Тал нутагт бол тавхан минут сүнгэнээд хүрчих газарт очихын тулд нийслэлд 10- 20 минут автобус хүлээж, арай гэж суумагц дахиад 30 минут түгжрэлд зогсож байж зорьсон газраа хүрдэг. Автобус ирснээр, зорчигч суусан төдийгөөр энэ бүхэн дуусчихгүй. Халаасны хулгайч нарын “ажлын байр” нь автобус болсон учраас хамаг юмаа алдчихгүйн тулд хажууд байгаа хүн бүрийг хардаж, сэрэмжлэхгүй бол болохгүй. Зөвхөн мөнгөө төлөөгүй хүн, халаасны хулгайч хоёр л автобусанд урагшаа явдаг гэх кондукторын “философи” ч бий болсон. Нэг сая гаруй хүнтэй Улаанбаатар хотын нийтийн тээврийг иргэдэд хүртээмжтэй болгоход 2500 гаруй автобус шаардлагатай. Гэтэл өнөөдөр 1000 хүрэхтэй, үгүйтэй автобус иргэдэд үйлчилж байна. Кондуктор эмэгтэй хүмүүсээ багтаахын тулд “Урагшаа, хойшоо яваад өг” гэж орилдог бол жолооч үг хэлгүйгээр тормоос гишгэж, хүмүүсээ “чигжинэ”.

Ямар сайндаа л “Үргэлж урагшаа яв гэж урам хайрладаг кондуктор эгчдээ баярлалаа” гэх үг гарч байх вэ. Өглөөхөн гялалзтал нь тосолсон гутал хоёр буудал яваад буухад алаг эрээн болж, хэтрүүлж хэлбэл хэдэн размерын гутал өмсдөг хүн гишгэснийг ч мэдэж болохуйц мөр гарчихсан байдаг. Нэг чиглэлд автобус хүнгүй шахам явж байхад өөр нэг чиглэлд нь хүмүүс багтаж ядан, хаалганаас дүүжлэгдэн, арай чамай сууж байх жишээтэй. Түүнчлэн нийтийн тээвэр үйлчилгээний гэхээсээ халамжийн салбар болж, төлбөр төлж зорчдог иргэд цөөрсөн. Жолооч, кондукторууд ч ажил хаяхаараа байн байн айлгаж, тасалбарынхаа үнийг нэмдэг болоод удаж буй. Нийтийн тээврийн нийтлэг төрх ерөнхийдөө нэг иймэрхүү гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Энэ бол нийтийн тээврийн салбар өдий хүртэл тооцоо, судалгаа муутай явж ирсний илрэл.
Тус салбарт шинэчлэл хийх цаг хэдийнэ болсон. Уг нь бол нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулж байж гэмээнэ иргэд машинаа бус автобусыг сонгож, түгжрэл ч тэр хэрээр буурах учиртай. Харин өдгөө нийтийн тээвэр нь иргэддээ үйлчилж чадахгүй байгаа учраас хүмүүс түгжирсэн ч хамаагүй машинтайгаа явахыг илүүд үзэж байна. Нийслэлийн удирдлагууд хотын түгжрэлийг багасгаж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахын тулд метро, автобусны тусгай замтай болох зэрэг олон ажил хийхээр ярьсан ч өдий болтол үр дүнд хүрсэн нь үгүй. Өнгөрсөн онд рэйлбусыг Амгалангаас Толгойт өртөө хүртэл явуулж эхэлсэн ч хэдэн хүн суух вэ гэдгийг тооцоогүйгээс ашиггүй ажиллаж, өдгөө газар дээрх “метро” орон нутгийн замд “хөл дүүжлэх” болов.

Харин оны өмнөөс нийтийн тээврийн салбарт шинэчлэлийн салхи сэвэлзэх болсон нь “Ухаалаг автобус” төсөл. Төслийн хүрээнд энэ сарын 1-нээс автобусыг цахим системд шилжүүлнэ гэсэн чихэнд сонсголонтой мэдээ дуулдсан. Харин энэ нь “Дөрөвдүгээр сарын 1” гэж хуурч байсан тоглоом бололтой юм. Учир нь компанийнхан “Төсөл хэрэгжсээр байгаа. Гэхдээ автобуснуудыг цахим системд шилжүүлэхэд хугацаа хэрэгтэй. Бид анхнаасаа хугацаа заагаагүй” гэсэн тайлбар өгөв. “Улаанбаатар смарт карт” компани нийслэлийн ЗДТГ-тай өнгөрсөн арваннэгдүгээр сард гэрээ хийснээр “Ухаалаг автобус” төсөл хэрэгжиж эхэлсэн.
Улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүй, БНСУ-ын нийтийн тээврийн сүлжээг хариуцдаг “Кореа смарт карт” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар ажил хийж, орлогоосоо зардлаа нөхөх юм. Тэд 24 тэрбум төгрөгөөр энэ төслийг 4.8 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас мэргэжилтнүүд ирж, Монголын нийтийн тээврийн тогтолцоо, маршрутын талаар олон судалгаа хийсэн байна. Хамгийн сүүлд л гэхэд автобус нэг бүрт үзлэг хийж, сүлжээний төхөөрөмж суурилуулах боломжийг судлан, туршиж, функц, программчиллыг монгол хэлээр орчуулжээ. Өнөөдрийн байдлаар төсөлд шаардлагатай тоног төхөөрөмжийг БНСУ-д үйлдвэрлэж байгаа гэнэ. “Ухаалаг автобус” төслийн хүрээнд нийтийн тээврийн хяналт удирдлагын болон мэдээлэх систем, автомат төлбөр хураалт гэсэн гурван дэд төсөл хэрэгжүүлэхээр болсон.
Тодруулбал, хяналт удирдлагын системээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн бүх хэрэгслийн хурд, хаана яваа зэргийг хянахаас гадна автобус тухайн буудалд хэдэн цагт ирээд, хэзээ хөдөлсөн, хэдэн хүн суусан, хөдөлгөөний эрчим хаагуураа их, бага байгаа, хаана автобусны хүрэлцээ хангалтгүй байдаг зэрэг хэрэгтэй мэдээлэл ил болно. Ингэснээр цаашид маршрутаа оновчтой төлөвлөх боломж бүрдэх юм. Харин мэдээлэх системээр автобусанд гурван камер байрлуулж, жолооч, зорчигч, дотоод бүх орчныг хянаж, халаасны хулгайчаас сэргийлэх аж. Мөн гар утасны аппликэйшнээр автобусны талаарх бүх мэдээллийг авах боломж бүрдэнэ. Түүнчлэн эвдэрч, явах боломжгүй боллоо гэхэд автобус тэр дор нь удирдлагын төв, компанидаа мэдээлэл дамжуулах юм байна.
Харин автомат төлбөр хураалтын систем хэрэгжсэнээр иргэд автобусанд карт уншуулж зорчино. Ингэхдээ орохдоо урд талын, буухдаа ар талын хаалганд картаа уншуулна. Ингэснээр мөнгө хураагч байх шаардлагагүй болох ч тэд хяналтын үүрэг гүйцэтгэж, иргэдэд зааж зөвлөх аж. Тавдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд карт борлуулах, цэнэглэх 500 цэг байгуулах гэнэ. Эдгээр цэгийн 450-ийг нь автобусны буудлын ойролцоо, үлдсэнийг нь худалдааны төв, захуудад байгуулна. Иргэд өөрт ойрхон цэгээс картаа авах бөгөөд гэмтээхгүй, хаяж үрэгдүүлэхгүй бол цэнэглээд, хэдэн жил ч ашиглаж болно. Мөн картанд байгаа мөнгөө буцаан авах боломжтой. Энэ нь тодорхой хэмжээний шимтгэлтэй байх юм байна. Картны үндсэн үнэ хараахан тодорхой болоогүй. Хүүхдүүд холбогдох бичиг баримтаа үзүүлэн, хүүхдийн гэсэн тохиргоотой карт авч, 200 төгрөгөөр зорчино. Оюутнуудад жилд нэг удаа карт олгохоор төлөвлөжээ.
