Зөвлөлтийн эх орны дайны үед Монголын ард түмнээс Улаан армид үзүүлсэн дэмжлэг тусламжийн нэгэн чухал хэсэг нь байлдааны техник бэлтгэн өгсөн явдал болно. 1942 оны нэгдүгээр сарын 16-нд хуралдсан БНМАУ-ын 25 дугаар Бага хурал ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовоос дипломат харилцаатай улс орнуудын Элчин сайд, элчин төлөөлөгч нарт хандан илгээсэн “Германы фашистуудаас Зөвлөлтийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт өдүүлсэн дээрэм, хүн ардыг алах зэргээр араатан ёсны үзэшгүй муухай явдлыг үйлдэж үгүйрүүлэн хоосруулж байгаа тухай” ноот бичгийг хэлэлцэж гаргасан тогтоолд “Зөвлөлтийн ард түмэн, түүний улаан цэрэгтэй санаа сэтгэлийг улам эрчимтэйгээр бататгаж, бүх талаар туслах” хүсэл зорилгын үүднээс “Хувьсгалт Монгол Улс” нэртэй танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн баатарлаг улаан цэрэгт бэлэглэх, түүнд зориулах хөрөнгийг цуглуулах явдлыг Засгийн газарт даалгажээ.
Монголын хөрөнгөөр танкийн цуваа байгуулах болсон тухай БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХНын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, УБХТийн дарга Г.Бумцэнд нар Зөвлөлт Засгийн газарт мэдэгдэж, ажилчин, тариачны Улаан цэргийн дарга нар, улс төрийн ажилчдад бэлгийн учир утга, монголчуудын хүсэл зоригийг илэрхийлсэн цахилгаан утсыг илгээжээ. Түүнд “...энэхүү бэлэг нь хүн төрөлхтний эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа ариун шударга тэмцлийн нийтийн хэрэгт биднээс тусалж байгаа өчүүхэн зүйл мөн. “Хувьсгалт Монгол Улс” танкийн цуваа нь та бүхний гарт манай нийтийн дайсныг бүрмөсөн цохигдох хүртэл байлдааны сүрхий зэвсэг болсон байхыг үнэн зүрхнээс хүснэ. Монголын ард түмнээс хөдөлмөрөө оруулсан Монголын хувьсгалын нэрэмжит танкийн цуваа нь хүн төрөлхтний эрх чөлөөний хэргийн төлөөний агуу их байлдааны талбар дээр баатарлагаар байлдаж байна гэдэг мэдээ бидэнд хамгийн сайн хариу байх болно” гэх зэргээр уриалжээ.
Ийнхүү Улаан армид зориулан цэргийн техник бэлтгэх шинэ ажил эхэлж, БНМАУ-ын Засгийн газар 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 америк долларыг ЗХУ-ын Төв банкинд урьдчилан шилжүүлжээ. Энэ тухай ЗСБНХУ-ын ГХАК-ын орлогч А.Я.Вышинский 1942 оны нэгдүгээр сарын 20-нд В.М.Молотовт цахилгаан утсаар мэдэгдсэн нь Монголын Засгийн газар нэн шуурхай ажиллаж эхэлснийг илтгэнэ. Дайны хүнд бэрхийг хугаслахын төлөө бүхий л бололцоогоор хичээн чармайж байсан монголчуудын энэхүү санаачилгыг Зөвлөлт Засгийн газар хоёр орны ард түмний эв найрамдал эвдэршгүй болохын бас нэг шинэ гэрч хэмээн талархан үзэж, Бага хурлын шийдвэрийг түргэн биелүүлэх талаар өөрийн зүгээс бүх арга хэмжээг авах тухайгаа ЗСБНХУын Ардын комиссаруудын Зөвлөлийн дарга И.В.Сталины гарын үсэг бүхий цахилгаан утсаар 1942 оны нэгдүгээр сарын 23-нд БНМАУ-ын Засгийн газарт мэдэгдсэн байдаг. Улаан армийн ялалтад дэм болохыг чин санаанаас эрмэлзэгч Монголын ард олон байлдааны зэвсэг бэлэглэх шийдвэрийг халуунаар хүлээн авч, 1942 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд хоёр сая орчим төгрөг Бэлэглэлийн фондод оруулжээ.
