрлүүлэхийн тулд зуучлагчийн үүрэг гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл, Хэвлэлийн консулын ажлыг манай эвлэл хийж байсан гэсэн үг. Одоо бол олон улсын жишгээр тусдаа биеэ даасан Хэвлэл мэдээллийн зөвлөл манайд байгуулагдсан учраас тэд маань энэ ажлыг илүү мэргэжлийн түвшинд сайн гүйцэтгэх байх. Яагаад гэвэл урьд нь энэ ажлыг МСНЭ-ийн Ажлын албаны 2-3 хүн л хөөцөлддөг байсан бол одоо илүү том баг ажиллана. Хууль хэчнээн хатуу чанга байлаа ч гэсэн сэтгэл байгаад хөөцөлдлөгөө сайтай бол гомдол гаргасан тухайн хүн, аж ахуйн нэгжийг сэтгүүлчтэй ойлголцуулах, залруулга гаргуулж, уучлал гуйлгах замаар асуудлыг эв эеэр шийдүүлэх боломж үргэлж байдаг.
-Тухайлбал, сүүлийн гурван жилд хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой маргааныг танайх ийм маягаар шийдвэрлэв. МСНЭ гэдэг байгууллага байсхийгээд л хүмүүст шагнал өгөхөөс өөр юу хийдэг юм бэ, сэтгүүлчдийнхээ эрхийг яаж хамгаалдаг юм бол гэдэг асуулт олон хүнд байдаг учраас ийн асууж байгаа юм шүү?
-Хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг урамшуулж шагнах ч бас сэтгүүлчдийн төлөө хийж байгаа нэг ажил мөн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бид 30-аад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдол, саналыг шийдвэрлэсэн. “Биднийг хамгаалаад өгөөч” гэж тусламж хүссэн тэдгээр сэтгүүлч, байгууллагуудын итгэлийг ямар ч гэсэн алдалгүй, бүгдийг нь тухай тухайн гомдол гаргагчтай эвлэрүүлэн зуучлах замаар асуудлыг шийдлээ. Хуулийн байгууллагад очоод, шүүхийн шатанд байсан гомдол саналыг хүртэл бид эргүүлэн татаж, ойлголцолд хүргэсэн.
Зарим тохиолдолд тухайн сэтгүүлч, байгууллагын өмнөөс МСНЭ уучлал гуйж байлаа. Чухам хаанахын хэн гэдэг сэтгүүлчийн ямар нийтлэл, нэвтрүүлгийн мөрөөр ирсэн гомдлыг шийдвэрлэсэн бэ гэдэг бол нууцлах ёстой зүйл л дээ. Мөнгөн дүнгээр нь аваад үзсэн ч тэр маш олон сая төгрөг нэхэмжилсэн гомдлуудыг шүүхийн шийдвэр гаргуулалгүй буцаалгаж чадсан юм. Хаана сэтгүүлчийн эрх зөрчигдөнө, техник хэрэгслээ эвдүүлж, халдлагад өртөнө, тэнд манайхан очиж, эрхийг нь хамгаалахын төлөө гүйж байсныг хүмүүс мэдэх байх аа.
Л.ГАНЧИМЭГ