Олон улсад автобуснаас буугаад тодорхой хугацааны дотор өөр чиглэлийн автобусанд амжиж суувал үнэгүй зорчдог жишиг байдаг. Тэгвэл одоохондоо тус үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөгүй тул зорчигч автобус дамжих бүртээ 500 төгрөг төлөх юм байна. Том оврын автобус эрхлэгчдийн холбоо болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд “Ухаалаг автобус” төслийг дэмжиж байгаа аж. Хэрэв энэ төсөл ажил хэрэг болбол автобуснууд хуваарийнхаа дагуу иргэдэд үйлчилж, маршрутын шинэ хуваарь гарахаас гадна төрөөс нөхөн олговроо хянах боломжтой болж буй.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Есдүгээр сарын 1 гэхэд АВТОБУСНЫ ТӨЛБӨРӨӨ КАРТААР ХИЙДЭГ БОЛНО
Нийслэлийн Тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болдоос салбарын шинэчлэлийн хүрээнд хийх ажил болон бусад зүйлийг тодрууллаа.
-Нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэлүүд хийж байна вэ?
-“Ухаалаг автобус” төслийн хүрээнд энэ сарын 13-наас эхлэн, М:5 буюу III, IV хороолол-Офицеруудын ордон чиглэлийн 10 троллейбусанд бүртгэл хяналтын системийн тоног төхөөрөмж суурилуулж, дөрөвдүгээр сарын 30 хүртэл туршихаар болсон.
Нийслэлд явж байгаа автобуснуудын хоорондын хугацаа, иргэддээ хүрч үйлчилж байгаа эсэх гээд бүх мэдээллийг энэ системээр нэг газраас хянана. Мөн бүртгэл хяналтын системд тулгуурлан, мэдээллийн систем бий болгосноор иргэд суух автобусаа хэдэн минутын дараа ирэхийг автобусны буудлууд дахь самбар болон гар утаснаасаа мэдэх боломжтой.
Түүнчлэн автобусны төлбөрөө бэлнээр төлөхөө больж, цахимаар төлөх системд шилжих юм. Есдүгээр сарын 1 гэхэд энэ гурван системийг бүрэн нэвтрүүлнэ. Өнгөрсөн онд угсраа, их, бага оврын автобуснууд оруулж ирэх тендер зарласан. МАЗ компани тендерт ялж, 18 метр урт, 120 хүний суудалтай, угсраа 20 автобус оруулж ирэхээр боллоо.
Эдгээр автобусны эхнийхийг зургадугаар сараас авчрах байх. Гол нь автобус урт болохоор эргэх радиус нь хүндрэл учруулж байна. Иймээс “Гудамж” төслийнхөнтэй ярьж, Офицеруудын ордон, Таван шарын автобусны буудлын тойргийг өргөн болгохоор энэ жилийн төсөвт хөрөнгө суулгасан. Удахгүй ажил эхэлнэ. Бага оврын автобус оруулж ирэх тендерт БНСУ-ын “Хьюндай” компани шалгарсан.
-Энэ жил нийт хэдэн автобус шинээр авах вэ?
-Угсраа автобусаа оруулаад нийт 70 автобус шинээр авна. Эдгээр автобус нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолтой гэдгээрээ онцлог. Их багтаамжийн автобусны тендер зарлагдаагүй байгаа.
-Тусгай замын автобустай болох талаар эртнээс ярьсан. Энэ ажил юу болсон бэ?
-Тусгай замын автобустай болохыг Засгийн газар дэмжсэн. Байнгын хороогоор хэлэлцүүлэх шатандаа яваа. Дэмжигдвэл УИХ хэлэлцэнэ. Азийн хөгжлийн банкнаас 217 сая ам.долларын зээл авахаар төлөвлөсөн. Нарийвчилсан судалгаа хийснээр зам барих ажил хийнэ.
-Нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метро нэвтрүүлэх зорилт тавьсан. Гэтэл одоо болтол бүтээн байгуулалт эхлээгүй байна. Хэзээ эхлэх бол?
-Метро бол хоёр улсын Засгийн газрын түвшний асуудал. Засгийн газраар хэлэлцүүлж, дэмжвэл ажил нь эхэлнэ.
-Шинэчлэлийн хүрээнд жолооч, кондукторыг мэргэшүүлж, чадавхижуулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Манайд анх удаа угсраа автобус үйлчилгээнд явах гэж байна. Иймээс жолоочийг дадлагажуулах ажлыг МАЗ компани хариуцаж хийнэ. Манай байгууллагын хувьд жолооч, кондукторт зориулсан сургалтыг төлөвлөгөөний дагуу улирал, сар бүр хийж байгаа.
