
“Та нар намайг эхлээд УИХ-д сонгочих. Би амьдралаа дээшлүүлчихье. Дараа нь та нар тэр Батыг сонгочих. Тэр бас амьдралаа өөд татаг. Тэгээд бүгдээрээ сайхан ээлжилье л дээ”... Нэлээд хэдэн жилийн өмнө сонгуулийн сурталчилгааг шоглосон ийм нэг шторк богино долгионы радиогоор явдаг байсан юм. Үнэндээ УИХ-ын гишүүн болохын төлөө үхэн хатан өрсөлддөг эрхмүүдийн олонхийн зорилго ийм, энэнээс дээшээ гарсан хувийн шунал, ашиг сонирхол байдаг. Улс эх орноо бодож, иргэдийнхээ төлөө ажилладаг нь тун цөөн гэвэл буруудахгүй. Санал авахын төлөө юу ч хийхээс буцахгүй. Мөнгө тараана, тэр бичлэг нь байсаар атал гүрийсээр УИХ-д сонгогдчихно.
Энэ зөөлөн сэнтийд залрахын тулд намдаа хэдэн саяар нь өгөн хандив, санал худалдаж авах гэж тараасан мөнгөө олж авах гэж хичээхгүй тэнэг үгүй биз. Тэгээд “шархаа нөхсөнийхөө” дараа хувийн бизнес, хамаатан садныхаа амьдралд хэрэгтэй хууль санаачлан лообий хийнэ. Иймэрхүү хүн УИХ-ын 76 гишүүн дотор жин дарж, гаргасан жалга довны шийдвэрт нь ард түмэн үрэгдчих гээд байдаг болсон. Тэгвэл энэ 76-гаа яая гэж байтал тэдний тоог 100 болгож нэмэх сураг сонсогдох болов. Энгийн иргэд үүнд бухимдаж, горилогчид боломж нэмэгдэх нь хэмээн баясаж байна.
ГУРВАН САЯ ХҮНД УИХ-ЫН 99-100 ГИШҮҮН ДҮЙХ ГЭНЭ
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд ярьж буй саналуудын нэг нь гишүүдийн тоог нэмэх явдал. УИХ 76 гишүүнтэй байна гэдэг тоог хүн ам хоёр сая байхад гаргасан юм байна. Одоо бид гурван саяулаа болсон учраас УИХ дахь “мангуу”-нуудын тоог ч түүнд дүйцүүлэх юм байх. Энэ тохиолдолд 99-100 гишүүн байх тооцоо байгаа гэнэ. Гэвч тоо нэмэгдлээ гээд чанар сайжрах уу гэдгийг тооцсон хүн алга. Өнөөдөр манай УИХ ямархуу байгаа билээ. Захиалгын хууль батална, элдэв лообий хийнэ. Энэ нь нууц биш. Эцэст нь Үндсэн хуулиа зөрчсөн хууль тогтоомж баталж орхиод Цэцээр шүүгддэг болсон. Ингээд хэсэг зуур хуулиа хэрэгжүүлж, ажлаа амжуулсны дараа бол өнөөх хуулийг нь Цэцээс түдгэлзүүлэх сонин биш байдаг биз. Хийгүй, сайн, амьдралд нийцтэй хууль баталж чаддаггүй учраас л “Монголын хууль гурав хоног” гэдэг таагүй үг гарсан болов уу.
Парламент чадамжтай бус байна. Ийм байхад “мангуу”-нуудын тоог дахин 20 гаруйгаар нэмэх нь мэргэн санал мөн үү. УИХ-ын нэг гишүүн өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй төгрөгийн цалин сард авдаг. Эдийн засаг хүндэрч, зардлаа хэмнэх, бүсээ чангалах горимд шилжсэн атал УИХ-ын гиш үүний тоог нэмж, үрэлгэн зардал гаргах уу. Харин ч одоо байгаа гиш үүд зардлаа хасуулах ёстой. Тиймээс албан тушаал горилогчдын өрс өлд өөнийг “намжаах” гэж УИХын гишүүний тоог нэмэх нь буруу. 76-уулаа муу ажиллаж байснаа 100 болмогц мундаг болчихгүй л байх. Хэдэн жилийн өмнө бас ийм санал орж ирж байсан юм. Гэвч газар авааг үй. Зуун ямаанд жаран ухна тавих зарим нэг улстөрчийн санал өмнөх жишгийн адил хол явахгүй биз ээ.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЗОРИГ ЭНЭ УИХ-ААС ГАРАХ УУ
Үндсэн хуулийг өөрчлөх талаар хэд хэдэн парламент дамжуулан хэлэлцэж байгаа ч шийдвэрлэж чаддаггүй. Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, төрийн тогтолцоог гажуудуулсан гэдэг “УИХ-ын гишүүн сайд хийж болно” гэсэн заалтыг аваад хаях зориг улстөрчдөд дутдаг. Шинэ УИХ байгууллаа, хэлэлцэх, шийдэх асуудлын тоонд өнөөх Үндсэн хууль гозойж л байна. Ажлын хэсэг байгуулна, хэдэн жил судална, ярина. Тэгж байтал бүрэн эрх нь дуусна. Нэг ийм л жишгээр явж ирсэн. Гэхдээ 2008-2012 оны УИХ нэг ахиц гаргасан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг энэ парламент баталсан.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хуулийн эцэг учраас Үндсэн хуульд хүссэн бүхэн нь гар дүрэх эрхгүй. Бас өөрчилж болохгүй гол заалтууд ч бий. Дээрх хуульд аль хэсэгт нь өөрчлөлт оруулж болох, үгүйг зааж өгсөн. Үүний дараа хоёр ч хэсэг гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл оруулж ирсэн нь 2000 оны “дордохын долоо”-н заалтыг цуцлах агуулгатай байлаа. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриа гарахад хамгийн эхэнд энэ муу гайтай долоон заалтыг “үзэн яддаг” юм. Мэдээж тэдгээр төслийг хэлэлцэж, баталж чадаагүй.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гээд дээр доргүй яриад байхад л энэ УИХ-ын үед байгуулсан ажлын хэсэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг” хоёр жил гаруй судаллаа. Эцэст нь “Тийм байна” хэмээн бүгдийн хэдийнэ мэдэж байгаа зүйлийг хэлэв. Саяхан байгуулсан жинхэнэ Ажлын хэсгийг гишүүн Ж.Батзандан ахалж буй. Тэд хоёр удаа хуралдсан гэнэ. УИХ-ын дарга бол уг хуульд шальтай өөрчл өлт оруулахгүй, тэгэх шаардлага ч байхгүй гэсэн байна лээ. Гэхдээ УИХ-ын гишүүн сайдаар ажиллахгүй, зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл” өмсөнө.
Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгоно гэх мэт заалт оруулахаар ярьж буй юм билээ. Бас гишүүний тоог нэмэх, эсэх асуудал бий. УИХ-ын бүрэн эрх дуусахад жил гаруйхны хугацаа үлдсэн. Гуравдагч хүчний намууд тэднийг “эцэг” хуульд гар дүрэх чадамжгүй, эрхгүй гэж үзэж буй. Өмнөх парламентуудын чадаагүйг З.Энхболдын цэргүүд хийж барах болов уу. Гол нь гишүүн сайд байхгүй гэдэг заалтыг батлах эр зориг тэднээс гарах уу. Дараагийн УИХ бүрдээд энэ асуудлаар дахиад л нэг “судалгааны” ажлын хэсэг байгуулбал би л хувьдаа гайхахгүй.
С.ТУУЛ