Эл хэрэгт Зөвлөлтийн харьяат нар онц идэвхтэйгээр оролцож, Улсын их сургууль тэргүүтэй сургуулиудын оюутан, сурагчид 25.000 гаруй төгрөгийг танкийн бригад байгуулах үйлст хандивласан зэрэг олон арван мэдээ “Үнэн” сонинд тусгайлан нээсэн “Хувьсгалт Монгол танкийн цуваанд” буланд гарч байв. Энэ бүхний дүнд 1943 оны эхээр ЗХУ-д үйлдвэрлэсэн “Т-34” маркийн 32, “Т-70” маркийн 21, бүгд 53 шинэ танкаас бүрдсэн “Хувьсгалт Монгол” танкийн цувааг Улаан тугийн одонт танкийн 112 дугаар бригадын бие бүрэлдэхүүнд Монголын ард түмний гурав дахь удаагийн бэлгийг хүргэсэн БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Москвагийн ойролцоох Наро-Фоминскийн районы Кубинка хэмээх газарт 1943 оны нэгдүгээр сарын 12-нд болсон энэхүү ёслолд эгнэн жагссан танк бүрийн цамхаг дээр “Хувьсгалт Монгол” хэмээн тод цагаанаар талбиж, бэлэглэсэн аймаг, байгууллагуудын нэрийг дээд талд нь бичсэн байв.
Үүнд “Т-34” танкууд 18 аймаг, Улаанбаатар хотын ард, хөдөлмөрчид, Улсын Бага Хурал, Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороо, МАХЦ, МХЗЭ-ийн гишүүд, хилчид, журамт цэрэг, Аж үйлдвэрийн комбинатын ажилчид, Зөвлөлтийн иргэдээс болон “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “Бумцэндээс”, “Хатанбаатар Магсаржаваас”, “Т-70” танкууд нь Аж үйлдвэрлэлийн хоршоологчид, уурхайчид, САА-н ажилчид, Хоршоодын холбоо, Үйлдвэрчний эвлэл, Монголын ардууд, ардын гэгээрэл, эмнэлэг, урлагийн ажилтнууд, сэхээтэн, эмэгтэйчүүд, пионер, сурагчид, чекист, партизанууд, БНМАУ-д оршин суугаа Зөвл өлтийн эмэгтэйчүүдээс, хятад иргэдээс гэсэн тус тусын нэртэй байв. Энэ нь танкийн бригадыг байгуулах хөрөнгийг хуримтлуулахад Монголын нийгмийн янз бүрийн анги давхарга, ард түмэн оролцсоны илэрхийлэл болно. Ёслолын цуглаанд 112 дугаар бригадын удирдлага, бие бүрэлдэхүүн, ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссариатын ажилтнууд оролцож, БНМАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхий сайд Х.Чойбалсан товч үг хэлж, тус улсын Засгийн газар дайн дуустал танкийн бригадын бие бүрэлдэх үүний хангалтыг даах тухай хэлжээ. Уг үйл явдлыг БНМАУ-ын 26 дугаар бага хурлаас “онц хангамжтай” хэмээн үнэлж, дайн дуустал бригадыг хувцас, хүнсээр хангах тогтоол гаргасан байна.
Эл үүргээ манай улс бүрэн дүүрэн биелүүлсэн бөгөөд тэдний хувцас хэрэглэлийг бэлтгэхэд үйлдвэрийн газрууд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Нэгэн жишээ татваас, 1943 онд Аж үйлдвэрийн комбинат танкийн бригадад зориулан нэг удаагийн захиалгаар цэргийн богино дээл, хурган дотортой бээлий, ноосон малгай, эсгий болон ажлын савхин гутал, тэлээ тус бүр 1200, ноосон цамц 600, шинелийн боодол 12000, дарга бүс 600, цэрэг суран бүс 700, бууны гэр 250, улны эсгий 30, шинелийн цэмбэ 4300 буюу нийт 3.784.350 төгрөг 12 мөнгөний үнэ бүхий зүйлийг заасан хугацаанд үйлдвэрлэсэн баримт байна. Дайны жилүүдэд БНМАУ-ын Засгийн газар ”Хувьсгалт Монгол” танкийн бригад, ”Монгол ард” эскадрилийн техник шинэчлэлд гурван удаа нийт зургаан сая төгр өг шилжүүлснээс гадна бие бүрэлдэх үүнд зориулсан бэлгийг цуваадын дотор хамтатгаж, тавдахь удаагийн цувааг тусгайлан илгээжээ. Фронтод очсон манай төлөөлөгчид бригадын дайчидтай уулзаж, Монголын сонин хэвлэлд танкийн бригадын оролцсон тулаан, байгуулсан гавьяа, байлдагчдын эрэлхэг зоригийг алдаршуулсан өгүүллүүдийг нийтэлж байжээ.