-“Ухаалаг автобус” төслийн хүрээнд төлбөрийг бэлнээр бус картаар төлөхөөр болсон. Картны үнийг тогтоосон уу?
-Одоогоор ийм карт ашиглана, үнэ нь төд байна гэж баталсан зүйл алга. Мөн хуульд өөрчлөлт оруулах учраас хөгжлийн бэрхшээлтэй болон тэтгэврийн насны иргэд, оюутнуудыг хэрхэн зорчуулах талаар нэгдсэн шийдэлд хүрээгүй.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Нийтийн тээврийн шинэчлэлээс та юу хүлээж байна вэ?
Ө.БАЯНХҮҮ (“Сутайн буянт” ХХК-ийн жолооч)
-Нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэл хийлгүй олон жил боллоо. Үүнийг парк шинэчлэх мэтхэнээр ойлгох нь өрөөсгөл л дөө. Цэвэр үйлчилгээ талаас нь ярьж буй хэрэг. Өдгөө автобуснуудын жолооч нар өдрийн орлогоо бүрдүүлэхийн тулд нэг нэгнээсээ өрсөн, буудлууд дээр хүнээ булаацалдан алаан болдог нь нууц биш. Нэг чиглэлд явдаг жолооч нар ч гэсэн бие биеэсээ өрсөх гэж нэгнээ замын голд хавчих, шүргэх нь ердийн л үзэгдэл болсон. Төлбөрийн цахим хэлбэрт шилжвэл энэ бүхэн үгүй болно гэж найдаж байгаа. Зам тээврийн осол гарах нь ч буурах байх. Хүмүүс картаа уншуулаад автобусаараа үйлчлүүлнэ. Бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхгүй учраас олон давуу талтай. Одоо манайхны автобуснуудын олонх нь хоёр хаалгатай. Гадаадад бол урд хаалгаар нь үйлчлүүлэгчид ороод дунд болон хойд хаалгаар нь буух жишээтэй. Хүнээ сууж буулгахад жаахан хүндрэлтэй байж мэдэх юм.
Ц.ОДОНТУНГАЛАГ (Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал):
-Нийтийн тээврийн салбар нэг шатаар ахина. Гэхдээ гарц болж чадахгүй байх. Учир нь энэ системийг нэвтрүүлэхэд нийслэлээс нэг ч төгрөг гаргахгүй гэсэн. Энэ нь зөвхөн автобус баазуудад хамаатай асуудал болж байгаа юм. Цахим системд шилжсэн ч автобусны тасалбарын үнэ нэмэгдэхгүй. Гэтэл бид одоо ч ашиггүй ажиллаж байгаа. Энэ бүхнийг сайн судлаасай гэж хүсэж байна. Туршилт эхлэхээр карт борлуулах цэгтэй болно гэсэн. Кондукторууд хяналт, шалгалт хийж, карт борлуулна. Тэдний ачаалал буурах учраас сайнаар хүлээж авах байх. Сайн тал нь гэвэл хүн бүхэн бэлэн бусаар мөнгөө төлж явах юм. Мөн олон улсын жишигт нийцэж байна. Хэл ам, хэрүүл тэмцэл үгүй болно. Түүнээс биш 500 төгрөгөөрөө л явах учраас автобусны компаниудад ямар ч хөгжил дэвшил авчрахгүй.
М.АЛТАНЦЭЦЭГ (“Мяралзаа” ХХК-ийн кондуктор)
-Нийтийн тээврийн төлбөр тооцоог цахим системд шилжүүлэх нь зөв. Бидэн шиг цүнх үүрээд хүмүүсээс мөнгө хураагаад явж байгаа улс дэлхийн аль ч оронд алга байна шүү дээ. Тэгээд ч “Мөнгөө төл” гэж хүмүүстэй хэл ам хийхгүй, стресстэхгүй сайхан болох байх. Билет таслагч нарыг ааштай, харилцааны соёлгүй, бүдүүлэг гэж зорчигчид ярьдаг. Мөнгөө төлж, тасалбар авахгүй байгаа үйлчлүүлэгчдэд шаардлага тавьсныхаа төлөө бид яагаад ийм нэр зүүж байгааг ойлгодоггүй. Энэ бүхэн үгүй болохоор иргэд, бид ч уурлаж, бухимдахгүй амар болно. Харин энэ шинэчлэл иргэдэд хэрхэн тусахыг мэдэхгүй байна. Манайхны хувьд энэ нь шинэ зүйл болохоор хэсэгтээ дадахгүй байж магад. Нөгөөх картаа авахгүй, эсвэл цэнэглэхгүй “Бэлэн мөнгөөр нь явчихъя” гэх асуудал ч гарч мэдэх юм. Манай компани 64 кондуктортой. Энэ систем нэвтэрснээр тал хувь нь хянагчаар, үлдсэн нь ажилгүй болох юм билээ. Билет таслагчийн ажил их хэцүү, дандаа л өрх толгойлсон эмэгтэйчүүд байдгийг бодолцон төрөөс харж үзэх байлгүй дээ.
О.УЛААНАА (Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны иргэн)
-Үнэнийг хэлэхэд цахим төлбөрийн систем гээд байгааг нь нэг л сайн ойлгохгүй байгаа. Иргэд 30 мянган төгрөгөөр картаа цэнэглээд нэг сар аль ч чиглэлд, өдөрт хэдэн ч удаа явж болно гэсэн. Ингэхдээ амралтын өдрийг хасаж тооцоогүй байгаа юм. Өдөр бүр автобусаар явахгүй хүмүүст энэ нь хохиролтой. Үүн дээр уян хатан хандах нь зүйтэй болов уу. Хүмүүс утсаар ярихдаа нэгж хийдэг шиг шаардлагатай үедээ картаа тав, эсвэл арван мянган төгрөгөөр цэнэглээд явчихаж болдоггүй юм болов уу. Ийм болчихвол нийтийн тээврийн үйлчилгээ илүү сайжирна. Зорчигч, кондукторын хоорондох буруу ойлголтууд ч арилах байх.
С.ОНОНБАЯР (“Автобус-1” компанийн дарга):
-Нийтийн тээврийн салбарт сүүлийн 20-иод жил ямар ч шинэчлэл хийсэнгүй. Энэ салбарт ажиллаж, ажилчдаа удирдаж байгаа хүний хувьд цахим системийг дэмжиж байгаа. Нийтийн тээвэр, жолооч, кондукторуудыг олон хүн шүүмжилдэг. Одоо шинэчлэх цаг нь болсон. БНСУ хэдэн жилийн өмнө нийтийн тээврийн цахим системд шилжиж, одоо хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа. Тэдний туршлагаас харахад орлого 5-10 саяар нэмэгдэж, өөр олон асуудал шийдэгдсэн байна. Бид хэдэн сарын өмнө 500 төгрөгөөр хэдэн ч автобусанд суух боломжтой үйлчилгээг туршсан. Тэр үед орлого нэмэгдэж, жолооч, кондукторуудын ачаалал багассан. Бид олон зүйл туршиж байж сайжирна. Цахим системийн шинэчлэлд зөвхөн дарга нар баярлаагүй байх. Нийтийн тээврийн салбарт ажилладаг бүх хүн дэмжиж байгаа. Зорчигчдод ч амар. Эхний ээлжинд кондукторууд хяналт, шалгалт хийх журмаар ажиллана гэсэн.
Цаашдаа яахыг нь мэдэхгүй байна. Гэхдээ кондукторуудыг ажилгүй орхихгүй. Манайх шиг орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байгаа байгууллагад хэрэгтэй үйлчилгээ. Цаг уурын нөхцөлөөс болж хүндрэл үүсэж магадгүй. Учир нь GPS болон бусад төхөөрөмжийг автобусны дээвэр дээр тавихаар хөлдөх, норох зэрэг бэрхшээл үүснэ. Гэхдээ энэ бүхнийг сайн судалж, нэвтрүүлэх байх. Мөн зорчигчдын харилцааны соёлоос болж олон хүндрэл гарна. Хүмүүс жолооч, кондукторыг харилцааны соёлгүй гэж хэлдэг. Гэтэл үйлчлүүлэгчээс шалтгаалж тийм авир гаргах нь элбэг. Кондукторыг хэл амаар доромжлох, биед нь халдах тохиолдол ч гардаг. Энэ бүхнийг шинэ системээр шийдэж болох байх. Манай байгууллагад сургуулийн сурагчид л орлого оруулж байна гэж хэлэхэд буруудахгүй байх. Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй гээд хөнгөлөлттэй үйлчлүүлдэг иргэн маш олон. Нөхөн олговор өгч байгаа үед тэд үнэгүй зорчсоор байх болно. Тиймээс цахим системд шилжихэд ч картандаа мөнгөтэй байна.