Монголоор овоглосон тус ангийн бүрэлдэхүүн БНМАУ-ын удирдагчид, Монголын ард түмэнтэй байнгын холбоотой байж, өөрсдийн ялалт амжилтын тухай мэдээлж, хүнд хэцүү цагт туслан дэмжиж буйд талархал илэрхийлсэн олон арван захидал, цахилгааныг ирүүлж байснаас дурдвал, 1944 оны гуравдугаар сарын 6-нд Бригадын дарга, гвардийн хурандаа И.И.Гусаковский, улс төрийн хэлтсийн дарга, гвардийн хошууч А.Л.Гетман нараас ирүүлсэн захидалд 1943 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 1944 оны хоёрдугаар сарын 20 хүртэлх байлдааны мэдээг дэлгэрэнг үй илтгэж, “... цэрэг, түрүүч, офицер 33 хүн БНМАУ-ын Засгийн газрын шагнал хүртэв. Тус бригадыг Засгийн дээд шагналаар шагнасан ба халамжит сэтгэлийн бэлэг илгээсэнд их баярлаж, сэтгэлийн угаас МАХНын Төв Хорооны Тэргүүлэгчид та бүхэнд гүн их талархлыг хүргэе” гэсэн бол бригад байгуулагдсаны гурван жилийн ойгоор маршал Х.Чойбалсанд ирүүлсэн захидалд “... төрийн тав дахь дээд шагнал болох Лениний одонг 1944 оны есдүгээр сарын 10-нд авснаа мэдэгдэн улам бүр амжилттай байлдахыг илэрхийлэхийн хамтаар танаар уламжлан фашистын шархадсан араатныг үүрэнд нь устгахаа Монголын ард түмэнд амлая” хэмээсэн байна.
Гадаадын хөрөнгөөр байгуулагдсан “Хувьсгалт Монгол” 112 дугаар танкийн бригад нь дайчин алдрын замыг туулахдаа Курскийн дэргэдэх тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан учир Гвардийн хүндэт цол хүртэн, гвардийн танкийн 44 дүгээр бригад хэмээн нэрлэгдэх болсон, 1944 оны нэгд үгээр сард Бердичев хотыг дайран эзлэх үед баатарлагаар тулалдсан тул тус хотын нэрэмжит болжээ. Улмаар Берлиний чигт хийсэн ерөнхий давшилтад оролцож Германы цэргийн эсэрг үүцлийг няцаан, дөрөвд үгээр сарын 25-нд Берлинр үү орсон байна.
Их дайны жилүүдэд алдарт замыг туулж, гарамгай гавьяа байгуулсан тус бригад ЗСБНХУ-ын Лениний, Кутузовын, Улаан тугийн, Суворовын, Богдан Хмельницкийн, Улаан таван хошуу одон, БНМАУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон (1943), Сүхбаатарын одон (1964)-гоор тугаа мялааж, эгнээнээсээ ЗХУ-ын 17 баатрыг төрүүлсэн түүхт анги билээ. Үүний учир 1967 онд БНМАУын нийслэл Улаанбаатар хотод “Хувьсгалт Монгол” танкийн бригадын анхны техник “Т-34” танкийг тусгай суурин дээр байрлуулан, хөшөө босгосон нь Монголын ард түмэн энхийн төлөө шургуу тэмцэж, хөдөлм өрлөсөн он жилүүдийн гэрч, Монгол, Оросын найрамдал, нөхөрл өлийн дурсгал болсоор байна.
Н.ХИШИГТ Түүхийн ухааны доктор