ГАДНЫН ЖИШИГ
Жолооч бол СОЁЛ ТҮГЭЭГЧ
Монголын нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлэхээр ярьж эхэлсэн энэ үед нэн түрүүнд жолоочийн хариуцлагын асуудлыг хөндөх учиртай мэт. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг шиг нийтийн тээврийн шинэчлэлийг унаа тэрэгнээсээ бус, жолооч, кондуктороос эхлэх ёстой байх. Жолооч бол энэ салбарынхны чухал нүүр царай, түүнээс бүх зүйл хамаарах учраас тэр. Жолооч нэлээд захирангуйгаар “Дараагийн буудалд буух хүмүүс энд одоо буугаарай. Зам түгжрэлтэй байна” гэхэд нэгэн настан “Чиглэлийнхээ дагуу яваач, дахиад нэг буудлын дараа бууна. Хөл муутай хүмүүст ганц буудал ч хэцүү шүү дээ” гэж учирлах. Гэтэл жолооч, кондуктортойгоо нийлээд “Наад замаа хар, бөөн түгжрээ байгаа биз дээ. Олон юм ярилгүй буу” гэж ундууцах. “Дарь эх” гэсэн хаягтай автобусанд суусан хүм үүс бараг өдөр бүр ийм байдалтай тулдаг юм.
Ганц энэ чиглэлийнх ч биш, энэ мэтээр чиглэлээ дураараа өөрчилдөг, зам товчилдог, замын дундаас зэсрэхийн тулд зорчигчдыг өөр автобус руу шилжүүлдэг жолооч “ах” Улаанбаатарын нийтийн тээвэрт мундахгүй. Дээрээс нь тамхи татна, бохь зажилна, утсаар чалчина, бүхээгтээ хүн суулгаад дэмий юм ярина, хараал хэлнэ, цонхоороо нус цэрээ хаяна. Монголд автобусаар зорчихдоо харж болох нийтлэг дүр нэг иймэрхүү. Нэлээд хэдэн жилийн өмнө Сөүлийн нэгэн автобусанд яг жолоочийн арын суудалд явсан бүсгүй чанга чанга дуугарган бохь зажилж явлаа. Жолооч зогсоолд зогссоныхоо дараа бүхээгнээсээ гарч ирэн, нөгөөх эмэгтэйн өмнө мэхийн ёслоод бохио чимээ багатай зажлахыг хүсэж билээ.
Өнгөц харахад сүртэй мэт санагдавч, олон хүний амьтай холбоотой ажил хийж яваа жолоочийн аюулгүй байдлаас эхлээд бусдыг хүндлэх ёс зүйн асуудал энд хөндөгдөнө. Дээрх хоёр жишээгээр тухайн газрын нийтийн тээврийн соёлыг хэмжиж болно. Тэгвэл бид яагаад тэднээс өдөр, шөнө шиг ялгаатай байгаа юм бэ. Монголын автобус яагаад бохир заваан, жолооч нь дээрэлхүү, кондуктор нь ууртай байдаг вэ. Энэ бүхний хариулт хариуцлагатай л холбоотой. Гадаадын жишээгээр бол нийтийн тээврийн жолооч нарт асар өндөр шаардлага тавьж, хариуцлага үүрүүлдэг юм билээ. Мэдээж үүнийг дагаад хангамж, цалин хөлс зэрэг нийгмийн халамж үйлчилгээг өндөр байлгадаг аж.
БНСУ-ын нийтийн тээврийн жолооч нарыг төрийн албан хаагчид тооцдог. Бараг их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын дайтай том шалгуур давж байж жолооны ард суух эрхтэй болно. Зөвхөн шалгалт өгөөд зогсохгүй эрүүл саруул байх ёстойгоос гадна мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, ёс зүй, гоо зүй гээд элдэв сургалтад хамрагдан, бас шалгалт өгнө. Ингээд хагас цэрэгжилтийн байдалд ажиллана. Энэ бүхний эцэст тэд өндөр цалингийн хажуугаар төрийн албан хаагчдад олгодог тодорхой хөнгөлөлтүүдийг эдэлнэ. Чухамхүү ийм л хөшүүргээр хариуцлагыг нь дээшлүүлдэг аж. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хөнгөлүүлэх, чөлөөлүүлэхээс эхлээд олон сайхан боломжтой, нэг ёсондоо амьдралынх нь баталгаа болсон ажилд орсон хүн хариуцлагыг дээд зэргээр ухамсарладаг биз.
Ингэж бодож болох ч, нөгөө талаас олон амь хариуцан яваа хүнд хамгийн чухал нь сэтгэл байдгийг солонгос жолооч нар мэднэ. Тэгвэл хойд хөршид нийтийн тээврийн жолооч нараас оюун ухааны (сэтгэцийн эрүүл мэнд) тест заавал авч, тухайн хүний түрэмгий зан, стрессийн түвшинг тогтоодог юм гэсэн. Урд хөршийнхөн нийтийн тээврийн жолооч нарыг мөн их өндөр түвшинд бэлтгэдэг, тэр хэрээр өндөр хариуцлага хүлээлгэдэг аж. Хэрэв хуваарьт цагаас хоцрох, хурд хэтрүүлэх зэргээр дураар аашилбал шууд л халагдах нигууртай. Франц, Герман зэрэг оронд автобусны жолооч мөн л төрийн хүн юм байна. Дүрэмт хувцсаа л дутуу хагас өмссөн байхад тэд ажлаасаа сална гэдгээ мэддэг учраас журам дүрмыг ягштал биелүүлнэ. Америкийн зарим газарт нийтийн тээврийн жолооч нь зорчигчдоо инээмсэглэн угтаж, үдэх журам ч байдаг гэсэн.
Үүнээс гадна нийтийн тээвэр, тэр дундаа автобусны үйлчилгээг энгийн, ойлгомжтойгоор зохицуулсан орнууд бий. Автобусаа дагаж харайлгадаг, хаягийг нь харах гэж дайруулах шахдаг, хааяа хамраа тас хавчуулах дөхдөг гээд элдэв “адал явдал”-тай тулгардаг монгол зорчигчдод нэлээд таатай санагдах үйлчилгээг БНСУ олон 10 жилийн өмнөөс хэрэгжүүлж буйн нэг нь автобусны овор, өнгөний ялгаа юм. Шар, ногоон, цэнхэр, улаан автобус бүр үнэ, явах чиглэлийн хувьд өөр. Жижиг, шар бол цагариг үйлчилгээ буюу дүүрэг хооронд богино эргэлтээр явдаг. Ийм ангиллын автобус хамгийн хямд. Ногоон өнгөтэй автобусаар хот хооронд, цэнхрээр бол шөнийн цагт хотын аль ч хэсэгт очих боломжтой, улаан нь экспресс автобус байх жишээтэй.
Өөр нэг онцлох зүйл гэвэл автобуснуудад агааржуулагч, зогсоолын талаарх мэдээлэл харуулах самбар, бүдүүвч зураг, эмийн сан зайлшгүй байх ёстой. Олон улсын тээврийн зорчигч ба ачаа тээшний конвенц гэж бий. Түүнд зааснаар жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, хувийн эрүүл мэндийг хангах, өгөгдсөн хуваарийг зөрчихгүй байх, тогтоосон зайд зогсох зэргээр олон заалт бий.
Энэ бүхэн зөвхөн олон улсын тээвэрт бус, дотоодын үйлчилгээнд ч хамаатай гэдгийг манайхаас бусад орны нийтийн тээврийнхэн онцгой сайн мэдэж, ягштал биелүүлдэг юм байна. Харин манайд хүний төлөө наад захын заалт, журмыг биелүүлдэг хэдэн жолооч байдаг бол. Жолооч гэдэг хариуцлага гэсэн үг юм билээ шүү, жолооч “ах” нар аа. Бас жолооч бол соёл тогтоогч юм. Учир нь та соёлтой байж, зорчигчдод нөлөөлөх учиртай. .